Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 109

Петр Корнелынд ирсэн нь

Петр Корнелынд ирсэн нь

ЭНД зогсож байгаа хүн элч Петр, ард нь хоёр найз нь байна. Харин энэ хүн яагаад Петрийн өмнө сөгддөг билээ? Ингэж болно гэж үү? Түүнийг хэн гэдгийг чи мэдэх үү?

Тэр хүн бол Ромын цэргийн зуутын дарга Корнел юм. Корнел Петрийг танихгүй мөртлөө гэртээ урих ёстой болжээ. Яаж ийм юм болсныг мэдэцгээе.

Есүсийн анхны дагалдагчид иудейчүүд байсан бол, Корнел иудей хүн биш байв. Гэлээ ч Бурханд хайртай, түүнд залбирдаг, хүмүүст олон сайн юм хийдэг хүн байжээ. Тэгтэл нэгэн өдөр тэнгэр элч түүнд үзэгдэж: «Бурхан чамайг таалж, чиний залбиралд хариулах гэж байна. Чи зарц нараа Петр гэдэг хүн уруу явуул. Тэр Иоппа хотод, тэнгисийн эрэг хавьд амьдардаг Симоны гэрт байгаа» гэж хэлэв.

Корнел тэр даруй Петрийг олуулахаар зарц нараа явуулав. Маргааш нь тэднийг Иоппад ойртож ирэх үед Петр Симоны байшингийн хавтгай дээвэр дээр байж байлаа. Бурхан түүнд тэнгэрээс бууж ирж байгаа том бүтээлэг үзэгдлээр үзүүлэв. Бүтээлэг дотор бүх төрлийн амьтан байлаа. Бурхны хуулиар бол тэдгээр нь хоол хүнсэнд хэрэглэж болохооргүй бузар амьтад байсан ч: «Петр ээ, бос. Алаад, ид» гэх дуу гарчээ.

«Үгүй ээ! Би бузар юм хэзээ ч идэж байгаагүй» гэж Петр хариулав. Гэтэл тэр дуу Петрт: «Одоо Бурхны цэвэр гэж тооцож байгаа зүйлийг бузар гэж битгий үз» гэлээ. Энэ нь гурав дахин давтагдав. Энэ бүхэн ямар учиртайг гайхаж байтал Корнелын илгээсэн хүмүүс байшинд хүрч ирээд, Петрийг сураглав.

Петр доошоо бууж ирээд: «Та нарын эрээд байгаа хүн би байна. Ямар хэргээр ирэв?» гэж асуулаа. Нэг тэнгэр элч Корнелд Петрийг гэртээ урь гэж хэлсэн тухай тэднийг тайлбарлахад Петр тэдэнтэй явахыг зөвшөөрчээ. Маргааш нь Петр зарим найзтайгаа Кайсарид байдаг Корнелын гэрт очихоор явав.

Корнел хамаатан садан, дотнын найзуудаа цуглуулсан байжээ. Петрийг ирэхэд Корнел угтан авч, хөлд нь сөгдөөд, мөргөж байгааг чи зураг дээрээс харж байна. Гэтэл Петр: «Босогтун. Би жирийн л хүн шүү дээ» гэв. Тийм ээ, Библид бичсэнээр хүнд мөргөж, хүнийг шүтэх нь буруу гэж байдаг. Бид зөвхөн Еховаг шүтэх ёстой.

Петр тэнд цугласан хүмүүст Бурхны тухай ярьжээ. «Ехова өөрт нь үйлчлэхийг хүссэн бүх хүнийг хүлээж авдаг юм байна гэдгийг би ойлголоо» гэж тэр хэлэв. Тийн ярьж байх зуур Бурхан ариун сүнсээ илгээхэд тэнд цугласан хүмүүс янз янзын хэлээр ярьж эхлэв. Петртэй хамт ирсэн иудей шавь нар үүнийг үзээд гайхжээ. Яагаад гэвэл тэд, Бурхан зөвхөн иудейчүүдийг л таалдаг гэж боддог байв. Тиймээс, Бурхан нэг үндэстнийг бусад үндэстнээс илүү сайн юм уу чухал гэж үздэггүйг энэ явдлаас мэдэж авчээ. Үүнийг санаж явбал бидэнд ч бас хэрэгтэй биз дээ?