Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 17

Залбирал бол хосгүй завшаан

Залбирал бол хосгүй завшаан

«Тэнгэр газрыг бүтээгч» Ехова бидний залбирлыг сонсохыг хүсдэг (Дуулал 115:15)

1, 2. Залбирал яагаад хосгүй бэлэг вэ? Залбирлын талаар Библид юу гэж байдгийг мэдэх нь яагаад чухал бэ?

ДЭЛХИЙ бол орчлонт ертөнцтэй харьцуулахад өчүүхэн жижиг гараг билээ. Харин дэлхий дээрх бүх хүн Еховагийн хувьд «хувин доторх дусал» ус мэт юм (Дуулал 115:15; Исаиа 40:15). Гэлээ ч Еховагийн тухай Дуулал 145:18, 19-д «Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна» гэж байдаг. Төгс хүчит Бүтээгч Ехова хүмүүс бидэнтэй «ойр байдаг», залбирлыг маань чих тавин сонсдог гээд бод доо! Тэгэхээр залбирал бол хүн нэг бүрд өгсөн Еховагийн хосгүй бэлэг байх нь.

2 Гэхдээ таалалд нь нийцүүлэн залбирсан цагт л Ехова биднийг сонсдог. Яаж таалалд нь нийцүүлэн залбирах вэ? Библид залбирлын тухай юу гэж байдгийг авч үзье.

ЯАГААД ЕХОВАД ЗАЛБИРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

3. Еховад яагаад залбирах ёстой вэ?

3 Ехова таныг өөртэй нь яриасай буюу залбираасай гэж хүсдэг. Үүнийг хаанаас мэдэж болох вэ? Филиппой 4:6, 7-г уншаарай. Бурхан юу гэж хэлснийг бодоод үз дээ. Орчлонт ертөнцийг бүтээсэн Нэгэн танд маш их санаа тавьдаг. Бас таныг сэтгэл санаа, зовлон бэрхшээлийнхээ талаар яриасай гэж хүсдэг.

4. Тогтмол залбирах нь Еховатай дотносоход хэр чухал бэ?

4 Еховатай дотносон нөхөрлөхөд залбирал чухал үүрэгтэй. Анд найзууд үзэл бодол, сэтгэл санаа, зовлон жаргалаа тогтмол хуваалцахын хэрээр улам дотносдог. Еховад залбирах ч бас адилхан. Ехова тантай Библиэр дамжуулан үзэл бодол, сэтгэл санаагаа хуваалцдаг. Таны төлөө ирээдүйд юу хийхээ Библид бичүүлэн үлдээсэн. Та бас Еховад сэтгэлээ уудлан тогтмол залбирах боломжтой. Тогтмол залбирахын хэрээр Еховатай улам дотносно (Яаков 4:8).

БУРХАН ЯМАР ЗАЛБИРЛЫГ СОНСДОГ ВЭ?

5. Ехова бүх залбирлыг сонсдог уу?

5 Ехова бүх залбирлыг сонсдог уу? Үгүй. Ехова зөнч Исаиагийн үеийн израйлчуудад «Та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ» гэж хэлсэн (Исаиа 1:15). Хэрэв бид сэрэмж алдвал Еховагийн үзэн яддаг зүйлийг хийж болзошгүй. Үзэн яддаг зүйлийг нь хийвэл залбирлыг маань сонсохгүй.

6. Итгэл хэр чухал бэ? Итгэлтэйгээ яаж батлах вэ?

6 Залбирлынхаа хариуг авъя гэвэл Еховад итгэх учиртай (Марк 11:24). Үүний учрыг элч Паул тайлбарлан «Итгэдэггүй хүн Бурхны таалалд нийцэхгүй. Учир нь Бурхныг шүтэхээр ойртон очдог хэн боловч Бурхан байдаг гэдэгт, өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг гэдэгт итгэх ёстой» гэжээ (Еврей 11:6). Гэхдээ итгэдэг гэж зүгээр нэг хэлэх нь хангалтгүй. Итгэдгээ үйл хэргээрээ батлан харуулж Еховад өдөр бүр дуулгавартай байх учиртай (Яаков 2:26-г уншина).

