Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 7

Бурхан нас барсан хүнийг амилуулна

Бурхан нас барсан хүнийг амилуулна

1-3. Бид ямар шоронд хоригддог вэ? Ехова биднийг хэрхэн суллах вэ?

ТА ХИЛСЭЭР гүтгэгдээд насаараа шоронд хоригдох ял авчээ гэж бодъё. Суллагдах ямар ч боломжгүй. Ирээдүйдээ итгэх итгэл алдарч, хийж чадах юм нэг ч байхгүй мэт санагдана. Цөхрөнгөө барсан яг тэр үед эрх мэдэлтэй нэг хүн таныг суллахаа амлав. Сэтгэл тань ямар их уужрах бол оо!

2 Үүнтэй адилаар бид бүгдээрээ үхэл хэмээх шоронгийн хоригдол билээ. Бид яаж ч хичээгээд энэ шоронгоос суллагдаж чадахгүй. Гэхдээ Ехова биднийг үхлийн ялаас чөлөөлөх эрх мэдэлтэй, хүч чадалтай. Тэрээр: «Сүүлчийн дайсан буюу үхэл үгүй болно» гэж амласан (1 Коринт 15:26).

3 Үхнэ гэж айхаа боливол сэтгэл хэчнээн тайван болохыг төсөөлөөд үз дээ! Ехова үхлийг арилгаад зогсохгүй нас барсан хүмүүсийг амилуулна. Үнэхээр сайхан хэрэг биш гэж үү? Еховагийн амласнаар «үхэгсэд амилна» (Исаиа 26:19). Үүнийг Библид амилалт гэж нэрлэдэг.

ХАЙРТАЙ ДОТНЫН ХҮН МААНЬ НАС БАРАХАД

4. а) Ойр дотнын маань хүн нас барахад хаанаас тайвшрал авах вэ? б) Есүсийн дотнын найзууд хэн байсан бэ?

4 Гэр бүлийн хэн нэгэн эсвэл дотнын найз маань нас барахад өр зүрх өмөрдөг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг биеэрээ үздэг. Хайртай хүнээ харсаар байгаад л үхэлд алдчихдаг. Гэхдээ Библи биднийг жинхэнэ ёсоор тайвшруулдаг (2 Коринт 1:3, 4-ийг уншина). Ехова Есүс хоёр дотнын хүмүүсийг маань амилуулахаа тэсэн ядан хүлээдэг. Үүнийг батлах нэг явдлыг авч үзье. Есүс дэлхийд байхдаа Лазар болон түүний хоёр дүү Марта, Мариагийн гэрт очдог байв. Тэд дотнын найзууд байжээ. Библид «Марта Мариа Лазар гуравт Есүс хайртай байжээ» гэж байдаг (Ёохан 11:3–5). Гэтэл нэгэн өдөр Лазар нас барав.

5, 6. а) Есүс Лазарын гэрийнхэн болон гашуудаж буй хүмүүсийг хараад яасан бэ? б) Энэ нь биднийг яагаад тайвшруулдаг вэ?

5 Марта Мариа хоёрыг Есүс тайвшруулахаар явлаа. Марта Есүсийн ирж байгааг дуулаад хотын гадна гарч түүнтэй уулзав. Есүсийг хараад баярлаж байсан ч «Эзэн, та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан» гэж хэлдэг. Марта Есүсийг хожимдож ирлээ гэж боджээ. Есүс Мариагийн уйлж байгааг, бас төрөл садан, найз нөхдийнх нь эмгэнэн гашуудаж байгааг хараад сэтгэл зүрх нь шаналан, уйлдаг (Ёохан 11:21, 33, 35). Дотнын хүнээ алдахын гашуун зовлонг Есүс биеэрээ мэдэрсэн.

6 Хайртай хүнээсээ хагацахын гашуун зовлонг Ехова Есүс хоёр ойлгодог гэж бодохлоор бидний сэтгэл тайвширдаг (Ёохан 14:9). Ехова үхлийг бүрмөсөн устгах чадалтай бөгөөд тун удахгүй устгана.

«ЛАЗАР, ГАРААД ИР!»

7, 8. Марта яагаад чулууг холдуулахыг хүсээгүй вэ? Есүс юу хийсэн бэ?

7 Есүсийг ирэхэд Лазарыг тавьсан агуйг том чулуугаар тагласан байв. Есүс:«Чулууг зайлуул» гэлээ. Харин Марта чулууг холдуулахыг хүссэнгүй. Учир нь Лазарыг оршуулаад дөрөв хоносон байлаа (Ёохан 11:39). Есүс Лазарын төлөө юу хийх гэж байгааг Марта мэдээгүй байжээ.

