Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 1

Бурхны тухай үнэн

Бурхны тухай үнэн
  • Бурхан хүмүүст санаа тавьдаг уу?

  • Жинхэнэ Бурхныг хэн гэдэг вэ? Бурхан ямар зан чанартай вэ?

  • Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоох вэ?

1, 2. Асуулт асуухын ач холбогдол юу вэ?

ХҮҮХДЭД асуухгүй юм гэж байдаггүй. Хэлд орж эхэлмэгцээ л асуултаар булж гардаг. Нүдээ дүрлийлгэн, өөдөөс харж зогсчихоод «Тэнгэр яагаад хөх өнгөтэй байдаг юм бэ? Одыг юугаар хийсэн юм бол? Жиргэж донгодохыг шувуу хэнээс сурсан юм бэ?» гэх мэтээр асууж шалгаана. Асуусан болгонд нь хариулах гэж амьхандаа мэрийвч заримдаа бид хүүхдийн асуултад унадаг шүү дээ. Нэг асуултад дөнгөж хариулаад байтал дахиад л «Яагаад?» гэдэг асуулт гарч ирнэ.

2 Хүүхэд багачууд гэлтгүй, томчуудад хүртэл асуух юм байдаг. Ер нь, хүн амьдралд хөлөө олох гэж, ямар аюулаас сэрэмжлэх ёстойгоо мэдэх гэж, эсвэл сониуч зандаа хөтлөгдөөд асуулт асуудаг. Гэвч аажимдаа ихэнх хүн юм асуух нь битгий хэл, амин чухал асуултуудыг эргэцүүлэн бодохоо ч больдог. Зарим нь боддог ч гэсэн, хариуг нь олох гэж мэрийхээ больдог.

3. Хүмүүс амьдралдаа хамаатай хамгийн чухал асуултуудын хариуг олохсон гэж мэрийхээ яагаад больдог вэ?

3 Энэ номны оршил болон нэгдүгээр бүлгийн эхэнд байгаа асуултуудыг бодоод үз дээ. Хүний амьдралын хамгийн чухал асуултууд байгаа биз? Олон хүн эдгээр асуултын хариуг олох гэж мэрийхээ больдог нь харамсалтай. Ямар учраас тэр вэ? Библид эдгээр асуултын хариу байдаг болов уу? Зарим хүн Библийг ойлгоход амаргүй ном гэж бодож байхад зарим нь нэрэлхээд асуулт асуудаггүй. Харин зарим нь иймэрхүү асуултын хариуг лам хуврагууд л мэдэж байх ёстой гэж үздэг. Та юу гэж боддог вэ?

4, 5. Амьдралын хамгийн чухал асуултын заримыг хэлнэ үү. Хариуг нь хайх хэрэгтэйн учир юу вэ?

4 «Амьдралын утга учир юу вэ? Хүний амьдрал энэ яваа насаар дуусдаг уу? Бурхан гэж чухам юу вэ?» гэх зэргийн чухал асуултыг та өөртөө тавиад, хариуг нь олох гэж эргэцүүлэн бодож байсан биз ээ. Ийм чухал асуултуудыг сонирхох нь зүйн хэрэг. Түүгээр зогсохгүй, зөв хариу олтлоо уйгагүй хайх нь бүр ч чухал. Эдүгээ бараг хүн болгоны мэддэг Есүс Христ: «Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ» гэж хэлжээ (Матай 7:7).

5 Хэрэв та Есүсийн хэлснээр чухал асуултуудын зөв хариуг цөхрөлтгүй «хайгаад байвал» заавал олно (Сургаалт үгс 2:1–5). Хүмүүс танд юу ч гэж хэлсэн, тэдгээр асуултад хариу байдаг бөгөөд та хариуг нь Библиэс олж чадна. Библийн хариу энгийн, ойлгомжтой бөгөөд ирээдүйдээ итгэх итгэл төрүүлж, хүнийг баяр баясгалантай болгодог. Бас өнөөгийн нийгэмд ч жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун амьдрахад тусална. Эхлээд, дэлхий дахинд олон хүний сэтгэлийг зовоодог нэг асуултыг авч үзье.

