Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 9

Энэ ертөнцийн төгсгөл ойрхон байна

Энэ ертөнцийн төгсгөл ойрхон байна

1. Ирээдүйд юу болохыг хаанаас мэдэх вэ?

ТА МЭДЭЭ үзэж байхдаа «Юу л болох гээд байна даа?» гэж бодож байсан уу? Гай зовлон, харгис хэрцгий явдал энд тэндгүй гарч байгаа болохоор дэлхий удахгүй сөнөх байх гэж зарим хүн боддог. Дэлхий үнэхээр сөнөх үү? Ирээдүйд юу болохыг мэдэх арга байна уу? Байлгүй яах вэ! Хүн ирээдүйг мэдэж чадахгүй ч Ехова Бурхан мэддэг. Тийм учраас ирээдүйд юу болохыг Библид бичүүлжээ (Исаиа 46:10; Яаков 4:14).

2, 3. Есүсийн шавь нар юу мэдэхийг хүссэн бэ? Есүс юу гэж хариулсан бэ?

2 Энэ ертөнцийн төгсгөлийн талаар Библид бичсэн байдаг. Гэхдээ энэ нь дэлхий маань сөнөнө гэсэн үг биш. Харин дэлхий дээрх муу муухай бүхэн устгагдана гэсэн үг. Есүс хүмүүст Бурхны Хаант төр дэлхийг захирна гэж заадаг байв (Лук 4:43). Хэзээ захирч эхлэхийг нь Есүсийн шавь нар мэдэхийг хүсжээ. Тэгээд Багшаасаа «Хэзээ ийм юм болох вэ? Таны ирчихээд байгаагийн болон энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ?» гэж асуудаг (Матай 24:3). Яг хэзээ төгсгөл болохыг хэлж өгөөгүй ч энэ тогтолцооны төгсгөлийн өмнө ямар үйл явдлууд өрнөхийг хэлж өгчээ. Есүсийн хэлсэн бүхэн бидний нүдэн дээр биелж байна.

3 Бид төгсгөл болохын өмнөхөн амьдарч байна. Үүнийг нотлох баримтуудыг энэ бүлгээс мэдэж авна. Эхлээд тэнгэрт болсон нэг дайны тухай авч үзье. Үүнийг мэдэж авбал дэлхий дээр яагаад муу муухай бүхэн газар авч байгааг ойлгоно.

ТЭНГЭРТ БОЛСОН ДАЙН

4, 5. а) Есүсийг Хаан болсны дараа тэнгэрт юу болсон бэ? б) Илчлэл 12:12-т бичсэнээр, Сатан дэлхий рүү хаягдсаны дараа дэлхий дээр юу болсон бэ?

4 Есүс 1914 онд тэнгэрт Хаан болсныг бид 8 дугаар бүлгээс мэдэж авсан (Даниел 7:13, 14). Хаан болоод юу хийснийг нь «Илчлэл» номд ийн бичжээ. «Тэнгэрт дайн болов. Михаел [Есүс] тэнгэрийн элчүүдтэйгээ хамт луутай [Сатантай] тулалдав. Луу болон түүний тэнгэрийн элчүүд тулалдсан». * Энэ тулаанд Сатан болон түүний тэнгэрийн элчүүд ялагдаж дэлхий рүү хаягджээ. Үнэнч тэнгэрийн элчүүд ямар их баярласан бол оо! Харин дэлхий дээр юу болсон бэ? Гай зовлонгийн цаг эхэлсэн. Библид бичсэнээр, Диавол «өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг мэдэж байгаа тул ... үлэмж их уур хилэнтэй байгаа» (Илчлэл 12:7, 9, 12).

5 Тийм учраас Диавол хамаг хүчээ шавхан хүмүүст гай зовлон учруулж байна. Хоригдох цаг нь дөхсөн тул уур хилэн нь бадарч байгаа. Одоо, Есүсийн зөгнөсөн эцсийн өдрүүдэд болох үйл явдлуудыг авч үзье (Тайлбар 24-ийг үзнэ үү).

ЭЦСИЙН ӨДРҮҮД

6, 7. Дайн, өлсгөлөнгийн талаар юу хэлж болох вэ?

6 Дайн. Есүс: «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтна» гэжээ (Матай 24:7). Өнгөрсөн зуунд л гэхэд, өмнө нь болж байсан бүх дайнд амиа алдсан хүмүүсээс илүү олон хүн амь үрэгдсэн. I зуунаас 1914 он хүртэлх 1 900 жилийн дотор 30 гаруй сая хүн дайнд амиа алджээ. Гэтэл 1914 оноос 2000 он хүртэлх 100 жил хүрэхгүй хугацаанд 100 гаруй сая хүн амиа алджээ. Дайнаас болж сая сая хүн хагацал зовлон үзэж байна.

