Skip to content

Гарчиг руу орох

АСУУЛТ 6

Яавал үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байх вэ?

Яавал үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байх вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байвал чи өөрөө өөртөө эзэн байна. Бусдыг аялдан дагахгүй.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Ангийнх нь хоёр хүүхэд өөдөөс нь ирж явааг Баяраа хараад сандарч эхлэв. Энэ долоо хоногт хоёр ч удаа түүнийг тамхи тат гэж тулгажээ. Одоо гурав дахь нь болох нь.

Эхнийх нь ингэж хэлнэ:

«Ганцаараа явж байгаа юм уу? Гоё юм өгье».

«Гоё юм» гэдэг үгээ их л онцолж хэлнэ. Халааснаасаа нэг юм гаргаж ирээд Баяраад өгөх гэнэ.

Гарт нь тамхи байв. Баяраа улам л сандарна.

«Үгүй, үгүй. Би уг нь хэлсэн шүү дээ. Би ...» гэж Баярааг хэлэхэд

Хоёр дахь нь яриаг нь таслан «Чи айгаад байгаа юм уу?» гэв.

Баяраа зоригтойгоор «Айсан хэн байгаа юм?» гэхэд

Хоёр дахь хүүхэд Баярааг хүзүүдэн «зүгээр ээ, авчих аа» гэж аятайхан хэлэв.

Эхний хүүхэд тамхиа Баяраад улам ойртуулж бариад «Бид хэнд ч хэлэхгүй ээ. Хэн ч мэдэхгүй» гэж аяархан хэлэв.

Чи Баяраагийн оронд байсан бол яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Баяраагийн ангийн хүүхдүүд юу хийж байгаагаа үнэхээр бодсон болов уу? Тэд анхнаасаа тамхи татдаг байсан болов уу? Үгүй л байх. Бусдын нөлөөнд автсан. Үеийнхэндээ таалагдах гэсэндээ тэднийг дагаж дуурайсан.

Хэрэв чи ийм байдалд орсон бол яах вэ? Үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байх арга байдаг уу?

  1. ЮУ БОЛОХЫГ ТӨСӨӨЛӨӨРЭЙ

    Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» гэж байдаг (Сургаалт үгс 22:3).

    Ямар дарамт учирч болохыг урьдаас мэдэж болдог. Жишээ нь, ангийн чинь хүүхдүүд тамхи зуучихсан өөдөөс чинь ирж байна. Ямар аюулд орж болзошгүйг урьдаас бодвол чи юу хийхээ мэднэ.

  2. БОДООРОЙ

    Библид «сайн мөс чанартай бай» гэж байдаг (1 Петр 3:16).

    «Энэ хүүхдүүдтэй нийлбэл эцэстээ юу болох вэ?» гэж бодож үзээрэй. Нэг хэсэгтээ тэдэнд таалагдаж болох юм. Гэвч дараа нь яах вэ? Ангийнхаа хүүхдүүдэд таалагдах гээд ямар хүн бэ гэдгээ мартах юм биш биз? (Египетээс гарсан нь 23:2)

  3. ШИЙДЭЭРЭЙ

    Библид «Мэргэн хүн болгоомжилдог» гэж байдаг (Сургаалт үгс 14:16).

    Бид гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хэзээ нэгэн цагт амсана. Библид зөв шийдвэр гаргасан Иосеф Иов Есүс нарын тухай гардаг. Бас буруу шийдвэр гаргасан Каин Есав Иудас нарын тухай гардаг. Харин чи ямар шийдвэр гаргах вэ?

Библид «итгэлтэйгээр үйлд» гэж байдаг (Сургаалт үгс 12:22). Үр дагавар нь ямар байхыг аль хэдийн бодсон, яахаа шийдсэн бол үзэл бодлоо илэрхийлэхэд чамд амар байна. Бас сайн үр дүнд хүрнэ.

Үеийнхээ хүүхдүүдэд лекц унших болох нь гэж санаа зовох хэрэггүй. Зоригтойгоор, «үгүй» гэж хэлээрэй. Бүр тодорхой болгоё гэвэл ингэж хэлж болно:

  • «Би оролцохгүй!»

  • «Би ингэдэггүй!»

  • «Би ийм юм хийдэггүйг та нар мэднэ шүү дээ!»

Хамгийн гол нь шууд, зоригтой хэлэх хэрэгтэй. Тэгвэл чамайг дарамтлаад байгаа хүүхэд яаж ч чадахгүй!

ХҮҮХДҮҮД ДООГЛООД БАЙВАЛ ЯАХ ВЭ?

Үеийнхнийхээ нөлөөнд автаж, удирдлагатай тоглоом нь болж болохгүй шүү!

Үеийн чинь хүүхдүүд дооглоод байвал яах вэ? «Яачихаад байгаа юм? Чи яасан хулчгар юм бэ?» гэвэл яах вэ? Ер нь хүүхдүүд бие биеэ ингэж дарамталдаг. Чи яах хэрэгтэй вэ? Хоёр арга байна.

  • Хүлээж авч болно. («Тийм. Би айж байна!» гэж хэлээд шалтгаанаа хэлнэ.)

  • Хариу шахалт үзүүлж болно. Татгалзаж байгаагийнхаа шалтгааныг хэлээд, үеийнхээ хүүхдүүдэд нэгийг бодуулах үг хэлж болно. («Чам шиг ийм ухаантай хүүхдийг тамхи татдаг гэж бодсонгүй!»)

Хүүхдүүд чамайг дооглоод л байвал холдож яваарай! Дэргэд нь байгаад байвал чамайг улам дарамтална. Яваад өгвөл чамайг яах ч үгүй.

Үеийнхэн чинь чамайг дарамтлахгүй байна гэж байхгүй. Гэхдээ яах ёстойгоо бодож шийдээд, үзэл бодлоо илэрхийлээрэй. Нөлөөнд нь битгий авт. Эцэст нь хэлэхэд, чи хүний хэлснээр байх албагүй! (Иошуа 24:15).