Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 10

Тэнгэрийн элчүүдийн тухай

Тэнгэрийн элчүүдийн тухай

1. Тэнгэрийн элчүүдийн тухай яагаад мэдэх хэрэгтэй вэ?

ЕХОВА биднээс гэр бүлийнх нь тухай мэдээсэй гэж хүсдэг. Тэнгэрийн элчүүд бол Бурхны гэр бүл юм. Библид тэднийг «Бурхны ... хөвгүүд» гэдэг (Иов 38:7). Тэд юу хийдэг вэ? Орчин үеийн үйлчлэгчдэд нь тусалдаг уу? (Тайлбар 8-ыг үзнэ үү).

2. Тэнгэрийн элчүүд хэрхэн бий болсон бэ? Хэдэн тэнгэрийн элч байдаг вэ?

2 Тэнгэрийн элчүүд хэрхэн бий болсон бэ? Ехова Есүсийг бүтээснийхээ дараа «тэнгэр, газар дээрх ... бүх юмыг бүтээсэн» гэж Колосай 1:16-д бичжээ. Бүх юм гэдэгт тэнгэрийн элчүүд ч ордог. Хэдэн тэнгэрийн элч байдаг вэ? Олон зуун сая тэнгэрийн элч байдаг гэж Библид бий (Дуулал 103:20; Илчлэл 5:11).

3. Иов 38:4–7-д тэнгэрийн элчүүдийн талаар юу гэж байдаг вэ?

3 Ехова дэлхийг бүтээхээсээ бүр өмнө тэнгэрийн элчүүдийг бүтээсэн гэж Библид байдаг. Дэлхийг бүтээхэд тэд яасан бэ? Баярлан хөөрч байсныг «Иов» номд тэмдэглэжээ. Тэд хамтдаа Еховад үйлчилдэг дотно гэр бүл байв (Иов 38:4–7).

ТЭНГЭРИЙН ЭЛЧҮҮД БУРХНЫ АРД ТҮМЭНД ТУСАЛДАГ

4. Тэнгэрийн элчүүд хүмүүст санаа тавьдаг нь юунаас харагддаг вэ?

4 Тэнгэрийн элчүүд хүмүүст санаа тавьдаг. Бас дэлхий болон хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго хэрхэн биелэхийг сонирхдог (Сургаалт үгс 8:30, 31; 1 Петр 1:11, 12). Тэд Адам Ева хоёрыг Бурханд тэрслэхэд хэчнээн их харамссан бол оо! Өнөөдөр ихэнх хүн Еховад дуулгаваргүй байгааг хараад бүр ч их харамсдаг нь лавтай. Гэхдээ хүмүүсийг нүглээ гэмшиж, Бурханд үйлчлэхэд тэнгэрийн элчүүд баярлан хөөрдөг (Лук 15:10). Тэд Бурхны үйлчлэгчдийг онцгой анхаардаг. Ехова тэнгэрийн элчүүдээ илгээн дэлхий дэх үйлчлэгчдэдээ тусалдаг, хамгаалдаг (Еврей 1:7, 14). Үүнийг батлах хэдэн жишээ авч үзье.

«Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан» (Даниел 6:22)

5. Тэнгэрийн элчүүд Бурхны үйлчлэгчдэд хэрхэн тусалж байсан бэ?

5 Ехова Содом Гоморра хотуудыг устгахдаа хоёр тэнгэрийн элчээ явуулж Лотын гэр бүлийг аварсан (Эхлэл 19:15, 16). Энэ явдлаас хэдэн зууны дараа зөнч Даниелыг арслангийн нүхэнд хаягдахад «Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг таглан» Даниелыг аварчээ (Даниел 6:22). I зуунд, Ехова тэнгэрийн элчээ илгээж, шоронд байсан элч Петрийг суллуулжээ (Үйлс 12:6–11). Есүсийг дэлхийд байхад тэнгэрийн элчүүд тусалж байв. Жишээ нь баптисм хүртсэнийх нь дараа «тэнгэрийн элчүүд Есүст тусалжээ» (Марк 1:13). Мөн цаазлуулахынх нь өмнө тэнгэрийн элч «түүнийг тэнхрүүлж байлаа» (Лук 22:43).

6. а) Тэнгэрийн элчүүд өнөөдөр ч Бурхны ард түмэнд тусалдаг уу? б) Одоо юуны тухай үзэх вэ?