7 Өлсгөлөн. «Хаа сайгүй өлсгөлөн болно» гэж Есүс хэлсэн (Матай 24:7). Хүнсний үйлдвэрлэл урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн ч олон хүн өлөн зэлмүүн амьдарч байна. Яагаад? Хоол хүнс худалдаж авах мөнгөгүй, тариа ногоо ургуулах газаргүйгээс болж байна. Өдөрт нэг доллар хүрэхгүй мөнгөөр голоо зогоож буй тэрбум гаруй хүн байна. Жил бүр олон сая хүүхэд шим тэжээлийн дутагдлаас болж нас бардгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тогтоожээ.

8, 9. Газар хөдөлж, тахал гарна гэсэн Есүсийн зөгнөл хэрхэн биелж байна вэ?

8 Газар хөдлөлт. Есүс: «Хаа сайгүй газар хүчтэй хөдөлнө» гэж зөгнөжээ (Лук 21:11). Шинжээчид хүчтэй газар хөдлөлтүүд жил бүр болно гэж үзэж байна. 1900 оноос хойш болсон газар хөдлөлтийн уршгаар 2 сая гаруй хүн амиа алджээ. Техник технологийн дэвшлийн ачаар газар хөдлөлтийг урьдчилан тогтоох боломжтой болсон ч амиа алдагсдын тоо буурахгүй байна.

9 Өвчин тахал. Бас «тахал гарна» гэж Есүс хэлсэн. Гоц халдварт өвчин олон хүний аминд хүрч байна (Лук 21:11). Эмч нар янз бүрийн өвчнийг эмчилж чаддаг болсон ч эмчлэх арга нь одоо ч олдоогүй өвчин их байна. Жил бүр сүрьеэ, хумхаа, холер гэх мэтийн өвчнөөс болж хэдэн сая хүн амиа алдаж байна гэж нэгэн тайланд тэмдэглэжээ. Эдгээрээс гадна 30 өвчин шинээр бүртгэгдсэн. Зарим нь бүр эдгэшгүй өвчин ажээ.

ХҮМҮҮСИЙН ЗАН БАЙДАЛ

10. 2 Тимот 3:1–5-д бичсэн зөгнөл хэрхэн биелж байна вэ?

10 2 Тимот 3:1–5-д «Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав» гэж бий. Ихэнх хүн ямар зан чанартай болохыг элч Паул тодорхойлжээ. Хүмүүс:

  • аминч

  • мөнгөнд дуртай

  • эцэг эхдээ захирагддаггүй

  • үнэнч бус

  • гэр бүлээ хайрладаггүй

  • биеэ захирдаггүй

  • хэрцгий, огцом ууртай

  • Бурхныг бус, зугаа цэнгэлийг хайрлагч

  • Бурхныг хайрладаг дүр эсгэдэг ч тушаалыг нь дагадаггүй болно.

11. Дуулал 92:7-д бичсэнээр, муу хүмүүс яах вэ?

11 Таны амьдарч байгаа газар ийм хүн олон байдаг уу? Бусад улс оронд ч мөн ялгаагүй. Гэхдээ Бурхан удахгүй арга хэмжээ авна. Тэрээр: «Хорон муу хүн өвс шиг соёолж, гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд тэд мөнхөд устгагдана» гэжээ (Дуулал 92:7).

ЭЦСИЙН ӨДРҮҮДЭД БОЛОХ САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ

12, 13. Эцсийн өдрүүдэд Ехова бидэнд юуг ойлгуулж байна вэ?

12 Эцсийн өдрүүдэд энэ ертөнц гай гамшиг, зовлон бэрхшээлээр дүүрэхийг Библид зөгнөсөн байдаг. Нөгөө талаас сайхан үйл явдал болохыг ч бас зөгнөжээ.

«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана» (Матай 24:14)

13 Библийг илүү сайн ойлгодог болно. Зөнч Даниел эцсийн өдрүүдийн талаар бичихдээ «мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэжээ (Даниел 12:4). Ехова Бурхан ард түмэндээ Библийг урьдынхаасаа илүү сайн ойлгоход нь тусалж байна. Ялангуяа 1914 оноос хойш Библийг илүү сайн ойлгодог болсон. Жишээлбэл бид Бурхны нэрийн утга, дэлхийн талаарх Бурхны санаа зорилго, золиос, үхэл, амилалтын талаар зөв ойлгодог болсон. Бас хүн төрөлхтнийг Бурхны Хаант төр л бүх бэрхшээлээс ангижруулна гэдгийг мэдэж авсан. Түүнээс гадна хүн яавал аз жаргалтай байхыг, хэрхэн Бурхны таалалд нийцүүлэн амьдрахыг сурсан. Тэгвэл энэ бүхнийг сурсан Бурхны үйлчлэгчид яадаг вэ? Хариуг нь дараах зөгнөлөөс мэдэж авъя (Тайлбар 2125-ыг үзнэ үү).

14. Хаант төрийн сайн мэдээг хэн, хэрхэн тунхаглаж байна вэ?

