Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 4

Есүс Христ гэж хэн бэ?

Есүс Христ гэж хэн бэ?

1, 2. а) Алдартай хүний нэрийг мэддэг байх, сайн мэддэг байх хоёр ямар ялгаатай вэ? б) Хүмүүс Есүсийг хэн гэж боддог вэ?

АЛДАР цуутай хүн олон байдаг. Та ч бас тийм хүмүүсийг мэддэг байх. Гэхдээ нэрийг нь мэддэг, зүс таньдаг байлаа гээд тэр хүнийг сайн мэддэг гэсэн үг биш. Амьдрал ахуй, зан чанарыг нь мэддэггүй учраас тэр хүнийг сайн мэддэг гэж хэлэх аргагүй шүү дээ.

2 Та 2000 жилийн өмнө амьдарч байсан Есүс Христийн тухай дуулсан байх. Гэхдээ хүмүүс Есүсийг чухам ямар хүн байсныг тэр бүр мэддэггүй. Зарим нь зүгээр л сайн хүн байсан гэж боддог байхад, зарим нь зөнч, бүр Бурхан гэж боддог хүмүүс ч бий. Харин та юу гэж боддог вэ? (Тайлбар 12-ыг үзнэ үү).

3. Ехова Есүс хоёрын тухай мэдэх нь яагаад чухал бэ?

3 Есүсийн тухай мэдэх нь их чухал. Яагаад? Библид «Мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» гэж бий (Ёохан 17:3). Та Ехова Бурхан болон Есүс Христийн тухай үнэн зөв мэдлэгтэй болбол диваажин дэлхийд мөнх амьдрах боломжтой болно гэсэн үг (Ёохан 14:6). Есүсийн тухай мэдэх нь одоо ч танд ач тустай. Яагаад гэвэл хүн хэрхэн амьдрах, бусадтай яаж харьцах талаар Есүс төгс жишээ үлдээсэн (Ёохан 13:34, 35). Бид энэ номын 1 дүгээр бүлгээс жинхэнэ Бурхны тухай мэдэж авсан. Тэгвэл одоо, Есүс Христийн тухай Библид юу гэж байдгийг мэдэж авцгаая.

«БИД МЕССИАГ ОЛЛОО»

4. «Мессиа» буюу «Христ» гэдэг цолыг ямар хүнд өгөх байсан бэ?

4 Ехова Мессиа буюу Христийг илгээнэ гэж амласнаа Есүсийг хүн болж төрөхөөс олон жилийн өмнө Библид бичүүлсэн. Еврейгээр «Мессиа», грекээр «Христ» гэдэг үг нь ижилхэн утгатай. Бурхан тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр сонгосон хүндээ энэ цолыг өгөх байлаа. Амласан Мессиа Бурхны бүх амлалтыг биелүүлэх байв. Гэхдээ Есүсийг төрөхөөс өмнө олон хүн «Хэн Мессиа байх бол?» гэж сонирхож байсан нь лавтай.

5. Шавь нар нь Есүсийг Мессиа мөн гэдэгт итгэдэг байсан уу?

5 Шавь нар нь Есүсийг амласан Мессиа гэдэгт бат итгэдэг байв (Ёохан 1:41). Жишээ нь Симон Петр «Та бол Христ» гэж Есүст хэлсэн байдаг (Матай 16:16). Тэгвэл бид Есүсийг Мессиа гэдэгт яагаад итгэж болох вэ?

6. Ехова чин сэтгэлтэй хүмүүст Мессиаг танихад нь яаж тусалсан бэ?

6 Есүсийг төрөхөөс бүр өмнө Мессиаг таних олон нарийн ширийн зүйлийг Бурхан зөнчдөөрөө бичүүлжээ. Үүний ачаар хүмүүс Мессиаг таньж чадах байлаа. Жишээ нь та онгоцны буудлаас танихгүй хүн тосохоор болжээ. Танд тэр хүний тухай тодорхой хэлж өгвөл шууд танина биз дээ? Үүнтэй адилаар Ехова зөнчдөөрөө дамжуулан Мессиа юу хийх, юу үзэж туулахыг хэлж өгсөн. Энэ бүх зөгнөл Есүс дээр биелсэн учраас чин сэтгэлтэй хүмүүс амласан Мессиаг таньж чаддаг.

7. Есүс бол Мессиа гэдгийг баталдаг зөгнөлүүдээс хоёрыг хэлнэ үү.