Лазарыг амилуулахад ар гэрийнхэн, найз нөхөд нь ямар их баярласан бол оо! (Ёохан 11:38–44)

8 Есүс Лазарт «Гараад ир!» гэж хэлэв. Тэгтэл юу болсон гэж санана! «Үхсэн хүн гарч ирэв! Гар, хөлийг нь даавуугаар, нүүрийг нь алчуураар боосон байв» (Ёохан 11:43, 44). Лазар амилжээ! Тэрээр ар гэрийнхэн, найз нөхөдтэйгөө эргээд уулзлаа. Тэд Лазарыг тэвэрч, хамт байж, ярих боломжтой болсон. Есүс Лазарыг амилуулсан нь үнэхээр гайхамшигтай явдал биш гэж үү?

«БЯЦХАН ОХИН МИНЬ, БОС!»

9, 10. а) Хэн Есүст хүмүүсийг амилуулах хүч өгсөн бэ? б) Хүмүүсийг амилуулсан тухай унших нь бидэнд яагаад тустай вэ?

9 Есүс өөрийнхөө хүчээр хүмүүсийг амилуулсан уу? Үгүй. Тэрээр Лазарыг амилуулахаасаа өмнө Еховад залбирсан. Ехова залбиралд нь хариулж Лазарыг амилуулах хүч өгчээ (Ёохан 11:41, 42-ыг уншина). Есүс Лазараас гадна өөр хүмүүсийг бас амилуулсан тухай Библид байдаг. Жишээ нь Яирын 12 настай ганц охин нь хүнд өвчин тусжээ. Цөхрөнгөө барсан Яир охиныг нь эдгээж өгөхийг Есүсээс дахин дахин гуйдаг. Ийн гуйж байхад гэрээс нь хүмүүс ирээд «Танай охин нас барчихлаа! Багшид төвөг удаад яах вэ дээ» гэв. Есүс Яирт «Бүү санаа зов. Зөвхөн итгэ. Охин чинь аврагдана» гэж хэлдэг. Тэгээд Яиртай гэр лүү нь явлаа. Гэрийнх нь гадаа ирээд уйлж, гашуудаж байгаа хүмүүсийг харав. Есүс тэдэнд «Уйлахаа больцгоо. Охин үхээгүй, унтаж байна» гэлээ. Үүнийг сонсоод охины ээж аав хоёр гайхаж орхив. Есүс хүмүүсийг гаргаад ээж аавтай нь охины байсан өрөөнд орлоо. Тэгээд охины гараас зөөлөн атгаад «Бяцхан охин минь, бос!» гэжээ. Тэр даруй охин босоод алхаж эхлэв! Эцэг эх нь ямар их баярласан бол оо! Есүс охиныг нь амилуулжээ (Марк 5:22–24, 35–42; Лук 8:49–56). Тэр өдрөөс хойш тэд охиноо харах болгондоо Есүсээр дамжуулан Ехова өөрсдийнх нь төлөө юу хийснийг санах байлаа. *

10 Есүсийн амилуулсан хүмүүс хожим нь нас барсан. Гэхдээ тэдний тухай унших нь их чухал. Яагаад гэвэл бидэнд жинхэнэ итгэл найдвар төрүүлдэг. Ехова хүмүүсийг амилуулахыг хүсдэг, амилуулах ч болно.

ХҮМҮҮСИЙГ АМИЛУУЛСАН ТҮҮХЭЭС ЮУ МЭДЭЖ БОЛОХ ВЭ?

Элч Петр Доркас гэдэг эмэгтэйг амилуулсан (Үйлс 9:36–42)

Елиа бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулсан (Хаадын дээд 17:17–24)

11. Номлогчийн үгс 9:5-д бичсэн үг үнэн гэдгийг Лазарын түүх хэрхэн баталдаг вэ?

11 Библид «үхэгсэд юу ч мэддэггүй» гэж байдаг. Энэ үгийн үнэнийг Лазарын түүх баталдаг (Номлогчийн үгс 9:5). Есүсийн хэлснээр, Лазар нам унтаж байгаа хүнтэй адил байсан (Ёохан 11:11). Лазар булшинд байхдаа юу ч мэдрээгүй.

12. Лазар үнэхээр амилсан уу?

