Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 13

Сайн, муу хаад

Сайн, муу хаад

Израиль хуваагдав. Түүнээс хойш Израилийг олон хаан захирсан ба ихэнх нь үнэнч байж чадаагүй. Вавилончууд Иерусалимыг устгав

СОЛОМОНЫГ цэвэр шүтлэгээс хөндийрсний дараа Израиль Еховагийн зөгнөснөөр хуваагдав. Соломоны хүү, хаан ширээ залгамжлагч Рехобоам харгис хатуу хүн байсан тул Израилийн арван овог бослого гаргаж, Израилийн хойд хаант ул⁠сыг байгуулжээ. Хоёр овог Иерусалим дахь Давидын хаан ширээ залгамжлагчид үнэнч үлдэн, Иудагийн өмнөд хаант улсыг байгуулав.

Өмнөд, хойд хаант улсын түүх, гол нь, Бурханд үнэнч бус, дуулгаваргүй хаадын балгаар ээдрээтэй байлаа. Израиль Иудагаас илүү хүнд нөхцөлд байв. Учир нь, Израилийн хаад анхнаасаа хуурамч шашныг түгээн дэлгэрүүлжээ. Елиа, Елиша нарын зөнчид гайхамшиг үйлдэн, үхэгсдийг хүртэл амилуулж байсан ч Израиль бузар муу замаа орхиогүй юм. Эцэст нь Бурхан Ассирид хойд хаант улсыг устгахыг зөвшөөрчээ.

Түүнээс хойш зуу гаруй жилийн дараа Иуда ч бас Бурхны шийтгэлийг хүртсэн. Иудагийн цөөхөн хэдэн хаан л Бурхны зөнчдийн сэрэмжлүүлгийг хүлээн авч, ард түмнээ Ехова руу хандуулахыг оролдож байв. Тухайлбал, Иосиа хаан Иудаг хуурамч шүтлэгээс цэвэрлэж, Еховагийн сүмийг сэргээсэн. Бурхны Мосегоор дамжуулан өгсөн Хуулийн эх бичиг олдмогц Иосиа сэтгэл нь ихэд хөдөлж, шүтлэгийг цэвэрлэх их ажлаа улам өргөн далайцтай хийжээ.

Харамсалтай нь, Иосиагийн дараагийн хаад энэ сайхан жишээг нь дагаагүй юм. Тиймд, Ехова Вавилоны ард түмэнд Иудаг эзлэн авч, Иерусалимыг сүмтэй нь устгахыг зөвшөөрсөн. Амьд үлдсэн нь Вавилонд цөлөгджээ. Тэднийг 70 жил цөлөгдөх учиртайг Бурхан зөгнөн хэлсэн. Энэ бүх хугацаанд Иуда үнсэнд хаясан шалз шиг болсон ч уг зөгнөл биелж, ард олон нь эх нутагтаа эргэж очсон.

Гэсэн хэдий ч Давидын угсааны хаадын нэг нь ч зөгнөсөн Мессиа, амласан Аврагчийн засаглалаас өмнө дахин хаан ширээнд суугаагүй юм. Төгс бус хүн ард түмнийг удирдан захирч чадахгүйг Давидын хаан ширээнд үе улиран заларсан хаадын ихэнх нь батлан харуулсан. Ганцхан Мессиа л чадах байв. Тийм учраас, Ехова Давидын удмын сүүлчийн хаанд: «Титмийг тайл. ... Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь [титмээр төлөөлүүлсэн Хаанчлал] хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө» хэмээн айлджээ (Езекиел 21:26, 27).

«Хаадын дээд», «Хаадын дэд», «Шастирын дэд» 10–36-р бүлэг, Иеремиа 25:8–11-д үндэслэв.