Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 13

Амь бол Бурхны өгсөн бэлэг

Амь бол Бурхны өгсөн бэлэг
  • Бурхан амийг юу гэж үздэг вэ?

  • Бурхан үр хөндөхийг юу гэж үздэг вэ?

  • Амийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэгээ хэрхэн харуулах вэ?

1. Амьтай бүхнийг хэн бүтээсэн бэ?

ЗӨНЧ Иеремиа Еховаг «жинхэнэ ... амьд Бурхан» хэмээжээ (Иеремиа 10:10). Ехова өөрөө амьд Бурхан төдийгүй амьтай бүхнийг бүтээсэн. Тэнгэрт байдаг бүтээлүүд нь Бурханд хандан «Та бүх юмыг бүтээсэн. Та хүссэн учраас бүх юм бий болсон, бүх юм бүтээгдсэн» гэж хэлсэн (Илчлэл 4:11). Давид хаан, Бурханд зориулсан магтуу дуундаа «Амийн эх булаг нь Танд бий» хэмээжээ (Дуулал 36:9). Тэгэхлээр, амь бол Бурхны өгсөн бэлэг юм.

2. Ехова амийг яаж тэтгэдэг вэ?

2 Ехова бас амийг тэтгэдэг (Үйлс 17:28). Хүнд зориулж дэлхийг бүтээсэн бөгөөд амьд явахад зайлшгүй шаардлагатай хоол хүнс, ус агаараар хангадаг (Үйлс 14:15–17-г уншина). Энэ нь Ехова хүнийг элбэг хангалуун, аз жаргалтай амьдруулах хүсэлтэйг баталдаг. Гэхдээ бид жинхэнэ ёсоор жаргалтай амьдаръя гэвэл Бурхны хуулийг мэ⁠дэж, сахиж мөрдөх хэрэгтэй (Исаиа 48:17, 18).

АМИЙГ БУРХНЫ ӨГСӨН БЭЛЭГ ГЭЖ ҮЗЭХ НЬ

3. Ехова Абелын амийг хөнөөсөн Каиныг яасан бэ?

3 Бурхан биднийг өөрийнхөө болон бусдын амийг хайрлаасай гэж хүсдэг. Бурхны энэ хүсэл эртний нэг түүхээс харагддаг. Адам Ева хоёрын хүү Каин дүү Абелдаа ихэд уурлажээ. Уурын мунхгаар ноцтой нүгэл үйлдэж болзошгүйг нь Бурхан анхааруулсан боловч Каин тоосонгүй. Тэгээд «дүү Абел руугаа дайрч, түүнийг алжээ» (Эхлэл 4:3–8). Дүүгийнхээ амийг хөнөөсөн тул Ехова Каиныг шийтгэсэн (Эхлэл 4:9–11).

4. Амийг Бурхны өгсөн бэлэг гэж үзэх ёстойг Мосегийн хуульд юу гэж заасан байдаг вэ?

4 Тэр явдлаас хойш 2400 орчим жилийн дараа Ехова өөрт нь хэрхэн үйлчлэхийг заасан хуулийг израйл үндэстэнд өгчээ. Хуулиа зөнч Мосегоор дамжуулан өгсөн учраас бас «Мосегийн хууль» гэдэг. Тэр хуульд «Хүн бүү ал» гэж заасан байдаг (Дэд хууль 5:17). Ийм хуультайн ачаар израйлчууд Бурхан хүний амийг хайрладаг гэдгийг, өөрсдөө ч амийг Бурхны өгсөн бэлэг гэж үзэх ёстойгоо ойлгожээ.

5. Үр хөндөж болох уу? Тайлбарлана уу.

5 Тэгвэл эхийн хэвлийд байгаа хүүхдийн амийг юу гэж үзэх ёстой вэ? Мосегийн хуульд «Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй [«эндээгүй», ШЕ] бол ... төлбөр төлүүлнэ. Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан [«хүүхэд эндсэн», ШЕ] бол амийг амиар [төлнө]» гэж тодорхой заасан (Египетээс гарсан нь 21:22, 23). Мосегийн хуулийн дагуу, ургийн амийг таслах ёсгүй байжээ. Ехова ургийн амийг ч бас хайрладаг нь эндээс харагдаж байна (Дуулал 127:3-ыг уншина). Тэгэхлээр, үр хөндөж болохгүй гэсэн үг.

6. Бусдыг яагаад үзэн ядах ёсгүй вэ?