7 Мессиагийн тухай зөгнөлүүдээс хоёрыг нь үзье. Нэгдүгээрт, Есүсийг төрөхөөс 700 жилийн өмнө Мессиаг Бетлехем гэдэг жижиг хотод төрнө гэж Мика зөгнөжээ (Мика 5:2). Есүс яг тэр хотод төржээ! (Матай 2:1, 3–9). Хоёрдугаарт, Мессиаг МЭ 29 онд тодорно гэж Даниел зөгнөсөн (Даниел 9:25). Эдгээрээс гадна өөр олон зөгнөл Есүс дээр биелсэн нь амласан Мессиа гэдгийг хөдөлгөөнгүй нотолдог (Тайлбар 13-ыг үзнэ үү).

Есүс баптисм хүртэж Мессиа буюу Христ болсон

8, 9. Есүсийг Мессиа мөн гэдгийг баптисм хүртэхэд нь юу баталсан бэ?

8 Есүсийг Мессиа мөн гэдгийг Ехова өөрөө баталсан. Тэрээр Ёоханд Мессиаг танихад нь тусалж тэмдэг үзүүлэхээ амласан байв. Тэр тэмдгээ МЭ 29 онд Есүсийг Ёохан дээр очиж Иордан голд баптисм хүртэхэд үзүүлжээ. Библид «Есүс баптисм хүртээд голын уснаас гармагц тэнгэр заагдаж Бурхны агуу хүч Есүс дээр тагтаа мэт буун ирэх нь Ёоханд харагдав. Бас “Энэ бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ” гэх дуу тэнгэрээс гарав» гэж байдаг (Матай 3:16, 17). Ёохан энэ тэмдгийг хараад Есүсийг Мессиа мөн гэдэгт бат итгэдэг болжээ (Ёохан 1:32–34). Ехова тэр өдөр Есүст агуу хүчээ өгч Мессиа болгосон. Есүс бол Бурхны сонгосон Удирдагч, Хаан мөн (Исаиа 55:4).

9 Библийн зөгнөлүүд биелж, Ехова өөрөө гэрчилж, тэмдэг үзүүлсэн нь Есүсийг Мессиа мөн гэдгийг баталдаг. Одоо дараах хоёр асуултын хариуг Библиэс мэдэж авъя. «Есүс хаанаас ирсэн бэ? Чухам ямар хүн байсан бэ?».

ЕСҮС ХААНААС ИРСЭН БЭ?

10. Библид бичсэнээр, Есүс дэлхийд ирэхээсээ өмнө хаана байсан бэ?

10 Есүс дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт он удаан жил амьдарч байсныг Библид бичсэн байдаг. Жишээлбэл Мика Мессиаг «эртнээс» гаралтай гэжээ (Мика 5:2). Есүс хүн болж төрөхөөсөө өмнө тэнгэрт байснаа өөрөө ч олон удаа хэлсэн (Ёохан 3:13; 6:38, 62; 17:4, 5-ыг уншина). Тэнгэрт байхаасаа л Еховатай маш дотно байжээ.

11. Есүс Еховагийн хувьд яагаад туйлын эрхэм бэ?

11 Есүс Еховагийн хувьд туйлын эрхэм нэгэн билээ. Яагаад гэвэл Ехова хамгийн анх Есүсийг бүтээсэн. Тийм учраас «бүх бүтээлийн анхных нь юм» гэж Библид байдаг * (Колосай 1:15). Бас Есүсийг «цорын ганц Хүү» гэдэг. Ехова Хүүгээ ганцаараа бүтээсэн учраас маш их хайрладаг (Ёохан 3:16). Ехова бусад юмыг бүтээхдээ зөвхөн Есүсийг оролцуулсан (Колосай 1:16). Есүсийг бас «Үг» гэдэг. Еховагийн үг зааврыг тэнгэрийн элчүүд болон хүмүүст дамжуулдаг байсан учраас ийн нэрлэжээ (Ёохан 1:14).

12. Есүсийг Бурхан биш гэдгийг Библи хэрхэн баталдаг вэ?

12 Зарим хүн Есүсийг Бурхан гэж боддог. Гэхдээ Библид тийм санаа байдаггүй. Бурхан Есүсийг бүтээсэн болохоор Есүст эхлэл бий. Харин бүхнийг бүтээсэн Ехова Бурханд эхлэл байхгүй (Дуулал 90:2). Есүс Бурхны Хүү байсан ч эрх мэдэлд нь хэзээ ч санаархаж байгаагүй. Эцгээ өөрөөсөө агуу гэж хэлснийг Библид тодорхой бичсэн байдаг (Ёохан 14:28-ыг уншина; 1 Коринт 11:3). Ехова ганцаараа «Төгс Хүчит Бурхан» билээ (Эхлэл 17:1). Тэрээр орчлонт ертөнц дэх хамгийн хүчтэй, агуу Нэгэн юм (Тайлбар 14-ийг үзнэ үү).

