Skip to content

Гарчиг руу орох

Бид Еховагийн ивээл хишгээр баяждаг

Бид Еховагийн ивээл хишгээр баяждаг

Бид Еховагийн ивээл хишгээр баяждаг

«Еховагийн ивээл хишиг баян болгодог бөгөөд тэр үүндээ зовлон эс авчирдаг» (СУРГААЛТ ҮГС 10:22, ШЕ).

1, 2. Аз жаргал ямар учраас хөрөнгө мөнгөтэй холбоогүй вэ?

 ЭД баялгийн хойноос хөөцөлдөх явдал өнөөдөр олон хүний амьдралыг ноёлж байна. Гэвч эд баялаг хүнийг жаргаадаг гэж үү? Австралийн эмэгтэйчүүдийн долоо хоног тутмын сэтгүүлд: «Хүмүүс амьдрал ахуйдаа өнөөгийнх шиг дүнсгэр байсныг би огт санахгүй юм байна. Үнэхээр гайхмаар. Австралийн эдийн засаг маш сайн хөгжиж байна. Амьдрал урьд нь хэзээ ч одоогийнх шиг ийм сайхан байгаагүй гэж бид ярьдаг биш билүү. [...] Гэтэл манай улс үндэстэн тэр чигтээ гутранги үзэлд автжээ. Эрэгтэй эмэгтэй гэлгүй бүх хүн амьдралд нь ямар нэг юм үгүйлэгдэж байгааг мэдэрдэг. Гэвч тэр нь чухам юу вэ гэдгийг тэд тодорхойлж чаддаггүй» гэж нэгэн эмэгтэй бичжээ («The Australian Women’s Weekly»). Бидний амь амьдрал хийгээд аз жаргал эд хөрөнгөнөөс маань огт хамаарахгүй гэж Библид юутай үнэн бичээ вэ! (Номлогчийн үгс 5:10; Лук 12:15).

2 Бурхны ивээл хүнийг хамгийн ихээр жаргаадаг гэж Библи хэлдэг. Энэ тухай Сургаалт үгс 10:22-т (ШЕ): «Еховагийн ивээл хишиг баян болгодог бөгөөд тэр үүндээ зовлон эс авчирдаг» гэж бичсэн байдаг. Харин материал баялгийг шунайхаран цуглуулбал зовлон цөөнгүй тохиолдоно. Тийм ч учраас элч Паул: «Баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүн үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» гэж сануулсан нь үнэхээр тийм билээ (1 Тимот 6:9, 10).

3. Бурхны үйлчлэгчид зовж зүдэрдгийн учир юу вэ?

3 Нөгөө талаас хүн «ЭЗЭНд дуулгавартай байвал» л зовлон авчирдаггүй ивээл хишиг хүртдэг (Дэд хууль 28:2). Гэлээ ч «Еховагийн ивээл хишиг зовлон авчирдаггүй л юм бол Бурханд үйлчилдэг олон хүн яагаад зовж зүдэрдэг юм бэ?» гэж зарим хүн асууж болох юм. Бурхан бидний зовлон зүдгүүр эдлэхийг зөвхөн хүлцэн тэвчсэн. Харин үүний эх үүсвэр нь Сатан, түүний ёс бус тогтолцоо хийгээд бидний төгс бус байдлаас үүдэлтэйг Библи тайлбарладаг (Эхлэл 6:5; Дэд хууль 32:4, 5; Иохан 15:19; Иаков 1:14, 15). Харин Ехова бол «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийн» эх булаг билээ (Иаков 1:17). Иймээс түүний ивээл хишиг хэзээ ч зовлон авчирдаггүй. Ингээд бүгдээрээ Бурхны төгс бэлгийн зарим нэгийг авч үзье.

Бурхны Үг бол хосгүй бэлэг мөн

4. Энэхүү «төгсгөлийн цаг үед» Еховагийн ард түмэн ямар ивээл хишиг хүртэж, хосгүй ямар бэлэг авсан бэ?

