Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 05

Библи бол хүмүүс бидэнд зориулсан Бурхны Үг

Библи бол хүмүүс бидэнд зориулсан Бурхны Үг

Ехова бидэнд Библи гэдэг гайхалтай бэлэг өгсөн. Библи 66 номоос бүрддэг. Гэхдээ та «Библийг хэн зохиож, яаж бичсэн юм бол?» гэж бодож байж болох юм. Библи бидний гар дээр хэрхэн ирсэн түүхтэй танилцаад хариуг нь мэдэж аваарай.

1. Библийг хүмүүс бичсэн юм бол Зохиогчийг нь яагаад Бурхан гэдэг вэ?

Библийг МЭӨ 1513 оноос МЭ 98 он хүртэлх 1 600-аад жилийн турш 40 орчим эрэгтэй хүн бичсэн. Мэдлэг боловсролоороо ялгаатай янз бүрийн хүн бичсэн ч бүх ном нь хоорондоо уялдаатай байдаг. Яагаад гэвэл Библийн Зохиогч нь Бурхан юм (1 Тесалоник 2:13-ыг уншина уу). Библийг бичсэн хүмүүс өөрсдийнхөө санааг бичээгүй. Харин «ариун хүчээр a удирдуул[ан] ... Бурхны илчилснийг хэлсэн» (2 Петр 1:21). Бурхан агуу хүчээ ашиглан хүмүүсээр санаа бодлоо бичүүлжээ (2 Тимот 3:16).

2. Библийг бүх хүн унших боломжтой юу?

Библид байдаг сайн мэдээний ач тусыг «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэн» хүртэнэ гэж Бурхан амласан (Илчлэл 14:6-г уншина уу). Үнэхээр ч Библи шиг олон хэлээр хэвлэгдсэн ном түүхэнд ер байхгүй. Хаана ч амьдардаг, ямар ч хэлээр ярьдаг хүн Библийг унших боломжтой.

3. Библийг хадгалж үлдээхийн тулд Ехова юу хийсэн бэ?

Библийг анх эдэлгээ муутай материал дээр бичдэг байжээ. Иймээс Библийг үнэн голоосоо эрхэмлэдэг хүмүүс нямбайлан хуулж бичдэг байв. Эрх мэдэлтнүүд Библийг бүрмөсөн устгахыг оролдож байсан ч олон хүн амь насаараа хамгаалахад бэлэн байлаа. Еховаг бидэнд Үгээ хүргэхэд хэн ч, юу ч саад болж чадаагүй. «Бидний Бурханы үг мөнхөд тогтоно» гэж Библид байдаг билээ (Исаиа 40:8).

УХАЖ ОЙЛГОЁ

Бурхан Библийг хэрхэн бичүүлж, хадгалж үлдээснийг, хүн төрөлхтөнд хэрхэн хүртээлтэй болгосныг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

4. Библиэс Зохиогчийнх нь тухай ихийг мэдэж болно

ВИДЕОГ хамт үзээрэй. Дараа нь 2 Тимот 3:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийг хүмүүс бичсэн ч яагаад Бурхны Үг гэдэг вэ?

  • Бурхан санаа бодлоо хүмүүсээр бичүүлсэн гэдэгт та итгэж байна уу?

Нарийн бичиг захирлынхаа өмнөөс захиа бичдэг ч санаа нь захирлынх байдаг. Үүнтэй адилаар, Библийг хүмүүс бичсэн ч санаа нь Бурхных юм

5. Библи ширүүн эсэргүүцлийг давж гарсан нь

Бурхан бичүүлсэн номоо хамгаалсан. Эрх мэдэлтнүүд Библийг устгахыг оролдсоор иржээ. Мөн шашны удирдагчид ард олноос нуун дарагдуулдаг байв. Гэлээ ч олон хүн Библийг хадгалж үлдээхийн тулд эсэргүүцлийг үл тоон амь насаараа дэнчин тавин хамгаалж байсан юм. Тэдний нэг бол Уильям Тиндал. ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийг хадгалж үлдээхийн төлөө хүмүүс ямар их сэтгэл зүтгэл гаргасныг мэдээд танд Библи унших хүсэл төрж байна уу? Яагаад?

Дуулал 119:97-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүмүүс яагаад амь насаараа дэнчин тавин байж Библийг орчуулж, олны хүртээл болгосон бэ?

6. Бүх хүнд зориулсан ном

Библи бол түүхэнд хамгийн олон хэлээр орчуулагдаж, хамгийн өргөн тархсан ном билээ. Үйлс 10:34, 35-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бурхан Библийг яагаад олон хэлээр орчуулж, түгээхийг хүсдэг вэ?

  • Библи танд юугаараа гайхалтай санагдаж байна вэ?

Дэлхийн хүн амын бараг

100%

мэддэг хэлээрээ Библи унших боломжтой

3 000

гаруй хэлээр

бүтнээрээ болон хэсэгчлэн гарсан

5 000 000 000

орчим хувь хэвлэгдсэн нь

бусад номыг хол давдаг

ЗАРИМ ХҮН: «Библи бол хүний бичсэн байдаг л нэг судар шүү дээ» гэдэг.

  • Та юу гэж бодож байна вэ?

  • Библийг Бурхны Үг гэдгийг юу баталдаг вэ?

ДҮГНЭЛТ

Библи бол Бурхны Үг юм. Бурхан Библийг бүх хүнд хүртээмжтэй болгосон.

Давтах асуулт

  • Бурхан агуу хүчээрээ хүмүүсийг яаж удирдаж Библийг бичүүлсэн бэ?

  • Библийн талаарх тоо баримт, түүхийг мэдээд танд юу нь биширмээр санагдсан бэ?

  • Бурхан танд Үгээ хүргэхийн тулд юу хийснийг мэдээд ямар санагдаж байна вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Библи анх хэрхэн бичигдэж, өдгөө олон хэлээр орчуулагдсан тухай түүхийг уншаарай.

«Библи бидний гар дээр хэрхэн ирсэн бэ?» («Сэрцгээ!», 2007 оны 11-р сар)

Библи ямар гурван саадыг давж олны хүртээл болсныг мэдэж аваарай.

«Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2016 №4)

Библийг олон удаа хуулан бичиж, орчуулсан. Тэгвэл агуулга нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэдэгт яагаад итгэж болох вэ?

«Библийг хүн өөрчилж эсвэл зохиож бичсэн үү?» (Веб өгүүлэл)

a Ариун хүч гэдгээр Бурхны аливааг хийхдээ ашигладаг хүчийг хэлдэг. Бас агуу хүч гэдэг. Энэ талаар 7-р хичээлээр үзнэ.