Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 6

Үхэл гэж юу вэ?

Үхэл гэж юу вэ?
  • Үхсэн хүн яадаг вэ?

  • Хүн яагаад үхдэг вэ?

  • Үхлийн тухай үнэнийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

1–3. Ямар ямар асуулт хүмүүсийн анхаарлын төвд байдаг вэ? Шашин ямар ямар хариу өгдөг вэ?

ЭДГЭЭР чухал асуулт олон мянган жил хүн төрөлхтний анхаарлын төвд байсаар ирсэн. Хаана амьдардаг, хэн байхаасаа үл хамааран хүн бүр дээрх асуултуудын хариуг сонирхдог.

2 Есүс Христийн золиосны ачаар хүмүүс мөнх амьдрах боломжтой болсныг бид өмнөх бүлгээс мэдсэн. Бас «үхэл байхгүй болно» гэж Библид зөгнөсөн байдгийг мэдэж авсан (Илчлэл 21:4). Гэхдээ өнөөдөр хүмүүс үхдэг нь үнэн. «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг» хэмээн эртний Израйлын мэргэн ухаант Соломон хаан бичжээ (Номлогчийн үгс 9:5). Ер нь, хүн аль болох урт наслахыг хичээдгийн зэрэгцээ үхсэн хүн яадаг вэ гэдэг асуултын хариуг мэдэхийг хүсдэг.

3 Хүмүүс дотнын хүнээ нас барахад уй гашууд автдаг. «Нас барагсад яадаг бол оо? Зовж шаналдаг болов уу? Биднийг хардаг болов уу? Нас барсан хүнд туслах арга байдаг болов уу? Нас барагсад ирээдүйд яах бол? Тэдэнтэйгээ эргээд уулзах болов уу?» гэх зэргийн асуулт зарим хүний амар заяаг үзүүлдэггүй байж болох юм. Эдгээр асуултад шашнууд янз бүрээр хариулдаг. Жишээлбэл, сайн хүн тэнгэрт гарч, муу хүн тамд унадаг гэж зарим шашин номлодог. Зарим нь үхсэн хүний сүнс өвөг дээдсийнхээ сүнс рүү очдог гэж сургадаг байхад, нас барсан хүн нөгөө ертөнцөд очиж, нүгэл буянаа дэнслүүлээд, дахин төрдөг гэж тайлбарладаг шашин бас байдаг.

4. Үхлийн талаарх сургаал номлолууд ямар нийтлэг ойлголтод тулгуурладаг вэ?

4 Дээрх бүх сургаал номлол, хүнийг үхэхэд ямар нэг юм амьд үлддэг гэсэн нийтлэг ойлголтод тулгуурладаг. Хүн үхсэнийхээ дараа ч ямар нэг байдлаар харах, сонсох, бодох чадвартай байдаг гэж зарим шашин сургаж номлосоор ирсэн. Гэхдээ тийм боломж үнэхээр байдаг уу? Тархи ажиллаж байж л хүн аливаа юмыг мэдэрч, санаж, бодож чаддаг. Гэтэл хүнийг нас барахад тархи нь ажиллахаа больдог. Ой ухаан, сэрэл мэдрэмж тархинаас хамааралгүйгээр, ямар нэг нууцлаг байдлаар ажиллах боломж огт байдаггүй. Тархины үйл ажиллагаа зогсвол мэдрэх үйл ажиллагаа ч бас зогсдог.

ҮХСЭН ХҮН ЯАДАГ ВЭ?

5, 6. Библид тайлбарласнаар, нас барсан хүн яадаг вэ?

5 Үхсэн хүн чухам яадгийг Бүтээгч Бурхан Ехова мэддэг бөгөөд энэ асуултад өөрийн Үг Библиэр хариулдаг. Хүн үхэхлээрээ амьгүй болж, оршин байхаа больдог. Тиймээс, нас барсан хүн харах, сонсох, бодох ямар ч чадваргүй юм. Хүнийг үхэхэд үлдэж хоцроод амьдардаг зүйл буюу үхэшгүй мөнхийн сүнс гэж байдаггүй. *

Лааны дөл яасан бэ?