4 Даниелын зөгнөлд «төгсгөлийн цаг үед» «мэдлэг өсөн нэмэгдэнэ» гээд цааш нь «хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно» гэж бичсэн байна (Даниел 12:4, ШЕ, 10). Бурхны Үг, онцолж хэлбэл Библийн зөгнөлүүд Бурхны мэргэн ухааныг ёс бус хүмүүс ухан ойлгож чадахааргүйгээр тийм нарийн илэрхийлдэг бөгөөд тэд үүний жинхэнэ утгыг ухаарч чаддаггүй. Харин Бурхны ард түмэн чаддаг гээд бодоод үз дээ! Бурхны Хүү: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» гэж залбирсан (Лук 10:21). Бурхны бичүүлсэн Үг буюу Библи бол хосгүй бэлэг мөн билээ. Иймээс энэхүү бэлгийг эзэмшин, Еховагаас сүнслэг ойлголтыг нээж өгдөг хүмүүсийн дунд багтана гэдэг юутай завшаантай хэрэг вэ! (1 Коринт 1:21, 27, 28; 2:14, 15).

5. «Мэргэн ухаан» гэж юу вэ? Бид хэрхэн мэргэн ухаантай болж болох вэ?

5 «Дээрээс ирэгч мэргэн ухаан» гэж байгаагүйсэн бол бид өдийд сүнслэг ойлголттой болж чадахгүй байх байсан (Иаков 3:17). «Мэргэн ухаан» гэдэг бол мэдлэгээ ашиглан, бэрхшээлийг давж, аюулаас зайлсхийх буюу сэрэмжлэн, зорилгодоо хүрэхийн зэрэгцээ ухаалаг зөвлөгөө өгөх чадвар юм. Бид Бурхны мэргэн ухааныг хэрхэн олж болох вэ? Сургаалт үгс 2:6-д: «ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг» гэж байдаг. Тиймээ, хэрэв бид мэргэн ухаан гуйн, тогтмол залбирвал Ехова Соломон хаанд «мэргэн, ухааран ялгах чадвартай зүрх» өгсөн шигээ биднийг ч бас мэргэн ухаанаар ивээх болно (Хаадын дээд 3:11, 12; Иаков 1:5–8). Тэрчлэн, мэргэн ухаантай болохын тулд бид Еховад дуулгавартай байх ёстой. Энэ нь түүний Үгийг байнга судалж, мэдлэгээ хэрэгжүүлнэ гэсэн үг.

6. Бурхны хууль болон зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх нь мэргэн ухаантай болгодгийн учир юу вэ?

6 Бурхны мэргэн ухааны гайхамшигтай жишээг Библийн хууль болон зарчмуудаас олж болно. Энэ нь бидэнд бүх талын, тодруулбал бие махбодь, оюун бодол, сэтгэл санаа болон сүнслэг талаар ч тустай. Дуулалч: «ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй» хэмээн дуулсан нь үнэхээр үнэн билээ (Дуулал 19:7–10; 119:72).

7. Бурхны зөв хэм хэмжээг үл хэрэгсдэг хүн ямар уршигт хүрдэг вэ?

7 Нөгөө талаас авч үзвэл Бурхны зөв хэм хэмжээг үл хэрэгсдэг хүмүүс хүсэж хайгаад байгаа аз жаргал, эрх чөлөөгөө олж авч чаддаггүй. Бурхан бол элэг доог болох нэгэн огт биш бөгөөд хүн юу тарьснаа л хурааж авдгийг тэд эрт орой хэзээ нэгэн цагт ухаарах болно (Галат 6:7). Библийн зөвлөгөөг үл тоомсорлодог сая сая хүн эцэстээ хүсээгүй жирэмслэлт болон аймшигтай өвчин эмгэгийн үр дагаврыг амсаж, эрүүл мэндэд хөнөөлтэй муу зуршилтай болдог. Тийм хүмүүс гэмшиж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөхгүй бол тэр зам нь тэднийг заавал мөхөлд хүргэж, тэд магадгүй Еховагийн гарт устгагдана (Матай 7:13, 14).

8. Бурхны Үгийг хайрладаг хүн яагаад жаргадаг вэ?

