Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 43

Согтууруулах ундааны талаар Библид юу гэж байдаг вэ?

Согтууруулах ундааны талаар Библид юу гэж байдаг вэ?

Орон орны хүмүүс согтууруулах ундааны талаар янз бүрийн үзэл бодолтой байдаг. Зарим хүн найзуудтайгаа уулзахаараа хааяа нэг уудаг. Огт амсдаггүй хүн байхад, бүр согттолоо уудаг хүн ч бий. Тэгвэл Библид согтууруулах ундааны тухай юу гэж байдаг вэ?

1. Согтууруулах ундаа хэрэглэхийг Библид хориглодог уу?

Үгүй. Харин ч хүмүүст өгсөн Бурхны олон бэлэг дунд «хүний зүрхийг баясгадаг дарсыг» дурдсан байдаг (Дуулал 104:14, 15). Бурхны үйлчлэгчид согтууруулах ундаа хэрэглэж байсныг Библид бичсэн байдаг (1 Тимот 5:23).

2. Уухаар болбол юуг анхаарах хэрэгтэй вэ?

Согтоогүй юм шиг байлаа ч их уухыг Ехова хориглодог (Галат 5:21). Бурхны Үгэнд «Дарсыг хэт их уудаг ... хүмүүсээс зай барь» гэж зөвлөсөн байдаг (Сургаалт үгс 23:20). Тийм учраас ганцаараа ч бай, хүмүүстэй ч бай уухаар болбол тохируулж уух нь зүйтэй. Хэтрүүлбэл эрүүлээр сэтгэхээ больж, үг үйлдлээ хянаж чадахгүйд хүрч, эрүүл мэндээрээ хохирно. Хэрэв тохируулж ууж чаддаггүй бол огт амсахгүй байсан нь дээр.

3. Бусдын шийдвэрийг хүндэлдгээ яаж харуулах вэ?

Хүн бүр согтууруулах ундаа хэрэглэх эсэхээ өөрөө шийдэх ёстой. Тохируулж уухаар шийдсэн нэгнээ шүүмжилж болохгүй. Нөгөөтээгүүр уумааргүй байгаа нэгнээ шахах нь буруу (Ром 14:10). Түүнчлэн бусдад муугаар нөлөөлж, таагүй сэтгэгдэл төрүүлэхээр бол уухгүй байсан нь дээр (Ром 14:21-ийг уншина уу). Ямар ч тохиолдолд «өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг харах» нь зүйтэй (1 Коринт 10:23, 24-ийг уншина уу).

УХАЖ ОЙЛГОЁ

Согтууруулах ундаа хэрэглэх эсэхээ, хэр их уухаа шийдэхэд тань Библийн ямар зарчмууд тус болох вэ? Архины хамааралтай бол яах хэрэгтэй вэ? Хариуг нь мэдэж аваарай.

4. Согтууруулах ундаа хэрэглэх эсэхээ шийдээрэй

Есүс согтууруулах ундаа хэрэглэхийг юу гэж үздэг байсан бэ? Анх үйлдсэн гайхамшгийнх нь тухай Ёохан 2:1–11-ээс уншаад хариуг нь мэдэж аваарай. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ үйл явдлаас дүгнэхэд Есүс согтууруулах ундаа хэрэглэх тухайд ямар үзэл бодолтой байсан бэ?

  • Есүс дарс уухыг хориглоогүйг бодож үзвэл Христийн дагалдагчид согтууруулах ундаа хэрэглэж байгаа хүнийг юу гэж үзэх ёстой вэ?

Христийн дагалдагчид согтууруулах ундаа хэрэглэж болох ч зарим нөхцөлд энэ нь зохимжгүй байж болох юм. Сургаалт үгс 22:3-ыг уншина уу. Дараах нөхцөлд уух нь хэр тохиромжтойг бодож үзээрэй.