13. Есүсийг яагаад «үл үзэгдэх Бурхны дүр» гэдэг вэ?

13 Ехова тэнгэр, газрыг бүтээхээсээ өмнө олон тэрбум жил Хүү Есүстэйгээ хамтран ажиллажээ. Тиймээс бие биеэ маш их хайрладаг болсон нь лавтай (Ёохан 3:35; 14:31). Эцгийнхээ зан чанарыг яг таг дуурайдаг учраас Есүсийг Библид «үл үзэгдэх Бурхны дүр» гэдэг (Колосай 1:15).

14. Еховагийн хайртай Хүү яаж хүн болж төрсөн бэ?

14 Еховагийн хайртай Хүү тэнгэрийг дуртайяа орхиж, дэлхий дээр хүн болж төрсөн. Яаж хүн болсон бэ? Ехова гайхамшгаар Хүүгийнхээ амийг Мариа гэдэг онгон эмэгтэйн хэвлийд шилжүүлжээ. Тийнхүү Мариа төгс хүү төрүүлж, Есүс гэж нэрлэсэн. Тиймээс Есүсийн эцэг нь хүн биш юм (Лук 1:30–35).

ЕСҮС ЧУХАМ ЯМАР ХҮН БАЙСАН БЭ?

15. Яавал Еховагийн тухай илүү сайн мэдэх вэ?

15 «Матай», «Марк», «Лук», «Ёохан» номоос Есүс Христийн амьдрал, үйл хэрэг, зан чанарын тухай ихийг мэдэх боломжтой. Библийн энэ дөрвөн номыг «Евангели» гэж нэрлэдэг. Эдгээр номыг уншиж судалбал Еховагийн тухай илүү сайн мэдэж авна. Яагаад гэвэл Есүс Эцгээ төгс дуурайсан. Тийм ч учраас «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлжээ (Ёохан 14:9).

16. Есүс юуны тухай сургадаг байсан бэ? Хэний сургаалыг заадаг байсан бэ?

16 Олон хүн Есүсийг «Багш» гэдэг байжээ (Ёохан 1:38; 13:13). Есүсийн заасан хамгийн чухал зүйлүүдийн нэг нь «Хаант төрийн тухай сайн мэдээ» байв. Бурхны Хаант төр гэж юу вэ? Тэнгэрийн засгийн газар юм. Энэ засгийн газар тэнгэрээс дэлхийг бүхэлд нь захирч, Бурханд дуулгавартай хүмүүсийг ивээнэ (Матай 4:23). Есүс Еховагийн сургаалыг заадаг байсан тул «Би өөрийнхөө биш, намайг илгээсэн нэгний сургаалыг заадаг» гэжээ (Ёохан 7:16). Дэлхийг бүхэлд нь захирах Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг хүмүүс сонсоосой гэж Ехова хүсдэг. Үүнийг Есүс сайн мэддэг байсан.

17. Есүс сургаалаа хаана заадаг байсан бэ? Ямар учраас тийм их хүчин чармайлт, цаг зав гаргадаг байсан бэ?

17 Есүс сургаалаа хаана заадаг байсан бэ? Хот, тосгон, зах, шүтлэгийн газар, айл гээд хүн хаана байна, тэнд очиж заадаг байв. Хүмүүсийг ирэхийг хүлээлгүй, өөрөө явж очдог байжээ (Марк 6:56; Лук 19:5, 6). Есүс ямар учраас тийм их хүчин чармайлт, цаг зав гаргадаг байсан бэ? Дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй хийгээсэй гэж Эцэг нь хүсдэгийг мэддэг байсан. Бас Эцэгтээ үргэлж дуулгавартай байсан (Ёохан 8:28, 29). Түүнээс гадна хүмүүсийг өрөвддөг байсан тул сайн мэдээ дэлгэрүүлдэг байжээ (Матай 9:35, 36-г уншина). Тухайн үеийн шашны удирдагчид Бурхны тухай, Хаант төрийнх нь тухай үнэнийг хүмүүст заадаггүй байв. Тиймээс Есүс аль болох олон хүнд сайн мэдээ хүргэхийг хүсжээ.

18. Есүсийн ямар зан чанар танд таалагдаж байна вэ?

