Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 104

Есүс тэнгэрт буцсан нь

Есүс тэнгэрт буцсан нь

ЭНЭ өдрүүдэд Есүс дагалдагчдадаа олон удаа үзэгджээ. Нэг удаа 500 орчим шавь нь түүнийг харжээ. Есүс тэдэнд үзэгдэхдээ юун тухай ярьсныг чи мэдэх үү? Бурхны Хаанчлалын тухай ярьсан. Ехова Есүсийг Хаанчлалын тухай заа гэж дэлхий уруу илгээсэн билээ. Есүс дахин амилсныхаа дараа ч энэ ажлаа хийсээр байсан.

«Бурхны Хаанчлал» гэж юу болохыг чи санаж байна уу? Тийм ээ, Хаанчлал бол тэнгэрт байдаг, Бурхны засгийн газар юм. Есүс бол энэ Хаанчлалын Хаан. Түүнийг Бурхан томилжээ. Есүс өлссөн нэгнийг хооллож, өвчтэй нэгнийг эдгээж, үхсэн хүмүүсийг хүртэл дахин амилуулснаараа гайхамшигтай хаан байхаа харуулсныг бид өмнө нь үзсэн билээ.

Тэгвэл Есүсийг хаан болж, мянган жил захирах үед дэлхий ямар болох вэ? Тийм ээ, бүхэлдээ үзэсгэлэнтэй сайхан диваажин болно. Тэнд дайн, гэмт хэрэг, өвчин, тэр байтугай үхэл байхгүй болно. Бид үүнийг үнэн гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл Бурхан дэлхийг хүмүүсийн баясал цэнгэлийн диваажин байгаасай гэж бүтээсэн. Анх Еден цэцэрлэгийг байгуулсан нь ийм учиртай. Бурхны хүссэн бүхнийг Есүс бүрэн дүүрэн биелүүлэх болно.

Есүсийн, тэнгэрт буцах цаг нь болжээ. Тэр шавь нартаа 40 өдөр үзэгдсэн билээ. Тийм учраас тэд түүнийг амьд байгаад бат итгэжээ. Есүс шавь нараа орхин одохоосоо өмнө: «Та нар ариун сүнс автлаа Иерусалимд байж байгаарай» гэж захив. Ариун сүнс гэдэг бол үлээх салхи шиг, Бурхны үйлдэх хүч бөгөөд Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд нь Есүсийн дагалдагчдад туслах юм. Эцэст нь Есүс: «Та нар дэлхийн хамгийн алс хол газарт ч миний тухай дэлгэрүүл» гэж тушаажээ.

Түүнийг ингэж хэлсний дараа нэгэн гайхалтай явдал болов. Чиний харж байгаа шиг, Есүс тэнгэрт хөөрч эхэллээ. Түүнийг үүл бүрхэн авахад шавь нар нь дахин харж чадсангүй Есүс тэнгэр өөд явж, тэндээсээ дэлхий дээрх дагалдагчдаа удирдах болсон.