7. а) Еховад залбирахдаа яагаад даруу, хүндэтгэлтэй байх ёстой вэ? б) Чин сэтгэлээсээ залбирна гэж яахыг хэлдэг вэ?

7 Еховад залбирахдаа даруу, хүндэтгэлтэй байх ёстой. Яагаад? Та хаан юм уу ерөнхийлөгчтэй уулзахдаа хүндэтгэлтэй ярина биз дээ? Тэгвэл Төгс хүчит Ехова Бурханд залбирахдаа бүр ч даруу, хүндэтгэлтэй байхгүй гэж үү? (Эхлэл 17:1; Дуулал 138:6). Бас нэг л хэвийн зүйлээ хэлээд байлгүй, чин сэтгэлээсээ, илэн далангүй залбирах хэрэгтэй (Матай 6:7, 8).

8. Залбирлынхаа хариуг авъя гэвэл өөр яах хэрэгтэй вэ?

8 Залбирлынхаа хариуг авъя гэвэл залбирсныхаа дагуу чадах бүхнээ хийгээрэй. Жишээлбэл та өдөр тутмынхаа хэрэгцээний төлөө Еховад залбирчээ. Ажил хийх боломжтой хэрнээ Ехова хэрэгтэй бүхнийг маань өгнө гээд гараа хумхиад сууж болохгүй. Залбирсныхаа дагуу ямар ч ажлыг голж шилэлгүй хийж, ажилсаг байгаарай (Матай 6:11; 2 Тесалоник 3:10). Хэрэв та муу зуршлаасаа салахад туслахыг гуйсан бол хорхой хүргэм нөхцөлд орохоос зайлсхийгээрэй (Колосай 3:5). Одоо, залбиралтай холбоотой зарим асуултыг ярилцъя.

ЗАЛБИРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТУУД

9. Бид хэнд залбирах ёстой вэ? Ёохан 14:6-гаас залбирлын талаар юу мэдэж авах вэ?

9 Хэнд залбирах ёстой вэ? Есүс: «Тэнгэрийн Эцэгтээ» залбирахыг дагалдагчдадаа заасан (Матай 6:9). Тэрээр бас «Би бол зам, үнэн, амь. Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэг рүү очихгүй» гэжээ (Ёохан 14:6). Тийм учраас бид Есүсээр дамжуулан зөвхөн Еховад залбирах ёстой. Есүсээр дамжуулан залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Еховагийн Хүүдээ өгсөн тусгай үүргийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Есүс дэлхийд ирж, хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлсөн билээ (Ёохан 3:16; Ром 5:12). Ехова бас Есүсийг Тэргүүн тахилч, Шүүгчээр томилсон (Ёохан 5:22; Еврей 6:20).

Та хэзээ ч, хаана ч Еховад залбирч болно

10. Залбирахад байрлал чухал уу? Тайлбарлана уу.

10 Залбирахад байрлал чухал уу? Үгүй. Ехова биднээс заавал сууж, сөхөрч эсвэл зогсож залбирахыг шаарддаггүй. Залбирахад тусгай байрлал бус, хүндэтгэлтэй байх нь чухал гэдгийг Библид онцолсон байдаг (Шастирын дээд 17:16; Нехемиа 8:6; Даниел 6:10; Марк 11:25). Хамгийн гол нь чин сэтгэлээсээ залбирах ёстой. Бид чанга эсвэл дотроо залбирч болдог. Бас хаана ч, хэзээ ч залбирч болно. Биднийг дотроо залбирахад хүмүүс анзаарахгүй байж болох ч Ехова сонсдог (Нехемиа 2:1–6).

11. Юуны тухай залбирч болох вэ?

