Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 22

Элч нар айж хулчийлгүй дэлгэрүүлсэн нь

Элч нар айж хулчийлгүй дэлгэрүүлсэн нь

Хавчлага өрнөж байсан ч Христийн дагалдагчдын тоо хурдан өсөж байлаа

МЭ 33 он. Есүсийг тэнгэрт гарснаас хойш арав хоногийн дараа иудейчүүдийн тэмдэглэдэг Пентекостын өдөр болов. Тэр баяраар Есүсийн 120 орчим шавь Иерусалимын нэг байшинд цугласан байлаа. Гэнэт байшин бүхэлдээ хүчит салхиных шиг дуу чимээнд автаж, шавь нар гайхамшгаар, мэдэхгүй хэлээрээ ярьж эхлэв. Бурхан тэдэнд ариун сүнс өгсөн учраас ийм хачирхалтай явдал болжээ.

Баярт оролцохоор газар газраас ирсэн олон хүн гадаа нь цугласан байв. Тэд Есүсийн шавь нарыг өөрсдийнх нь хэлээр чөлөөтэй ярьж байгааг сонсоод ихэд гайхжээ. Петр энэ явдлын учрыг тайлбарлан, Бурхан сүнсээ «цутгахад» түүнийг нь авсан хүмүүс гайхамшиг үйлддэг болно хэмээсэн зөнч Иоелийн зөгнөлийг ярьж өгөв (Иоел 2:28, 29). Ариун сүнсний энэ хөдөлшгүй нотолгоо нэг чухал өөрчлөлт гарсныг тодорхой болгосон. Юу гэвэл, Бурхан Израилийг таалахаа больж, шинээр үүсэн байгуулагдсан христиан хурлыг ивээх болжээ. Тиймээс Бурхныг таалалд нь нийцүүлж шүтэхийг хүссэн хүмүүс Христийн дагалдагч болох ёстой болов.

Тэгтэл дайснууд улам ширүүн эсэргүүцэж, элч нарыг шоронд хийжээ. Гэвч шөнө нь Еховагийн тэнгэр элч шоронгийн хаалгыг онгойлгож өгөөд, дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэхийг тэдэнд захив. Үүрээр тэд ажлаа хийгээд эхэлчихсэн байлаа. Сүмд орж, Есүсийн тухай сайн мэдээг зааж сургаж эхэллээ. Тэдэнд дайсагнадаг шашны удирдагчид уурлан хорсож, дэлгэрүүлэхээ болихыг тушаав. Гэтэл элч нар огтхон ч айлгүй, «Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой» гэж хариулжээ (Үйлс 5:28, 29).

Хавчлага ширүүсэв. Иудейчүүдийн зарим нь Есүсийн шавь Стефаныг Бурхныг доромжилсон гэж буруутган, чулуугаар шидэж алав. Тарсын Саул гэгч залуу энэ явдлыг хараад, сайшааж байлаа. Дараа нь тэрбээр Христийг дагадаг хэнийг ч болов баривчлахаар Дамаск руу явжээ. Гэтэл замд нь тэнгэрээс гэрэл цацран эргэн тойронд нь гийж, «Саул аа, Саул аа, юунд чи намайг хавчина вэ?» гэх дуу сонстов. Хурц гэрэлд сохорсон Саулыг: «Та хэн бэ?» гэж асуухад мөнөөх дуу: «Би ... Есүс байна» хэмээн хариулжээ (Үйлс 9:3–5).

Гурав хоногийн дараа Есүс Ананиа гэдэг шавиа илгээж, Саулд хараа оруулсан. Саул баптисм хүртэн, Есүсийн тухай зоригтой дэлгэрүүлж эхлэв. Тэрбээр элч Паул нэрээр алдаршиж, христиан хурлын идэвх зүтгэлтэй гишүүн болжээ.

Есүсийн шавь нар Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг зөвхөн иудейчүүд болон самаричуудад дэлгэрүүлж байлаа. Гэтэл нэг тэнгэр элч Ехова Бурхныг шүтдэг Ромын цэргийн дарга Корнел гэдэг хүн дээр ирж, Петр рүү элч илгээ гэж хэлжээ. Петрийг бусад нөхдийн хамт ирж, Корнелийн гэрийнхэнд дэлгэрүүлж байтал ариун сүнс тэдгээр харь үндэстнүүд дээр буув. Петр тэдэнд Есүсийн нэрээр баптисм хүртэхийг зөвлөжээ. Ийнхүү мөнхийн аминд хүрэх зам бүх үндэстний хүмүүст нээгдсэн юм. Энэ үеэс христианууд сайн мэдээг газар сайгүй дэлгэрүүлэхэд бэлэн болжээ.

Үйлс 1:1–11:21-д үндэслэв.