Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 9

Өнөө үе «эцсийн өдрүүд» үнэхээр мөн үү?

Өнөө үе «эцсийн өдрүүд» үнэхээр мөн үү?
  • Өнөөдөр болж байгаа ямар ямар үйл явдлыг Библид зөгнөсөн байдаг вэ?

  • «Эцсийн өдрүүдэд» хүмүүсийн зан чанар ямар болно гэж Библид бичсэн бэ?

  • «Эцсийн өдрүүдэд» болох өөр ямар үйл явдлыг зөгнөсөн бэ?

1. Ирээдүйд юу болохыг хаанаас мэдэж болох вэ?

ТА зурагтаар мэдээ үзэж байхдаа «Дэлхий ертөнцөд, ер нь, юу л болоод байна даа?» гэж бодож байв уу? Гамшиг зовлон гэнэт тохиолддог учир маргааш чухам юу болохыг хэлж чадах хүн нэгээхэн ч байхгүй (Яаков 4:14). Харин Ехова Бурхан ирээдүйд юу болохыг мэддэг (Исаиа 46:10). Тэрээр өөрийн Үг буюу Библид эдүгээ болж байгаа гамшигт явдал төдийгүй ойрын ирээдүйд болох сайхан үйл явдлын талаар олон зууны тэртээ бичүүлжээ.

2, 3. Шавь нар нь Есүсээс юуны тухай асуусан бэ? Есүс юу гэж хариулсан бэ?

2 «Бурхны Хаант төр» муу муухай бүхнийг арилгаж, дэлхийг диваажин болгох тухай Есүс Христ тунхаглаж байсан (Лук 4:43). Энэ явдал хэзээ болох нь хүмүүсийн анхаарлыг их татаж байв. Шавь нар нь: «Таны ирчихээд байгаагийн болон энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ?» гэж асуусанд Есүс ёс бус ертөнц хэзээ устахыг Ехова Бурхан л мэднэ гэж хариулжээ (Матай 24:3; 24:36). Гэхдээ өөрийнх нь тэргүүлэх засгийн газар дэлхий дээр жинхэнэ амар тайван, аюулгүй байдлыг тогтоохын өмнөхөн ямар ямар үйл явдал болохыг хэлж өгсөн. Есүсийн хэлсэн үг өнөөдөр бидний нүдний өмнө биелж байна!

3 Үүнийг батлах баримтыг ярилцахаасаа өмнө тэнгэрт болсон нэг дайны тухай товчхон үзье. Энэ дайныг үзсэн хүн байхгүй боловч үр дагавар нь бид бүгдэд хамаатай.

ТЭНГЭРТ БОЛСОН ДАЙН

4, 5. а) Есүсийг хаан сэнтийдээ заларсны дараахан тэнгэрт юу болсон бэ? б) Илчлэл 12:12-т бичсэнээр, тэнгэрт болсон дайны үр дагавар юу байсан бэ?

4 Есүс Христ 1914 онд тэнгэр дэх хаан сэнтийдээ заларсныг бид өмнөх бүлгээс үзсэн (Даниел 7:13, 14-⁠ийг уншина). Есүс Хааны эрхээ эдэлж эхэлмэгцээ нэгэн арга хэмжээ авсныг Библид «Тэнгэрт дайн болов. Михаел [буюу Есүс] тэнгэрийн элчүүдтэйгээ хамт луутай [буюу Сатантай] тулалдав» гэж бичсэн байдаг. * Сатан болон чөтгөрүүд дайнд ялагдаж, дэлхий рүү хаягджээ. Энэ явдал Бурхны үнэнч тэнгэрийн элчүүдийг туйлын их баярлуулсан боловч хүмүүст сайн юм болсонгүй. Энэ талаар Библид «Дэлхий ... харамсалтай яа! Яагаад гэвэл Диавол та нар луу бууж очсон. Өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг мэдэж байгаа тул тэрээр үлэмж их уур хилэнтэй байгаа» хэмээн бичжээ (Илчлэл 12:7, 9, 12).

