Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Хаанчлалын хийх зүйл

Бурхны Хаанчлалын хийх зүйл

«Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» (МАТАЙ 6:10).

1. Бурхны Хаанчлал тогтоно гэдэг юу гэсэн үг вэ?

 ЕСҮС дагалдагч нартаа Бурхны Хаанчлалын тухай залбирахыг зааж байхдаа Хаанчлал тогтсоноор Бурхнаас хараат бусаар хүний захирах олон мянган жилийн төгсгөл болохыг мэдэж байлаа. Энэ бүх үеийн турш дэлхий дээр Бурхны хүсэл үндсэндээ биелээгүй (Дуулал 147:19, 20). Гэвч Хаанчлал тэнгэрт тогтсоны дараа Бурхны хүсэл хаа сайгүй биелэх болно. Хүний засаглалын хэлбэр Бурхны тэнгэрийн Хаанчлалаар солигдох сүрлэг бөгөөд урам хайрласан шилжилтийн тэр цаг үе хаяанд ирчихээд байна.

2. Хүний засаглалаас Хаанчлалын засаглалд шилжихэд юу урьтал болох вэ?

2 Энэхүү шилжилтийн урьтал нь Есүсийн, «ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг» гэж нэрлэсэн үе болох юм (Матай 24:21). Энэ үе ямар хугацаагаар үргэлжлэхийг Библи хэлдэггүй боловч энэ үеэр дэлхийд хэзээ ч болж байгаагүй зовлон гамшиг болох юм. «Агуу их гай гамшгийн» эхээр дэлхийн оршин суугчдын ихэнхийг балмагдуулсан үйл явдал болох бөгөөд энэ нь бүх хуурамч шашныг устгах үйл ажиллагаа юм. Гэхдээ үүнд Еховагийн Гэрчүүд огт балмагдахгүй. Учир нь тэд үүнийг аль эртнээс хүсэн хүлээж байгаа билээ (Илчлэлт 17:1, 15–17; 18:1–24). Бурхны Хаанчлал Сатаны бүх тогтолцоог устгасан Хармагедоноор «агуу их гай гамшиг» төгсөнө (Даниел 2:44; Илчлэлт 16:14, 16).

3. Дуулгаваргүй хүмүүсийн хувь заяаг Иеремиа хэрхэн дүрсэлсэн бэ?

3 «Бурхныг мэддэггүй ба [Христ тэргүүтэй түүний тэнгэрийн Хаанчлалын тухай] сайн мэдээг дагадаггүй хүмүүс» яах вэ? (2 Тесалоник 1:6–9). Библийн зөгнөлд: «Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна. Тэр өдөр Эзнээр [«Еховагаар», ШЕ] хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх ялгадас мэт болно» гэж байдаг (Иеремиа 25:32, 33).

Ёс бус байдлын төгсгөл

4. Ехова энэхүү ёс бус тогтолцоог устгах бүрэн эрхтэйн учир юу вэ?

4 Ехова Бурхан ёс бусыг олон мянган жил тэвчсэн. Энэ нь шударга зөв хүмүүсийн тухайд хүний засаглалын гамшгийг таньж мэдэхэд хангалттай хугацаа юм. Жишээ нь: Нэгэн эх сурвалжид тэмдэглэснээс үзвэл зөвхөн ХХ зуунд дайн, хувьсгал, эмх замбараагүй байдлаас болж 150 сая гаруй хүн амь насаа алджээ. Хүний харгис хэрцгий байдал ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тод илэрсэн бөгөөд уг дайнаар 50 орчим сая хүн амиа алдсанаас олон хүн нацистын бөөнөөр хорих лагерьт аймшигтайгаар алуулжээ. «Муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» гэсэн Библийн зөгнөл өнөөгийн бидний үед чухамдаа яг таг биелж байна (2 Тимот 3:1–5, 13). Өнөөдөр садар самуун, гэмт хэрэг, хүчирхийлэл, авилгал хийгээд Бурхны хэм хэмжээг үл хүндэтгэх явдал газар авчээ. Тийм учраас Ехова энэхүү ёс бус тогтолцоог устгах бүрэн эрхтэй юм.