8 Харин Бурхны Үгийг хайрлаж, амьдралдаа хэрэгжүүлдэг хүн одоо болоод ирээдүйд элбэг баян ивээл хишиг хүртнэ. Тэд Бурхны хуулийн дагуу жинхэнэ эрх чөлөө хийгээд аз жаргалтай болж, нүгэл болоод түүний үхэл таригч нөлөөнөөс бүрэн чөлөөлөгдөх тэр цагийг тэсэж ядан хүлээж байдаг (Ром 8:20, 21; Иаков 1:25). Энэ найдвар бат үндэстэй. Учир нь уг найдвар Бурхны хүн төрөлхтөнд зориулсан хамгийн агуу бэлэг буюу түүний цорын ганц хүү Есүс Христийн золих тахилд үндэслэдэг юм (Матай 20:28; Иохан 3:16; Ром 6:23). Энэхүү гайхамшигтай агуу бэлэг нь Бурхан хүн төрөлхтнийг их хайрладгийг, мөн өөрт нь дуулгавартай хүмүүст эцэс төгсгөлгүйгээр ивээл хишиг хүртээхийг батлан харуулдаг (Ром 8:32).

Ариун сүнсний бэлэгт талархах нь

9, 10. Еховагийн ариун сүнсний бэлэг бидэнд хэрхэн тус болдог вэ? Жишээ татна уу.

9 Бурхан хайрынхаа сэтгэлээс өгдөг өөр нэг бэлэг бол ариун сүнс юм. Бид үүний төлөө ч мөн адил талархах учиртай. Элч Петр МЭ 33 оны Пентекостын өдрөөр Иерусалимд цуглаад байсан олон түмэнд хандан: «Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно» гэж уриалсан (Үйлс 2:38). Өнөөдөр Ехова ариун сүнс гуйн залбирдаг, хүсэл тааллыг нь биелүүлэхийг чармайдаг, өөрийгөө зориулсан үйлчлэгчдэдээ ариун сүнсээ өгдөг (Лук 11:9–13). Орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч болох Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүч эрт цагт үнэнч хүмүүст, тухайлбал, эртний христиануудад хүч өгдөг байсан (Зехариа 4:6; Үйлс 4:31). Еховагийн ард түмэн бидэнд зориг мохоом бэрхшээл, төвөг учирвал ариун сүнс бас хүч өгч болно (Иоел 2:28, 29).

10 Лорел гэдэг эмэгтэйг жишээ болгон авч үзье. Тэрээр саа тусаж, 37 жилийн турш «төмөр уушиг» гэдэг амьсгалын аппаратан дотор амьдарчээ *. Хэдийгээр ийм хэцүү нөхцөлд байсан ч гэсэн тэрээр үхэн үхтлээ Бурханд идэвхтэй үйлчилсэн юм. Лорел олон жил Еховагийн ивээл хишгийг хүртсэн. Тухайлбал, тэрээр хоногийн 24 цагт амьсгалын аппаратан дотор хэвтдэг байсан ч 17 хүнд Библийн үнэн зөв мэдлэгтэй болоход нь тусалжээ! Лорелын байдал элч Паулын: «Би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг» гэж хэлснийг өөрийн эрхгүй сануулдаг (2 Коринт 12:10). Тиймээ, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилдаа бид ямар нэг амжилт олдог бол энэ нь бид их хүч чадалтай, хосгүй авъяас чадвартайнх бус харин Бурхан дуулгавартай хүнд ариун сүнсээрээ дамжуулан тусалдгийн ач юм (Исаиа 40:29–31).

11. «Шинэ хүнийг өмсөж» байгаа хүнд Бурхны сүнс ямар ямар чанарыг бий болгодог вэ?

11 Хэрэв бид Бурханд захирагдан дуулгавартай байвал түүний ариун сүнс бидэнд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг хөгжүүлнэ (Галат 5:22, 23). Сүнсний энэхүү «үр жимс» нь христиан хүний «өмсөх» ёстой «шинэ хүний» нэгэн хэсэг мөн бөгөөд үүнийг урьд нь байсан ховдог амьтных шиг шинж чанарынхаа оронд илэрхийлэх учиртай (Ефес 4:20–24; Исаиа 11:6–9). Хайр бол «сүнсний үр жимсний» хамгийн чухал нь бөгөөд «эв нэгдлийн төгс холбоос юм» (Колоссай 3:14).

Христиан хайр бол эрхэмлэвэл зохих бэлэг мөн

12. Табита болон нэгдүгээр зууны зарим христиан хайраа хэрхэн илэрхийлж байсан бэ?

