Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 16

Есүс дэлхий дээр байхдаа юу хийсэн бэ?

Есүс дэлхий дээр байхдаа юу хийсэн бэ?

Олон хүн Есүсийг нялх хүүхэд, цовдлуулсан хүн эсвэл зүгээр нэг сайн хүн гэж төсөөлдөг. Гэхдээ Есүсийн дэлхий дэх амьдралыг судалбал илүү ихийг мэдэх боломжтой. Энэ хичээлээр Есүс юу юу хийж бүтээснийг, энэ нь танд ямар ач холбогдолтойг үзнэ.

1. Есүсийн гол ажил юу байсан бэ?

«Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг ... тунхаглах» нь Есүсийн гол ажил байв (Лук 4:43-ыг уншина уу). Тэр нь ямар сайн мэдээ вэ? Бурхан хүн төрөлхтний бүх асуудлыг шийдвэрлэх Хаант төрийг буюу засгийн газрыг байгуулна гэсэн мэдээ юм. a Есүс ядарч цуцахыг үл мэдэн энэ мэдээг гурван жил хагас тунхагласан (Матай 9:35).

2. Есүс яагаад гайхамшиг үйлддэг байсан бэ?

Ехова Есүсээр «агуу үйлс, гайхамшиг үйлдүүлсэн» гэж Библид байдаг (Үйлс 2:22). Бурхны өгсөн хүчээр Есүс байгалийн хүчийг захирч, мянга мянган хүнийг хооллож, өвчтэйг эдгээж, нас барсан хүмүүсийг хүртэл амилуулсан (Матай 8:23–27; 14:15–21; Марк 6:56; Лук 7:11–17). Эдгээр нь Есүсийг Бурхан илгээснийг баталдаг. Мөн бидэнд тулгардаг бүх асуудлыг Ехова шийдэж чадахыг баталдаг.

3. Есүс бидэнд ямар үлгэр дуурайл үлдээсэн бэ?

Есүс хэзээ ямагт Еховад дуулгавартай байсан (Ёохан 8:29-ийг уншина уу). Эсэргүүцэл хавчлага тулгарсан ч үхэн үхтэлээ Эцгийнхээ хүслийг биелүүлсэн. Бэрх үед ч хүн Бурханд үнэнч байж болдгийг Есүс баталсан. Ийнхүү «мөрөөрөө яг таг дагуулахын тулд [бидэнд] үлгэр дуурайл үлдээсэн» (1 Петр 2:21).

УХАЖ ОЙЛГОЁ

Есүс хэрхэн сайн мэдээ тунхаглаж, гайхамшиг үйлддэг байсныг авч үзье.

4. Есүс сайн мэдээ тунхагласан

Есүс аль болох олон хүнд сайн мэдээ тунхаглахын тулд тоос шороотойд ч ажрахгүй олон зуун километр замыг явган туулсан. Лук 8:1-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс өөр дээр нь ирсэн хүмүүст л дэлгэрүүлдэг байсан уу?

  • Есүс хүмүүсийг олж уулзахын тулд хэр их хичээсэн бэ?

Мессиаг сайн мэдээ тунхаглана гэж Бурхан зөгнөсөн. Исаиа 61:1, 2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс энэ зөгнөлийг яаж биелүүлсэн бэ?

  • Та энэ сайн мэдээг өнөө үед ч хүмүүст хэрэгтэй гэж бодож байна уу?

5. Есүс үнэтэй сургаал заасан

Есүс Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглахаас гадна амьдралд хэрэгтэй сургаал заадаг байсан. Алдарт «Уулан дээр айлдсан сургаал»-аас нь хэдэн жишээ авч үзье. Матай 6:14, 34; 7:12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс амьдралд хэрэгтэй ямар ямар зөвлөгөө өгсөн байна вэ?

  • Таны бодлоор эдгээр зөвлөгөө өнөө үед ч үнэ цэнтэй юү?

6. Есүс олон гайхамшиг үйлдсэн

Ехова Есүст гайхамшиг үйлдэх хүч өгсөн. Есүсийн үйлдсэн нэг гайхамшгийн тухай Марк 5:25–34-ийг унших юм уу ВИДЕОГ хамт үзээд мэдэж аваарай. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Өвчтэй эмэгтэй юунд бат итгэлтэй байсан бэ?

  • Энэ гайхамшгийн юу нь танд сайхан санагдаж байна вэ?

Ёохан 5:36-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс гайхамшиг үйлддэг байсан нь юуг «гэрчилдэг» буюу баталдаг вэ?

Таны мэдлэгт

Матай, Марк, Лук, Ёохан гэсэн Библийн 4 номд Есүсийн амьдралын талаарх ихэнх мэдээлэл байдаг. Энэ 4 номыг «Евангели», «Сайн мэдээний ном» гэх нь бий. Бүгдийг нь уншиж судалбал Есүсийн чухам ямар хүн байсныг сайн ойлгоно.

  • МАТАЙ

    Сайн мэдээний анхны номыг бичсэн хүн. Есүсийн сургаалыг, ялангуяа Бурхны Хаант төрийн тухай юу гэж заасныг нь онцолж бичсэн.

  • МАРК

    Сайн мэдээний хамгийн богино номыг бичсэн. Сэтгэл хөдөлгөм маш олон үйл явдлыг өгүүлдэг.

  • ЛУК

    Есүс залбирлыг хэр чухалд үздэг, эмэгтэйчүүдтэй яаж харьцдаг байсныг онцолдог.

  • ЁОХАН

    Есүсийг анд найзуудтайгаа болон бусадтай юу ярьсныг дэлгэрэнгүй бичсэн. Үүнээс нь Есүсийн зан чанарыг мэдэх боломжтой.

ЗАРИМ ХҮН: «Есүс зүгээр л нэг сайн хүн байсан шүү дээ» гэдэг.

  • Та юу гэж бодож байна вэ?

ДҮГНЭЛТ

Есүс Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлж, гайхамшиг үйлдэж, цаг ямагт Еховад дуулгавартай байв.

Давтах асуулт

  • Есүс дэлхий дээр голчлон юу хийдэг байсан бэ?

  • Есүсийн үйлдсэн гайхамшгууд юуг баталдаг вэ?

  • Есүс амьдралд хэрэгтэй ямар сургаал заасан бэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Есүсийг эрх ашгаа хойш нь тавьж амьдарсныг мэдээд нэг хүн амьдралаа яаж өөрчилснийг уншаарай.

«Өөрийгөө л бодож амьдардаг байлаа» («Харуулын цамхаг», 2014 оны 10–12 сар)

Есүсийн амьдралын гол үйл явдлуудыг он цагийн дарааллаар нь мэдэж аваарай.

«Есүсийн дэлхий дэх амьдралын гол үйл явдал» («Бурхны Үгийг судлах хөтөч», 4-р хэсэг)

a 31–33-р хичээлээр Бурхны Хаант төрийн тухай дэлгэрэнгүй үзнэ.