Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 10

Еховагийн Гэрчүүдийн цуглаан танд ямар ашиг тустай вэ?

Еховагийн Гэрчүүдийн цуглаан танд ямар ашиг тустай вэ?

Та Еховагийн Гэрчүүдийн цуглаанд сууж байсан уу? Сууж үзээгүй бол, цуглаанд очно гэхээр сандарч байж болох юм. Бас «Цуглаан дээр нь юу болдог юм бол? Цуглаанд суух нь яагаад чухал вэ? Би яагаад суух ёстой гэж?» гэж бодогдож болох юм. Энэ хичээлээр, цуглаанд суух нь Бурхантай улам дотносоход болон амьдралд тань ямар тустайг мэдэж аваарай.

1. Цугладгийн маань гол шалтгаан юу вэ?

Библийн нэг бичигч цуглаанд очихын гол шалтгааныг ийн бичжээ. «Цуглаануудад би [Еховаг] магтана» (Дуулал 26:12). Өнөө үед ч Еховагийн Гэрчүүд цуглаанд суугаад асар их баяр баясгалан эдэлдэг. Дэлхий даяар Гэрчүүд долоо хоног бүр цуглан Бурхнаа магтаж, дуулж, залбирдаг. Бас жилд хэд хэдэн удаа том хэмжээний уулзалт зохион байгуулдаг.

2. Та манай цуглаанаас юу мэдэж авах вэ?

Цуглаан дээр Бурхны Үгээс зааж «тайлбарладаг» (Нехемиа 8:8-ыг уншина уу). Та цуглаанд суувал Еховагийн тухай, олон сайхан зан чанарынх нь тухай мэдэж авна. Таныг гэсэн хайрыг нь мэдрэх тусам та Бурхантай улам дотносно. Мөн сэтгэл хангалуун амьдрахад Бурхан яаж тусалдгийг мэдэж авна (Исаиа 48:17, 18).

3. Цуглаанд очдог хүмүүстэй танилцах нь ямар ач тустай вэ?

Ехова бидэнд «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, ... үргэлж цуглаж» байхыг зөвлөдөг (Еврей 10:24, 25). Та цуглаанд очсоноор бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг, Бурхныг таньж мэдэхийг тан шиг хүсдэг хүмүүстэй уулзана. Библиэс урам зоригийг тань бадраах юм ярихыг нь сонсоно (Ром 1:11, 12-ыг уншина уу). Бас янз бүрийн асуудалтай ч жаргалтай амьдардаг ганц бие хүмүүс болон гэр бүлүүдтэй ярилцах боломжтой. Ехова биднийг тогтмол цуглаасай гэж хүсдэг шалтгааны цөөн хэд нь энэ юм.

УХАЖ ОЙЛГОЁ

Еховагийн Гэрчүүдийн цуглаан яаж явагддагийг, цуглаанд суухын тулд хичээж мэрийх нь яагаад чухал болохыг мэдэж аваарай.

4. Еховагийн Гэрчүүдийн цуглаан

I зуунд Христийн дагалдагчид Еховаг шүтэхээр тогтмол цугладаг байжээ (Ром 16:3–5). Колосай 3:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Христийн эртний дагалдагчид Еховаг яаж шүтдэг байсан бэ?

Өнөө үед ч Еховагийн Гэрчүүд цуглааныхаа танхимд тогтмол цугладаг. ВИДЕОГ хамт үзэж цуглаанаа яаж явуулдгийг нь мэдэж аваарай. Дараа нь цуглааныг дүрсэлсэн зургийг үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Цуглааны танхимд юу юу болдог вэ? Энэ нь Колосай 3:16-д бичсэнтэй юугаараа адилхан байна вэ?

  • Видео болон зурган дээрээс, өөр сонирхолтой санагдсан юм танд байсан уу?

2 Коринт 9:7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховагийн Гэрчүүдийн цуглаан яагаад үнэ төлбөргүй болдог вэ?

Энэ долоо хоногийн цуглааны хөтөлбөрийг багштайгаа хамт үзээрэй.

  • Хөтөлбөрийн аль хэсэг танд хамгийн сонирхолтой эсвэл хэрэгтэй санагдаж байна вэ?

Танд сонирхуулахад

jw.org сайтад дэлхий даяар болдог цуглаануудын хаяг, байршил, цагийн хуваарийг бичсэн байдаг.

  • А. Цуглаан дээр илтгэл сонсож, видео үзэж, ярих болон заах чадвар эзэмшдэг. Цуглааны эхэнд, төгсгөлд дуу дуулаад залбирдаг

  • Б. Цуглааны зарим хэсгийг хэлэлцүүлэг маягаар явуулдаг

  • В. Гэр бүл, ганц бие хүмүүс, настан буурлууд, хүүхэд залуус гээд бүх хүнд нээлттэй

  • Г. Цуглаан үнэ төлбөргүй. Еховагийн Гэрчүүд мөнгө хураадаггүй, хандивын уут дамжуулдаггүй

5. Цуглаанд тогтмол явахын тулд хичээж мэрийх хэрэгтэй

Есүсийн гэрийнхний тухай бодоод үзье. Тэднийх жил бүр сүмд очихын тулд Назараас Иерусалим хүртэл уулархаг нутгаар 100-аад км зам туулдаг байжээ. Лук 2:39–42-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Таны бодлоор, Иерусалим руу явах амархан байсан болов уу?

  • Таныг цуглаанд явахад ямар саад бэрхшээл тулгарч магадгүй вэ?

  • Хичээж мэрийгээд цуглаанд явсны хэрэг гарах болов уу? Яагаад?

Еховаг шүтэхээр цуглах нь маш чухал гэж Библид бичсэн байдаг. Еврей 10:24, 25-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Цуглаанд яагаад тогтмол суух хэрэгтэй вэ?

ЗАРИМ ХҮН: «Заавал цуглаанд явах хэрэггүй. Гэртээ Библи уншихад л болно» гэдэг.

  • Ехова биднийг цуглаанд яваасай гэж хүсдэгийг Библийн ямар зүйл, жишээ харуулдаг вэ?

ДҮГНЭЛТ

Цуглаанд сууснаар Еховагийн тухай илүү ихийг сурч мэдэж, түүнтэй улам дотносож, хамтдаа Еховаг шүтнэ.

Давтах асуулт

  • Ехова биднийг яагаад цуглаасай гэж хүсдэг вэ?

  • Та Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очвол юу мэдэж авах вэ?

  • Цуглаанд очих нь өөр ямар ач тустай гэж та бодож байна вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Цуглаанд очно гэхээр сандраад байвал яах вэ? Нэг хүн яагаад цуглаанд явах дуртай болсныг үзээрэй.

«Биднийг яаж угтаж авсныг ерөөсөө мартдаггүй юм» (4:16)

Нэг залууд цуглаан хэр их таалагдсан бэ? Цуглаанд тогтмол явахын тулд юу хийсэн бэ?

«Цуглаан миний хувьд маш чухал» (4:33)

Цуглаанд явах талаар хүмүүс ямар бодолтой байдгийг уншаарай.

«Яагаад цуглаанд очих хэрэгтэй вэ?» (Веб өгүүлэл)

Дээрэмчдийн бүлэглэлийн гишүүн байсан хүн Еховагийн Гэрчүүдийн цуглаанд суугаад амьдрал нь яаж өөрчлөгдсөнийг мэдэж аваарай.

«Би хаа ч явсан буутай явдаг байсан» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2014 оны 7-р сарын 1)