Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 16

Жинхэнэ Бурхныг шүтээрэй

Жинхэнэ Бурхныг шүтээрэй

1, 2. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Ингэж асуух нь яагаад чухал бэ?

БУРХНЫГ шүтдэг гэж хэлдэг хэрнээ үзэн яддаг зүйлийг нь зааж сургадаг, хийж үйлддэг хүн олон байдгийг та Библи судлаад мэддэг болсон (2 Коринт 6:17). Тийм учраас Ехова хуурамч шашин буюу «Агуу Вавилоноос» гарахыг тушаасан (Илчлэл 18:2, 4). Тэгвэл та яах вэ? Хүн бүр дор бүрнээ шийдвэр гаргах хэрэгтэй. Та өөрөөсөө «Би Бурхныг хүслийнх нь дагуу шүтэх үү? Эсвэл өнөөг хүртэл шүтэж ирсэн аргаараа шүтэх үү?» гэж асуугаарай.

2 Хэрэв та хуурамч шашнаас холбоогоо тасалсан бол сайн хэрэг. Гэхдээ хуурамч шашны зарим зан үйлд дуртай хэвээрээ байж болох юм. Одоо тэдгээр зан үйлийн заримыг авч үзье. Бас хуурамч шашны зан үйл, сургаал номлолд Еховагийн үзэл бодлоор хандах нь яагаад чухал болохыг ярилцъя.

ШҮТЭЭН ШҮТЭХ НЬ

3. а) Зарим хүн яагаад Бурхныг ямар нэг шүтээнгүйгээр шүтэж чаддаггүй вэ? б) Бурхан тахил, хөрөг дүрсэнд мөргөх талаар Библид юу гэж байдаг вэ?

3 Сахиус, хөрөг дүрс, бурхан тахил гэх зэрэг шүтээнтэй айл олон байдаг. Танайх бас шүтээнтэй юу? Тийм бол ямар нэг шүтээнгүйгээр Бурхныг шүтнэ гэхээр танд эвгүй санагдаж, бүр санаанд тань багтахгүй байж магадгүй. Гэхдээ өөрийг нь хэрхэн шүтэхийг Ехова л шийдэх эрхтэй. Хүмүүс өөрийг нь шүтэхдээ бурхан тахил, хөрөг дүрсэнд мөргөөсэй гэж Ехова хүсдэггүйг Библид тодорхой бичсэн байдаг (Египетээс гарсан нь 20:4, 5-ыг уншина; Дуулал 115:4–8; Исаиа 42:8; 1 Ёохан 5:21).

4. а) Нас барсан хүнийг яагаад шүтэж мөргөж болохгүй вэ? б) Ехова ард түмэндээ яагаад нас барсан хүнтэй ярьж болохгүй гэж тушаасан бэ?

4 Зарим хүн нас барсан ойр дотнын хүмүүсийнхээ хойноос маш их цаг зав, хүч чадал, мөнгө төгрөг зориулж, бүр тэднийг шүтэж мөргөдөг. Нас барсан хүн бидэнд тусалж, хор хүргэж чадахгүйг бид мэддэг болсон. Хүнийг үхэхэд сүнс нь үргэлжлэн амьдардаггүй. Үнэн хэрэгтээ үхсэн хүнтэй харьцах гэж оролдох нь аюултай. Яагаад гэвэл үхэгсэдтэй холбоотой бүх мэдээллийг чөтгөрүүд өгдөг. Тийм учраас Ехова израйлчуудад нас барсан хүнтэй ярьж, чөтгөрүүдтэй ямар нэгэн байдлаар холбогдож болохгүй гэж тушаасан (Дэд хууль 18:10–12; Тайлбар 26, 31-ийг үзнэ үү).

5. Шүтээнээсээ салахад эсвэл нас барсан хүнээ шүтэж мөргөхөө болиход хэцүү байвал яах вэ?

5 Шүтээнээсээ салахад эсвэл нас барсан хүнээ шүтэж мөргөхөө болиход хэцүү байвал яах вэ? Библи уншиж, Ехова эдгээр зүйлийг юу гэж үздэгийг сайтар эргэцүүлэн бодоорой. Ехова шүтээн шүтэх, нас барсан хүнтэй харьцахыг жигшин зэвүүцдэг (Дэд хууль 27:15). Еховатай адилхан үзэл бодолтой болж, хүсэл таалалд нь нийцүүлэн шүтэхийн тулд өдөр бүр тусламж гуйн залбираарай (Исаиа 55:9). Ехова танд эр зориг өгч, хуурамч шашинтай холбоотой бүхнээс салахад тусална.