14 Дэлгэрүүлэх ажил дэлхий даяар өрнөнө. Есүс эцсийн өдрүүдийн талаар ярьж байхдаа «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана» гэж хэлсэн (Матай 24:3, 14). Хаант төрийн тухай сайн мэдээ 240 улсад, 900 гаруй хэлээр тунхаглагдаж байна. «Бүх үндэстэн, бүх овгоос» бүрдсэн Еховагийн Гэрчүүд Бурхны Хаант төр гэж юу болохыг, энэ Хаант төр хүн төрөлхтний төлөө юу хийхийг дэлхий даяар мэдүүлдэг (Илчлэл 7:9). Үүнийг тэд цалин хөлсгүй хийдэг. Есүсийн зөгнөсөн ёсоор, хүмүүс тэднийг үзэн ядаж, хавчиж хяхсан ч дэлгэрүүлэх ажлыг нь хэн ч, юу ч зогсоож чадахгүй (Лук 21:17).

ТА ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

15. а) Өнөө үе эцсийн өдрүүд гэдэгтэй та санал нийлэх үү? Яагаад? б) Еховад захирагддаг болон захирагддаггүй хүмүүст юу тохиолдох вэ?

15 Өнөө үе эцсийн өдрүүд гэдэгтэй та санал нийлэх үү? Эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүд яг таг биелж байна. Еховагийн товлосон цаг удахгүй болоход сайн мэдээ тунхаглах ажил дуусаж, «төгсгөл ирнэ» (Матай 24:14). Төгсгөл гэж юу вэ? Бурхан муу муухай бүхнийг Хармагедоноор устгахыг хэлдэг. Тэр үед Ехова өөрт нь болон Хүүд нь захирагддаггүй бүх хүнийг Есүс болон хүчирхэг тэнгэрийн элчүүдээрээ устгуулна (2 Тесалоник 1:6–9). Тэгээд Сатан болон чөтгөрүүд хүмүүсийг мэхэлж чадахгүй болно. Бурханд дуулгавартай захирагддаг, Хаант төрийг нь дэмждэг хүмүүс Бурхны бүх амлалт биелэхийг үзнэ (Илчлэл 20:1–3; 21:3–5).

16. Төгсгөл тун ойрхон тул та яах хэрэгтэй вэ?

16 Сатаны захирдаг энэ ертөнц тун удахгүй устгагдана. Тиймээс та өөрөөсөө «Би яах хэрэгтэй вэ?» гэж асуух нь амин чухал. Ехова таныг Библиэс аль болох ихийг мэдэж аваасай гэж хүсдэг учраас сайн судлаарай (Ёохан 17:3). Еховагийн Гэрчүүд хүмүүст Библийг ойлгоход нь туслах зорилгоор долоо хоног бүр цуглаан явуулдаг. Та цуглаанд тогтмол очиж хэвшээрэй (Еврей 10:24, 25-ыг уншина). Өөрчлөгдөх хэрэгтэйгээ анзаарсан бол шаардлагатай алхам хийгээрэй. Ингэсэн цагт Еховатай улам дотносно (Яаков 4:8).

17. Төгсгөл болоход ихэнх хүн яагаад цочирдох вэ?

17 Хорон муу, засаршгүй хүмүүсийг устгах өдөр «хулгайч шөнө ирдэгтэй адил» гэнэт ирэхийг элч Паул анхааруулжээ (1 Тесалоник 5:2). Есүсийн зөгнөсөн ёсоор, ихэнх хүн эцсийн өдрүүдэд амьдарч байгаагаа тоохгүй ажээ. Есүс: «Учир нь хүний Хүүгийн ирчихээд байгаа нь [эсвэл эцсийн өдрүүд] Ноагийн үетэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд, Ноаг авдарт орсон тэр өдрийг хүртэл хүмүүс идэж уун, гэрлэж байлаа. Үер бууж өөрсдийг нь хаман одох хүртэл тэд анхаараагүй юм. Хүний Хүүгийн ирчихээд байгаа нь яг тийм байх юм» гэж зөгнөсөн (Матай 24:37–39).

18. Есүс юу гэж анхааруулсан бэ?

18 «Хэтрүүлэн идэж уух болон амьдралын төлөө санаа зовсноос» болж анхаарлаа сарниулахгүй байхыг Есүс анхааруулсан. Тэрээр цааш нь «Хавханд гэнэт ордог шиг тэрхүү өдөр гэнэт болно. Учир нь дэлхийд амьдарч байгаа бүх хүн тэр өдрийг үзнэ. Тиймээс, сонор сэрэмжтэй бай. Болох ёстой энэ бүхнийг давж аврагдъя, хүний Хүүгийн өмнө зогсъё гэвэл тусламж гуйн цаг үргэлж залбир» гэжээ (Лук 21:34–36). Есүсийн энэ үгийг анхаарах нь яагаад чухал бэ? Сатаны ертөнцийн төгсгөл хаяанд тулж ирээд байна. Ехова Есүс хоёрт дуулгавартай хүмүүс л төгсгөлийг эсэн мэнд давж, шинэ ертөнцөд үүрд мөнх амьдарна (Ёохан 3:16; 2 Петр 3:13).

^ д/м 4 Михаел гэдэг нь Есүсийн өөр нэг нэр юм. Тайлбар 23-аас дэлгэрэнгүй үзнэ үү.