БУРХАН ХАТУУ СЭТГЭЛТЭЙ ГЭЖ ҮҮ?

6. Олон хүн Бурхныг хатуу сэтгэлтэй гэж яагаад боддог вэ?

6 Энэ асуултад олон хүн тийм гэж хариулдаг. Тэд: «Хэрэв Бурхан энэрэнгүй сэтгэлтэй, биднийг хайрладаг байсан бол хүний амьдрал өдийд шал өөр байх байсан» гэж ярьдаг. Үнэндээ, өнөөгийн ертөнцөд газар сайгүй дайны утаа үнэртэж, хүмүүс бие биеэ үзэн ядахын зэрэгцээ ядуу тарчиг байдал улам бүр газар авч байна. Өвчин эмгэг, үхэл хагацал, зовлон зүдүүр бидний хэнийг ч тойрдоггүй. Тийм ч учраас, хүмүүс: «Хэрэв Бурхан хүнийг энэрдэг, зовж байгаад нь шаналдаг юм бол энэ ертөнц зовлон зүдүүрээр дүүрэхгүй байх байсан» гэж хэлдэг.

7. а) Хүмүүс Бурхныг хатуу сэтгэлтэй гэж үздэг болсны өөр нэг шалтгаан юу вэ? б) Хүмүүст тулгардаг сорилтын талаар Библид юу гэж байдаг вэ?

7 Түүнээс гадна, хүмүүс зарим шашнаас болж Бурхныг хатуу сэтгэлтэй гэж бодоход хүрдэг нь даанч тоогүй. Лам хуврагууд гай гамшиг, золгүй явдлыг Бурхны шийтгэл гэж тайлбарладаг. Энэ үүднээс үзвэл, муу муухай явдлын буруутан нь Бурхан болж таарна. Үнэхээр тийм гэж үү? Энэ асуултад Библи ямар хариу өгдөг вэ? Яаков 1:13-т «Соригдож байгаа хэн ч “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан соригддоггүй бөгөөд хэнийг ч хорон санаагаар сорьдоггүй» гэж байдаг. Тэгэхлээр, газар сайгүй гарч байгаа муу муухай бүхний хариуцлагыг Бурхан хүлээхгүй нь тодорхой байна (Иов 34:10–12-ыг уншина). Муу юм болохыг Бурхан зөвшөөрдөг нь үнэн. Гэхдээ муу юм тохиолдохыг зөвшөөрөх, муу юм учруулах хоёр тэс өөр шүү дээ.

8, 9. а) Муу юм тохиолдохыг зөвшөөрөх, муу юм учруулах хоёр эрс ялгаатайг жишээгээр тайлбарлана уу. б) Хүн төрөлхтнийг буруу замаар явахыг зөвшөөрснийх нь төлөө Бурхныг буруутгах нь шударга ёсонд яагаад нийцэхгүй вэ?

8 Жишээ татъя. Нэг сайн эцэг насанд хүрсэн хүүтэй байжээ. Төрсөн гэртээ амьдарч байсан хүү эцгийнхээ үгэнд орохоо больж, гэрээсээ явахаар шийдэхэд эцэг нь хориглосонгүй. Хүү буруу замаар орж, хүнд амьдрал туулжээ. Тэгвэл аав нь хүүдээ зовлон учруулсан болох уу? Яалаа гэж! (Лук 15:11–13). Үүнтэй адилаар, хүмүүсийг буруу зам сонгоход нь Бурхан хориглоогүй боловч зовлон бэрхшээлийг учруулаагүй нь тодорхой. Тэгэхлээр, хүн төрөлхтөн зовж байгаад Бурхныг буруутгах нь шударга ёсонд нийцэхгүй.