ЗУЛ САРЫН БАЯР ТЭМДЭГЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ?

6. Яагаад 12 сарын 25-ныг Есүсийн төрсөн өдөр болгон тэмдэглэдэг болсон бэ?

6 Дэлхий даяар хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг нэг баяр бол Зул сарын баяр буюу Крисмас юм. Ихэнх хүн энэ баярыг Христийн төрсөн өдөр гэж итгэдэг. Гэхдээ Зул сарын баяр нь хуурамч шашнаас үүсэлтэй. Нэгэн нэвтэрхий тольд тайлбарласнаар, Ромд амьдардаг Христийн бус шашинтай хүмүүс 12 сарын 25-нд нарны бурхны төрсөн өдрийг тэмдэглэдэг байжээ. Сүмийн удирдлагууд улам олон хүнийг Христийн шашинд оруулахын тулд Есүс 12 сарын 25-нд төрөөгүй ч энэ өдрийг Есүсийн төрсөн өдөр болгон тэмдэглэдэг болсон (Лук 2:8–12). Гэхдээ Есүсийн шавь нар тэмдэглэдэггүй байв. Есүсийг төрснөөс хойш 200 жилийн дараа гэхэд «яг хэзээ төрснийг нь мэддэг хүн байгаагүй. Тэр бүү хэл, мэдэхсэн гэж хүсдэг хүн ч бараг байгаагүй» гэж нэгэн бүтээлд тэмдэглэжээ («Sacred Origins of Profound Things»). Тэгэхээр Есүсээс хойш хэдэн зууны дараа Зул сарын баярыг тэмдэглэдэг болсон гэсэн үг.

7. Христийн жинхэнэ дагалдагчид яагаад Зул сарын баяр тэмдэглэдэггүй вэ?

7 Зул сарын баяр болон энэ баярын зан үйл нь тухайлбал, гэр бүл, хамаатан саднаараа цуглаж, бие биедээ бэлэг сэлт өгөх нь хуурамч шашнаас үүсэлтэйг олон хүн мэддэг. Жишээлбэл Англи, хойд Америкийн зарим хэсэгт Зул сарыг хуурамч шашнаас үүсэлтэй хэмээн тэмдэглэхийг хориглодог байжээ. Тэмдэглэсэн хүнийг бүр шийтгэдэг байв. Гэвч хожим нь хүмүүс дахин тэмдэглэх болжээ. Тэгвэл Христийн жинхэнэ дагалдагчид яагаад тэмдэглэдэггүй вэ? Яагаад гэвэл тэд юу ч хийсэн Бурхны хүсэл таалалд нийцүүлэхийг хүсдэг.

ТӨРСӨН ӨДРИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ?

8, 9. Христийн эртний дагалдагчид яагаад төрсөн өдрийн баяр тэмдэглэдэггүй байсан бэ?

8 Бас нэг хөл хөөртэй тэмдэглэдэг баяр бол төрсөн өдрийн баяр юм. Христийн дагалдагчид төрсөн өдөр тэмдэглэдэг үү? Еховаг шүтдэггүй хүмүүсийн тэмдэглэсэн төрсөн өдрийн талаар л Библид дурдсан байдаг (Эхлэл 40:20; Марк 6:21). Уг баяр нь хуурамч бурхдыг алдаршуулдаг байсан. Тийм учраас «төрсөн өдрийн баяр тэмдэглэхийг хуурамч бурхад шүтдэг хүмүүсийн заншил» гэж Христийн эртний дагалдагчид үздэг байсныг «Дэлхийн нэвтэрхий толь»-д бичжээ.

9 Эртний грек, ромчууд хүний төрсөн өдөр ямар нэг бурхны төрсөн өдөртэй давхацдаг гэж үздэг байжээ. Тэр бурхантай холбоотой нэг сүнс хүнийг төрөхөд хариуцаж авдаг байна. Тэр сүнсээр насан туршдаа хамгаалуулахын тулд төрсөн өдрийн баяр тэмдэглэх ёстой гэж үздэг байсан.

10. Христийн орчин үеийн дагалдагчид яагаад төрсөн өдөр тэмдэглэдэггүй вэ?