5, 6. Эртний Канааны ёс бус байдлыг дүрслэн хэлнэ үү.

5 Өнөөгийн байдал 3 500 жилийн тэртээх Канааныхтай адилхан болчихоод байна. Библид: «Тэд Эзний [«Еховагийн», ШЕ] үзэн яддаг жигшүүрт үйлдлийг бурхаддаа зориулан хийж, улмаар өөрсдийнхөө хөвгүүд, охидыг ч галд шатаан, бурхаддаа өргөдөг» гэж бичсэн буй (Дэд хууль 12:31). Ехова Израилийн ард түмэнд: «Эзэн [«Ехова», ШЕ] Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн зайлуулж байгаа нь эдгээр үндэстнүүдийн хорон муу байдлаас болсон юм» хэмээн мэдэгдсэн (Дэд хууль 9:5). Библийн түүх судлаач Хенри Х. Халлей: «Баал, Аштарот болон Канааны бусад бурхдыг шүтэх шүтлэгт хамгийн жигшүүртэй садар наргианууд багтаж байсан бөгөөд тэдгээрийн [тэр бурхдын] сүмүүд нь алив бузар булайгийн төв болж байлаа» гэж тэмдэглэжээ.

6 Халлей канаанчуудын ёс бус байдал хичнээн их болсныг, тухайлбал, тийм төрлийн олон газрын нэгнээс археологчид «Баалд тахил болгон өргөсөн хүүхдийн чандартай олон тооны ваар сав олсныг» илчилсэн. Тэрээр: «Энэ газар бол нялх хүүхдийн оршуулгын газар болох нь нотлогдож байна. [...] Тийнхүү канаанчууд ёс суртахуунгүй авирладаг шашны зан үйлээрээ бурхдынхаа өмнө шүтлэг мөргөлөө үйлдэж, тэр бурхаддаа ууган хүүхдээрээ тахил өргөж байлаа. Эндээс Канаан нутгийн хүмүүс тэр чигээрээ Содом, Гоморрагийнхтай адил болсон нь харагдаж байна. [...] Тийм бузар жигшүүртэй, харгис хэрцгий соёл иргэншил оршин байх эрхтэй байсан уу? [...] Энэ ард түмнийг Бурхан аль эрт устгаагүйд нь Канаанд малталт хийж байсан археологчид гайхжээ».

Дэлхийг өвлөгчид

7, 8. Бурхан дэлхийг яаж цэвэрлэх вэ?

7 Бурхан Канааныг цэвэрлэсэн шигээ удахгүй бүх дэлхийг цэвэрлэх ба түүнийг хүсэл тааллыг нь биелүүлэгч хүмүүст өгнө. «Цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарч, буруугүй нь байсаар байх болно. Харин хар санаатан газраас тастагдаж, итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана» (Сургаалт үгс 2:21, 22). Мөн дуулалч: «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. [...] Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» хэмээн бичжээ (Дуулал 37:10, 11). Түүнээс гадна «мянган жилийг нь дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд» Сатаныг зайлуулна (Илчлэлт 20:1–3). Тийм ээ, «ертөнц хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн [«Бурхны таллыг гүйцэлдүүлэгч», МБОХ, 1996] нь мөнхөд оршино» (1 Иохан 2:17).

8 Есүс дэлхий дээр мөнх амьдрахыг хүсдэг хүмүүсийн гайхамшигтай найдварыг дүгнэн: «Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» гэж хэлсэн (Матай 5:5). Тэрбээр Дуулал 37:29-д: «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж бичсэн зөгнөлөөс иш татсан бололтой. Бурхны санаа зорилгоор бол зөв зүрх сэтгэлтэй хүмүүс диваажин дэлхийд мөнх амьдарна гэдгийг Есүс мэдэж байлаа. Ехова: «Би Өөрийн агуу хүч чадлаар... газар дэлхий ба түүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд үүнийг Би Миний мэлмийд тааллыг олсон нэгэнд өгнө» гэж хэлжээ (Иеремиа 27:5).