12 Христиан хайр бол Ехова Бурхнаас өгдөг ивээлийн нэгэн бэлэг юм. Тэгээд ч үүнийг бид зүй ёсоор эрхэмлэн үздэг. Энэ хайр Библийн зарчмууд дээр тулгуурладаг ч гэлээ садан төрлийн холбооноос ч илүүтэйгээр итгэл нэгтнүүдийг ойртуулан нэгтгэж, илэрч гарах нь үнэхээр сэтгэл татам билээ (Иохан 15:12, 13; 1 Петр 1:22). Нэгдүгээр зуунд амьдарч байсан Табита гэдэг христиан эмэгтэйн сайхан жишээг авч үзэцгээе. «Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян [ялангуяа хурлынхаа бэлэвсэн эмэгтэйчүүдэд] өглөгч харамгүй нэгэн байжээ» (Үйлс 9:36). Тэд садан төрлийн холбоотой байсан ч байж болох юм. Гэхдээ Табита тэднийг урамшуулж, тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийхийг хүссэн (1 Иохан 3:18). Табита ямар сайхан жишээ үзүүлээ вэ! Мөн Приска Акул хоёр христиан хайрандаа автан элч Паулын төлөө «өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ». Епафр, Лук, Онесифор болон бусад хүн мөн л хайрандаа хөтлөгдөн Паулыг Ромын шоронд хоригдож байхад нь тусалж байв (Ром 16:3, 4; 2 Тимот 1:16; 4:11; Филемон 23, 24). Тиймээ өнөөдөр ч гэсэн тэдэн шиг христианууд «бие биеэ хайрладаг». Харин энэхүү хайр нь Есүсийн жинхэнэ шавь нарыг ялгаруулдаг бөгөөд Бурхны өгдөг сайхан бэлэг юм (Иохан 13:34, 35).

13. Христиан ахан дүүгийн холбоогоо нандигнадаг гэдгээ бид хэрхэн харуулж болох вэ?

13 Христиан хуралд байдаг хайрыг та ч гэсэн эрхэмлэдэг үү? Дэлхийн бөмбөрцгийн хаана ч хүрсэн сүнслэг ах дүү нар тань байдагт та талархаж явдаг уу? Энэ бүхэн бол дээрээс ирдэг бөгөөд биднийг баяжуулж, сэтгэлийг маань баясгаж байдаг бэлэг мөн. Эдгээрийг үнэлэн хүндэтгэдгээ хэрхэн харуулж болох вэ? Бурханд ариунаар үйлчлэн, цуглаанд оролцохын сацуу хайр болон ариун сүнсний бусад үр жимсийг илэрхийлэн харуулж болно (Филиппой 1:9; Еврей 10:24, 25).

«Хүн бэлгүүд»

14. Христиан хүн ахлагч юм уу туслах үйлчлэгч болохыг эрмэлзвэл ямар шаардлага хангах ёстой вэ?

14 Ахлагч болон туслах үйлчлэгч болж итгэл нэгтнүүддээ үйлчлэх хүсэлтэй христиан эрэгтэйчүүдийг сайн ажлын төлөө чармайдаг гэж хэлж болно (1 Тимот 3:1, 8). Харин энэ томилолтыг авахын тулд тэр ах сүнслэг талаараа бат бэх, Библийг сайн мэддэг, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг нэгэн байх учиртай (Үйлс 18:24; 1 Тимот 4:15; 2 Тимот 4:5). Тэрчлэн бардам биш, даруу, тэвчээртэй байх ёстой. Учир нь биеэ тоосон, бардам, хувиа хичээдэг хүнийг Бурхан ивээдэггүй (Сургаалт үгс 11:2; Еврей 6:15; 3 Иохан 9, 10). Хэрэв гэр бүлтэй бол тэргүүний үүргээ хайрын сэтгэлээс хэрэгжүүлдэг, өрх гэрээ авч явах чадвартай байвал зохино (1 Тимот 3:4, 5, 12). Учир нь ийм хүн сүнслэг зүйлийг эрхэмлэдэг бөгөөд улмаар Еховагийн ивээл хишгийг хүртдэг (Матай 6:19–21).

15, 16. «Хүн бэлгүүд» гэж хэн бэ? Жишээ татна уу.