11 Юуны тухай залбирч болох вэ? Бурхны таалалд нийцдэг юуны ч тухай залбирч болно. «Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог» гэж Библид бий (1 Ёохан 5:14). Хувийн асуудлынхаа тухай залбирч болох уу? Бололгүй яах вэ! Еховад залбирах нь дотнын найзтайгаа ярихтай адил юм. Санасан бодсоноо илэн далангүй хэлээрэй (Дуулал 62:8). Зөв юм хийхийн тулд агуу хүчийг нь гуйж байгаарай (Лук 11:13). Мөн зөв шийдвэр гаргах мэргэн ухаан, хүнд бэрхийг давах хүч гуйх нь чухал (Яаков 1:5). Бас нүглээ уучлуулахыг гуйж залбирах хэрэгтэй (Эфэс 1:3, 7). Түүнээс гадна бусад хүний төлөө, түүний дотор гэр бүл, итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбираарай (Үйлс 12:5; Колосай 4:12).

12. Юуны тухай залбирах нь хамгийн чухал бэ?

12 Юуны тухай залбирах нь хамгийн чухал бэ? Еховагийн тухай, санаа зорилгынх нь тухай залбирах нь хамгийн чухал. Бас бидний төлөө хийсэн бүхэнд нь Ехова Бурхандаа сэтгэл зүрхнийхээ угаас талархан залбирах учиртай (Шастирын дээд 29:10–13). Есүс шавь нартаа яаж залбирахыг заахдаа үүнийг онцолсон (Матай 6:9–13-ыг уншина). Юуны түрүүнд Бурхны нэр ариусаасай, Хаант төр нь ирээсэй, санаа зорилго нь дэлхий дээр биелээсэй гэж залбирахыг Есүс хэлж өгсөн. Эдгээр чухал зүйлийн тухай залбирсныхаа дараа л хувийн асуудлынхаа талаар залбирах хэрэгтэй. Бид Еховагийн тухай, санаа зорилгынх нь талаар эхлээд залбирдаг бол юуг эн тэргүүнд тавьдгаа харуулна.

13. Хэр удаан залбирч болох вэ?

13 Хэр удаан залбирч болох вэ? Библид энэ тухай тодорхой бичээгүй. Хэр удаан залбирах нь нөхцөл байдлаас шалтгаалдаг. Хоол идэхийн өмнө товч залбирч болно. Сэтгэлээ уудлан эсвэл талархлаа илэрхийлэн удаан залбирах ч үе байдаг (1 Самуел 1:12, 15). Гэхдээ Есүсийн үеийн зарим хүн шиг олны анхаарлыг татах гэж удаан залбирах ёсгүй (Лук 20:46, 47). Ехова тийм залбирлыг таашаадаггүй. Хамгийн гол нь залбирал чин сэтгэлийнх байх ёстой.

14. Хэр олон удаа залбирч болох вэ? Эндээс Еховагийн тухай юу мэдэж болох вэ?

14 Хэр олон удаа залбирч болох вэ? Ехова өөрт нь тогтмол залбираасай гэж хүсдэг. Библид «залбираад ... бай», «тасралтгүй залбир» гэж байдаг (Матай 26:41; Ром 12:12; 1 Тесалоник 5:17). Ехова биднийг сонсоход хэзээд бэлэн. Еховагийн хайр, өгөөмөр сэтгэлд нь өдөр бүр талархах учиртай. Мөн удирдаж, тайвшруулж, тэнхрүүлж өгөхийг гуйх хэрэгтэй. Бид залбирах завшаанаа өндөр үнэлдэг бол Еховатай ярих боломж бүрийг алдалгүй ашиглана.

15. Залбирлынхаа төгсгөлд яагаад «амен» гэж хэлдэг вэ?

15 Залбирлынхаа төгсгөлд яагаад «амен» гэж хэлдэг вэ? «Амен» гэдэг үг нь «ёсоор болтугай», «хэлснээр болог» гэсэн утгатай. Залбирлынхаа төгсгөлд «амен» гэж хэлбэл чин сэтгэлээсээ залбирснаа харуулна (Дуулал 41:13). Хэн нэг хүн олныг төлөөлж залбирсны дараа бид дотроо эсвэл чангаар «амен» гэж хэлэх нь залбирсан хүнтэй санал нэг байгаагаа харуулж байна гэсэн үг (Шастирын дээд 16:36; 1 Коринт 14:16).

