Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 107

Стефаныг алсан нь

Стефаныг алсан нь

СӨГДӨН суугаа энэ хүн бол Есүсийн үнэнч шавь Стефан юм. Гэтэл юу болж байгааг хараач! Хүмүүс түүн уруу том том чулуу шидэж байна. Ямар учраас тэд Стефаныг тэгтлээ их үзэн ядаж, ийм аймшигтай юм хийх болов оо? Мэдэж авцгаая.

Стефан Бурхны тусламжтайгаар ер бусын гайхамшиг үйлддэг байжээ. Тэр хүмүүс үүнд нь дургүй байсан учир олон түмэнд заасан сургаалыг нь буруу гэж хэлж, Стефантай маргалджээ. Гэвч Бурхан мэргэн ухаан өгсөн учраас Стефан энэ хүмүүсийг өөрсдөө буруу сургаал заадгийг нь илчилсэн. Үүнээс болоод тэд бүр ч их уурлав. Тэгээд Стефаныг барьж аваад, түүнийг гүтгэж, худал хэлэх хүмүүсийг дууджээ.

Тэргүүн тахилч Стефанаас: «Энэ бүхэн үнэн үү?» гэж асуув. Стефан Библид үндэслэсэн сайхан хариу өгчээ. Үгийнхээ төгсгөлд Стефан, дээр үед муу хүмүүс Еховагийн зөнчдийг яаж үзэн ядаж байсныг яриад: «Та нар яг тэр хүмүүс шиг байна. Та нар Бурхны үйлчлэгч Есүсийг алсан. Бас Бурхны хуулийг дагадаггүй» гэлээ.

Үүнд нь шашны удирдагчид уурлан хорсжээ! Тэд уурандаа шүдээ хавирч байлаа. Харин тэгтэл Стефан тэнгэр өөд хараад: «Би Бурхны баруун талд зогсож байгаа Есүсийг харж байна» гэж хэлмэгц тэд чихээ бөглөснөө, түүн уруу ухасхийн дайрч, барьж аваад, хотоос чирж гаргажээ.

Тэд гадуур хувцсаа тайлаад, Саул гэдэг залууд харуулахаар өгөв. Чи Саулыг харж байна уу? Дараа нь хэдэн хүн Стефан уруу чулуу нүүлгэж эхлэв. Стефан чиний харж байгаа шиг сөгдөн суугаад, Бурханд хандан: «Ехова минь ээ, энэ муу үйлийнх нь төлөө тэднийг бүү шийтгээч» гэж залбирлаа. Тэдний заримыг шашны удирдагчид мэхэлснийг Стефан мэдэж байв. Ингээд тэр үхжээ.

Хэн нэг хүн чамд муу юм хийвэл чи хариугаа авна даа гэж бодох уу эсвэл тэр хүнийг шийтгээч гэж Бурхнаас гуйх уу? Стефан Есүс хоёрын хэн нь ч ингээгүй. Тэд өөрсдөд нь муу юм хийсэн хүмүүсийг хүртэл өрөвдөн хайрлаж байсан. Тэдний жишээг дуурайхыг хичээцгээе.