12 Лазарыг амилуулахыг олон хүн нүдээрээ үзжээ. Есүсийн үйлдсэн энэ гайхамшгийг дайснууд нь хүртэл хүлээн зөвшөөрсөн. Лазар амьд сэрүүн байсан нь үнэхээр амилсныг хөдөлгөөнгүй баталдаг (Ёохан 11:47). Бас Лазартай уулзсан олон хүн Есүсийг Бурхан илгээжээ гэдэгт итгэдэг болов. Үүнд ихэд дургүйцсэн Есүсийн дайснууд Есүс Лазар хоёрыг алахаар төлөвлөжээ (Ёохан 11:53; 12:9–11).

13. Ехова нас барсан хүмүүсийг амилуулах хүчтэй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

13 «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ» амилна гэж Есүс хэлжээ (Ёохан 5:28). Энэ нь Еховагийн ой тойнд байгаа бүх хүн амилна гэсэн үг юм. Ехова нас барсан хүмүүсийг амилуулахын тулд тэдний бүх зүйлийг санах хэрэгтэй болно. Тэгж чадах болов уу? Орчлонт ертөнцөд олон тэрбум од байдаг. Ехова од нэг бүрийн нэрийг мэддэг гэж Библид бий (Исаиа 40:26-г уншина). Од бүрийн нэрийг мэддэг юм бол амилуулах хүмүүсийнхээ бүх зүйлийг санаж чадахгүй гэж үү? Хамгийн гол нь Ехова бүх юмыг бүтээсэн учраас нас барсан хүмүүсийг амилуулах хүчтэй.

14, 15. Иовын үгнээс амилалтын талаар юу мэдэж болох вэ?

14 Нас барсан хүн амилна гэдэгт үнэнч хүн Иов итгэдэг байсан. Иов Еховагаас «Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?» гэж асуудаг. Тэгээд цааш нь «Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно» гэжээ. Ехова нас барсан хүмүүсийг амилуулах цагаа тэсэн ядан хүлээдгийг Иов мэддэг байв (Иов 14:13–15).

15 Нас барагсад амилна гэдгийг мэдэхлээр танд ямар санагдаж байна вэ? «Тэгвэл миний хайртай хүмүүс амилах болов уу?» гэж та асуух байх. Ямар хүмүүс амилж, хаана амьдрах тухай Библид юу гэж байдгийг одоо үзье.

ТЭД «ТҮҮНИЙ ДУУГ СОНСОН ГАРЧ ИРНЭ»

16. Ирээдүйд амилах хүмүүсийг ямар амьдрал хүлээж байна вэ?

16 Библид гардаг амилсан хүмүүс гэр бүл найз нөхөдтэйгөө эргээд уулзсан. Нас барсан хүмүүс ирээдүйд ч амилна. Гэхдээ илүү сайн нөхцөлд амилна. Энэ нь юу гэсэн үг вэ? Ирээдүйд амилах хүмүүс үхлийг дахин хэзээ ч үзэхгүй, мөнх амьдрах боломжтой. Бас одоогийнхоос тэс өөр нийгэмд амьдарна. Өөрөөр хэлбэл дайн дажин, гэмт хэрэг, өвчин эмгэг байхгүй диваажин болсон дэлхий дээр амьдарна.

17. Ямар хүмүүс амилах вэ?

17 Ямар хүмүүс амилах вэ? Есүс: «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ дууг [минь] сонсоод гарч ирнэ» гэж хэлсэн (Ёохан 5:28, 29). Бас Илчлэл 20:13-т «Тэнгис дотроо байсан үхэгсдийг, үхэл ба Булш дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв» гэж байдаг. Тийм учраас олон тэрбум хүн амилна гэсэн үг. Элч Паул: «Шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» гэж хэлжээ (Үйлс 24:15-ыг уншина). Энэ нь юу гэсэн үг вэ?

Нас барсан хүмүүс диваажинд амилж хайртай дотнын хүмүүстэйгээ дахиад уулзана

18. «Шударга» хүмүүст ямар хүмүүс багтах вэ?

18 «Шударга» хүмүүс гэдэгт Есүсийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан Еховагийн үнэнч үйлчлэгчид ордог. Жишээ нь Ноа, Абрахам, Сара, Мосе, Рут, Естер зэрэг хүмүүс дэлхий дээр амилна. Тэдний тухай «Еврей» номын 11 дүгээр бүлгээс уншаарай. Тэгвэл өнөө үед нас барсан Бурхны үнэнч үйлчлэгчид бас амилах уу? Тэд ч «шударга» хүмүүст багтдаг учраас амилна.

19. «Шударга бус» хүмүүст ямар хүмүүс ордог вэ? Ехова тэдэнд ямар боломж олгох вэ?

