Skip to content

Гарчиг руу орох

Мэдлэг дээрээ биеэ барих чадварыг хамтатгагтун

Мэдлэг дээрээ биеэ барих чадварыг хамтатгагтун

Мэдлэг дээрээ биеэ барих чадварыг хамтатгагтун

«Мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг [«биеэ барих чадварыг», ШЕ]... хамтатга» (2 ПЕТР 1:5–8).

1. Хүмүүс юунаас болж янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг вэ?

 МАНСУУРУУЛАХ бодисыг зүй бусаар хэрэглэхийн эсрэг зохион явуулсан өргөн хүрээтэй кампанит ажлын үеэр АНУ-ын залуучууд: «Зүгээр л „үгүй“ гэж хэлэгтүн» хэмээн уриалжээ. Мансууруулах бодисыг зүй бусаар хэрэглэх асуудлаар төдийгүй архидан согтуурах, утга учиргүй, садар самуун амьдрах болон ажил хэрэгт шударга бусаар хандах, «хүсэл тачаалынх нь талаар махан биеийг» хангах зэрэгт хүн болгон «үгүй» гэж хэлдэг буюу биеэ барьдаг бол юутай сайн! (Ром 13:14). Гэвч, биеэ барих нь ямагт амархан байдаг гэж батлах хүн байна уу?

2. а) Биеэ барих гэсэн тэмцэл шинэ зүйл биш гэдгийг Библийн ямар ямар жишээ харуулдаг вэ? б) Эдгээр жишээ биднийг юунд урамшуулах ёстой вэ?

2 Төгс бус хүмүүсийн хувьд биеэ барих амаргүй байдаг учраас бид сул талтайгаа тэмцэх асуудалд хэрхэн ялж сурах талаар анхаарах ёстой. Дээр үед Бурханд үйлчлэхийг хичээдэг ч тэр бүр биеэ барьж чаддаггүй байсан хүмүүсийн жишээг Библи өгүүлдэг. Давид болон түүний Батшебатай садар самуун үйлдсэнийг санагтун. Энэ нүгэл, гэмгүй хоёр хүний, тухайлбал, тэр хоёрын гэр бүлээс гадуурх харьцаанаас олдсон хүүхэд болон Батшебагийн нөхрийн аминд хүрсэн (2 Самуел 11:1–27; 12:15–18). Түүнчлэн, Паулын: «Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг» хэмээн үнэнээ шударгаар хүлээн зөвшөөрч, хэлсэн үгийг бодогтун (Ром 7:19). Танд тийн бодож, цөхрөх үе байдаг уу? Паул цааш нь: «Би доторх хүнийхээ хувьд Бурхны хуульд баярладаг. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?» хэмээн бичжээ (Ром 7:22–24). Библийн жишээнүүд биеэ барих гэсэн тэмцэлдээ хэзээ ч бууж өгөхгүй байх шийдвэр төгс байдлыг маань бэхжүүлэх ёстой.

Биеэ барихад суралцах хэрэгтэй

3. Биеэ барих чадварыг илэрхийлэх асуудлыг амархан гэж үзэж болохгүйн учрыг тайлбарлана уу.

3 2 Петр 1:5–7-д итгэл, сайн давуу байдал, мэдлэг, тэвчээр, бурханлаг байдал, ах дүүсэг энэрэл ба хайр зэрэг чанаруудын зэрэгцээ өөрийгөө захирах байдал буюу биеэ барих чадварыг дурдсан байдаг. Эдгээр чухал чанаруудаас нэг нь ч төрөлхөөс төгс болчихсон байдаг нь үгүй. Тийм учраас эдгээрийг хөгжүүлэх шаардлагатай. Үүний тулд шийдэмгий байж, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тэгвэл, биеэ барих чадварыг хөгжүүлэх асуудлыг амархан гэж үзэж болох уу?

4. Маш олон хүн, биеэ барьж ядаад байх юм байхгүй гэж боддогийн учир юу вэ? Энэ нь юуг харуулж байна вэ?

4 Үнэндээ, биеэ барьж ядаад байх юм байхгүй гэж боддог хүн маш олон. Тийм хүмүүс санаатай болон санамсаргүй байдлаар төгс бус махан биеийнхээ хүсэлд захирагдан явдаг ба үйл хэрэг нь өөрт нь болон бусдад хэрхэн нөлөөлөх талаар бага бодож, дураараа дургидаг (Иуда 10). Хүмүүс биеэ барих чадваргүй, хүсэлгүй болсон нь өнөөдөр хэзээ хэзээнээс илүү тод ажиглагдаж байна. Энэ нь үнэндээ бид Паулын: «Хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, [...] биеэ хянадаггүй» болно хэмээн зөгнөж хэлсэн «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг харуулж байгаа юм (2 Тимот 3:1–3).

