Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 47

Та баптисм хүртэхэд бэлэн үү?

Та баптисм хүртэхэд бэлэн үү?

Та Библи судлаад Еховагийн тухай ихийг мэдэж авсан нь ойлгомжтой. Бас сурч мэдсэнээ хэрэгжүүлээд амьдралаа өөрчилж эхэлсэн байх. Гэхдээ Еховад амь амьдралаа зориулж, баптисм хүртэнэ гэхээр арай л болоогүй юм шиг санагдаж байна уу? Баптисм хүртэхэд ямар ямар саад тулгардгийг, яаж даван туулахыг энэ хичээлээр үзнэ.

1. Баптисм хүртэхийн тулд хэр их мэдлэгтэй байх хэрэгтэй вэ?

Баптисм хүртэхийн тулд «үнэний тухай зөв мэдлэгтэй» байх хэрэгтэй (1 Тимот 2:4). Энэ нь Библийг төгс мэдэх ёстой гэсэн үг биш юм. Баптисм хүртээд олон жил болсон Гэрчүүд ч мэдлэгээ гүнзгийрүүлдэг (Колосай 1:9, 10). Баптисм хүртэхийн тулд Библийн үндсэн сургаалыг мэддэг байх шаардлагатай. Хангалттай мэдлэгтэй эсэхдээ эргэлзэж байвал ахлагчдад хандаж болно.

2. Баптисм хүртэхээсээ өмнө яах хэрэгтэй вэ?

Баптисм хүртмээр байгаа хүн «гэмшиж, Бурхан руу эргэх» ёстой (Үйлс 3:19-ийг уншина уу). Өөрөөр хэлбэл буруу юм хийж байсандаа чин сэтгэлээсээ гэмшиж, Еховагаас уучлалт гуйна гэсэн үг. Бас Бурхны хэм хэмжээг зөрчихгүй байхаар, үргэлж хүсэлд нь нийцүүлж амьдрахаар бат шийднэ. Түүнээс гадна цуглаанд тогтмол явж, хурлынхантайгаа хамт дэлгэрүүлнэ.

3. Баптисм хүртэхээ яагаад хойшлуулах хэрэггүй вэ?

Зарим хүн Еховад амласнаа биелүүлж чадахгүй байх вий гэж айдаг. Мэдээж алдаж энддэггүй хүн гэж байхгүй. Тэгээд ч Библид бичсэнээр, Бурхны үнэнч үйлчлэгчид хүртэл алдаж эндсэн удаатай. Үүнээс үзэхэд Ехова үйлчлэгчдээсээ төгс байхыг шаарддаггүй байх нь (Дуулал 103:13, 14-ийг уншина уу). Харин ч таныг чадах бүхнээ хийхэд баярладаг. Бас танд заавал тусална! Биднийг хайрлахад нь юу ч «саад хийж чадахгүй» гэдгийг санаж яваасай гэж Ехова хүсдэг (Ром 8:38, 39-ийг уншина уу).

УХАЖ ОЙЛГОЁ

Баптисм хүртье гэхэд тулгардаг саадыг даван туулахын тулд Еховаг илүү сайн мэдэж, тусламжийг нь авах хэрэгтэй. Яагаад гэдгийг мэдэж аваарай.

4. Еховаг илүү сайн таньж мэдээрэй

Баптисм хүртэхээсээ өмнө Еховаг хэр сайн мэддэг болох хэрэгтэй вэ? Еховаг баярлуулах хүсэлтэй, хайрладаг болтлоо сайн мэддэг болох хэрэгтэй. Орон орны хүмүүс баптисм хүртэх бэлтгэлээ хэрхэн базаасныг ВИДЕОНООС хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Зарим хүн баптисм хүртэхийн тулд яаж бэлдсэн бэ?

Ром 12:2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийн сургаалд эсвэл Еховагийн Гэрчүүд үнэнийг заадаг гэдэгт эргэлзэх үе танд гардаг уу?

  • Тийм бол яаж эргэлзээгээ арилгах вэ?

5. Саадыг даваарай

Еховад амь амьдралаа зориулж, баптисм хүртэх гэсэн бүх хүнд саад тулгардаг. Нэг жишээг ВИДЕОНООС хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Баптисм хүртэх гэхэд нь Нарангэрэлд ямар саад тулгарсан бэ?

  • Еховаг гэсэн хайрынхаа ачаар тэр бүх саадыг яаж давсан бэ?

Сургаалт үгс 29:25; 2 Тимот 1:7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Яавал саадыг даван туулах эр зоригтой болох вэ?

6. Ехова танд тусална!

Хэм хэмжээнийх нь дагуу амьдрахад Ехова танд тусална. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарсан эрэгтэй баптисм хүртэхээ яагаад хойшлуулаад байсан бэ?

  • Еховад найдаж сурахад нь юу тус болсон бэ?

Исаиа 41:10, 13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та Еховад өөрийгөө зориулж амлалт өгөөд түүнийгээ биелүүлж чадна гэдэгтээ яагаад итгэлтэй байна вэ?

7. Еховагийн хайрын тухай тунгаан бодоорой

Ехова таныг ямар их хайрладгийг бодох тусам улам их талархаж, үүрд мөнх үйлчлэх хүсэл тань бадарна. Дуулал 40:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховагийн таны төлөө хийсэн бүхнээс та алинд нь илүү их талархдаг вэ?

Зөнч Иеремиа Еховаг хайрлаж, үгийг нь эрхэмлэдэг байв. Бас Еховад үйлчлэхийг нэр төрийн хэрэг гэж үздэг байжээ. Иеремиа: «Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь ... Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ» гэж хэлжээ (Иеремиа 15:16). Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховагийн Гэрч байна гэдэг яагаад нэр төрийн хэрэг вэ?

  • Та баптисм хүртэж Еховагийн Гэрч болмоор байна уу?

  • Баптисм хүртэхэд тань саад болж байгаа зүйл байна уу?

  • Та баптисм хүртэх зорилгодоо хүрэхийн тулд юу хийе гэж бодож байна вэ?

ЗАРИМ ХҮН: «Би баптисм хүртсэнийхээ дараа, Еховад өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй байх вий гэж санаа зовж байна» гэдэг.

  • Танд бас ингэж санагдаж байна уу?

ДҮГНЭЛТ

Ямар ч саад тулгарсан бай, баптисм хүртэхэд тань Ехова тусална.

Давтах асуулт

  • Баптисм хүртэхийн тулд Библийн тухай хэр их мэдлэгтэй байх хэрэгтэй вэ?

  • Та баптисм хүртэхийн тулд юугаа өөрчилье гэж бодож байна вэ?

  • Баптисм хүртэхээ яагаад хойшлуулах хэрэггүй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Баптисм хүртэх шийдвэр гаргах гол шалтгаан юу вэ?

«Та баптисм хүртэхэд бэлэн үү?» («Харуулын цамхаг», 2020 оны 3-р сар)

Баптисм хүртэх гэхэд тулгарах саадыг яаж давах вэ?

«Баптисм хүртэж яагаад болохгүй гэж?» («Харуулын цамхаг», 2019 оны 3-р сар)

Нэг эрэгтэй баптисм хүртэхийн тулд янз бүрийн том саадыг давах хэрэгтэй болжээ. Яаж даван туулсан бэ?

«Та баптисм хүртэхээс яагаад хойш сууна вэ?» (1:10)