6 Өнөөдөр тэнгэрийн элчүүд урьдынх шигээ хүний нүдэнд харагддаггүй. Гэхдээ Бурхан одоо ч тэнгэрийн элчүүдээ илгээж үйлчлэгчдэдээ тусалдаг. «ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг» гэж Библид бий (Дуулал 34:7). Бидэнд яагаад тусламж хэрэгтэй вэ? Учир нь бидэнд хор хөнөөл учруулахыг оролддог хүчирхэг дайснууд байдаг. Тэд хэн бэ? Хэрхэн бий болсон бэ? Яаж хор хөнөөл учруулдаг вэ? Адам Ева хоёрыг бүтээсний дараахан болсон үйл явдлаас хариуг нь мэдэж авцгаая.

ҮЛ ҮЗЭГДЭХ ДАЙСНУУД

7. Сатаны мэхэнд орсон хүмүүс яасан бэ?

7 Нэг тэнгэрийн элч бусдыг захирах хүсэлдээ дийлдэн Бурханд тэрсэлснийг бид 3 дугаар бүлгээс үзсэн билээ. Тэр тэнгэрийн элчийг Библид Сатан Диавол гэдэг (Илчлэл 12:9). Сатан хүмүүсийг ч бас Бурханд тэрслээсэй гэж хүсдэг учраас мэхэлдэг. Эхлээд Еваг мэхэлсэн. Тэр цагаас хойш ихэнх хүнийг мэхэлсээр байгаа. Гэхдээ Абел, Енох, Ноа зэрэг Еховад үнэнч хүмүүс байсныг дурдахгүй өнгөрч болохгүй (Еврей 11:4, 5, 7).

8. а) Зарим тэнгэрийн элч хэрхэн чөтгөр болсон бэ? б) Үер болоход чөтгөрүүд хэрхэн амьд үлдсэн бэ?

8 Ноагийн үед зарим тэнгэрийн элч Бурханд тэрслэн, тэнгэрийн гэрээ орхиод хүний биетэй болж дэлхийд ирсэн. Яагаад? Тэд эхнэртэй болохыг хүссэн гэж Библид байдаг (Эхлэл 6:2-ыг уншина). Гэхдээ энэ нь буруу байлаа (Юуда 6). Тухайн үеийн хүмүүс тэдэн шиг харгис хэрцгий авирлаж, бузар булай юм хийдэг болжээ. Тийм учраас Ехова дэлхий дээр үер буулгаж бузар муу хүмүүсийг устгасан. Гэхдээ үнэнч үйлчлэгчдээ аварсан (Эхлэл 7:17, 23). Харин тэрслүү тэнгэрийн элчүүд тэнгэр лүү буцжээ. Тэднийг Библид чөтгөрүүд гэдэг. Тэд тэнгэрт буцаж очоод Сатаны талд орж, захирагчаа болгов (Матай 9:34).

9. а) Чөтгөрүүдийг тэнгэрт буцаж очиход Ехова яасан бэ? б) Одоо юуны тухай үзэх вэ?

9 Тэрсэлсэн тэнгэрийн элчүүдийг Ехова гэр бүлдээ хүлээн аваагүй (2 Петр 2:4). Чөтгөрүүд дахин хүний биетэй болж чадахгүй болсон ч дэлхий даяар хүмүүсийг мэхэлсээр байна (Илчлэл 12:9; 1 Ёохан 5:19). Хүмүүсийг яаж мэхэлдгийг нь одоо авч үзье (2 Коринт 2:11-ийг уншина).

ЧӨТГӨРҮҮД ХҮМҮҮСИЙГ ХУУРЧ МЭХЭЛДЭГ

10. Чөтгөрүүд хүмүүсийг хэрхэн хуурч мэхэлдэг вэ?

10 Чөтгөрүүд хүмүүсийг олон аргаар хуурч мэхлэн эрхэндээ оруулдаг. Хүмүүс далдын хүчтэй шууд холбогдох юм уу бөө, үзмэрч, зөн бэлгэч зэргээр зуучлуулдаг. Энэ нь үнэн хэрэгтээ чөтгөрүүдтэй холбоо тогтоож байна гэсэн үг. Чөтгөрүүдтэй холбоотой бүхнээс хол бай гэж Бурхан тушаадаг (Галат 5:19–21). Яагаад? Анчин ан хийхдээ янз бүрийн урхи занга ашигладаг шиг чөтгөрүүд хүмүүсийг эрхшээлдээ оруулахын тулд олон янзын заль мэх хэрэглэдэг (Тайлбар 26-г үзнэ үү).