Гайхамшигтай шинэ ертөнц

9. Бурхны Хаанчлал ямар ертөнц уруу ороход хөтөч нь болох вэ?

9 Хармагедоны дараа Бурхны Хаанчлал «зөвт байдал оршдог» гайхамшигтай «шинэ газар» уруу ороход хөтөч нь болно (2 Петр 3:13). Хармагедоныг эсэн мэнд давж гарсан хүмүүс энэхүү эд юмсын дарангуйлагч ёс бус тогтолцооноос чөлөөлөгдөхдөө ямар сайхан уужрах бол оо! Тэд тэнгэрийн Хаанчлалаар удирдуулсан зөв шинэ ертөнцөд орох бөгөөд тэднийг гайхамшигтай ивээл хишиг, мөнхийн амь хүлээж байгаа байгаа нь юутай баяр бахдалтай вэ! (Илчлэлт 7:9–17).

10. Хаанчлалын засаглалын үед ёс бус юу устаж үгүй болох вэ?

10 Цаашид хүмүүст дайн, гэмт хэрэг, өлсгөлөн, тэр байтугай араатан амьтад ч аюул занал учруулахгүй. «Би тэдэнтэй [өөрийнхөө хүмүүстэй] энх тайвны гэрээг байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно... Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно». «Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. Өөрсдийг нь айлгах ямар ч хүнгүйгээр тэдний хүн тус бүр нь өөрийн усан үзмийн болон инжрийн модны доор сууна» (Езекиел 34:25–28; Мика 4:3, 4).

11. Махбодын өвчин эмгэг байхгүй болно гэдэгт итгэхийн учир юу вэ?

11 Өвчин, уй гашуу, тэр ч байтугай үхэл үгүй болно. «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно» (Исаиа 33:24). «Тэр [Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо. ...Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна» (Илчлэлт 21:4, 5). Энэ бүхнийг Есүс Бурхны өгсөн хүчний тусламжтайгаар гүйцэтгэж чадна гэдгээ дэлхийд байхдаа харуулсан. Есүс нутаг орноор хэрэн явж, ариун сүнсний тусламжтайгаар өвчтэй, доголон хүмүүсийг эмчилж, эдгэрүүлж байлаа (Матай 15:30, 31).

12. Нас барсан хүмүүс ямар найдвартай вэ?

12 Есүс түүнээс ч ихийг хийсэн. Үхсэн хүнийг дахин амилуулсан. Номхон даруу хүмүүс үүнийг хэрхэн хүлээн авсан бэ? 12 настай охиныг амилуулахад нь охины эцэг эх «бүр гайхаж орхижээ» (Марк 5:42). Хаанчлалын засаглалын үед «зөв, зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилах» учраас энэ нь дэлхий даяар Есүсийн хийх зүйлсийн бас нэгэн жишээ байсан юм (Үйлс 24:15, МБОХ, 1996). Үхсэн хүмүүс хэсэг хэсгээрээ дахин амилан, төрөл төрөгсөд, ойр дотныхонтойгоо уулзалдах нь ямар их баяр хөөр болохыг төсөөлөгтүн! Хаанчлалын удирдлагаар асар өргөн хэмжээтэй сургалтын ажил явагдаж, «далай усаар дүүрдэг шиг дэлхий Эзний [«Еховагийн тухай», ШЕ] мэдлэгээр бялхах» нь эргэлзээгүй (Исаиа 11:9).

Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөнө

13. Бурхны засаглалын зөв хэрхэн батлагдах вэ?