9 Хүн төрөлхтөнд буруу замаар явахыг нь зөвшөөрөх хүндтэй шалтгаан Бурханд байжээ. Мэргэн ухаантай, төгс хүчит Бүтээгчийн хувьд тэрээр бидэнд тайлан тавих албагүй боловч хайрын сэтгэлдээ хөтлөгдөн, бүх учрыг хэлж өгдөг. Энэ тухай 11-р бүлгээс дэлгэрэнгүй үзнэ. Юутай ч, хүмүүс зовж зүдэрч байгаад жинхэнэ Бурхан буруугүй гэдэгт итгэлтэй байж болно. Харин ч биднийг энэ бүх зовлонгоос ангижруулахаа амладаг (Исаиа 33:2).

10. Бурхан муу муухай явдлын үр дагаврыг арилгах чадалтай гэдэгт яагаад итгэж болох вэ?

10 Түүнээс гадна, Бурхан бол ариун (Исаиа 6:3). Түүнд муу юм гэж огт байдаггүй. Тиймээс, Бурханд бүрэн дүүрэн найдаж болно. Харин хүн хувийн ашиг сонирхолд автамтгай байдаг учраас хүнд бүрэн найдах аргагүй. Эрх мэдэлтэй хүн хэчнээн шударга байгаад, муу хүмүүсийн учруулсан хор хохирлыг тэр бүр арилгаж чаддаггүй. Тэгвэл Бурхны хүч хязгааргүй. Тэрээр муу муухай явдлын үр дагаврыг арилгах чадалтай бөгөөд арилгах ч болно. Муу муухай явдал дахин хэзээ ч гарахгүй (Дуулал 37:9–11-⁠ийг уншина).

БУРХАН ШУДАРГА БУС ЯВДЛЫГ ХЭРХЭН ҮЗДЭГ ВЭ?

11. а) Бурхан шударга бус явдлыг хэрхэн үздэг вэ? б) Бурхан таны зовж байгааг хараад яадаг вэ?

11 Гэхдээ өнөөгийн нийгэм, хүмүүсийн амьдралд гардаг шударга бус явдлыг Бурхан хэрхэн үздэг вэ? Бурхан «шударга ёсыг хайрладаг» гэж Библид бичсэн байдаг (Дуулал 37:28). Тийм ч учраас, зөв буруугийн ялгаа заагийг нарийн тогтоосон бөгөөд аливаа шударга бус явдлыг жигшдэг. Библид бичсэнээр, дээр үед «хүмүүсийн бузар гэм нь үлэмж их болсон» учраас Бурхан «сэтгэл зүрхэндээ гашуудаж» байжээ (Эхлэл 6:5, 6). Бурхны зан чанар өөрчлөгдөөгүй (Малахи 3:6). Дэлхий дээр хүмүүс зовж байгааг хараад одоо ч шаналдаг. «Тэр та нарт санаа тавьдаг» гэж Библид бичсэн байдаг (1 Петр 5:7-г уншина).

Ехова бол орчлонт ертөнцийг бүтээсэн, хайрын сэтгэлтэй Бурхан гэж Библид бичсэн байдаг

12, 13. а) Хүнд, хайр гэх мэтийн сайхан чанар байдаг нь ямар учиртай вэ? Бусдыг хайрладаг хүн зовлон зүдүүр, шударга бус явдлыг хэрхэн үздэг вэ? б) Бурхан өнөөгийн зовлон бэрхшээлийг арилгана гэдэгт яагаад итгэж болох вэ?

12 Бурхан хүмүүсийн зовж байгааг хараад шаналдаг гэдгийг бас нэг зүйл баталдаг. Тэрээр хүнийг өөрийнхөө «дүр төрхийн дагуу» бүтээсэн гэж Библид бичжээ (Эхлэл 1:26). Тийм учраас, Бурханд байдаг сайхан чанарууд хүнд бас байдаг гэсэн үг. Жишээ нь, та гэмгүй хүмүүсийн зовж байгааг хараад шаналдаг биз дээ? Хүн шударга бус явдлыг жигшдэг юм бол Бурхан бүр ч их жигших нь ойлгомжтой.