11. Мэргэ төлгө гэж юу вэ? Яагаад аюултай вэ?

11 Тэдний хэрэглэдэг нэг арга бол мэргэ төлгө юм. Ирээдүй болон тодорхой бус зүйлийг далдын хүчээр тайлахыг мэргэ төлгө гэнэ. Зүүд, совин тайлах, хөзөр, шагай, алганы хээгээр мэргэлэх, чулуу болон эрхи татах, зоос гүйлгэх, дал түлэх зэргээр мэргэлдэг. Олон хүн мэргэ төлгийг гэм хоргүй гэж үздэг ч үнэндээ маш аюултай. Мэргэ төлгөчид чөтгөрүүдтэй холбоотойг Библид тодорхой бичсэн байдаг. Үйлс 16:16–18-д «чөтгөрт эзэмдүүлсэн» нэг охин мэргэлдэг байсан тухай гардаг. Элч Паул чөтгөрийг нь хөөхөд өнөөх охин мэргэлэх чадваргүй болжээ.

12. а) Нас барсан хүнтэй холбоо тогтоох нь яагаад аюултай вэ? б) Христийн дагалдагчид яагаад чөтгөрүүдтэй холбоотой ямар ч зан үйлд оролцох ёсгүй вэ?

12 Чөтгөрүүд хүмүүсийг мэхлэхдээ өөр нэг заль хэрэглэдэг. Тэд нас барсан хүний сүнс амьд байдаг бөгөөд сүнстэй харьцах боломжтой гэдэгт итгүүлэхийг оролддог. Бас сүнс хүмүүст гай зовлон учруулдаг гэж ойлгуулдаг. Зарим хүн ойр дотнын хүнээ алдахаараа сүнс дуудагч дээр очдог. Сүнс дуудагч нас барсан хүнийх нь талаар нарийн ширийн зүйл хэлж өгөх юм уу бүр дуу хоолойгоор нь ярьж болох юм (1 Самуел 28:3–19). Оршуулгын ихэнх зан үйл сүнс байдаг гэсэн хуурамч сургаалаас гаралтай. Тийм учраас талийгаачийн хойтхыг бодох, салах ёс гүйцэтгэх, газар дээр нь эргэж очих гэх мэтийн зан үйлүүд байдаг. Христийн дагалдагчид эдгээр зан үйлийг сахидаггүй. Үүнээс болоод гэр бүл, хамаатан садан, нутаг орныхондоо доромжлуулж, шүүмжлүүлж, гадуурхагддаг. Сүнс гэж байдаггүй учраас нас барсан хүнтэй харьцах огт боломжгүйг, бидэнд хор хүргэдэггүйг Христийн дагалдагчид мэддэг (Дуулал 115:17). Та бас туйлын болгоомжтой байгаарай. Үхсэн хүн юм уу чөтгөрүүдтэй битгий харьцаарай. Чөтгөрүүдтэй холбоотой ямар ч зан үйлд оролцох учиргүй (Дэд хууль 18:10, 11-ийг уншина; Исаиа 8:19).

13. Чөтгөрүүдийн эрхшээлд байсан олон хүн яасан бэ?

13 Чөтгөрүүд хүмүүсийг хуурч мэхлээд зогсохгүй айлган сүрдүүлдэг. Сатан болон чөтгөрүүд удахгүй хоригдохоо мэдэж байгаа учраас хэзээ хэзээнээс илүү харгис догшин авирлаж байна (Илчлэл 12:12, 17). Гэхдээ олон мянган хүн чөтгөрүүдийн эрхшээлээс ангижирсан. Тэд хэрхэн ангижирсан бэ?

ЧӨТГӨРҮҮДИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ХОЛБООГОО ТАСАЛ

14. Чөтгөрүүдээс холбоогоо таслахын тулд I зууны Христийн дагалдагчдыг хэрхэн дуурайх вэ?

