Skip to content

Гарчиг руу орох

ХАВСРАЛТ

Тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел гэж хэн бэ?

Тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел гэж хэн бэ?

МИХАЕЛ гэдэг нэртэй үл үзэгдэх тэнгэрийн бүтээлийн тухай Библид гуравхан удаа гардаг бөгөөд тухай бүрд нь чухал үйл явдалд оролцож байгаагаар дүрсэлдэг. «Даниел» номонд чөтгөрүүдтэй тэмцэж, «Юуда» номонд Сатантай маргалдаж, «Илчлэл» номонд Диавол болон чөтгөрүүдтэй дайтаж байгаагаар гардаг. Михаел гэдэг нэр «Бурхантай адилхан нь хэн бэ?» гэсэн утгатай. Энэ бүтээл нэрнийхээ утгыг батлан харуулж, Еховагийн эрх мэдлийг дэмжин, дайснуудтай нь тэмцдэг. Тэгвэл Михаел гэж чухам хэн бэ?

Зарим хүн хэд хэдэн нэртэй байдаг. Тухайлбал, Исаакийн хүү Иаковыг Израиль гэдэг байсан бол элч Петрийг Симон гэдэг байжээ (Эхлэл 49:1, 2; Матай 10:2). Үүн шиг, Михаел гэдэг нь Есүс Христийн өөр нэг нэр юм. Тэрээр дэлхийд ирэхээсээ өмнө Михаел гэдэг нэртэй байсан ба тэнгэрт буцсаныхаа дараа дахин тэр нэрээрээ дуудуулах болжээ. Одоо, Михаел бол Есүс мөн гэдгийг Библийн үндэстэй баталъя.

Тэнгэрийн элчүүдийн тэргүүн. Юуда 9-д Михаелыг «тэнгэрийн элчүүдийн тэргүүн» гэдэг. «Тэнгэрийн элчүүдийн тэргүүн» гэдэг цолтой бүтээл ганц байдаг нь Библиэс харагддаг. «Тэнгэрийн элчүүдийн тэргүүн» гэдэг үгийг Библид дандаа ганц тоогоор хэрэглэдэг. Амилсан Есүс Христийн талаар элч Паул: «Эзэн өөрөө ... тэнгэрээс бууж ирээд, тэнгэрийн элчүүдийн тэргүүний хувьд тушаал буулгана» гэж бичжээ (1 Тесалоник 4:16). Энд Есүсийг «тэнгэрийн элчүүдийн тэргүүнийн хувьд тушаал буулгана» гэжээ. Тэгэхлээр, тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел гэдэг нь Есүс мөн.

Жанжин. Библид «Михаел тэнгэрийн элчүүдтэйгээ хамт ... луу болон түүний тэнгэрийн элчүүд[тэй] тулалдсан» гэж бичсэн байдаг (Илчлэл 12:7). Үүнийг үзвэл, Михаел бол үнэнч тэнгэрийн элчүүдийн жанжин юм. Бас Есүсийг тэнгэр дэх дайчдын жанжнаар дүрсэлсэн байдаг (Илчлэл 19:14–16). Түүнээс гадна, элч Паул: «Эзэн Есүс хүчирхэг тэнгэрийн элчүүдтэйгээ хамт тэнгэрээс, дүрэлзэх галын дунд илчлэгдэнэ» хэмээн бичжээ (2 Тесалоник 1:7). Тэгэхлээр, Михаел ч, Есүс ч үнэнч тэнгэрийн элчүүдийг захирдаг нь харагдаж байна (Матай 13:41; 16:27; 24:31; 1 Петр 3:22). Үнэнч тэнгэрийн элчүүдийг хоёр жанжинтай гэж Библид огт бичээгүй учраас Михаел бол тэнгэрт байгаа Есүс Христ мөн гэж үзэх нь зүйд нийцнэ. *

^ д/м 1 Михаел бол Есүс мөн гэдгийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботийн 393, 394-р хуудаснаас үзнэ үү (англи).