15 Хурлын ахлагч нар сайн дэлгэрүүлэгч, хоньчин, багш байх гэж чармайх нь бидний зүгээс тэдгээр «хүн бэлгүүдийг» хүндэтгэх үндэс болдог (Ефес 4:8, ШЕ, 11). Тэдний хайрын сэтгэлээсээ үйлдсэн үйлчлэлийн ач тусыг хүртсэн хүн бүр баярласан талархснаа тэр болгон илэрхийлээд байдаггүй ч Ехова ахлагч нарын үнэнч үйлсийг харж байдаг. Бурхан ард түмэнд нь үйлчлэн нэрийнх нь төлөө илэрхийлсэн тэдний хайрыг мартахгүй (1 Тимот 5:17; Еврей 6:10).

16 Тархины мэс засал хийлгэсэн христиан охиныг хурлынх нь ахлагч эргэн очсон тухай нэг явдлыг авч үзье. «Тэр ахлагч үнэхээр сэтгэлд дулаан, түшиг тулгууртай, халамж анхааралтай байлаа. Тэрээр биднээс хамтдаа залбирахыг асуугаад залбирч эхлэхэд нь охины эцэг [Гэрч биш] мэгшин уйлж, эмнэлгийн тэр бяцхан өрөөнд байсан хүн бүр нүднээсээ нулимс унагасан юм. Ахлагч үнэхээр чин сэтгэлээсээ залбирсан! Бас Ехова ийнхүү яг цагт нь ахлагчийг илгээсэн нь үнэнхүү хайрын илрэл байлаа!» хэмээн тэдний нэгэн найз бичжээ. Өөр нэгэн Гэрч эмэгтэй ахлагч нар өөрийг нь эргэн ирсэн тухай ийн өгүүлжээ. Тэрээр: «Намайг эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байхад тэд ирсэн юм. Тэд над уруу дөхөж ирэх тэр агшинд, юу ч боллоо гэсэн би давж гарч чадна гэдгээ ойлгосон. Би их хүч чадалтай болж, сэтгэл минь амарсан» гэж дурсжээ. Хайрын сэтгэлээс урган гардаг ийм сайхан халамж анхаарлыг худалдан авч болно гэж үү? Хэзээ ч бүтэхгүй! Энэ бол Бурхнаас христиан хурлаар дамжуулан өгдөг бэлэг билээ (Исаиа 32:1, 2).

Дэлгэрүүлэх ажил бол бэлэг мөн

17, 18. а) Ехова үйлчлэгчдэдээ өөр ямар бэлэг өгсөн бэ? б) Биднийг дэлгэрүүлэх ажлаа гүйцээхэд зориулан Бурхан ямар тусламж үзүүлдэг вэ?

17 Хамгийн дээд Бурхан Еховад үйлчлэхээс илүү нэр төртэй хэрэг хүнд олдохгүй (Исаиа 43:10; 2 Коринт 4:7; 1 Петр 2:9). Гэхдээ дэлгэрүүлэх ажилд оролцох давуу эрх хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гээд Бурханд үйлчлэх чин хүсэлтэй хэний ч өмнө нээлттэй байдаг. Та энэ эрхэм бэлгийг ашигладаг уу? Гэтэл зарим нь өөрийгөө энэ ажлыг хийх зохистой хүн биш гэж үзээд оролцдоггүй байж болох юм. Тэгвэл Ехова өөрт нь үйлчилдэг хүнд ариун сүнс өгдөг гэдгийг санаарай. Ариун сүнс бидний дутуу бүхнийг нөхнө (Иеремиа 1:6–8; 20:11).

18 Ехова Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг өөрийн хүч чадалд эрдэж бардамнадаг хүмүүст биш харин даруухан үйлчлэгчдэдээ итгэн хүлээлгэсэн (1 Коринт 1:20, 26–29). Төлөв даруу хүмүүс хязгаартай боломжоо ухааран ойлгодог бөгөөд дэлгэрүүлэх ажил хийхдээ Бурхныг тусална хэмээн найддаг. Тэд мөн «итгэмжит... няраваар» дамжуулан өгдөг Бурхны сүнслэг тусламжийг эрхэмлэн үздэг (Лук 12:42–44; Сургаалт үгс 22:4).

