Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 42

Ганц бие байх, гэрлэх тухай Библид юу гэж байдаг вэ?

Ганц бие байх, гэрлэх тухай Библид юу гэж байдаг вэ?

Зарим хүн гэрлэхгүй л бол жаргал үзэхгүй гэж боддог. Гэхдээ гэрлэсэн хүн бүр жаргалтай амьдардаггүй. Нөгөөтээгүүр ганц бие мөртлөө жаргалтай байдаг хүн олон. Библид ганц бие байхыг ч, гэрлэхийг ч Бурхны бэлэг гэсэн байдаг.

1. Ганц бие байхын давуу тал юу вэ?

Библид «Гэрлэсэн нь сайн, гэрлээгүй бол бүр ч сайн» гэж байдаг (1 Коринт 7:32, 33, 38-ыг уншина уу). Яагаад «гэрлээгүй бол бүр ч сайн» гэсэн бэ? Ганц бие хүн хань ижилдээ санаа тавина гэх юм байхгүй учраас илүү эрх чөлөөтэй байдаг. Тэдэнд Еховад үйлчлэх олон сайхан боломж нээгддэг. Жишээлбэл сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд өөр газар нүүж очих боломж их гардаг. Хамгийн гол нь Еховатай дотносоход илүү их цаг зориулж чаддаг.

2. Хууль ёсоор гэрлэхийн давуу тал юу вэ?

Гэрлэх нь бас давуу талтай. Библид «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр» гэж байдаг (Номлогчийн үгс 4:9). Ялангуяа Библийн зарчмын дагуу амьдардаг гэр бүлүүд энэ үгийн үнэнийг биеэрээ мэдэрдэг. Хууль ёсоор гэр бүл болсон хосууд бие биеэ насан туршдаа хүндэлж, хайрлаж халамжилна гэж амладаг. Ийм хосууд гэр бүлээ батлуулалгүй хамтран амьдарч байгаа хосуудыг бодвол сэтгэл тайван амьдардаг. Хүүхдүүд нь ч тайван амгалан орчинд өсөж торнидог.

3. Ехова гэрлэлтийг юу гэж үздэг вэ?

Ехова анхны гэрлэх ёслолыг зохион байгуулж «Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болно» хэмээжээ (Эхлэл 2:24). Ехова эхнэр нөхөр хоёрыг бие биеэ насан туршдаа хайрлаж, үнэнч байгаасай гэж хүсдэг. Харин нэг нь завхайрвал гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрдөг. Ехова ийм тохиолдолд л салахыг зөвшөөрдөг. Буруугүй нэгэнд нь салах эсэхээ шийдэх эрх өгдөг a (Матай 19:9). Нэгээс олон эхнэр, нөхөртэй байхыг Ехова зөвшөөрдөггүй (1 Тимот 3:2).

УХАЖ ОЙЛГОЁ

Та ганц бие ч бай, гэрлэсэн ч бай жаргалтай байхын тулд яах хэрэгтэй вэ? Яавал Еховаг баярлуулах вэ? Хариуг нь мэдэж аваарай.

4. Ганц бие байхын давуу талаа ашиглаарай

Есүс ганц бие байхыг бэлэг гэж үздэг байсан (Матай 19:11, 12). Матай 4:23-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс ганц бие байсныхаа ачаар Эцэгтээ болон хүмүүст яаж үйлчилсэн бэ?

Ганц бие хүмүүс Есүсийг дуурайвал жаргалтай байна. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ганц бие хүмүүс давуу талаа яаж ашиглаж болох вэ?

Таны мэдлэгт

Хүн хэд хүрээд гэрлэж болох тухай Библид тодорхой заагаагүй. Харин хэтэрхий залуудаа гэрлэхгүй байхыг уриалдаг. Яагаад гэвэл бэлгийн дур хүсэл нь хүчтэй оргилж байх үедээ залуу хүн ухаалаг шийдвэр гаргаж чадахгүй байж болох юм (1 Коринт 7:36).

5. Ханиа зөв сонгох нь

Ханиа сонгох гэдэг бол хүний амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Матай 19:4–6, 9-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Гэрлэх асуудалд яагаад хөнгөн хуумгай хандаж болохгүй вэ?