  • Жолоо барих юм уу машин техник ажиллуулахад

  • Жирэмсэн бол

  • Эмч хориглосон үед

  • Тааруулж ууж чаддаггүй бол

  • Хуулиар хориотой бол

  • Тааруулж ууж чаддаггүйгээсээ болоод огт амсахгүй байхаар шийдсэн хүнтэй хамт байхдаа

Хурим, нийллэг, бусад арга хэмжээн дээр архи дарс гаргах нь зөв үү? Шийдвэр гаргахад тань дараах видео тус болно. ВИДЕОГ хамт үзээрэй.

Ром 13:13; 1 Коринт 10:31, 32-ыг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та Еховад таалагдах шийдвэр гаргахын тулд энэ зарчмыг яаж хэрэгжүүлэх вэ?

Христийн дагалдагч бүр согтууруулах ундаа хэрэглэх эсэхээ өөрөө шийдэх ёстой. Уухаар шийдвэл ямар нөхцөлд уухаа тодорхойлох нь зүйтэй

5. Уух хэмжээндээ хязгаар тогтоогоорой

Та согтууруулах ундаа хэрэглэхээр шийдвэл үүнийг санаарай. Ехова уухыг хориглодоггүй ч хэтрүүлж уухыг хориглодог. Яагаад? Хосеа 4:11, 18-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хэтрүүлж уувал ямар үр дагавартай вэ?

Хэтрүүлж уухгүйн тулд яах хэрэгтэй вэ? Хэзээ зогсохоо мэддэг байх нь чухал. Өөртөө эрдэж болохгүй. Сургаалт үгс 11:2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Уух хэмжээндээ хязгаар тогтоох нь яагаад ухаалаг вэ?

6. Хамааралтай болсон бол яах вэ?

Архичин байсан эрэгтэй юуны ачаар өөрчлөгдсөн бэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Дмитрий уучихаараа яадаг байсан бэ?

  • Архинаас шууд гарч чадсан уу?

  • Юуны ачаар архины хамааралгүй болж чадсан бэ?

1 Коринт 6:10, 11-ийг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Архидан согтуурах нь хэр ноцтой нүгэл вэ?

  • Архинд орсон хүн ч өөрчлөгддөг нь энэ зүйлийн ямар үгээс харагдаж байна вэ?

Матай 5:30-ийг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховад таалагдахын тулд ямар нэг юмаа хаяхыг Есүс гараа тасдаж хаяхтай зүйрлэжээ. Та архинаас гарахыг хичээж байгаа бол ямар арга хэмжээ авч болох вэ? a

1 Коринт 15:33-ыг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Уух дуртай хүмүүстэй нийлээд байвал танд яаж нөлөөлөх вэ?

ЗАРИМ ХҮН: «Уухад юу нь буруу байгаа юм бэ?» гэж асууж болох юм.

  • Та тийм хүнд юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Ехова биднийг баясгахын тулд согтууруулах ундааг бэлэг болгож өгсөн. Харин их уух, согттолоо уухыг хориглодог.

Давтах асуулт

  • Библид согтууруулах ундааны талаар юу гэж байдаг вэ?

  • Хэтрүүлж уух нь ямар аюултай вэ?

  • Бусдын шийдвэрийг хүндэлдгээ яаж харуулж болох вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Өсвөр насныхан согтууруулах ундаа уух эсэхээ яаж зөв шийдэх вэ?

«Уухаасаа өмнө үр дагаврыг нь бодъё» (2:31)

Архины хамааралгүй болохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

«Архины хэрэглээгээ хянаарай» («Харуулын цамхаг», 2010 оны 1-р сарын 1)

Нэг эрэгтэй архинаас яаж гарсныг «Би “ёроолгүй торх” байлаа» гэсэн намтраас уншаарай.

«Библи хүнийг өөрчилдөг» («Харуулын цамхаг», 2012 оны 10–12 сар)

a Архинд донтсон хүн мэргэжлийн хүнд хандах шаардлагатай байж болох юм. Нэгэнт донтсон хүмүүс тохируулж хэрэглэж чаддаггүй учир огт уухгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг.