Skip to content

Гарчиг руу орох

ХАВСРАЛТ

Христийн жинхэнэ дагалдагчид загалмай шүтдэггүйн учир

Христийн жинхэнэ дагалдагчид загалмай шүтдэггүйн учир

ЗАГАЛМАЙ бол олон сая хүний эрхэмлэдэг зүйл юм. Нэгэн нэвтэрхий тольд загалмайг «христ шашны гол бэлгэ тэмдэг» гэж бичжээ («The Encyclopædia Britannica»). Гэхдээ Христийн жинхэнэ дагалдагчид загалмай шүтдэггүй. Энэ нь ямар учиртайг мэдэж авъя.

Есүс Христ загалмайд цовдлуулж үхээгүй. Энэ бол нэг чухал шалтгаан юм. Библийн ихэнх орчуулгад ставрос гэдэг грек үгийг «загалмай» гэж орчуулсан байдаг. Уг нь, энэ үг «багана», «шон» гэсэн утгатай. Нэгэн бүтээлд «[Ставрос] гэдэг үгээр нэгийг нь нөгөө дээр нь өнцөг үүсгэн, хөндлөн хадсан хоёр модыг огт хэлдэггүй... [“Шинэ Гэрээг” бичсэн] грек хэлэнд хөндлөн мод гэж ойлгогдохоор үг огт байдаггүй» гэж тэмдэглэжээ («The Companion Bible»).

Библийн нэлээд хэдэн зүйлд Есүсийг цаазалсан хэрэгслийг өөр үгээр хэлсэн байдаг. Энэ нь ксилон гэдэг грек үг юм (Үйлс 5:30; Үйлс 10:39; 13:29; Галат 3:13; 1 Петр 2:24). Энэ үг нь «дүнз», «гадас», «бороохой», «мод» гэсэн утгатай.

Дээр үед хүмүүсийг цаазлахдаа жирийн нэг шон хэрэглэдэг байсны учрыг Херман Фүлда «Загалмай ба загалмайд цовдлох нь» номондоо «Гэмт хэрэгтнүүдийг олны өмнө цаазлах газар мод тэр бүр олддоггүй байжээ. Тиймээс ердийн дүнз модыг газар зоодог байж. Ийм модонд гэмт хэрэгтнүүдийн гарыг дээш нь татаж уях юм уу хадаад, заримдаа хөлийг нь бас уяж хаддаг байжээ» гэж бичжээ («Das Kreuz und die Kreuzigung»).

Гэхдээ Есүс загалмайд цовдлуулж үхээгүй гэдгийг батлах хамгийн үнэмшилтэй баримт Бурхны Үг Библид байдаг. Элч Паул: «Христ өөрөө бидний өмнөөс хараагдаж, биднийг Хуулийн хараалаас хэлтрүүлэн худалдаж авсан билээ. Учир нь “Шонд хадуулсан хэн боловч хараагдсан хэрэг” гэж бичсэн байдаг» хэмээжээ (Галат 3:13). Энд Паул загалмай гээгүй, харин модон шон гэж бичсэн Дэд хууль 21:22, 23-ыг эш татжээ. Ийн үхсэн хүнийг «хараагдсан» гэж үздэг байсан учир цовдлуулсан Есүсийн дүрс бүхий загалмайг хана туургандаа хадах юм уу гоёл болгож зүүх нь зохисгүй юм.

МЭ IV зуунаас өмнө амьдарч байсан, өөрсдийгөө Христийн шавь гэж үздэг хүмүүс загалмай шүтдэг байсан гэх мэдээ баримт байдаггүй. Харин IV зуунаас Ромын эзэн хаан Константин христ шашинтан болж, загалмайг «христ шашны» бэлгэ тэмдэг болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Константин ямар ч зорилготой байсан бай, загалмай Есүс Христэд огт хамаагүй юм. Тэгвэл загалмайг анх хэн шүтдэг байсан бэ? Нэгэн нэвтэрхий тольд: «Есүсээс өмнө загалмай шүтдэг хүмүүс байсан. Түүнээс гадна, христийн бус шашинтай хүмүүс ч загалмай шүтдэг» гэж тэмдэглэжээ («New Catholic Encyclopedia»). Өөр олон ном зохиолд загалмайг Ехова Бурхныг шүтдэггүй хүмүүсийн шашны зан үйл болон нарыг шүтэхтэй холбож тайлбарласан байдаг.

Тэгвэл христ шашинтнууд ямар учраас загалмай шүтдэг болсон бэ? Өөр шүтлэгтэй хүмүүсийг христ шашинд оруулах үүднээс ийм арга хэрэглэсэн байж болох юм. Гэхдээ Библи хуурамч шашны аливаа эд зүйл шүтэхийг эрс буруушаадаг (2 Коринт 6:14–18). Бас «шүтээн шүтэхийг» хориглодог (Египетээс гарсан нь 20:4, 5; 1 Коринт 10:14). Эдгээр учир шалтгааны улмаас Христийн жинхэнэ дагалдагчид загалмай шүтдэггүй. *

^ д/м 5 Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судраас тунгаах нь» номын 89–93-р хуудаснаас энэ талаар дэлгэрэнгүй тайлбар үзнэ үү (англи).