13 Хаанчлалын мянган жилийн засаглал дуусахад хүмүүс оюун ухаан болон бие махбодоороо дахин төгс болно. Бүх дэлхий Диваажин буюу Еден цэцэрлэг шиг болно. Энх амгалан, аз жаргал, аюулгүй байдал хийгээд хайр бялхсан хүний нийгэм тогтоно. Хаанчлалын хийх тэр зүйлтэй төстэй зүйлийг хүн төрөлхтөн урьд хожид хэзээ ч үзээгүй билээ. Олонн мянган жилийн турш ноёрхсон хүний арчаагүй засаглал ба Бурхны тэнгэрийн Хаанчлалын сүр жавхлант Мянган жилийн засаглалын хооронд ямар эрс тэс ялгаа байна вэ! Хаанчлалын тусламжтайгаар захирах Бурхны засаглал нь хүний засаглалаас бүх талаараа хамаагүй илүү болно гэдгийг харуулах болно. Бурхны захирах эрх, түүний хэмжээгүй эрх мэдлийг бүрэн төгс зөвтгөнө.

14. Мянган жилийн төгсгөлд эсэргүүцэн босогчид яах вэ?

14 Мянган жилийн төгсгөлд чөлөөтэй сонгож, хэнд үйлчлэх хүсэлтэйгээ харуулах боломжийг Ехова төгс хүмүүст олгоно. «Сатан шоронгоосоо суллагдана» гэж Библид бичсэн буй. Тэр дахиад л хүмүүсийг төөрөлдүүлэхийг хичээх ба тэр үед зарим хүн Бурхнаас тусгаар байх замыг сонгоно. «Зовлон зүдүүрийг хоёр дахь удаа гаргуулахгүйн» тулд Ехова Сатан, түүний чөтгөрүүд болон Бурхны эрх мэдлийн эсрэг боссон бүх хүнийг устгана. Тэр үеэр үүрд устгагдсан хүмүүст замаа зөв сонгох боломж байгаагүй гэх юм уу замаа буруу сонгосон нь тэдний төгс бус байснаас болсон гэж нэг ч хүн хэлэхгүй. Учир нь тэд Еховагийн шударга засаглалыг санаатайгаар эсэргүүцэн боссон Адам Ева хоёр шиг төгс болцгоох юм (Илчлэлт 20:7–10; Нахум 1:9, ШЕ).

15. Үнэнч хүмүүс Еховатай ямар харьцаатай болох вэ?

15 Харин хүмүүсийн дийлэнх олонх нь Еховагийн эрх мэдэлд захирагдах замыг сонгох нь магад. Эсэргүүцэн босогчид бүгдээрээ устгагдах ба харин зөв хүмүүс үнэнч эсэхээ харуулах сүүлчийн сорилтыг даваад Еховагийн өмнө зогсох болно. Тэгээд Ехова тэдгээр үнэнч хүмүүсийг өөрийнхөө хөвгүүд охид болгон авна. Өөрөөр хэлбэл тэдний Бурхантай харьцах харьцаа нь эсэргүүцэн босохоосоо өмнө Адам Ева хоёр Еховатай хэрхэн харьцаж байсантай адил болно. Тэгэхлээр Ром 8:21-д бичсэн: «Бүтээл нь [хүн төрөлхтөн] өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно» гэсэн үг биелнэ. Зөнч Исаиа: «Тэр [Бурхан] үхлийг мөнхөд залгина. Эзэн [«Ехова», ШЕ] Бурхан бүх нүүрнээс нулимсыг арчина» хэмээн зөгнөжээ (Исаиа 25:8).

Мөнх амьдрах найдвар

16. Шагналд мөнхийн амь авна гэж итгэх нь яагаад зөв бэ?