6 Амийг Бурхны өгсөн бэлэг гэж үзэх нь их өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хүмүүст хэрхэн хандах асуудал ч мөн үүнд багтдаг. Библид «Ах дүүгээ үзэн яддаг хүн алуурчин. Алуурчин мөнх амьдрахгүйг та нар мэднэ» гэж байдаг (1 Ёохан 3:15). Хүний амь хөнөөх гол шалтгаан нь ихэнхдээ бие биеэ үзэн ядсанаас үүддэг тул мөнх амьдрахыг хүсдэг хэн боловч бусдыг өчүүхэн төдий ч үзэн ядах ёсгүй (1 Ёохан 3:11, 12). Тиймээс бусдыг хайрлаж сурах нь амин чухал юм.

7. Амийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэггүйн шинж юу вэ?

7 Ер нь, хэн ч үхэхийг хүсдэггүй. Гэхдээ зарим хүн таашаал авах зорилгоор амь насандаа аюул учруулдаг. Жишээ нь, амны болон хамрын тамхи татаж, мансууруулах бодис хэрэглэдэг хүн олон байдаг. Эдгээр нь хүний биеийг хордуулдаг бөгөөд үхлийн шалтгаан болох нь цөөнгүй. Тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх гэх мэтийн зуршилтай бол амийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэггүйн шинж. Ийм зуршлыг Бурхан «цэвэр бус» гэж үздэг (Ром 6:19; 12:1; 2 Коринт 7:1-ийг уншина). Бурханд таалагдъя гэвэл ийм муу зуршлаас салах хэрэгтэй. Энэ нь амаргүй боловч хичээж байгаа хүнийг Ехова өндөр үнэлж, тусалж дэмждэг.

8. Аюул ослоос цаг үргэлж сэргийлж байх ёстойн учир юу вэ?

8 Амийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэг хүн аюул ослоос цаг үргэлж сэргийлж байх ёстой. Тийм хүн болгоомжгүй үйлдэл хийдэггүй бөгөөд таашаал авах зорилгоор, эсвэл сэтгэлийн хөөрөлд автан амь насандаа аюул учруулдаггүй. Машин тэрэг жолоодохдоо анхаарал болгоомжтой байхын зэрэгцээ амь насанд аюултай, хүчирхийллийн шинжтэй спортоор хичээллэдэггүй (Дуулал 11:5). Бурхан эртний израйлчуудад «Чи ... [хавтгай дээвэртэй] байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай» хэмээн сануулжээ (Дэд хууль 22:8). Энэ зарчмаар, гэртээ болон гэрийнхээ ойр орчимд аюулгүй байдлыг хангах ёстой. Хэрэв та машин унаатай бол аюул ослоос урьдчилан сэргийлж байх үүрэгтэй. Таны гэр орон, машин унаа өөрт тань болоод бусдад ямар ч аюул учруулах ёсгүй.

9. Амийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэг хүн мал амьтантай хэрхэн харьцах вэ?

9 Тэгвэл амьтны амийг юу гэж үзэх ёстой вэ? Амьтны амь ч Бурхны өгсөн бэлэг мөн. Хоол хүнсэнд хэрэглэх, хувцас хунар хийх, амь насаа хамгаалах зорилгоор амьтан алахыг Бурхан зөвшөөрдөг (Эхлэл 3:21; 9:3; Египетээс гарсан нь 21:28). Гэхдээ мал амьтантай зэрлэг харьцах юм уу таашаал авах зорилгоор алж устгах нь амийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэггүйн шинж юм. Ийм үйлдлийг Ехова эрс буруушаадаг (Сургаалт үгс  12:10).

ЕХОВА ЦУСЫГ АМЬТАЙ ХОЛБОЖ ҮЗДЭГ НЬ

10. Бурхан цусыг амьтай холбож үздэг нь юунаас харагддаг вэ?

10 Каиныг дүү Абелаа хөнөөсний дараа Бурхан: «Чиний дүүгийн цус газраас Над руу хашхирч байна» гэж хэлжээ (Эхлэл 4:10). «Чиний дүүгийн цус» гэсэн нь Абелын амийг хэлсэн хэрэг байлаа. Каин Абелын амийг хөнөөсөн тул шийтгүүлэх ёстой болсон. Абелын «цус Бурхан руу хашхирч» байсан гэдэг нь Абелын амь шударга ёсыг шаардаж байсан гэсэн үг ажээ. Цус амь хоёр хоорондоо холбоотойг Ноагийн үед болсон Үерийн дараа Бурхан дахин онцлон тэмдэглэсэн. Үерээс өмнө хүмүүс зөвхөн жимс ногоо, тариа будаа, самар иддэг байжээ. Харин дараа нь Ехова Ноа болон түүний хөвгүүдэд «Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно» гэж хэлсэн. Гэхдээ «Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй» хэмээн тушаажээ (Эхлэл 1:29; 9:3, 4). Ехова цусыг амьтай холбож үздэг нь эндээс тодорхой харагдаж байна.