18 Есүс бусдыг хайрлаж санаа тавьдаг хүн байв. Сайхан сэтгэлтэй, нөхөрсөг хүн байсан учраас хүүхэд багачууд хүртэл Есүстэй хамт байх дуртай байлаа (Марк 10:13–16). Үнэнч шударга тэрээр сувдаг шунахай зан, шударга бус явдлыг үзэн яддаг байв (Матай 21:12, 13). Тухайн үед эмэгтэйчүүдийг дорд үзэж, эрх ашгийг нь бараг хамгаалдаггүй байсан ч Есүс тэднийг хүндэлж харьцдаг байжээ (Ёохан 4:9, 27). Бас туйлын даруу хүн байлаа. Жишээ нь нэгэн удаа элч нарынхаа хөлийг угааж зарц хүний ажлыг хийсэн (Ёохан 13:2–5, 12–17).

Есүс уулзсан хүн бүрдээ дэлгэрүүлдэг байсан

19. Есүс бусдад юу хэрэгтэй байгааг ойлгож, тусалдаг байсныг батлах жишээ хэлнэ үү.

19 Бас бусдад юу хэрэгтэй байгааг ойлгож, туслахыг хүсдэг хүн байв. Энэ нь Бурхны агуу хүчээр хүмүүсийг эдгээснээс нь илэрхий харагддаг (Матай 14:14). Нэгэн удаа уяман өвчтэй хүн Есүс рүү ирээд «Та хүсвэл намайг эдгээж чадна шүү дээ» гэж хэлжээ. Есүс зовлон шаналлыг нь ойлгож, чин сэтгэлээсээ туслахыг хүссэн. Тэгээд түүнд хүрч «Хүсэж байна. Би чамайг эдгээе» гэж хэлэв. Тэгтэл өнөөх хүн эдгэжээ! (Марк 1:40–42). Тэр хүн ямар их баярласан бол оо!

ЭЦЭГТЭЭ ҮРГЭЛЖ ҮНЭНЧ БАЙСАН НЬ

20, 21. Есүс Еховад дуулгавартайгаа яаж баталсан бэ?

20 Есүс Еховад дуулгавартай байхын төгс жишээ үзүүлсэн. Юу ч тохиолдсон, дайснууд нь яаж ч эсэргүүцэж хавчсан Эцэгтээ үнэнч байв. Жишээ нь Сатан хорхой хүргэм зүйлээр сориход Есүс нүгэл үйлдээгүй (Матай 4:1–11). Зарим хамаатан нь Мессиа гэдэгт нь итгээгүй бөгөөд Есүсийг «солиорчээ» гэж хэлсэн. Гэсэн ч Есүс Бурхны ажлыг хийсээр байсан (Марк 3:21). Дайснууд нь доромжилж, зүй бусаар харьцахад ч Бурханд үнэнч байж, тэдэнд хариу бариагүй (1 Петр 2:21–23).

21 Есүс зовж, тарчилж үхэхдээ ч Еховад үнэнч хэвээрээ байсан (Филиппой 2:8-ыг уншина). Есүс үхэх өдрөө юуг тэвчсэнийг бодож үзье. Дайснууд нь баривчилж, хуурамч гэрчүүд Бурхныг доромжилсон гэж гүтгэж, шударга бус шүүгчид хилсээр буруутгав. Ард олон дооглон тохуурхаж, цэргүүд тарчлаан зовоож, шонд хаджээ. Есүс амьсгал хураахынхаа өмнө «Бүх юм гүйцлээ!» гэж хэлсэн (Ёохан 19:30). Ехова Хүүгээ гурван өдрийн дараа тэнгэрийн биетэй болгон амилуулжээ (1 Петр 3:18). Есүс 40 хоногийн дараа тэнгэр өөд буцсан. Тэнд «Бурхны баруун талд суусан бөгөөд» хаан болох цагаа хүлээсэн (Еврей 10:12, 13).

22. Есүс Еховад үнэнч байснаар бидэнд ямар боломж нээгдсэн бэ?

22 Есүсийг Еховад үнэнч байсны ачаар бид Еховагийн санаж зорьсны дагуу диваажин дэлхийд мөнх амьдрах боломжтой болсон. Энэ боломж хэрхэн нээгдсэнийг дараагийн бүлгээс үзье.

^ д/м 11 Еховаг бүх юмыг бүтээсэн учраас Эцэг гэдэг (Исаиа 64:8). Есүсийг Бурхан бүтээсэн учраас Бурхны Хүү гэдэг. Тэнгэрийн элчүүд болон Адамыг ч Бурхны хөвгүүд гэдэг (Иов 1:6; Лук 3:38).