16 Бурхан үнэнч хүмүүсийг сүнслэг болоод материаллаг талаар үүрд мөнх элбэг дэлбэг хангах учраас тэднийг ямар гайхамшигтай сайхан ирээдүй угтана вэ! Дуулалч: «Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг юм» хэмээн зөв хэлжээ (Дуулал 145:16). Диваажинд амьдрах найдвартай дэлхийн ангийн хүмүүсийн итгэлийн хэсэг нь өөрт нь итгэх итгэл байгаасай гэж Ехова хүсдэг. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн тухай асуудал хамгийн чухал хэдий ч Бурхан хүмүүсийг шагнал горьдохгүйгээр, зөвхөн өөртөө үйлчлэхийг шаарддаггүй. Бурханд үнэнч байх хийгээд мөнх амьдрах найдвар хоёр бол Библийн эхнээс аваад эцэс хүртэл христиан хүний Бурханд итгэх итгэлийн чухал хэсэг болон, хоорондоо салшгүй холбоотой байдаг. «Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» (Еврей 11:6).

17. Найдвараасаа хүч олж авах нь зөв гэдгийг Есүс хэрхэн үзүүлсэн бэ?

17 Есүс: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн (Иохан 17:3). Есүс, Бурхныг болон түүний санаа зорилгыг мэдэх асуудлыг уг мэдлэгийн авчрах шагналтай холбодог байсан. Жишээ нь: Хаанчлалдаа залран ирэх үедээ өөрийг нь дурсан санахыг гуйсан гэмт хэрэгтний гуйлтад Есүс: «Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэж хариулсан (Лук 23:43). Тэр түүнд шагнал авахгүй байсан ч гэсэн итгэлтэй байх хэрэгтэй гэж хэлээгүй. Ехова өөрийнхөө үйлчлэгчдийг диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай байгаасай, эл найдвар нь энэ ертөнцөд янз бүрийн сорилттой тулгарахад нь тэдэнд туслаасай гэж хүсдгийг Есүс мэдэж байсан. Тийм учраас шагнал горьдох нь христианы замд тохиолдох бэрхшээлүүдийг даван туулахад үнэлж баршгүй тустай.

Хаанчлалын ирээдүй

18, 19. Мянган жилийн засаглалын эцэст Хаан болон Хаанчлал яах вэ?

18 Хаанчлал нь дэлхий болон түүн дээр амьдрагч хүмүүсийг төгс болгон, өөртэйгөө эвлэрүүлэх Еховагийн туслах засгийн газар юм бол Хаан Есүс Христ болон түүний 144 000 хаан-тахилч, мянган жилээс хойш ямар үүрэг гүйцэтгэх вэ? «Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Учир нь Тэр бүх дайснуудаа Өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой» (1 Коринт 15:24, 25).

19 Хэрэв Христ Хаанчлалыг Бурханд өгөх юм бол Хаанчлал мөнхөд байна гэсэн зүйлийг юу гэж ойлгох вэ? Хаанчлалын ололт амжилт мөнхөд үргэлжилнэ. Бурхны хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөн баталсныхаа төлөө Христ үүрд хүндлэгдэх болно. Нэгэнт нүгэл болон үхэл бүрэн устаж, хүн төрөлхтөн аврагдах учраас түүний Аврагч байх үүрэг хэрэггүй болно. Түүнээс гадна Хаанчлалын мянган жилийн засаглал амжилттай дууссанаар Ехова болон дуулгавартай хүмүүсийн хооронд туслах чанарын засгийн газар байх шаардлагагүй болно. Тийнхүү «Бурхан бүгдэд бүх юм болно» (1 Коринт 15:28).

20. Христ болон 144 000 ирээдүйд яах вэ гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?

20 Мянган жилийн засаглалаас хойш Христ болон түүний хам захирагчид ямар үүрэг гүйцэтгэх вэ? Библид энэ талаар бичсэн юм байдаггүй. Гэхдээ Ехова тэдэнд өөр олон хүндтэй даалгавар өгнө гэдэгт эргэлзэхгүй байж болно. Бүгдээрээ Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд захирагдан, мөнхийн амийг авч, Хаан болон түүнтэй хам захирагч хаад-тахилчид хийгээд орчлонт ертөнцөд бүхэлд нь юу бэлдсэнийг мэдэх хүртлээ амьдарцгаая!