5 Тэнгэрт болсон дайны үр дагавар юу байсан бэ? Сатан уурлан хилэгнэж, «дэлхий» буюу хүмүүст зовлон гамшиг учруулах болсон. Бид чухамдаа тэр зовлонгийн үед амьдарч байгаа ба энэ тухай дараа дэлгэрэнгүй үзнэ. Гэхдээ энэ нь харьцангуй «богинохон хугацаа» байх бөгөөд үүнийг Сатан өөрөө ч мэддэг. Энэ үеийг Библид «эцсийн өдрүүд» гэж нэрлэдэг (2 Тимот 3:1). Бурхан хүмүүсийг Сатаны эрхшээлээс чөлөөлөх тэр цагийг бид тэсэн ядан хүлээж байна. Одоо биелж байгаа Библийн зарим зөгнөлийг үзье. Эдгээр нь биднийг «эцсийн өдрүүд» гэдэг цаг үед амьдарч байгааг, бас Еховад хайртай бүх хүн мөнхийн ивээл хүртэх цаг ойрхон байгааг баталдаг. Эхлээд, Есүсийн зөгнөснөөр, өнөө үед болж байгаа дөрвөн онцлог үйл явдлын талаар ярилцъя.

«ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН» ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДЛУУД

6, 7. Дайн, өлсгөлөнгийн тухай Есүсийн хэлсэн зөгнөл хэрхэн биелж байна вэ?

6 «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтна» (Матай 24:7). Өнгөрсөн зуунд дайны уршгаар олон сая хүн амиа алджээ. Британийн нэгэн түүхч: «ХХ зуун бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урссан зуун байлаа. [...] Буун дуу гараагүй өдөр хоног хуруу дарам цөөн байсныг эс тооцвол дайн дажин тасралтгүй үргэлжилсэн» хэмээн бичжээ. Нэгэн судалгааны байгууллагаас гаргасан тайланд «ХХ зуунд дайнд үрэгдэгсдийн тоо МЭ І зуунаас 1899 оны хооронд гарсан дайнд амиа алдсан хүний тооноос даруй гурав дахин их байна» гэж тэмдэглэжээ. 1914 оноос хойш дайнд 100 гаруй сая хүн амь үрэгджээ. Ойр дотнынхоо хүнийг дайнд алдан, хагацал зовлон үзсэн олон сая хүн бий. Та ч гэсэн тийм гашуун зовлон үзсэн байж болох юм.

7 «Өлсгөлөн болно» (Матай 24:7). Өнгөрсөн 30 жил хүнс⁠ний үйлдвэрлэл асар их нэмэгдсэн гэж судлаачид үздэг. Гэхдээ хүмүүс хоол хүнс авах мөнгө, тариа тарих газаргүйн улмаас хоол хүнсээр дутаж, олон сая хүн өлөн зэлмэн амьдарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, хоол тэжээлийн дутагдлаас болж жил бүр таван сая гаруй хүүхэд нас барж байна.

8, 9. Газар хөдөлж, тахал гарах тухай зөгнөл биелж байгааг юу баталдаг вэ?

8 «Газар хүчтэй хөдөлнө» (Лук 21:11). АНУ-ын Геологи хайгуулын албаны мэдээгээр, байшин барилга эвдэж, газрын гадаргууд ан цав үүсгэх хүчтэй газар хөдлөлт жил бүр дунджаар 19 удаа болдог байна. Түүнээс гадна, байшин барилгыг бүрмөсөн нураах хүчтэй газар хөдлөлт жил бүр болдог ажээ. Баримтаас үзэхэд 1900 оноос хойш хоёр сая гаруй хүн газар хөдлөлтийн уршгаар амиа алджээ. Нэгэн баримтад «Хэдийгээр технологийн дэвшил гарч байгаа ч амь үрэгдэгсдийн тоог бууруулахад дорвитой нэмэр болохгүй байна» хэмээн тэмдэглэжээ.

9 «Тахал гарна» (Лук 21:11). Анагаах ухаан хөгжиж байгаа ч шинэ шинэ өвчин гарч байгаагийн зэрэгцээ урьд байсан өвчнүүд газар авч байна. Хүмүүсийн сайн мэддэг сү⁠рьеэ, хумхаа, холер гэх мэтийн 20 өвчин сүүлийн жилүүдэд улам их тархаж, зарим нь эмийн эмчилгээнд дийлдэхээ больж байгааг өөр нэг тайланд тэмдэглэжээ. Хамгийн багаар бодоход, 30 шинэ өвчин бүртгэгдсэн байна. Тэдгээрийн зарим нь үхлийн аюултай бөгөөд эмчлэх арга одоо хэр олдоогүй байна.

«ЭЦСИЙН ӨДРҮҮДЭД» АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЗАН ЧАНАР

10. 2 Тимот 3:1–5-д зөгнөснөөр, өнөөгийн хүмүүсийн зан чанар ямар болсон бэ?