Ханиа сонгохдоо юуг анхаарах хэрэгтэйг Библид бичсэн байдаг. Хамгийн гол нь Еховаг хайрладаг хүнийг сонгоорой. b 1 Коринт 7:39; 2 Коринт 6:14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Гэрлэх хүнээ яагаад Еховагийн үйлчлэгчдийн дундаас хайх ёстой вэ?

  • Еховаг хайрладаггүй хүнтэй суувал Еховад ямар санагдах бол?

Хоёр өөр амьтныг нэг буулганд оруулбал аль аль нь их зовно. Үүн шиг, Христийн дагалдагч хүн Еховаг хайрладаггүй хүнтэй суувал олон асуудалтай тулгарна

6. Еховатай адилхан үзэл бодолтой болоорой

Эртний Израйлд зарим эрэгтэй ялихгүй зүйлээс болж эхнэрээсээ салдаг байжээ. Малахи 2:13, 14, 16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийн үндэслэлгүй шалтгаанаар салахыг Ехова яагаад үзэн яддаг вэ?

Завхайрах юм уу ханиасаа салбал буруугүй хань ижил, үр хүүхдийнхээ сэтгэлийг шархлуулна

ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хань тань Еховаг хайрладаггүй байлаа ч гэр бүлээ жаргалтай байлгахын тулд та юу хийж болох вэ?

7. Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахиарай

Зарим хүн гэрлэлтийн талаарх Еховагийн хэм хэмжээг сахихын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. c Тэгж хичээдэг хүнийг Ехова ивээдэг. ВИДЕОГ хамт үзээрэй.

Еврей 13:4-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Гэрлэлтийн талаарх Еховагийн хэм хэмжээг сахих боломжтой гэж та бодож байна уу? Яагаад?

Ехова үйлчлэгчдээсээ хуулийн дагуу гэр бүлээ бүртгүүлэх юм уу цуцлуулахыг шаарддаг. Тит 3:1-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та гэр бүлтэй бол гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн үү?

ЗАРИМ ХҮН: «Яагаад заавал батлуулах ёстой гэж? Зүгээр хамт амьдрахад болохгүй юм юу байгаа юм бэ?» гэж асууж болох юм.

  • Тийм хүнд та юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Ганц бие байх нь ч, гэрлэх нь ч Еховагийн бэлэг юм. Ганц бие болон гэрлэсэн хүмүүсийн хэн хэн нь Еховагийн хэм хэмжээг сахивал жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна.

Давтах асуулт

  • Ганц бие хүн давуу талаа яаж ашиглаж болох вэ?

  • Библид яагаад Христийн дагалдагчтай л гэрлэ гэсэн байдаг вэ?

  • Гэр бүлээ цуцлуулах Библийн үндэслэлтэй цорын ганц шалтгаан юу вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

«Эзний дагалдагчтай л гэрлэх ёстой» гэдгийг юу гэж ойлгох вэ?

«Уншигчдын асуулт» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2004 оны 7-р сарын 1)

Нэг Гэрч эрэгтэй орхисон бүхнээсээ хавьгүй ихийг Еховагаас авснаа ярьжээ.

«Би түүнийг үнэнийг хүлээж авах болов уу гэж найдаж байлаа» (1:56)

Салах юм уу тусдаа амьдрах талаар бодож байгаа хүн ямар зөвлөгөөг анхаарах шаардлагатай вэ?

«“Бурхны нийлүүлснийг” эрхэмлэж яваарай» («Харуулын цамхаг», 2018 оны 12-р сар)

a Хань нь завхайраагүй байхад тусдаа амьдарч болох эсэхийг Тайлбар 4-өөс үзнэ үү.

b Зарим нутагт эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй гэрлүүлэхээ шийддэг. Тийм тохиолдолд хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурийг нь бус, Еховаг хайрладаг эсэхийг нь анхаарах нь зүйтэй.

c Та гэрлэлтээ батлуулахгүйгээр хүнтэй хамтран амьдардаг уу? Тийм бол батлуулах уу, хамт амьдрахаа болих уу гэдгээ та өөрөө шийдэх эрхтэй.