Гэр бүлийн аз жаргалтай амьдрал бол бас нэгэн сайхан бэлэг мөн

19. Үр хүүхдээ амжилттай хүмүүжүүлэхэд тусалдаг ямар ямар хүчин зүйл байдаг вэ?

19 Гэр бүл болж, жаргалтай сайхан амьдрах гэдэг Бурхнаас ирдэг бас нэгэн бэлэг юм (Рут 1:9; Ефес 3:14, 15). Үр хүүхэд бол Еховагаас «ирдэг [үнэтэй] бэлэг» бөгөөд эцэг эхчүүд тэдэндээ Бурханд таалагддаг чанаруудыг бий болговол эцэстээ баяр хөөр эдэлдэг (Дуулал 127:3). Хэрэв та эцэг юм уу эх бол үр хүүхдээ бага балчраас нь Бурхны Үгийн дагуу сургаж, Еховад дуулгавартай байгтун. Үүнийг биелүүлдэг хүн Еховагийн тусламж дэмжлэгийг авч, их ивээл хишиг хүртэх нь гарцаагүй (Сургаалт үгс 3:5, 6; 22:6; Ефес 6:1–4).

20. Жинхэнэ шүтлэгээс хөндийрсөн үр хүүхэдтэй эцэг эхчүүдэд юу тус болох вэ?

20 Бурхнаас эмээдэг эцэг эх үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэж их чармайдаг ч гэсэн заримдаа хүүхдүүд томроод жинхэнэ шүтлэгээс хөндийрдөг (Эхлэл 26:34, 35). Энэ нь эцэг эхчүүдэд сэтгэл санааны хүнд цохилт болдог (Сургаалт үгс 17:21, 25). Ингэлээ гээд бууж өгөх хэрэггүй. Харин Есүсийн хэлсэн самуун хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг санаж явбал тустай болно. Хүү хэдийгээр орон гэрээ орхин явж, цадиггүй амьдралаар амьдарч байсан ч эцэстээ эцэгтээ эргэн ирдэг. Харин эцэг нь хүүгээ баяр хөөр болон хайрын сэтгэлээр угтан авдаг билээ (Лук 15:11–32). Юу ч боллоо гэсэн үнэнч итгэлтэй христиан эцэг эхчүүд Ехова өөрсдийг нь ойлгож, хайрын улмаас халамж анхаарал тавьж, түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байж болно (Дуулал 145:14).

21. Бид хэнд дуулгавартай байх ёстой вэ? Яагаад?

21 Иймээс бүгдээрээ амьдралд маань юу хамгийн чухал болохыг тодорхойлъё. Бид өөрт маань болоод гэрийнхэнд маань зовлон авчрах эд баялгийн хойноос шунахайран хөөцөлддөг үү? Эсвэл бид «[гэрлүүдийн Эцгээс бууж ирдэг] аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг» авахыг эрмэлздэг үү? (Иаков 1:17). «Худал хуурмагийн эцэг» Сатан бол биднийг эд баялгийн хойноос хөөцөлдөн аз жаргал хийгээд амь амьдралаа алдаасай гэж хүсдэг (Иохан 8:44; Лук 12:15). Харин Ехова бидэнд чин зүрхнээсээ санаа тавьж, хамгийн сайн сайхныг хүсдэг (Исаиа 48:17, 18). Ийм болохоор тэнгэрийн хайрт Эцэгтээ дуулгавартай байж, үргэлж түүнд «баярлаж» явцгаая (Дуулал 37:4). Ингэх аваас Еховагийн хосгүй бэлэг хийгээд элбэг баян ивээл хишиг биднийг өчүүхэн төдий ч зовлонгүйгээр баян болгоно.

[Зүүлт]

^ 1993 оны нэгдүгээр сарын 22-ны «Сэрцгээ!» сэтгүүлийн 18—21-р хуудсыг үзнэ үү (англи).

Та санаж байна уу?

• Хамгийн их жаргалыг бид хаанаас олж болох вэ?

• Ехова ард түмэндээ ямар ямар бэлэг өгдөг вэ?

• Дэлгэрүүлэх ажлыг яагаад бэлэг гэж үзэж болох вэ?

• Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ Бурхны ивээл хишиг хүртэхийн тулд эцэг эхчүүд яах ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]