10 «Эцсийн өдрүүдэд» болох үйл явдлыг төдийгүй хүмүүс нийтээрээ хэрхэн өөрчлөгдөхийг Библид зөгнөсөн. Ихэнх хүний зан чанар ямар болохыг элч Паул тодорхойлсон (2 Тимот 3:1–5-ыг уншина). «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирэх» бөгөөд хүмүүс

  • аминч

  • мөнгөнд дуртай

  • их зантай

  • эцэг эхдээ захирагддаггүй

  • талархдаггүй

  • гүжирдэгч

  • биеэ хянадаггүй

  • хэрцгий

  • Бурхныг хайрлахын оронд зугаацаж цэнгэхийг л боддог болно гэж бичжээ

11. Дуулал 92:7-д бичсэнээр, хорон муу хүмүүст юу тохиолдох вэ?

11 Танай нутагт ч гэсэн ийм хүмүүс байдаг биз ээ. Өнөөдөр дэлхий «хорон муу хүмүүсээр» дүүрчээ. Энэ нь Бурхан муу муухай бүхнийг удахгүй устгахын дохио юм. Учир нь Библид «Хорон муу хүн өвс шиг соёолж, гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд тэд мөнхөд устгагдана» гэж бичсэн байдаг (Дуулал 92:7).

«ЭЦСИЙН ӨДРҮҮДЭД» БОЛЖ БУЙ БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

12, 13. «Төгсгөлийн» цаг үед «мэдлэг» хэрхэн «өсөн нэмэгдсэн» бэ?

12 Библийн зөгнөл биелж, «эцсийн өдрүүдэд» дэлхий зовлонгоор дүүрчээ. Харин Еховагийн үйлчлэгчдийн хувьд баярлах шалтгаан бий.

13 «Мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэж «Даниел» номонд зөгнөжээ. Энэ зөгнөл «төгсгөлийн» цаг үед биелэх учиртай ажээ (Даниел 12:4). Ялангуяа, 1914 оноос хойш Ехова өөрийг нь шүтдэг чин сэтгэлтэй хүмүүст Библийн сургаалыг зөв ойлгоход нь тусалсан. Тэд Бурхны нэр, санаа зорилго, «золиос», хүн үхээд яадаг, нас барагсад амилах талаар илүү зөв ойлгодог болжээ. Түүнээс гадна, амьдралаа өөрчилж, өөрсдөө ач тус хүртэхийн зэрэгцээ Бурхнаа алдаршуулахын тулд яах ёстойгоо мэддэг болсон. Бас Бурхны Хаант төр ямар үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтний бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхийг илүү сайн ойлгодог болсон. Ийм мэдлэгтэй хүн яадаг вэ? Энэ асуултад хариулахын тулд одоо биелж байгаа өөр нэг зөгнөлийг авч үзье.

«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгондэлхий даяар тунхагла»(Матай 24:14)

14. Хаант төрийн тухай сайн мэдээг өнөөдөр хэн, хэр зэрэг өргөн хүрээтэй тунхаглаж байна вэ?

14 «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана» хэмээн Есүс «төгсгөлийн үеийн» тухай зөгнөжээ (Матай 24:3, 14-ийг уншина). Эдүгээ «бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтнээс» бүрдсэн олон сая Еховагийн Гэрч Хаант төрийн тухай сайн мэдээ буюу Хаант төр гэж юу болох, тэр Хаант төр юу хийх, ивээлийг нь хүртэхийн тулд яах ёстойг 230 гаруй оронд олон зуун хэлээр идэвхтэй тунхаглаж байна (Илчлэл 7:9). Еховагийн Гэрчүүд Библийн сургаалыг зөв ойлгохыг хүсдэг олон сая хүнд үнэ төлбөргүй хичээл заадаг. Есүсийн хэлснээр, жинхэнэ шавь нарыг нь өнөөдөр «бүх хүн үзэн яд[даг]». Гэхдээ Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлыг өргөн хүрээтэй, идэвх зүтгэлтэй хийж байгаа нь Матай 24:14-т бичсэн зөгнөл үнэхээр биелж байгаагийн баталгаа мөн! (Лук 21:17).

ТА ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

15. а) Өнөө үе бол «эцсийн өдрүүд» мөн гэдэгтэй та санал нийлэх үү? Яагаад? б) «Төгсгөл» болоход Еховаг эсэргүүцдэг хүмүүст юу тохиолдох вэ? Бурхан дуулгавартай хүмүүсийг яах вэ?

