Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 21

Есүс амилсан нь

Есүс амилсан нь

Есүс дагалдагчид дээрээ ирээд, тэдэнд заавар өгч, урмыг нь сэргээв

ЕСҮСИЙГ нас барснаас хойших гурав дахь өдөр нь эмэгтэй шавь нар нь булшны амыг тагласан чулууг өнхрүүлэн зайлуулсан байхыг үзэв. Булш хоосон байлаа!

Хоёр тэнгэр элч гарч ирээд, нэг нь: «Та нар Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан» гэж хэлэв (Марк 16:6). Эмэгтэйчүүд элч нарт хэлэхээр яаран гүйлээ. Тэгтэл замд нь Есүс таарч, «Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно» гэж айлдав (Матай 28:10).

Тэр өдөр Есүсийн хоёр шавь Иерусалимаас Еммау тосгон орохоор явж байжээ. Тэгтэл нэг хүн тэдэнтэй зам нийлж, юун тухай ярилцаж явааг нь асуув. Тэр нь үнэн хэрэгтээ дахин амилсан Есүс байсан ч өмнөхөөсөө өөр төрхтэй болсон учир шавь нар нь шууд таниагүй ажээ. Тэд Есүсийн тухай ярилцаж явснаа гунигтай нь аргагүй өгүүлэв. Замын хүн Сударт бичигдсэн, Мессиад хамаатай бүхнийг тайлбарлаж өгчээ. Үнэхээр ч Есүс Мессиагийн тухай зөгнөлөөс нэгийг ч үлдээлгүй, бүгдийг нь биелүүлсэн юм. * Хамт яваа хүн нь сүнсэн биетэй болж амилсан Есүс гэдгийг шавь нар нь ойлгов. Тэгтэл Есүс алга болжээ.

Хоёр шавь тэр дороо Иерусалим руу буцлаа. Тэнд элч нарыг нэг өрөөнд цуглаад, хаалгаа түгжсэн байхад нь олов. Хоёр шавийг замд болсон явдлын тухай ярьж байтал Есүс гарч ирлээ. Гайхсан дагалдагчид нь итгэж ч чадахгүй байлаа! Есүс: «Юунд ... зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ?» гэж асуугаад, «„Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно“ [гэж бичигдсэн юм]» гэв (Лук 24:38, 46).

Есүс амилснаасаа хойш дөчин өдрийн дотор янз янзын газар шавь нартайгаа уулзжээ. Нэг удаа, бүр таван зуу гаруй хүнд үзэгдсэн бөгөөд энэ үед маш чухал нэг даалгавар өгч: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ... Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээгээд «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж хэлжээ (Матай 28:19, 20).

Есүс үнэнч арван нэгэн элчтэйгээ сүүлчийн удаа уулзахдаа, «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, ... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» гэж хэлжээ (Үйлс 1:8). Дараа нь Есүс дээш хөөрөн тэнгэр өөд одсонд үүл бүрхэж тэдэнд харагдахгүй болжээ.

«Матай» 28, «Марк» 16, «Лук» 24, «Иохан» 20, 21-р бүлэг, 1 Коринт 15:5, 6-д үндэслэв.

^ Мессиагийн тухай зөгнөл Есүс дээр биелсэн жишээг энэ товхимлын Хэсэг 14, Хэсэг 15, Хэсэг 16; «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын хавсралт«Есүс бол Бурхны амласан Мессиа мөн» тус тус үзнэ үү.