14 Чөтгөрүүдийг эсэргүүцэж, эрхшээлээс нь ангижрах аргыг Библи хэлж өгдөг. Жишээ нь Эфэс хотод амьдардаг зарим хүн Христийн дагалдагч болохоосоо өмнө чөтгөрүүдтэй харьцдаг байжээ. Тэд чөтгөрүүдээс яаж холбоогоо тасалсан бэ? «Ид шид үйлддэг байсан олон хүн номнуудаа авчирч олны өмнө шатаав» гэж Библид бичжээ (Үйлс 19:19). Тэд Христийн дагалдагч болохыг хүссэн учраас ид шидтэй холбоотой номуудаа устгасан. Өнөөдөр ч мөн ялгаагүй. Еховад үйлчлэхийг хүсдэг хэн боловч чөтгөрүүдтэй холбоотой эд зүйлээсээ салах хэрэгтэй. Үүнд чөтгөрүүд, ид шид, далдын хүчийг гэм хоргүй, сонирхолтой болгон дүрсэлдэг ном, сэтгүүл, кино, дуу хөгжим, тоглоом, зурагт хуудас, зурхай ордог. Мөн гай барцдаас хамгаалдаг, аз авчирдаг гэх сахиусыг дурдаж болно (1 Коринт 10:21).

15. Сатан болон чөтгөрүүдийг эсэргүүцэхийн тулд өөр юу хийх хэрэгтэй вэ?

15 Эфэс хотын Христийн дагалдагчид ид шидтэй холбоотой номуудаа устгаснаас хойш хэдэн жил өнгөрчээ. Элч Паул тэдэнд бичсэн захидалдаа «тэнгэр дэх чөтгөрүүдтэй тэмцсээр» байхыг анхааруулжээ (Эфэс 6:12). Тэд номуудаа шатаасан ч чөтгөрүүд тэдэнд аюул учруулахыг оролдож байсан. Тэгвэл тэд өөр яах хэрэгтэй байсан бэ? Паул: «Хорон муу нэгний бүх галт сумыг унтрааж чаддаг байхын тулд итгэлийн том бамбайг үргэлж авч яв» гэж захижээ (Эфэс 6:16). Тулалдаж буй цэрэгт бамбай чухал хамгаалалт болдог шиг бидэнд бат итгэл хэрэгтэй. Ехова биднийг хамгаална гэдэгт бат итгэдэг бол Сатан, чөтгөрүүдийг эсэргүүцэж чадна (Матай 17:20).

16. Еховад бат итгэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

16 Еховад бат итгэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ? Библийг өдөр бүр уншаарай. Бас Ехова хамгаална гэдэгт найдаж сураарай. Еховад найддаг хүнд Сатан, чөтгөрүүд хор хүргэж чадахгүй (1 Ёохан 5:5).

17. Чөтгөрүүдийг эсэргүүцэхийн тулд өөр яах хэрэгтэй вэ?

17 Эфэс хотын Христийн дагалдагчид өөр юу хийх ёстой байсан бэ? Чөтгөрүүдийн нөлөөгөөр дүүрсэн хотод амьдардаг байсан тэдэнд Паул «тухай бүрд нь ... залбирч» байхыг сануулжээ (Эфэс 6:18). Тэд чөтгөрөөс хамгаалахыг гуйн Еховад шаргуу залбирах ёстой байв. Тэгвэл бид яах хэрэгтэй вэ? Бид ч бас чөтгөрүүдийн нөлөөгөөр дүүрсэн ертөнцөд амьдарч байна. Тиймээс Еховаг нэрээр нь дуудаж, хамгаалахыг гуйн залбирах нь амин чухал (Сургаалт үгс 18:10-ыг уншина). Бид Сатаны нөлөөнөөс хамгаалахыг гуйдаг бол Ехова залбиралд маань хариулна (Дуулал 145:19; Матай 6:13).

18, 19. а) Яавал Сатан болон чөтгөрүүдийг ялах вэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?

18 Та чөтгөрүүдтэй холбоотой бүх эд зүйлээ устгахаас гадна Ехова хамгаална гэдэгт бат итгэдэг бол Сатан болон чөтгөрүүдийг эсэргүүцэж чадна. Тэднээс айх шаардлагагүй (Яаков 4:7, 8-ыг уншина). Ехова чөтгөрүүдээс хавьгүй илүү хүчтэй. Тэднийг Ноагийн үед шийтгэсэн бөгөөд ирээдүйд бүрмөсөн устгана (Юуда 6). Та чөтгөрүүдтэй ганцаараа тэмцдэггүй гэдгээ санаарай. Ехова тэнгэрийн элчүүдээ илгээж таныг хамгаалдаг (Хаадын дэд 6:15–17). Та Еховагийн тусламжтайгаар Сатан болон чөтгөрүүдийг ялж чадна! (1 Петр 5:6, 7; 2 Петр 2:9).

19 Сатан болон чөтгөрүүд ийм их зовлон учруулж байхад Бурхан яагаад тэднийг устгахгүй байгаа юм бэ? Энэ тухай дараагийн бүлгээс үзье.