19 «Шударга бус» хүмүүс гэдэгт ямар хүмүүс орох вэ? Еховаг таньж мэдэх боломж олдоогүй олон тэрбум хүн ордог. Ехова тэдгээр «шударга бус» хүмүүсийг мартаагүй. Тэднийг амилуулж, тэд Еховатай танилцаж, үйлчлэх боломжтой болно.

20. Ямар хүмүүсийг амилуулахгүй вэ?

20 Тэгвэл нас барсан бүх хүн амилна гэсэн үг үү? Үгүй. Зарим хүн амилахгүй гэж Есүс хэлсэн (Лук 12:5). Тэгвэл хүнийг амилуулах, амилуулахгүйг хэн шийдэх вэ? Ехова эцсийн шийдвэрийг гаргах боловч Есүсийг бас «амьд болон үхсэн хүмүүсийг шүүлгэхээр ... томилсон» (Үйлс 10:42). Хорон муу, засаршгүй гэж үзсэн хүмүүсийг амилуулахгүй (Тайлбар 19-ийг үзнэ үү).

ТЭНГЭРТ АМИЛАХ ХҮМҮҮС

21, 22. а) Тэнгэрт амилах хүмүүс ямар биетэй болох вэ? б) Тэнгэрт амилсан анхны хүн хэн бэ?

21 Зарим хүн тэнгэрт амьдарна гэж Библид бичсэн байдаг. Тэд тэнгэрт хүн биеэрээ амилахгүй. Харин тэнгэрийн элчүүд шиг үл үзэгдэх биетэй болж тэнгэрт амьдарна.

22 Есүс тэнгэрт амилсан анхны хүн (Ёохан 3:13). Есүсийг амиа алдаад гурав хонож байхад нь Ехова амилуулсан (Дуулал 16:10; Үйлс 13:34, 35). Элч Петр Есүсийг «махан биетэй байхдаа үхсэн ч тэнгэрийн биетэй болж амилсан» гэж бичжээ (1 Петр 3:18). Тэгэхээр Есүсийг хүний биетэй бус, хүчирхэг тэнгэрийн бүтээл болгон амилуулжээ (1 Коринт 15:3–6). Есүсээс өөр хүмүүс ч тэнгэрт амилна.

23, 24. «Өчүүхэн сүрэг» гэдгээр ямар хүмүүсийг хэлсэн бэ? Тэдний тоо хэд вэ?

23 Есүс үхэхийнхээ өмнөхөн үнэнч дагалдагчдадаа «орон байр бэлдэхээр явж» байгаагаа хэлжээ (Ёохан 14:2). Энэ нь зарим дагалдагч нь тэнгэрт амилж Есүстэй хамт байна гэсэн үг юм. Хэдэн хүн тэнгэрт амилах вэ? Цөөн тооны хүмүүс амилах бөгөөд Есүс тэднийг «өчүүхэн сүрэг» гэсэн (Лук 12:32). Элч Ёохан тэдний тоог тодорхой хэлсэн. «[Тэнгэрт орших] Сион уулан дээр Хурга болон 144 000 хүн зогсож байгааг би харлаа» гэж бичжээ (Илчлэл 14:1).

24 Тэгвэл Христийн 144 000 дагалдагчид хэзээ амилах вэ? Христийг тэнгэрээс захирч эхэлсний дараа амилна гэж Библид бий (1 Коринт 15:23). Бид одоо тэр цаг үед амьдарч байгаа. 144 000 хүний ихэнх нь тэнгэрт амилчихсан. Харин одоо дэлхий дээр байгаа үлдсэн хүмүүс нь нас барвал шууд тэнгэрт амилна. 144 000 хүнээс бусад хүн дэлхийг диваажин болоход амилна.

25. Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?

25 Ехова тун удахгүй үхлийг үндсээр нь устгаж, хүн төрөлхтнийг үхэл хэмээх шоронгоос суллана (Исаиа 25:8-ыг уншина). Тэгвэл тэнгэрт амилах хүмүүс юу хийх вэ? Тэд тэнгэрийн засгийн газрын гишүүд болж Есүстэй хамт захирна. Энэ засгийн газрын тухай дараагийн бүлгээс үзье.

^ д/м 9 Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, иудей, иудей бус гээд амилсан хүмүүсийн талаар Хаадын дээд 17:17–24; Хаадын дэд 4:32–37; 13:20, 21; Матай 28:5–7; Лук 7:11–17; 8:40–56; Үйлс 9:36–42; 20:7–12-оос уншаарай.