Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 6

Зоригт залуу Давид

Зоригт залуу Давид

Чи айхлаараа яадаг вэ?⁠— Ээж аав руугаа очдог байх. Гэхдээ чамд тусалж чадах өөр Нэгэн бий. Тэр Нэгэн хэнээс ч илүү хүчтэй. Чиний бодлоор, хэн хамгийн хүчтэй вэ?⁠— Тийм ээ, Ехова Бурхан. Библид гардаг Давид гэдэг залуугийн тухай ярилцъя. Ехова үргэлж тусалдгийг мэддэг учир Давид их зоригтой байв.

Давидыг бага байхаас аав ээж нь Еховаг хайрлаж байхыг захиж сургажээ. Үүний ачаар Давид айдас хүрмээр үед ч зоригтой байдаг болжээ. Бас Еховаг Найзаа гэж боддог, тусална гэж мэддэг байв. Нэгэн удаа хо⁠нио хариулж явтал арслан дайрч, нэг хонийг нь аваад явчихжээ! Тэгэхэд нь Давид яасан гээч? Араас нь хөөж очоод арсланг цохиж алжээ. Бас нэг удаа хонин сүрэг рүү нь дайрсан баавгайг алсан юм. Давидад хэн тусалсан юм бол?​— Тийм ээ, Ехова тусалсан.

Нэг удаа Давид их зоригтой хүн гэдгээ тодорхой харуулжээ. Израильчууд филист хүмүүстэй дайтаж байв. Филистийн нэг цэрэг их өндөр нуруутай, аварга том биетэй байжээ! Нэрийг нь Голиат гэдэг аж. Голиат израиль цэргүүд болон Еховаг доромжилж байв. Тэгээд израиль цэргүүдийг халз тулаанд дууджээ. Израилийн бүх цэрэг Голиатаас маш их айж байлаа. Давид энэ тухай сонсоод Голиатад «Би чамтай тулалдана! Ехова надад туслах учир би чамайг ялна!» гэж хэлжээ. Давид зоригтой байгаа биз?​— Тийм ээ, үнэхээр зоригтой хүн байна. Тэгээд юу болсныг мэдэж авцгаая.

Давид дүүгүүр, таван гөлгөр чулуу аваад Голиаттай тулалдахаар явлаа. Давидыг залуу болохлоор нь Голиат басамжлан шоолов. Тэгэхэд нь Давид: «Чи над руу илд барин ирж байгаа бол би чам руу Еховагийн нэрээр очиж байна!» гэжээ. Давид дүүгүүрээ эргүүлсээр Голиатын өөдөөс гүйлээ. Дүүгүүрдсэн чулуу нь Голиатын духыг оноход үхэтхийн унав! Үүнийг харсан филистчүүд айсандаа зугтжээ. Залуу хөвгүүн Давид аварга биет Голиатыг хэний ачаар ялсан бэ?​— Еховагийн ачаар ялсан. Ехова аварга биет Голиатаас хавьгүй илүү хүчтэй!

Ехова тусална гэдгийг мэддэг учраас Давид айгаагүй

Давидын түүхээс юу мэдэж болох вэ?​— Ехова хэнээс ч илүү хүчтэй. Бас чиний Найз юм шүү. Айсан үедээ Еховаг санаарай. Зоригтой байхад чинь Ехова тусална.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Дуулал 56:3, 4

  • 1 Самуел 17:20–54