6 Соломон хаан: «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал үхэгсэд юу ч мэддэггүй» гээд, цааш нь нас барагсдын «хайр, хорсол... мөхдөг» бөгөөд булшинд «мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» хэмээн бичжээ (Номлогчийн үгс 9:5, 6, 10-ыг уншина). Бас Дуулал 146:4-т хүн нас барахад «түүний бодлууд мөхдөг» гэж байдаг нь дээрх үгийг баталдаг. Хүнийг үхэхэд үлдэж хоцроод амьдардаг юм огтхон ч байхгүй. Амийг лааны дөлтэй зүйрлэж болно. Лааг унтраахад дөл нь бөхөж унтардаг болохоос бус, өөр хаа нэгтээ очоод асаад байдаггүй шүү дээ.

ЕСҮС ҮХЛИЙГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭСЭН БЭ?

7. Есүс үхлийг юутай зүйрлэсэн бэ?

7 Есүс Христ найз Лазарыгаа нас барсныг дуулаад «Анд Лазар маань унтжээ» гэж хэлжээ. Энэ үг нь нас барсан хүн яадгийг ойлгоход тусалдаг. Есүсийн үгийг сонсоод шавь нар нь Лазарыг өвчин тусчихаад, эдгэрч тэнхрэхийн тулд унтаж амарч байна гэж буруу ойлгожээ. Тэгэхэд нь Есүс: «Лазар нас барсан» гэж тайлбарлажээ (Ёохан 11:11–14-ийг уншина). Есүс үхсэн хүнийг унтаж байгаа хүнтэй зүйрлэснийг та анзаарав уу? Лазар тэнгэрт ч гараагүй, тамд ч очоогүй. Бас тэнгэрийн элчүүд юм уу өвөг дээдсийнхээ сүнс рүү очоогүй, дахин төрөөгүй. Зүгээр л, гүн нойронд автан, нам унтаж байгаа хүн шиг болсон ажээ. Бас нэг удаа Есүс нас барсан хүнийг нойрсож буй хүнтэй зүйрлэсэн. Есүс Яирын охиныг амилуулахаасаа өмнө «Охин үхээгүй, унтаж байна» гэж хэлдэг (Лук 8:52, 53).

Ехова хүнийг дэлхий дээр мөнх амьдруулах зорилгоор бүтээсэн

8. Бурхны санаа зорилгын дагуу, хүн үхэх ёсгүй байсныг бид хаанаас мэддэг вэ?

8 Бурхан анхнаасаа л хүмүүсийг дэлхий дээр мөнх амьдруулахаар бүтээсэн билээ. Анхны хосыг төгс биетэй бүтээж, гайхалтай сайхан диваажинд суулгасныг бид өмнө нь үзсэн. Тэд өвдөж, хөгширч, үхэх учиргүй байлаа. Ехова тэдэнд сайн сайхныг л хүсэж байв. Ехова Бурхан халамжит эцэг хүний адилаар хүүхдүүдээ хайрлаж, дэлхий дээр үүрд мөнх, аз жаргалтай амьдруулахыг хүсэж байсан. Ехова хүний «зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ» гэж Библид бичсэн байдаг (Номлогчийн үгс 3:11). Тийм ээ, Бурхан хүнийг мөнх амьдрах хүсэлтэйгээр бүтээсэн бөгөөд тэр хүслийг нь биелүүлэхийн тулд шаардлагатай бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн байлаа.

ХҮН ЯАГААД ҮХДЭГ ВЭ?

9. Ехова Адамд ямар тушаал өгсөн бэ? Энэ тушаалыг биелүүлэх нь яагаад хэцүү биш байсан бэ?

9 Тэгвэл хүн яагаад үхдэг вэ? Энэ асуултын хариуг мэдэхийн тулд дэлхий дээр эрэгтэй, эмэгтэй хоёрхон хүн байх үед болсон явдлыг авч үзэх хэрэгтэй. Библид «ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн модыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв» гэж байдаг (Эхлэл 2:9). Ехова Адамд «Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэж тушаажээ (Эхлэл 2:16, 17). Цэцэрлэгт өөр олон мод байсан бөгөөд Адам Ева хоёр аль дуртай модноосоо жимс идэж болох байв. Тийм учраас уг тушаалыг биелүүлэхэд хэцүү биш байлаа. Харин ч, тушаалыг нь биелүүлбэл өөрсдөд нь бүх юмыг, тэр дундаа, төгс амь өгсөн тэнгэрийн Эцэгтээ талархаж, эрх мэдлийг нь хүндэтгэн, удирдлага зааврыг нь эрхэмлэдгээ харуулах байлаа.