10 Хуурамч шашинтай холбоотой баяр ёслол тэмдэглэхийг Ехова сайшаадаг уу? (Исаиа 65:11, 12). Үгүй. Ехова сайшаадаггүй учраас Христийн орчин үеийн дагалдагчид төрсөн өдөр гэх мэт хуурамч шашинтай холбоотой ямар ч баяр ёслол тэмдэглэдэггүй.

ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ЧУХАЛ УУ?

11. Зарим хүн яагаад баяр ёслол тэмдэглэдэг вэ? Гэхдээ таны хувьд юу хамгийн чухал байх ёстой вэ?

11 Зарим хүн Зул сарын баяр болон бусад баярыг хуурамч шашнаас үүсэлтэйг мэддэг хэр нь тэмдэглэсээр байдаг. Тэд баяр ёслолыг ах дүү, хамаатан садантайгаа уулзах сайхан боломж гэж үздэг. Танд бас тэгж санагддаг уу? Ойр дотнынхоо хүмүүстэй цагийг сайхан өнгөрүүлэх нь буруу биш. Ехова гэр бүлийг бий болгосон учраас биднийг гэрийнхэнтэйгээ эвтэй байгаасай гэж хүсдэг (Эфэс 3:14, 15). Гэхдээ хуурамч шашинтай холбоотой баяр ёслол тэмдэглэж ах дүүгээ баярлуулахаас илүү Еховад таалагдахыг хичээх хэрэгтэй. Тийм учраас «Эзний таалалд юу нийцдэгийг магадалж бай» гэж элч Паул хэлсэн (Эфэс 5:10).

12. Ямар баяр Еховад таалагддаггүй вэ?

12 Олон хүн баяр ёслолын гарал үүсэлд ач холбогдол өгдөггүй. Харин Ехова хуурамч шашнаас үүсэлтэй эсвэл хүнийг алдаршуулдаг, эх оронч үзлийг дэвэргэдэг баяр ёслолыг таалдаггүй. Тухайлбал египетчүүд хуурамч бурхдадаа зориулж олон баяр наадам тэмдэглэдэг байжээ. Израйлчууд Египетээс гарсныхаа дараа хуурамч шашны нэг баярыг нь тэмдэглэн үүнийгээ «ЭЗЭНд зориулсан баяр наадам» гэжээ. Тэгэхэд нь Ехова яасан бэ? Тэднийг шийтгэсэн (Египетээс гарсан нь 32:2–10). «Бузар юманд бүү хүрэгтүн!» хэмээн хэлсэн зөнч Исаиагийн үгийг бид дагах ёстой (Исаиа 52:11-ийг уншина).

ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ТАЙЛБАРЛАХДАА ЭЕЛДЭГ БАЙГААРАЙ

13. Баяр ёслол тэмдэглэхээ болиход танд ямар асуулт гарч болох вэ?

13 Баяр ёслол тэмдэглэхээ больсноос болж танд санаа зовоосон олон асуулт гарч болох юм. «Зул сарын баяр тэмдэглэдэггүйн учрыг ажлынхан маань асуувал би юу гэж хэлэх вэ? Баяраар бэлэг өгвөл яах вэ? Авбал буруудах уу? Хань маань баяр тэмдэглэ гэвэл яах вэ? Баяр ёслол тэмдэглэхгүй ч үр хүүхдээ баяр хөөртэй байлгахын тулд яах хэрэгтэй вэ?».

14, 15. Хэрэв танд баярын мэнд хүргэх юм уу бэлэг өгвөл яах вэ?

14 Нөхцөл болгон харилцан адилгүй учраас тухай бүрд нь юу хэлж, юу хийхээ шийдэхдээ ухаалаг байх нь туйлын чухал. Тухайлбал хүн танд баярын мэнд хүргэвэл тоохгүй өнгөрөхийн оронд «Баярлалаа» гэж хэлж болно. Харин итгэл үнэмшлийн тань тухай мэдэхийг хүсвэл баяр тэмдэглэдэггүйнхээ учрыг тайлбарлаж болох юм. Гэхдээ эелдэг, ухаалаг, хүндэтгэлтэй яриарай. Библид «Та нар хүмүүстэй давсаар амт оруулсан мэт эелдэг ярьж бай. Ингэснээр хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» гэж бий (Колосай 4:6). Тиймээс та баяр ёслол тэмдэглэдэггүй ч өөр үед хүмүүстэй цагийг сайхан өнгөрөөх, бэлэг өгөх дуртайгаа хэлж болохгүй нь юу билээ?

