Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 09

Залбирч Бурхантай ойр дотно болоорой

Залбирч Бурхантай ойр дотно болоорой

Таны амьдралд яахаа ч мэдэхээ больсон үе байсан уу? Хариуг нь мэдмээр байгаа чухал асуултууд танд бий юү? Танд тайвшрал, урам зориг хэрэгтэй байна уу? Еховатай улам дотносмоор байна уу? Тэгвэл залбирах хэрэгтэй гэсэн үг. Харин яаж залбирах нь зөв бэ? Бурхан бүх хүний залбирлыг сонсдог уу? Залбирлаа сонсгохын тулд та яах хэрэгтэй вэ? Мэдэж авцгаая.

1. Хэнд залбирах ёстой вэ? Юуны тухай залбирах вэ?

Биднийг зөвхөн тэнгэрийн Эцэгтээ залбирах ёстойг Есүс заасан. Есүс Еховад залбирдаг байсан. Тэрбээр: «Тиймээс ийнхүү залбир» гээд «Тэнгэрийн Эцэг минь ...» гэж залбирахыг захижээ (Матай 6:9). Еховад залбираад байвал нөхөрлөл тань зузаарна.

Бид бараг бүх юмны тухай залбирч болно. Гэхдээ Бурхнаас залбирлынхаа хариуг авъя гэвэл хүсэл таалалд нь нийцүүлж залбирах ёстой. «Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог» (1 Ёохан 5:14). Есүс юу юуны талаар залбирч болохыг жишээ болгон хэлсэн байдаг (Матай 6:9–13-ыг уншина уу). Хувийн асуудлаа хэлэхээс гадна Бурханд талархахаа, бусдын төлөө залбирахаа мартаж болохгүй.

2. Хэрхэн залбирах вэ?

Библи бидэнд «[Бурхны] өмнө зүрхээ нээ» гэж уриалдаг (Дуулал 62:8). Тиймээс бид чин сэтгэлээсээ залбирах ёстой. Заавал суух, сөхрөх эсвэл зогсох шаардлагагүй. Гол нь хүндэтгэлтэй байх нь чухал. Чанга эсвэл дотроо залбирч болно. Хэзээ ч, хаана ч залбирсан Бурхан сонсоно.

3. Бурхан залбиралд яаж хариулдаг вэ?

Олон аргаар хариулдаг. Тухайлбал, бидэнд Библийг өгсөн. Бид Библиэс асуултуудынхаа хариуг олдог. Бурхны Үг «гэнэнийг ухаантай болгодог» (Дуулал 19:7; Яаков 1:5-ыг уншина уу). Хүнд хэцүү үед Ехова сэтгэл санааг маань тайван байлгадаг. Яг хэрэгтэй үед үйлчлэгчдээрээ туслуулдаг.

УХАЖ ОЙЛГОЁ

Бурхны таалалд нийцүүлэн хэрхэн залбирахыг, залбирах нь танд ямар ач тустайг мэдэж аваарай.

4. Бурхан ямар хүний залбирлыг сонсдог вэ?

Бурхан ямар хүний залбирлыг хүлээн авдаг вэ? ВИДЕОГ хамт үзээрэй.

Ехова биднийг өөрт нь залбираасай гэж хүсдэг. Дуулал 65:2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • «Залбирлыг сонсдог Нэгэн» таныг залбираасай гэж хүсдэг болов уу? Та яагаад тэгж бодож байна вэ?

Залбирлаа Бурханд сонсгоё гэвэл хэм хэмжээнийх нь дагуу амьдрах ёстой. Мика 3:4; 1 Петр 3:12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховад залбирлаа сонсгоё гэвэл яаж амьдрах ёстой вэ?

Дайтаж буй хоёр тал ялалт гуйж залбирвал Бурхан залбиралд нь хариулна гэж үү?

5. Залбирал чин сэтгэлийнх байх учиртай

Зарим хүн нэг залбирлаа үг үсэггүй давтах ёстой гэж заалгасан байдаг. Гэхдээ Бурхан биднийг тэгж залбираасай гэж хүсдэг үү? Матай 6:7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Залбирахдаа нэг үгээ дахин дахин давтахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

Өдөр бүр өөр өөр юмны төлөө Еховад талархан залбираарай. Ингэж долоо хоног залбирахад л нэг юмаа давталгүй долоон өөр юмны тухай залбирна гэсэн үг.

Сайн аав хүүхдээ чин сэтгэлээсээ яриасай гэж хүсдэг шиг Ехова биднийг сэтгэлээсээ залбираасай гэж хүсдэг

6. Залбирал бол Бурхны бэлэг

Байнга залбирах, тэр дундаа хэцүү үедээ залбирах нь яагаад тустай вэ? ВИДЕОГ хамт үзээрэй.

Залбирвал сэтгэл санаа тайван болно гэж Библид бичсэн байдаг. Филиппой 4:6, 7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Залбирсан ч бүх асуудал шийдэгдэхгүй байж болох юм. Гэлээ ч залбирах нь яагаад чухал вэ?

  • Та юу юуны тухай залбирмаар байна вэ?

Танд сонирхуулахад

«Амен» гэдэг үг «Ёсоор болтугай», «Хэлснээр болог» гэсэн утгатай. Залбирлынхаа төгсгөлд «амен» гэж хэлдэг нь Библи бичигдэж байх үеэс улбаатай (Шастирын дээд 16:36).

7. Залбирах цаг гаргаж байгаарай

Бид заримдаа ажил ихтэйгээсээ болоод залбирахаа мартчих гээд байдаг. Есүс залбирахыг хэр чухалд үздэг байсан бэ? Матай 14:23; Марк 1:35-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс залбирах цаг яаж гаргадаг байсан бэ?

  • Та хэзээ цаг гаргаж залбирмаар байна вэ?

ЗАРИМ ХҮН: «Залбирах нь сэтгэлээ засах төдий зүйл» гэдэг.

  • Та юу гэж боддог вэ?

ДҮГНЭЛТ

Сэтгэлээсээ залбирвал Бурхантай дотносож, сэтгэл уужирч, Бурханд таалагдах юмыг хийх урам зоригтой болдог.

Давтах асуулт

  • Хэнд залбирах ёстой вэ?

  • Хэрхэн залбирах вэ?

  • Залбирах нь ямар ач тустай вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Залбирлын тухай хүмүүсийн байнга тавьдаг асуултын хариуг уншаарай.

«Залбирлын тухай 7 асуултын хариу» («Харуулын цамхаг», 2010 оны 10-р сарын 1)

Яагаад залбирах хэрэгтэйг, залбирлынхаа агуулгыг яаж баяжуулахыг мэдэж аваарай.

«Би яагаад залбирах хэрэгтэй вэ?» (Веб өгүүлэл)

Хэнд залбирах ёстой гэж Библид бичсэн байдгийг уншаарай.

«Гэгээнтнүүдэд залбирах нь зөв үү?» (Веб өгүүлэл)

Хэзээ, хаана залбирч болохыг энэ дууны клипээс үзээрэй.

«Дандаа залбиръя» (1:22)