Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 116

Мөнх амьдрахын тулд

Мөнх амьдрахын тулд

ЭНЭ бяцхан охин найзуудтайгаа хамт юу уншиж байна вэ? Тийм ээ, энэ бол чиний уншиж байгаа «Библийн тухай өгүүлдэг миний ном» юм. Эд мөн чиний уншиж байгаа «Мөнх амьдрахын тулд» гэдэг яг энэ өгүүллэгийг уншиж байна.

Энэ хүүхдүүд юу сурсныг чи мэдэх үү? Хэрэв хүн мөнх амьдрахыг хүсэж байгаа бол юуны түрүүнд Ехова болон түүний Хүү Есүсийн тухай мэдэх хэрэгтэй. Библид: «Мөнх амьдаръя гэвэл цорын ганц жинхэнэ Бурхан болон дэлхий уруу илгээсэн түүний Хүү Есүс Христийн тухай мэд» гэж бичсэн байдаг.

Тэгвэл Ехова Бурхан болон түүний Хүү Есүсийн тухай хаанаас мэдэж болох вэ? Нэг арга нь «Библийн тухай өгүүлдэг миний ном»-ыг эхнээс нь дуустал унших. Эндээс Ехова Есүс хоёрын тухай ихийг мэдэж болно, тийм биз дээ? Энд бас тэдний хийсэн болон хийх зүйлсийн тухай өгүүлдэг. Гэхдээ зөвхөн энэ номыг уншаад орхичихолгүй, түүнээс илүү ихийг хийх хэрэгтэй.

Шалан дээр бас нэг ном байгааг харж байна уу? Энэ бол Библи. Энэ номын өгүүллэгүүдийн үндэс болсон Библийн хэсгийг том хүнээр уншуулаарай. Еховад зөв үйлчилж, мөнхийн амьтай болоход хэрэгтэй бүхнийг Библи бидэнд хэлж өгдөг. Тиймд Библийг тогтмол судалж хэвшээрэй.

Гэхдээ Ехова Бурхан, Есүс Христ хоёрын тухай мэдвэл л болчихож байгаа хэрэг биш. Бид тэдний тухай болон тэдний сургаалын тухай маш их юм мэддэг байсан ч мөнхийн амьтай болохгүй. Тэгвэл өөр юу хийх хэрэгтэйг чи мэдэх үү?

Сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Искариотын Иудасыг санаж байна уу? Есүсийн элчээ болгохоор сонгож авсан 12 хүний нэг нь байсан шүү дээ. Иудас, Ехова Есүс хоёрын тухай маш их юм мэддэг байсан. Гэвч яалаа? Хэсэг хугацааны дараа амин хувиа их бодох болж, 30 мөнгөн зоосны төлөө Есүсээс урвасан. Тийм учраас Иудас мөнх амьдрахгүй ээ.

69-р өгүүллэгт үзсэн Гехази гэдэг хүний тухай санаж байна уу? Тэрбээр хүний хувцас, мөнгийг өөртөө авахыг хүссэн. Тэгээд энэ бүхнийг авахын тулд худлаа хэлсэн. Гэвч Ехова түүнийг шийтгэсэн. Хэрэв Бурхны хуулийг дагахгүй бол бид ч мөн адил шийтгүүлнэ.

Гэхдээ Еховад үргэлж үнэнч үйлчилдэг сайн хүн олон байсан. Бид тэдэн шиг байхыг хүсдэггүй гэж үү? Бяцхан Самуел сайн жишээ үзүүлсэн. Еховагийн асарт үйлчилж эхлэхдээ тэр дөнгөж дөрөв, тавхан настай байсан тухай бид 55-р өгүүллэгээс үзсэн шүү дээ. Тийм болохоор чи хэдэн ч настай байлаа гэсэн, Еховад үйлчлэхэд балчирдахгүй шүү.

Бид бүгдээрээ Есүс Христийг дуурайхыг хүсдэг нь мэдээж. Есүс бага байхдаа ч тэнгэрийн Эцгийнхээ тухай хүмүүстэй ярилцаад сүмд сууж байсныг бид in 87-р өгүүллэгээс үзсэн. Түүний жишээг дагацгаая. Гайхамшигтай Бурхан Ехова болон түүний Хүү Есүс Христийн тухай аль болохоор олон хүнд ярьцгаая. Тэгсэн цагт л бид Бурхны шинэ диваажинд мөнх амьдарна!

Иохан 17:3; Дуулал 145:1–21.