13 Хүнд байдаг хамгийн сайхан чанар бол хайр юм. Энэ нь ч бас Бурхантай адил гэдгийг нь харуулдаг. «Бурхан бол хайр» гэж Библид бичсэн байдаг (1 Ёохан 4:8, 16). Бурхан хайрладаг учраас бид ч бас хайрладаг. Бусдыг хайрладаг хүн шударга бусаар зовж зүдэрч яваа нэгнийгээ хараад зовлонгоос нь ангижруулах юм сан гэж бодох нь лавтай. Хэрэв таны хүч хүрдэг бол, хүмүүсийг зовлонгоос нь ангижруулах байсан биз дээ? Бурхан зовлон зүдүүр, шударга бус явдлыг арилгана гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэх хэрэггүй. Энэ номны оршилд хүний хоосон мөрөөдөл, гэнэн хүслийг бус, Бурхны амлалтуудыг бичсэн билээ. Бурхан амласан л бол заавал биелүүлнэ. Гэхдээ амлалтад нь итгэхийн тулд Бурхантай дотно танилцах хэрэгтэй.

БУРХАН ТАНТАЙ ТАНИЛЦАХЫГ ХҮСДЭГ

Бид хүнтэй танилцахдаа нэрээ хэлдэг шиг Бурхан Библиэр дамжуулан нэрээ хэлдэг

14. Жинхэнэ Бурхныг хэн гэдэг вэ? Бурхны нэрийг мэдэж, Бурхныг нэрээр нь дуудах хэрэгтэйн учир юу вэ?

14 Бид хүнтэй танилцахдаа эхлээд нэрээ хэлдэг шүү дээ. Тэгвэл Бурхныг хэн гэдэг вэ? Өөр өөрийн нэртэй янз бүрийн бурхан байдаг гэж олон хүн боддог. Гэхдээ Библид бичсэнээр, жинхэнэ Бурхан цорын ганц байдаг бөгөөд нэрийг нь Ехова гэдэг. 1838 онд монгол хэл рүү хөрвүүлсэн Библийн Дуулал 83:18-д «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд... [та] бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн» гэж бичжээ. Хэрэв танд байгаа Библийн орчуулгад Ехова гэдэг нэр байхгүй бол 195–197-р хуудасны хавсралтыг үзэж, Бурхны нэрийг ямар шалтгаанаар зарим орчуулгаас хассаныг мэдэж аваарай. Үнэндээ, Библийн эртний гар бичмэлүүдэд Ехова гэдэг нэрийг олон мянган удаа бичсэн байдаг. Үүнийг бодож үзвэл, Ехова Бурхан хүмүүст нэрээ мэдүүлж, нэрээрээ дуудуулахыг хүсдэг нь илэрхий байна. Бурхан Библиэр дамжуулан өөрийгөө танилцуулдаг.

15. Ехова гэдэг нэр ямар утгатай вэ?

15 Жинхэнэ Бурхны нэрийг Ехова гэдэг бөгөөд энэ нь Бурхан амласан бүхнээ биелүүлж, санаж зорьсон болгоноо ажил хэрэг болгох чадалтай гэсэн гүнзгий утгатай үг юм. * Ехова гэдэг энэ нэр үнэхээр хосгүй бөгөөд цорын ганц жинхэнэ Бурхан л ийм нэртэй байх эрхтэй. Орчлонт ертөнцөд Еховатай эн зэрэгцэх хэн ч, юу ч байхгүй. Энэ тухай дэлгэрэнгүй ярилцъя.

16, 17. Ехова Бурхны а) «Төгс хүчит», б) «мөнхийн Хаан», в) Бүтээгч» гэдэг цолоос юу ойлгож болох вэ?

