Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 51

Үг яриагаараа Еховаг яаж баярлуулах вэ?

Үг яриагаараа Еховаг яаж баярлуулах вэ?

Ехова хүнийг бүтээхдээ ярих чадвар гэдэг гайхалтай бэлэг өгсөн. Бид энэ бэлгээ яаж ашигладгийг Ехова анхаардаг болов уу? Тэгэлгүй яах вэ! (Яаков 1:26-г уншина уу). Тэгвэл ярих чадвар гэдэг бэлгээ яаж ашиглавал Еховад таалагдах вэ?

1. Ярих чадвараа яаж ашиглах ёстой вэ?

Библид «Бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусал» гэсэн уриалга байдаг (1 Тесалоник 5:11). Та хэний урам зоригийг бадраамаар байна вэ? Тэр хүнийхээ сэтгэлийг яаж сэргээх вэ? Хайртайгаа мэдрүүлээрэй. Чухам яаж? Сайн талыг нь хэлж магтаж болно. Бас Библийн зүйл уншиж өгч болно. Библид хүний сэтгэлийг сэргээх олон сайхан урмын үг байдаг. Тэндээс нэгийг нь сонгоод уншиж өгөөрэй. Бусдыг урамшуулахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ? Юу гэж хэлэх нь чухал ч яаж ярих нь түүнээс дутахааргүй чухал. Тиймээс үргэлж эелдэг зөөлөн ярьж байгаарай (Сургаалт үгс 15:1).

2. Юу ярьж болохгүй вэ?

Библид «Ялзарсан үг бүү хэл» гэж байдаг (Эфэс 4:29-ийг уншина уу). Өөрөөр хэлбэл шалиг завхай юм ярих, бусдыг доромжлох, хараалын үг хэлэх, хүний сэтгэлийг шархлуулах юм ярих ёсгүй гэсэн үг. Түүнээс гадна хов жив ярьж, бусдыг гүтгэж болохгүй (Сургаалт үгс 16:28-ыг уншина уу).

3. Бусдын сэтгэлийг сэргээх юм ярихын тулд яах хэрэгтэй вэ?

Хүн зүрх сэтгэл, оюун бодолдоо байгаагаа ярьдаг (Лук 6:45). Тийм учраас бид зөв, ариун, хайр татам, магтууштай юмыг бодож сурах хэрэгтэй (Филиппой 4:8). Үүний тулд чөлөөт цагаараа юу хийдгээ анхаарч, найз нөхдөө зөв сонгох хэрэгтэй (Сургаалт үгс 13:20). Бас ярихаасаа өмнө бодож байх нь чухал. Яриа тань бусдад ямар санагдахыг бодож байгаарай. Библид «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэж бий (Сургаалт үгс 12:18).

УХАЖ ОЙЛГОЁ

Еховаг ч, бусдыг ч баярлуулах юм ярихын тулд яах хэрэгтэй вэ?

4. Хэзээ, яаж ярихаа бодож байгаарай

Заримдаа бид, хожим нь харамсахаар үг хэлчихдэг (Яаков 3:2). Галат 5:22, 23-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та эдгээр зан чанарын алийг нь төлөвшүүлэхийн төлөө залбирмаар байна вэ? Тэр зан чанар үг хэлээ захирахад тань яаж туслах вэ?

1 Коринт 15:33-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хэнтэй найзалдаг, чөлөөт цагаараа юу хийдэг тань таны үг ярианд яаж нөлөөлөх вэ?

Номлогчийн үгс 3:1, 7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хэзээ дуугүй өнгөрч, ярих тохиромжтой цагийг хүлээх нь дээр байдаг вэ?

5. Бусдын тухай сайнаар ярьж байгаарай

Бусдыг гомдоох юм уу таагүй юм ярихгүйн тулд яах хэрэгтэй вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарсан эрэгтэй яагаад өөрчлөгдөхөөр шийдсэн бэ?

  • Ямар арга хэмжээ авсан бэ?

Номлогчийн үгс 7:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бусдыг муулах гээд байвал юуг санах хэрэгтэй вэ?

Номлогчийн үгс 7:21, 22-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүн таныг муулбал гомдохгүй байхад энэ зөвлөгөө яаж туслах вэ?

6. Гэрийнхэнтэйгээ эелдэг зөөлөн яриарай

Ехова биднийг гэр бүлийнхэнтэйгээ эелдэг зөөлөн ярьж байгаасай гэж хүсдэг. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Яавал гэрийнхэнтэйгээ эелдэг зөөлөн ярих вэ?

Эфэс 4:31, 32-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Яаж яривал гэрийнхнээ хайрлаж хүндэлдгээ мэдрүүлэх вэ?

Ехова Хүү Есүстээ хайртай гэдгээ тодорхой хэлсэн. Матай 17:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховаг дуурайдаг хүн гэрийнхэнтэйгээ яаж ярьдаг вэ?

Бусдыг магтах боломж хайгаарай

ЗАРИМ ХҮН: «Бусдын юу гэх нь надад хамаагүй. Би бодсоноо л ярьдаг» гэдэг.

  • Та үүнийг зөв гэж бодож байна уу? Тайлбарлана уу.

ДҮГНЭЛТ

Үг хүчтэй. Тиймээс хэзээ, юуг, яаж ярихаа сайн бодох хэрэгтэй.

Давтах асуулт

  • Бусдад тус дэм болохын тулд юу юу ярьж болох вэ?

  • Та юу ярихаас зайлсхиймээр байна вэ?

  • Та энэ хичээлээс бусдын сэтгэлийг сэргээж, эелдэг зөөлөн ярихад тустай ямар зөвлөгөөг мэдэж авсан бэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Хараалын үг хэлэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

«Хараал хэлэх нь үнэхээр муу зүйл гэж үү?» (Веб өгүүлэл)

Хов жив тараахгүйн тулд яах ёстойг мэдэж аваарай.

«Хов жив тараахгүйн тулд би яах ёстой вэ?» (2:36)

Хараал хэлдгээ болиход нь Ехова нэг хүнд яаж тусалсан бэ?

«Юуны төлөө амьдарч байгаагаа нухацтай бодох болов» («Харуулын цамхаг», 2013 оны 10–12 сар)