15 Эдүгээ Библийн олон зөгнөл биелж байгааг хараад өнөө үе бол «эцсийн өдрүүд» үнэхээр мөн гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Хаант төрийн тухай сайн мэдээг Еховагийн санасан хэмжээнд хүртэл тунхагласны дараа «төгсгөл ирэх» нь зайлшгүй (Матай 24:14). «Төгсгөл» болоход Бурхан дэлхийг муу муухай бүхнээс цэвэрлэнэ. Ехова өөрийг нь санаатай эсэргүүцдэг хүмүүсийг Есүс болон хүчирхэг тэнгэрийн элчүүдээрээ устгуулна (2 Тесалоник 1:6–9). Сатан болон чөтгөрүүд хүн төрөлхтнийг мэхэлж чадахгүй болох юм. Үүний дараа Бурхан дуулгавартай хүмүүсийг арвин ихээр ивээнэ (Илчлэл 20:1–3; 21:3–5).

16. Яах нь ухаалаг хэрэг вэ?

16 Сатаны ертөнцийн төгсгөл ойрхон байгаа тул «Би одоо яах хэрэгтэй вэ?» гэж хүн бүр бодох нь зүйтэй. Еховагийн тухай, бидэнд өгсөн хууль тушаалынх нь тухай мэдлэгээ гүнзгийрүүлэх нь ухаалаг хэрэг (Ёохан 17:3). Библийг нямбай судлаарай. Еховагийн таалалд нийцүүлэхийг хичээдэг хүмүүстэй нөхөрлөж, Еховагийн Гэрчүүдийн цуглаанд тогтмол очиж хэвшээрэй (Еврей 10:24, 25-ыг уншина). Үгийг нь судалж Ехова Бурхныг илүү сайн мэддэг болоорой. Амьдралдаа шаардлагатай өөрчлөлт хийгээрэй. Ингэсэн цагт та Бурхны ивээлийг хүртэнэ (Яаков 4:8).

17. Муу муухай ертөнцийг устгахад ихэнх хүн яагаад цочирдох вэ?

17 Ихэнх хүн «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаагаа үл ойшоох тухай Есүс зөгнөн хэлжээ. Муу муухай ертөнцийн төгсгөл «хулгайч шөнө ирдэгтэй адил» гэнэт ирэхэд хүмүүс цочирдон балмагдах аж (1 Тесалоник 5:2-ыг уншина). Есүс бидний амьдарч байгаа цаг үеийг «Ноагийн үетэй» зүйрлэн «Үерийн өмнөх өдрүүдэд, Ноаг авдарт орсон тэр өдрийг хүртэл хүмүүс идэж уун, гэрлэж байлаа. Үер бууж өөрсдийг нь хаман одох хүртэл тэд анхаараагүй юм. Хүний Хүүгийн ирчихээд байгаа нь яг тийм байх юм» гэж хэлжээ (Матай 24:37–39).

18. Есүсийн хэлсэн ямар үгэнд ул суурьтай хандах хэрэгтэй вэ?

18 Бас Есүс: «Хэтрүүлэн идэж уух болон амьдралын төлөө санаа зовсноос болж зөв бодох чадвараа алдахгүйн тулд анхааралтай бай. Эс тэгвэл хавханд гэнэт ордог шиг тэрхүү өдөр гэнэт болно. Учир нь дэлхийд амьдарч байгаа бүх хүн тэр өдрийг үзнэ. Тиймээс, сонор сэрэмжтэй бай. Болох ёстой энэ бүхнийг давж авраг⁠дъя, хүний Хүүгийн өмнө [сайшаалыг нь хүртэн] зогсъё гэвэл тусламж гуйн цаг үргэлж залбир» гэж анхааруулжээ (Лук 21:34–36). Есүсийн үгэнд ул суурьтай хандах хэрэгтэй. Учир нь Ехова Бурхан болон «хүний Хүү» буюу Есүс Христийн сайшаалыг хүртдэг хүн л Сатаны ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давж, хаяанд тулж ирчихээд байгаа шинэ ертөнцөд мөнх амьдарна! (Ёохан 3:16; 2 Петр 3:13).

^ д/м 4 Михаел бол Есүс Христ мөн гэдгийн баталгааг 218, 219-р хуудасны хавсралтаас үзнэ үү.