16 Жинхэнэ Бурхан олон цол гуншинтайг Библид тэмдэглэсэн байдаг. Жишээ нь, «Дуулал» номны 83:18-д Еховагийн тухай «Та л ганцаараа бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» гэж бичжээ. Түүнээс гадна, гагцхүү Еховаг «Төгс хүчит» гэдэг. Илчлэл 15:3-т «Төгс хүчит Ехова Бурхан, таны үйл хэрэг агуу бөгөөд гайхамшигтай. Мөнхийн Хаан, таны зам шударга сайн бөгөөд үнэн» гэж байдаг. «Төгс хүчит» гэдэг цол нь Ехова бол орчлонт ертөнцөд хамгийн хүчтэй гэдгийг ойлгуулдаг. Хүч чадлаар түүнтэй зэрэгцэх юу ч байхгүй. Бас Еховаг «мөнхийн Хаан» гэдэг. «Мөнхийн Хаан» гэдэг цол Еховагийн өөр нэг өвөрмөц шинж буюу эхлэл, төгсгөлгүй болохыг нь харуулдаг. Өөрөөр хэлбэл, тэрээр ганцаараа мөнхөд оршин байдаг. Дуулал 90:2-т «Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан» гэж тэмдэглэжээ. Энэ бүхнийг бодохлоор Еховаг өөрийн эрхгүй биширдэг.

17 Түүнчлэн, «Бүтээгч» гэдэг цол ганцхан Еховад хамаатай. Илчлэл 4:11-д «Ехова Бурхан минь ээ, алдар, хүндэтгэл, хүч нь таных. Учир нь та бүх юмыг бүтээсэн. Та хүссэн учраас бүх юм бий болсон, бүх юм бүтээгдсэн» гэж бичжээ. Тэнгэрийн элчүүд, шөнийн харанхуйд анивчин гялалзах одод, ой хөвчид багсайн ургах цэцэг жимс, гол мөрөнд шумбан наадах загас жараахай гээд бидний мэдэх бүх зүйл Ехова Бурхны бүтээл билээ!

ЕХОВАТАЙ ДОТНО ХАРЬЦАА ТОГТООЖ БОЛДОГ УУ?

18. Зарим хүн Бурхантай дотно харьцаа тогтоох аргагүй гэж сүрддэгийн учир юу вэ? Еховатай дотно харьцаа тогтоох талаар Библид юу гэж байдаг вэ?

18 Ехова Бурхны тухай уншаад зарим хүн сүрдэж, Бурхан дэндүү агуу учраас хүмүүс бид түүнтэй дотно харьцаа тогтоох ямар ч аргагүй бөгөөд нүдэнд нь ч өртөхөөргүй өчүүхэн амьтад гэж боддог. Гэхдээ тэгж бодох нь зөв үү? Ехова Бурхны тухай Библид «Үнэндээ Бурхан хүн бүрд ойр байдаг» гэж бий (Үйлс 17:27). Түүгээр зогсохгүй, «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж уриалдаг (Яаков 4:8).

19. а) Ехова Бурхантай дотно харьцаа тогтоохын тулд, юуны түрүүнд яах хэрэгтэй вэ? Энэ нь ямар ач тустай вэ? б) Ехова Бурхны ямар ямар чанар таны сэтгэлийг татаж байна вэ?

19 Тэгвэл Ехова Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоох вэ? Юуны түрүүнд, Еховаг таньж мэдэх хэрэгтэй. Та цаашдаа ч одоогийнх шигээ мэрийгээрэй. Есүс: «Мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» гэж хэлсэн (Ёохан 17:3). Тийм ээ, Ехова Есүс хоёрын тухай мэдлэг «мөнхийн амь» руу хөтөлнө! «Бурхан бол хайр» гэдгийг та одоо мэддэг болсон (1 Ёохан 4:8, 16). Ехова бас өөр олон сэтгэл татам чанартай. Жишээ нь, түүнийг «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» гэж Библид бичсэн (Египетээс гарсан нь 34:6). Тэрээр «сайн бөгөөд уучлахад бэлэн» (Дуулал 86:5). Бас «үнэнч» бөгөөд «тэвчээртэй» билээ (Илчлэл 15:4; 2 Петр 3:9). Ехова эдгээр болон бусад сайхан чанараа хэрхэн харуулдгийг та Библи уншихын хэрээр мэддэг болно.