15 Хэрэв танд баяраар бэлэг өгвөл яасан нь дээр вэ? Энэ талаар жагсааж бичсэн дүрэм журам Библид байдаггүй ч мөс чанараа өвтгөх зүйл хийх ёсгүйг тодорхой бичсэн байдаг (1 Тимот 1:18, 19). Таныг баяр ёслол тэмдэглэдэггүйг мэдэхгүйгээр хүн бэлэг өгч болох юм. Эсвэл «Таныг баяр тэмдэглэдэггүйг мэднэ л дээ. Гэхдээ бэлэг өгмөөр байна» гэж хэлж магадгүй. Аль нь ч байлаа гэсэн бэлгийг нь авах уу, үгүй юү гэдгээ та өөрөө шийдээрэй. Мөс чанараа өвтгөх шийдвэр битгий гаргаарай. Бид Еховатай тогтоосон харьцаандаа муугаар нөлөөлөх юу ч хийхийг хүсдэггүй.

ГЭРИЙНХЭН ТАНЬ ЕХОВАГ ШҮТДЭГГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Еховад үйлчилдэг хүмүүс жаргалтай

16. Гэрийнхэн тань баяр тэмдэглэвэл яах нь зүйтэй вэ?

16 Гэрийнхэн тань баяр тэмдэглэвэл яах нь зүйтэй вэ? Тэднийгээ хориглох хэрэггүй. Тэд юу хийхээ шийдэх эрхтэй гэдгийг санаарай. Өөрийнхөө үзэл бодлыг хүндлүүлэхийг хүсэж байгаа бол тэднийхээ үзэл бодлыг хүндэтгэж, эелдэг байх хэрэгтэй (Матай 7:12-ыг уншина). Гэхдээ гэрийнхэн тань таныг оролцуулах гэвэл яах вэ? Юуны түрүүнд Еховад залбирч зөв шийдвэр гаргахад туслахыг гуйгаарай. Бас ямар нөхцөл байдал үүсэж болзошгүйг нэгд нэгэнгүй бодож үзээрэй. Тэгээд судалгаа хийгээрэй. Еховад таалагдах шийдвэр гаргах хэрэгтэйгээ үргэлж санаж яваарай.

17. Хүүхдүүд тань баяр тэмдэглэж байгаа хүмүүст татагдаад байвал яах вэ?

17 Хүүхдүүд тань баяр тэмдэглэж байгаа хүмүүст татагдаад байвал тэдэндээ яаж туслах вэ? Үе үе тэднийхээ төлөө онцгой зүйл хийж, гэнэтийн бэлэг өгч байгаарай. Хүүхдүүддээ цаг заваа зориулж, анхаарал халамж тавьж байгаарай. Энэ бол тэдэндээ өгөх хамгийн үнэтэй бэлэг юм.

ЕХОВАГ ТААЛАЛД НЬ НИЙЦҮҮЛЭН ШҮТЭЭРЭЙ!

18. Бид яагаад цуглаанд явах ёстой вэ?

18 Еховад таалагдахын тулд хуурамч шашнаас холбоогоо таслахаас гадна хуурамч шашнаас үүсэлтэй зан үйл, баяр ёслолд оролцохгүй учиргүй. Гэхдээ ингээд л болчихгүй. Еховагийн хүсдэг зүйлийг хийх ёстой. Жишээлбэл цуглаанд тогтмол явах хэрэгтэй (Еврей 10:24, 25-ыг уншина). Цуглаан бол жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг билээ (Дуулал 22:22; 122:1). Бид хамтдаа цуглаж бие биеэ урамшуулан зоригжуулдаг (Ром 1:12).

19. Библиэс сурч мэдсэнээ бусдад ярих нь яагаад чухал бэ?

19 Еховагийн биднээс хүсдэг бас нэг зүйл бол Библиэс сурч мэдсэнээ бусдад ярих юм. Өнөө үед газар авч байгаа бузар булай явдлаас болж олон хүн зовж шаналдаг. Та тийм хүмүүсийг мэддэг байж болох юм. Тэдэнд Библид байдаг ирээдүйн сайхан найдварын тухай ярьж өгөөрэй. Хэрэв та цуглаанд сууж, Библийн үнэнийг бусдад ярьдаг бол хуурамч шашнаас үүсэлтэй ёс заншил, баяр ёслолд татагдахаа болино. Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэхийн тулд чадах бүхнээ хийдэг бол аз жаргалтай амьдарч, арвин их ивээл хүртэнэ (Малахи 3:10).