11. Ноагийн үед өгсөн ямар тушаал израйлчуудын үед хүчинтэй хэвээрээ байсан бэ?

11 Еховагийн үзлийг хүндэтгэдэг хүн цусыг хүнсэнд хэрэглэх ёсгүй. Ехова израйлчуудад «Аливаа хүн нь идэж болох амьтан буюу шувууг агнасан тохиолдолд түүнийхээ цусыг асган, шороогоор дарах ёстой. [...] Бүх махан биеийн амь нь түүний цус учраас та нар аливаа махан биеийн цусыг идэх ёсгүй» гэж тушаажээ (Левит 17:13, 14). Анх Ноад өгч байсан, амьтны цус идэж болохгүй гэсэн тушаал нь 800 гаруй жилийн дараа ч хүчин төгөлдөр байсныг энэ заалт харуулдаг. Тэгэхлээр, Еховагийн үзэл тодорхой байна. Бурхны үйлчлэгчид мах идэж болох ч цусыг хүнсэнд хэрэглэх ёсгүй байв. Тэд цусыг газар асгадаг байсан нь амийг Бурханд буцаан өгч байгаа хэрэг байжээ.

12. МЭ І зуунд Бурхны өгсөн ямар тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа вэ?

12 Дээрхтэй адил тушаалыг Христийн дагалдагчдад өгчээ. І зууны дагалдагчдын дунд хариуцлагатай үүрэг биелүүлж байсан эрчүүд хэлэлцээд Христийн дагалдагчид ямар ямар тушаал сахих ёстойг шийджээ. Тэгээд гаргасан шийдвэрийнхээ талаар «Та нарт дараах шаардлагыг тавих нь зүйтэй боловч өөр зүйлээр дарамт учруулахгүй байхыг бид Бурхны агуу хүчээр удирдуулж ойлгосон. Шүтээнд өргөсөн юм, цус, боомилж нядалсан [цус нь маханд нь нэвчсэн] аливаа зүйл, садар самууныг цээрлэгтүн» хэмээн бичжээ (Үйлс 15:28, 29; 21:25). Тиймээс, бид «цусыг ... цээрлэх» ёстой. Энэ тушаалыг биелүүлэх нь шүтээн шүтэх болон садар самуун явдлаас зайлсхийхтэй адил чухал юм.

Эмч архи цээрлэхийг зөвлөжээ. Тэгвэл архи ууж болохгүй, харин судсаар хийлгэж болно гэсэн үг үү?

13. Цусыг цээрлэх тушаал цус сэлбэх асуудалд хамаатай юу? Жишээгээр тайлбарлана уу.

13 Тэгвэл цусыг цээрлэх тушаал цус сэлбэх асуудалд хамаатай юу? Хамаатай. Жишээ нь, эмч танд архи цээрлэхийг зөвлөжээ гэж бодъё. Энэ нь архи ууж болохгүй, харин судсаар хийлгэж болно гэсэн үг үү? Яалаа гэж! Үүнтэй адилаар, цусыг цээрлэх гэдэг нь цусыг ямар ч хэлбэрээр хэрэглэхгүй байхыг хэлнэ. Тиймээс, бид дээрх тушаалыг биелүүлж цус сэлбүүлдэггүй.

14, 15. Эмч мэргэжилтнүүд цус сэлбэхийг зөвлөвөл Гэрч хүн яах вэ? Яагаад?

14 Хэрэв Гэрч хүн осолд орж, цус алдах юм уу хүнд мэс засал хийлгэх болбол яах вэ? Цус сэлбэхгүй бол амь насанд аюултай гэж эмч хэлжээ гэж бодъё. Мэдээж, үхье гэж Гэрч хүн боддоггүй. Тиймээс Бурхны өгсөн үнэт бэлэг болох амиа аврахын тулд Бурхны хуультай зөрчилддөггүй өөр эмчилгээ буюу цусгүй эмчилгээний арга хувилбаруудаас аль боломжтойг нь сонгодог.

15 Хэрэв Гэрч хүн амиа аврахын тулд Бурхны хуулийг зөрчвөл яах вэ? Есүс: «Амиа аврахыг хүсдэг хэн боловч амиа алдана. Харин надаас болж амиа алдсан хэн боловч амилна» гэж хэлсэн (Матай 16:25). Гэрчүүд аминаасаа уйдсан хүмүүс биш ээ. Гэхдээ Бурхны хуулийг зөрчин, амиа аварвал ирээдүйд мөнх амьдрах найдвараа алдах аюултай. Тиймээс, Бурхны хууль зөв бөгөөд биднийг ямар нэгэн шалтгаанаар амь насаа алдлаа гэхэд амийн эх булаг Ехова амилуулж, амь гэдэг үнэт бэлгийг дахин өгнө гэдэгт итгэх нь ухаалаг хэрэг юм (Ёохан 5:28, 29; Еврей 11:6).