10, 11. а) Анхны хос Бурхны тушаалыг хэрхэн зөрчсөн бэ? б) Адам Ева хоёрыг уучлах аргагүйн учир юу вэ?

10 Харамсалтай нь, анхны хос Еховагийн тушаалыг зөрчжээ. Сатан могойн цаанаас Еватай ярин «Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» гэж асуухад Ева: «Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан: “Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ” гэж айлдсан» хэмээн хариулжээ (Эхлэл 3:1–3).

11 Тэгтэл Сатан: «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» гэжээ (Эхлэл 3:4, 5). Хориотой жимснээс идвэл Евад өөрт нь л тустай гэж итгүүлэхийг Сатан хүсэж байлаа. Түүний хэлснээр бол, Ева өөрөө юу нь зөв, юу нь бурууг шийдэж, юу хүссэнээ хийдэг болох байв. Сатан бас Бурхныг гүтгэж, худал хэлж, үнэнийг нуусан мэтээр ойлгуулжээ. Ева Сатанд итгэсэн учир жимснээс авч идсэн. Дараа нь жимснээс нөхөртөө өгч идүүлжээ. Тэд мэдэхгүйдээ ийм хэрэг хийсэн юм биш ээ. Тэр хоёр Бурхны тушаалыг зөрчиж байгаагаа сайн мэдэж байв. Ийнхүү Ехова Бурхны өгсөн, энгийн бөгөөд төвөггүй биелүүлж болох тушаалыг санаатайгаар зөрчиж, тэнгэрийн Эцгээ ч, эрх мэдлийг нь ч үл тоомсорлож байгаагаа харуулжээ. Халамжит Бүтээгчдээ ийн хүндэтгэлгүй хандсаныг нь уучлах аргагүй юм!

12. Адам Ева хоёр үгийг нь дуулахаа болиход Ехова хэчнээн их шаналсныг ойлгоход ямар жишээ туслах вэ?

12 Жишээ татъя. Хайрлан халамжилж, өсгөж хүмүүжүүлсэн хүүхэд тань дуулгаваргүй болж, таныг хайрлаж хүндлэхээ боливол яах вэ? Өр зүрх тань өвдөх нь эргэлзээгүй. Адам Ева хоёр үгийг нь дуулахаа болиход Ехова хэчнээн их шаналсан бол оо!

Адам тоос шорооноос бүтээгдсэн бөгөөд тоос шороондоо буцаж очсон

13. Ехова Адамыг «тоос шороондоо буцаж очих болно» гэсэн нь юу гэсэн үг вэ?

13 Адам Ева хоёр дуулгаваргүйгээсээ болоод мөнх амьдрах эрхгүй болсон. Еховагийн хэлсэн ёсоор, тэд үхэж, оршин байхаа больсон. Тэдний биеэс ямар нэг сүнс гарч, хаа нэгтээ амьдардаг болоогүй. Бурхан Адамыг хариуцлагад татан «Чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлсэн нь үүнийг баталдаг (Эхлэл 3:19). Тийм ээ, Библид бичсэнээр, Бурхан Адамыг «тоос шорооноос» бүтээсэн (Эхлэл 2:7). Үүнээс өмнө Адам гэж хүн огт байгаагүй. Тэгэхээр, Бурхан Адамыг «тоос шороондоо буцаж очих болно» гэсэн нь оршин байхаа болих буюу тоос шороо шиг амьгүй болохыг нь хэлсэн хэрэг байлаа.

14. Хүн яагаад үхдэг вэ?

14 Адам Ева хоёр Бурхны тушаалыг зөрчиж, нүгэл үйлдээгүй бол одоо ч амьд байх байсан. Адам үр удамдаа нүгэл, үхлийг өвлүүлсэн учраас бүх хүн үхдэг болсон (Ром 5:12-ыг уншина). Нүглийг удамшлын өвчинтэй зүйрлэж болно. Нүглийн үр дагавар буюу үхэл бол шийтгэл юм. Бас Библид үхлийг «дайсан» гэдэг (1 Коринт 15:26). Биднийг энэ аймшигт дайснаас аврахын тулд Бурхан Хүүгээ золиос болгон өгсөнд бид гүнээ талархах учиртай.