20–22. а) Хүн Ехова Бурхныг харж чаддаггүй нь дотно харьцаа тогтоох аргагүй гэсэн үг үү? Тайлбарлана уу. б) Зарим хүн сайн санааны үүднээс яаж магадгүй вэ? Гэхдээ яах нь зөв бэ?

20 Тэнгэрт байдаг, үл үзэгдэх Бурхныг харах аргагүй нь үнэн (Ёохан 1:18; 4:24; 1 Тимот 1:17). Гэхдээ Библи судалбал Бурхныг танин мэдэж, ямар зан чанартайг нь мэддэг болно. Библид бичсэнээр, хүн «ЭЗЭНий гоо сайхныг харах» боломжтой (Дуулал 27:4; Ром 1:20). Еховагийн тухай хэдийчинээ ихийг мэдэж авна, Еховад төдийчинээ бат итгэж, түүнийг хайрлан, түүнтэй дотно харьцаа тогтоох хүсэл улам оргилно.

Халамжит эцэг үр хүүхдээ хайрладаг шиг тэнгэрийн Эцэг маань биднийг хайрладаг

21 Бас Ехова Бурхныг «Эцэг» гэдгийн учрыг ч яваандаа ойлгодог болно (Матай 6:9). Ехова бидэнд амь өгөөд зогсоогүй, халамжит эцэг хүний адилаар, үр хүүхэд бидэндээ хамгийн сайн сайхныг хүсдэг (Дуулал 36:9). Түүнээс гадна, хүн Еховатай анд нөхөр болж болдгийг та мэдэж авна (Яаков 2:23). Бүтээгч Бурхантай анд нөхөр болно гээд бодоод үз дээ!

22 Зарим хүн сайн санааны үүднээс, Библи судлахыг тань болиулахыг оролдож магадгүй. Гол нь, тэд таныг өвөг дээдсээсээ уламжилж ирсэн шашин шүтлэгээ орхих вий гэж санаа зовох юм уу Библи судлах гэж цагаа дэмий үрж, ажил амьдралаа алдана гэж бодож байж болох юм. Гэхдээ та хүнээс айж, Библи судлахаа боливол хамгийн сайн найзтай болох боломжоо алдана!

23, 24. а) Библийн хичээл заалгахдаа, ойлгохгүй зүйлээ нэрэлхэж зоволгүй асууж байх нь яагаад чухал бэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?

23 Хүн бүх юмыг шууд ойлгочихдоггүй шүү дээ. Тиймээс, та Библийн хичээл заалгахдаа, ойлгохгүй зүйлээ нэрэлхэж зоволгүй асууж байгаарай. Хүүхэд багачууд юм асуухаасаа нэрэлхдэггүй учраас Есүс бидэнд хүүхэд шиг байхыг захисан (Матай 18:2–4). Ехова Бурхан таныг, асууж сонирхдог зүйлийнхээ хариуг олоосой гэж хүсдэг. Бурхны тухай мэдэхийг хичээж байсан хүмүүсийг Библид магтан бичсэн байдаг. Тэд сурч мэдсэн зүйлийнхээ үнэн эсэхийг Библитэй тулгаж үздэг байжээ (Үйлс 17:11-ийг уншина).

24 Еховагийн тухай мэдэх хамгийн сайн арга бол Библи судлах явдал юм. Библи бол хосгүй ном. Чухам юугаараа хосгүй болохыг дараагийн бүлгээс үзнэ.

^ д/м 15 Бурхны нэрийн утга, дуудлагын тухай 195–197-р хуудасны хавсралтаас дэлгэрэнгүй тайлбар үзнэ үү.