Skip to content

Гарчиг руу орох

АСУУЛТ 10

Библи надад тустай ном уу?

Библи надад тустай ном уу?

ҮҮНИЙГ ЯАГААД МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

«Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа» гэж Библид байдаг (2 Тимот 3:16). Энэ үг үнэн бол, чи Библиэс хэрэгтэй удирдлага заавар олж авна.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Дөлгөөн машин барьж яваад, огт таньж мэдэхгүй газар ороод ирэв. Гудамжны тэмдэг, барилга байшинг нь харвал очих ёстой газар нь биш байв. Төөрчээ. Дөлгөөн буруу замаар орчихжээ.

Чи Дөлгөөний оронд байсан бол яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Доорх хувилбараас сонгоорой:

  1. А. Зам асууна.

  2. Б. Газрын зураг харна. GPS ашиглана.

  3. В. Цаашаагаа яваад л байна. Тэгж байтал учир нь олдох биз.

В хувилбар хамгийн бага үр дүнтэй нь тодорхой байна.

Б хувилбар хамгийн ашигтай нь. Замд явахад газрын зураг, GPS хэрэг болдог.

Библи чамд яг үүнтэй адил ач тус хүргэнэ!

Хүмүүсийн хамгийн их уншдаг энэ ном ...

  • бэрхшээлийг давахад удирдлага болдог

  • өөрийгөө таньж, илүү сайн хүн болоход тустай

  • амьдралын хамгийн сайн замыг сонгоход тусална

ЧУХАЛ АСУУЛТ

Бид хэлд орж эхэлмэгцээ асуулт асуудаг.

  • Тэнгэр яагаад хөх өнгөтэй байдаг юм бэ?

  • Одыг юугаар хийсэн юм бол?

Арай том болоод өөр асуулт асуудаг.

Эдгээр бүх асуултын хариуг Библиэс олж болдог гэвэл ямар санагдаж байна вэ?

Олон хүн Библийг үлгэр домгийн, үеэ өнгөрөөсөн, ойлгоход хэцүү ном гэдэг. Библи үнэхээр тийм ном уу? Эсвэл энэ бол Библийн мэдлэгтэй гэдэг хүмүүсийн үзэл үү? Тэд ташаа мэдээлэл авсан байдаг юм болов уу?

Жишээ нь, Бурхан ертөнцийг захирдаг, тэгж Библид бичсэн байдаг гэж хүмүүс боддог. Үнэхээр тийм гэж үү? Бурхан захирдаг байсан бол ертөнц ийм байх уу? Өвчин зовлон, үхэл хагацал, ядуурал, гай гамшиг хаа сайгүй байна. Хайр халамжтай Бурхан энэ бүхнийг учруулдаг гэж үү?

Хариуг нь мэдмээр байна уу? Библид юу гэж байдгийг мэдээд чи гайхах байх!

Энэ товхимолд бичсэн зөвлөгөө Библид үндэслэснийг чи анзаарсан байх аа. Библи найдвартай удирдлага заавар өгдөг гэдэгт Еховагийн Гэрчүүд итгэдэг. Ингэж итгэх үндэс бий. Библи нь «Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай» (2 Тимот 3:16, 17). Эрт үед бичигдсэн мөртлөө одоо ч үнэ цэнтэй энэ номыг судлаарай.