БУРХАН ЗАЛБИРАЛД ЯАЖ ХАРИУЛДАГ ВЭ?

16. Ехова залбиралд үнэхээр хариулдаг уу?

16 Ехова залбиралд үнэхээр хариулдаг уу? Тэгэлгүй яах вэ! Еховаг «залбирлыг сонсдог Нэгэн» гэж Библид бичсэн байдаг (Дуулал 65:2). Сая сая хүний чин сэтгэлийн залбирлыг чих тавин сонсож, янз бүрээр хариулдаг.

17. Ехова тэнгэрийн элчүүд болон дэлхий дэх үйлчлэгчдээрээ дамжуулан залбиралд яаж хариулдаг вэ?

17 Ехова тэнгэрийн элчүүд болон дэлхий дэх үйлчлэгчдээрээ дамжуулан залбиралд хариулдаг (Еврей 1:13, 14). Библийг ойлгоход эсвэл Бурхныг таньж мэдэхэд туслаач гэж залбирсан даруйдаа Еховагийн Гэрчүүдтэй уулзсан хүмүүс олон бий. Энэ нь тэнгэрийн элчүүд дэлхий даяар «сайн мэдээ» тунхаглах ажилд оролцдогийн нэг баталгаа юм (Илчлэл 14:6-г уншина). Үйлчлэгчид нь тулгарч буй бэрхшээл, хэрэгтэй байгаа зүйлийнхээ талаар залбирахад Ехова итгэл нэгтнүүдээр нь туслуулж, залбиралд нь хариулсан жишээ олон байдаг (Сургаалт үгс 12:25; Яаков 2:16).

Ехова итгэл нэгтнүүдээр маань туслуулж залбиралд хариулдаг

18. Ехова агуу хүч, Библиэр дамжуулан залбиралд яаж хариулдаг вэ?

18 Ехова бас агуу хүчээрээ залбиралд хариулдаг. Бэрхшээлийг даван туулахад туслахыг гуйн залбирахад агуу хүчээрээ удирдаж, хүч тэнхээ өгдөг (2 Коринт 4:7). Түүнээс гадна Ехова Библиэр дамжуулан залбиралд хариулж, зөв шийдвэр гаргахад тусалдаг. Та Библи уншиж байхдаа яг хэрэгтэй Библийн зүйлээ олж болох юм. Эсвэл танд яг хэрэгтэй зүйлийг Ехова цуглааны үеэр хэн нэгнээр хариулуулах юм уу ахлагчаар дамжуулан залбиралд тань хариулах нь бий (Галат 6:1).

19. Ехова яагаад заримдаа залбиралд шууд хариулдаггүй вэ?

19 «Миний залбиралд яагаад хариулахгүй байгаа юм бол?» гэж бодогдох үе танд байж магадгүй. Гэхдээ Ехова залбиралд маань хэзээ, яаж хариулахаа мэддэгийг санаарай. Бас бидэнд юу хэрэгтэй байгааг мэддэг. Заримдаа гуйсан зүйлээ үнэхээр хүсэж байгаагаа, гуйлтыг маань заавал сонсоно гэдэгт итгэдгээ харуулж уйгагүй залбирах үе байдаг (Лук 11:5–10). Ехова бидний залбиралд бодсоноос өөрөөр хариулах нь бий. Жишээлбэл сорилтыг арилгалгүй, тэвчих хүч өгч болох юм (Филиппой 4:13-ыг уншина).

20. Еховад яагаад тогтмол залбирах ёстой вэ?

20 Залбирал бол хосгүй завшаан билээ! Ехова залбирлыг маань сонсдог гэдэгт эргэлзэх учиргүй (Дуулал 145:18). Тогтмол, чин сэтгэлээсээ залбирах тусам Еховатай улам дотносно.