16. Еховагийн үйлчлэгчид юунд шийдвэр төгс байдаг вэ?

16 Еховагийн үйлчлэгчид цусыг цээрлэх тушаалыг биелүүлэх шийдвэр төгс байдаг. Тэд цусыг хүнсэнд хэрэглэдэггүй. Бас эмчилгээний зорилгоор хэрэглэдэггүй. * Ехова Бурхан өөрөө цусыг бүтээсэн учраас юунд хэрэглэхийг хэнээс ч илүү мэддэг гэдэгт тэд бат итгэдэг. Та бас итгэдэг үү?

ЦУСЫГ ЦОРЫН ГАНЦ ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭДЭГ

17. Еховагийн хуулийн дагуу, эртний израйлчууд цусыг цорын ганц ямар зорилгоор хэрэглэдэг байсан бэ?

17 Мосегийн хуулийн дагуу, цусыг цорын ганц зорилгоор хэрэглэж болдог байжээ. Ехова эртний израйлчуудад «Махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм» гэж хэлсэн (Левит 17:11). Нүгэл үйлдсэн израйл хүн Бурхнаас өршөөл хүртэхийн тулд, эхэндээ мөргөлийн асарт, хожим нь Иерусалимын сүмд байсан тахилын ширээн дээр амьтнаар тахил өргөж, цусыг нь нялдаг ёстой байв. Үүнээс дүгнэхэд, цусыг зөвхөн тахил өргөхөд хэрэглэдэг байжээ.

18. Есүсийн асгаруулсан цус бидэнд ямар ач холбогдолтой вэ?

18 Христийн орчин үеийн дагалдагчид Мосегийн хуулийг сахидаггүй учраас тахилын ширээн дээр амьтнаар тахил өргөж, цусыг нь нялдаггүй (Еврей 10:1). Гэхдээ эрт цагт израйлчууд цусыг тийн хэрэглэдэг байсан нь Бурхны Хүү Есүс Христ амиа золиос болгон өргөхийг бэлгэдэж байсан. Есүс хүн төрөлхтний төлөө цусаа асгаруулж, амиа золиосолсон бөгөөд дараа нь тэнгэрт гарч, асгаруулсан цусныхаа үнэ цэнг Бурханд өргөн барьсныг бид 5-р бүлгээс үзсэн (Еврей 9:11, 12). Ийнхүү бидэнд нүглээ уучлуулах үндсийг тавьж, мөнх амьтай болох замыг нээж өгсөн юм (Матай 20:28; Ёохан 3:16). Цусыг ийм онцгой зорилгоор хэрэглэсэн нь үнэхээр их ач холбогдолтой байжээ! (1 Петр 1:18, 19). Есүсийн асгаруулсан цусны үнэ цэнд итгэдэг хүн л аврагдана.

Амь болон цусны жинхэнэ үнэ цэнг ойлгодгоо хэрхэн батлах вэ?

19. «Нэг ч хүний үхлийн хариуцлагыг хүлээхгүй» байя гэвэл яах ёстой вэ?

19 Амь бэлэглэсэн Ехова Бурханд бид гүнээ талархах учиртай! Есүсийн асгаруулсан цусны үнэ цэнд итгэдэг хүн мөнх амьдрах боломжтой болдгийг бусдад ярих нь Бурханд чин сэтгэлээсээ талархдагаа баталж байгаа хэрэг юм. Амийг Ехова хэчнээн их хайрладгийг ойлгодог хүн энэ мэдээг аль болох олон хүнд хүргэхийг өөрийн эрхгүй хүсдэг (Езекиел 3:17–21-ийг уншина). Хэрэв энэ ажлыг чармайн хийдэг бол элч Паулын адилаар «Нэг ч хүний үхлийн хариуцлагыг хүлээхгүй ... Би Бурхны санаа зорилгыг та нарт мэдүүлэхээс хойш суусан удаагүй» гэж итгэлтэй хэлж чадна (Үйлс 20:26, 27). Бурхан болон Бурхны санаа зорилгын талаар хүмүүст хэлж ярих нь амь ба цусны жинхэнэ үнэ цэнг ойлгодгоо харуулж байгаа хэрэг юм.

^ д/м 16 Цусгүй эмчилгээний арга хувилбаруудын талаар Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Бурхнаараа хайрлуулж яв» номны 215–218-р хуудас, «Христиан үйлчлэл»-ийн 2006 оны 11-р сарын дугаарын хавсралтыг үзнэ үү.