ҮХЛИЙН ТУХАЙ ҮНЭНИЙГ МЭДЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

15. Библид бичсэн үхлийн тухай үнэнийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

15 Нас барагсад яадгийг Библид тодорхой бичсэн байдаг бөгөөд үүнийг мэдэх нь үнэхээр их ач холбогдолтой. Нас барсан хүн тамд зовж тарчилдаггүй гэдгийг бид мэддэг болсон. Нас барагсад бидэнд ямар ч хор хүргэдэггүй учир айх хэрэггүй. Бас биднээс юу ч хүсдэггүй бөгөөд тэдэнд юу ч хэрэггүй. Үхсэн, амьд хүмүүсийн хооронд ямар ч харьцаа байдаггүй. Олон шашин нас барсан хүмүүст тус хүргэж болдог гэж номлодог бөгөөд үүнд итгэдэг хүмүүс нас барсан хүнийхээ хойтхыг бодож, өргөл барьц өгдөг. Үхлийн тухай үнэнийг мэдэх нь тиймэрхүү худал сургаалд төөрөлдөхөөс хамгаалдаг.

16. Ихэнх шашин юу гэж сургадаг вэ? Тэдгээрийн ард хэн байдаг вэ?

16 Үхлийн тухай Библийн сургаалыг бүх шашин хүлээн зөвшөөрдөг үү? Ихэнх шашин, хүний бие үхдэг ч сүнс нь үхдэггүй гэж сургадаг. Тийм сургаал номлодог шашны ард Сатан байдаг бөгөөд тэрээр хүмүүсийг Еховагаас холдуулахын тулд энэ мэтийн хуурамч сургаал тараадаг. Ингэж хэлэхийн учрыг тайлбарлая.

17. Хүн үхсэнийхээ дараа тамд очиж, үүрд тарчилдаг гэдэг сургаал Бурхныг яагаад гутаадаг вэ?

17 Дээр хэлснээр, муу үйл хийж явсан хүн үхсэнийхээ дараа тамд очиж, үүрд тарчилдаг гэж зарим шашин сургадаг. Энэ сургаал Бурхныг гутаан доромжилдог. Яагаад гэвэл, Еховагийн гол чанар нь хайр учир тэрээр хүмүүсийг хэзээ ч тамлан зовоодоггүй (1 Ёохан 4:8-ыг уншина). Үгэнд ордоггүй хүүхдээ улайдсан зуухан дээр суулган  шийтгэж байгаа хүнийг та юу гэх вэ? Сайн хүн гэх үү? Тийм хүнтэй дотносон танилцах уу? Мэдээж, үгүй! Ямар харгис хэрцгий хүн бэ гэж бодох нь лавтай. Ехова хүмүүсийг үүрд тамлан зовоодог гэдэгт итгүүлэхийг Сатан л хүсдэг.

18. Хүмүүс нас барагсдаас яагаад айдаг вэ?

18 Бас хүн үхэхлээрээ сүнс болдог гэж сургадаг шашны ард Сатан байдаг. Энэ хуурамч сургаалд итгэдэг олон хүн, сүнс хүмүүсийг нэг бол харж ханддаг, нэг бол хорлодог гэж боддог бөгөөд нас барагсдаас айж, шүтэж мөргөдөг. Харин Библид бичсэнээр, нас барсан хүн унтаж байгаа хүнтэй адил бөгөөд бид хүнийг бүтээсэн Ехова Бурхныг л шүтэх ёстой (Илчлэл 4:11).

19. Үхлийн тухай үнэнийг мэдэх нь Библийн ямар сургаалыг ойлгоход тусалдаг вэ?

19 Үхлийн тухай үнэнийг мэдвэл хуурамч сургаалд төөрөлдөхгүйн зэрэгцээ Библийн бусад сургаалыг ч зөв ойлгоно. Жишээ нь, хүн үхэхлээрээ сүнс болдоггүй гэдгийг мэддэг бол хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулах Бурхны амлалт таны хувьд улам утга учиртай болно.

20. Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?

20 Эрт цагт амьдарч байсан Иов гэдэг хүн: «Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?» гэж асуусан байдаг (Иов 14:14). Нас барсан хүн үнэхээр амилах уу? Энэ асуултад Библи сэтгэл тайвшруулам хариу өгдөг. Үүнийг дараагийн бүлгээс мэдэж аваарай.

^ д/м 5 Библид «сүнс» гэдэг үгийг ямар утгаар хэрэглэдгийг 208–211-р хуудасны хавсралтаас үзнэ үү.