Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 3

Сайн мэдээ үнэхээр Бурхнаас ирсэн үү?

Сайн мэдээ үнэхээр Бурхнаас ирсэн үү?

1. Библийг хэн зохиосон бэ?

Хүн төрөлхтөн дэлхий дээр мөнх амьдарна гэсэн сайн мэдээ Библид байдаг (Дуулал 37:29). Библи богино хэмжээний 66 номоос бүрддэг. Бурхан энэ номыг 40 орчим хүнээр бичүүлжээ. Эхний таван номыг Мосе гэдэг хүн 3 500 гаруй жилийн өмнө, хамгийн сүүлийн номыг Есүсийн шавь Иохан 1 900 гаруй жилийн өмнө бичжээ. Библийг бичигчид хэний санааг бичсэн бэ? Тэд Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүчээр удирдуулан Бурхны үгийг бичсэн (2 Самуел 23:2). Тэр хүмүүс өөрсдийнхөө санааг бус, Бурхны санааг буулгасан учир Библийн Зохиогч нь Ехова юм. 2 Тимот 3:16; 2 Петр 1:20, 21-ийг уншина уу.

«Библийг хэн зохиосон бэ?» видеог үзээрэй

2. Библид бичсэн зүйлд итгэх ямар үндэс байдаг вэ?

Библид ирээдүйн талаар нарийн зөгнөсөн байдаг нь Бурхны бичүүлсэн ном мөн гэдгийг нь баталдаг. Ямар ч хүн ингэж зөгнөж чадахгүй (Иошуа 23:14). Гагцхүү Төгс хүчит Бурхан л хүн төрөлхтний ирээдүйг урьдаас яг таг мэдэж чадна. Исаиа 42:9; 46:10-ыг уншина уу.

Бурхны бичүүлсэн ном хосгүй байх учиртай. Библи тийм л ном. Библийг олон зуун хэлээр орчуулж, хэдэн тэрбум хувиар хэвлэсэн. Эртний ном боловч шинжлэх ухаанаар баталсан баримттай тохирдог. Бас 40 хүний бичсэн энэ номд хоорондоо зөрчилдөх юм байдаггүй. * Түүнээс гадна, Бурхны агуу хайрын талаар ихийг өгүүлдэг бөгөөд одоо ч хүний амьдралыг өөрчлөх чадалтай. Эдгээр баримтад тулгуурлан сая сая хүн Библийг Бурхны Үг гэдэгт итгэдэг. 1 Тесалоник 2:13-ыг уншина уу.

«Библид итгэж болохын учир юу вэ?» видеог үзээрэй

3. Библид юуны тухай бичсэн байдаг вэ?

Бурхан хүн төрөлхтний талаар санаа зорилготой гэдэг сайн мэдээ Библид байдаг. Хүн төрөлхтөн диваажин дэлхийд амьдрах боломжоо түүхийнхээ эхэнд хэрхэн алдсаныг, Бурхан дэлхийг хэрхэн диваажин болгохыг бичсэн байдаг. Илчлэлт 21:4, 5-ыг уншина уу.

Бурхан Үгэндээ хууль, зарчим, зөвлөгөө бичүүлжээ. Бурхны хүн төрөлхтөнтэй хэрхэн харьцаж ирсэнийг мэдэхлээр үзэл бодлыг нь ойлгодог. Тийм учраас Библи судалбал Бурхныг танин мэдэхийн зэрэгцээ яавал анд нөхөр нь болохыг ойлгоно. Дуулал 19:7, 11; Иаков 2:23; 4:8-ыг уншина уу.

4. Яавал Библийг ойлгох вэ?

Библийг ойлгоход тань энэ товхимол тусална. Есүс хүмүүст Библийн зүйлийг нэг нэгээр нь тайлбарлаж «Судрыг ухааруулдаг» байсан. Энэ товхимлыг ийм аргаар бичсэн юм. Лук 24:27, 45-ыг уншина уу.

Бурхны сайн мэдээ шиг сэтгэл сэргээдэг мэдээ байхгүй. Гэхдээ зарим хүн энэ мэдээнд хайхрамжгүй ханддаг, зарим нь бүр дургүйцдэг. Үүнээс болж та битгий шантраарай. Мөнх амьдрах эсэх тань Бурхныг таньж мэдэхээс шалтгаална. Иохан 17:3-ыг уншина уу.

 

^ д/м 3 «Бүх хүнд зориулсан ном» товхимлыг үзнэ үү.