Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 112

Усан онгоц сүйрч, хүмүүс арал дээр гарсан нь

Усан онгоц сүйрч, хүмүүс арал дээр гарсан нь

УСАН ОНГОЦ сүйрчихсэн байгааг хараач! Бүр хэдэн хэсэг болчихжээ! Ус уруу үсэрч орсон хүмүүсийг харж байна уу? Зарим нь аль хэдийн далайн эрэгт гараад ирчихэж. Тэр Паул уу даа? Түүнд юу тохиолдсоныг мэдэцгээе.

Паул Кайсари хотын шоронд хоёр жил хоригдсон шүү дээ. Дараа нь түүнийг бусад хоригдолтой хамт усан онгоцоор Ром уруу авч явжээ. Тэд Крет арлын хажуугаар өнгөрч явахдаа аймшигт далайн шуурганд өртөв. Шуурга улам ширүүссээр онгоцыг залахын аргагүй болголоо. Өдөр нь нар, шөнө нь од ч харагдахгүй байв. Олон өдөр өнгөрч, эцэс сүүлдээ усан онгоцонд байсан хүмүүс бүгдээрээ аврагдах найдвар тасарчээ.

Тэгтэл Паул босож зогсоод: «Та нараас нэг ч хүн амиа алдахгүй. Гагцхүү усан онгоц л сүйрнэ. Урьд шөнө Бурхны тэнгэр элч над дээр ирээд: „Паул аа, бүү ай! Чи Ромын цезарийн өмнө зогсох ёстой. Бурхан чамтай хамт яваа бүх хүнийг аварна“ гэсэн» гэв.

Далайн шуурга дэгдсэнээс хойш 14 дэх өдрийн шөнө дундын үед далайчид ус гүехэн болж байгааг анзаарчээ! Тэд харанхуйд хад мөргөхөөс айн, зангуугаа усанд хаяв. Маргааш өглөө нь далайн тохой олж харлаа. Тэгээд онгоцоо шууд эргийн зүг залахаар шийдлээ.

Тэднийг эрэгт дөхөж явтал онгоц нь элсэнд хайргадав. Тэгтэл давалгаа онгоцыг хэмх цохиж, хэдэн хэсэг болгон буталж эхлэв. Ялтнуудыг харгалзаж явсан цэргийн дарга: «Эхлээд, сэлж чаддаг хүмүүс нь далай уруу үсэрч, эрэг уруу сэлцгээ. Үлдсэн нь тэдний хойноос үсрээд, живэхгүйн тулд онгоцны хэлтэрхийнээс барьж ав» гэж тушаалаа. Тэд хэлсэн ёсоор нь хийв. Ийнхүү усан онгоцонд байсан 276 хүн бүгдээрээ, тэнгэр элчийн амласан ёсоор, эрэгт эсэн мэнд хүрчээ.

Тэр арлыг Мальт гэдэг ажээ. Тэндхийн хүмүүс их сайхан сэтгэлтэй байсан болохоор усан онгоцноос ирсэн хүмүүсийг асран халамжилжээ. Тэнгэр сайхан болоход Паулыг өөр онгоцонд суулган, Ром уруу авч явлаа.