5. Еховагийн Гэрчүүд биеэ барих асуудлыг ямар учраас их анхаардаг вэ? Ямар зөвлөгөө өнөөдөр ч гэсэн ач холбогдолтой хэвээрээ байна вэ?

5 Биеэ барихад ямар бэрхшээл тулгардгийг Еховагийн Гэрчүүд сайн мэддэг. Тэд Паулын адил, хүний дотор Бурхны хэм хэмжээний дагуу амьдарч, Бурханд таалагдах гэсэн хүсэл болон төгс бус махан биеийнх нь түлхэн оруулах гэдэг зам хоёрын хооронд тэмцэл явагдаж байдгийг ойлгодог. Тийм учраас тэд энэ тэмцэлд яаж ялахаа аль эртнээс бодож боловсруулсан билээ. Тэртээ 1916 онд одоо таны уншиж байгаа энэ сэтгүүлд «өөрийгөө болон бодол санаа, үг хэл, үйл хэргээ хянахын тулд хийвэл зохих алхмын» тухай бичсэн байна. Бас Филиппой 4:8-ыг үргэлж санаж явахыг зөвлөжээ. Энэ зүйлд байдаг Бурхны зөвлөгөөг анх 2 000 орчим жилийн тэртээ бичсэн ч түүнийг өнөөдөр мөрдөхөд І зуун юм уу 1916 оныг бодвол илүү хэцүү байж магадгүй ч ач холбогдолтой хэвээрээ байгаа юм. Ямартай ч, христианууд ертөнцийн хүсэл тачаалд «үгүй» гэж хэлснээрээ Бүтээгчдээ «за» гэж хэлж байгаа хэрэг гэдгээ ухамсарлан, энэ талаар их хичээдэг.

6. Биеэ барих чадварыг хөгжүүлэхдээ шантрах хэрэггүйн учир юу вэ?

6 Биеэ барих чадварыг Галат 5:22, 23-т «[ариун] Сүнсний үр жимсний» хэсэг гэж дурдсан байдаг. Хэрэв бид «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зангийн» зэрэгцээ энэ чанарыг илэрхийлбэл тусыг ихээр олно. Тэгсэн цагт, бид Петрийн хэлснээр Бурханд үйлчлэх үйлчлэлдээ «ашиг ч үгүй, үр жимс ч үгүй» байхгүй ээ (2 Петр 1:8). Гэхдээ эдгээр чанарыг санаан зоргоороо хурдан бөгөөд ихээр илэрхийлж чадахгүй бол шантрах юм уу өөрийгөө буруутгах хэрэггүй. Зарим сурагч бусдыгаа бодвол хичээлээ хурдан ойлгодгийг та лав ажигласан байх. Эсвэл ажил дээр шинэ юмыг бусдыгаа бодвол илүү хурдан эзэмшдэг хүн байдаг. Түүнтэй адил зарим хүн христиан чанарууд илэрхийлэхэд бусдыгаа бодвол илүү хурдан суралцдаг. Хамгийн гол нь Бурханд таалагдддаг чанарыг боломжийнхоо хирээр байнга хөгжүүлэх хэрэгтэй. Үг болон хурлаараа дамжуулан өгдөг Еховагийн тусламжийг бүрэн дүүрэн ашиглавал бид үүнийг чадна. Бидний хувьд зорилгодоо хэр зэрэг хурдан хүрэх нь гол биш, харин түүнд хүрэхээр тасралтгүй тэмүүлэх нь чухал.

7. Биеэ барих чадвар чухал гэдгийг юу харуулдаг вэ?

7 Биеэ барих чадвар нь сүнсний үр жимс болон илэрдэг чанаруудын хамгийн сүүлд бичигдсэн байдаг ч энэ нь бусад чанараас ач холбогдлоор бага гэсэн хэрэг огт биш. Харин ч, бид биеэ төгс барьдаг байж гэмээнэ «махан биеийн үйлсээс» зайлсхийж чадна гэдгээ үргэлж санаж явах ёстой. Гэхдээ төгс бус хүн «завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа» зэрэг «махан биеийн үйлсэд» автагдах хандлагатай байдаг (Галат 5:19, 20). Тийм учраас бид буруу хандлагыг зүрх болоод оюун санаанаасаа авч хаяхыг хичээн, байнга тэмцэх ёстой.

Зарим хүний хувьд илүү хүнд байдаг

8. Зарим хүний тухайд биеэ барих нь ямар хүчин зүйлүүдээс болж илүү хэцүү байдаг вэ?

8 Биеэ барих нь зарим христианы тухайд бусадтай харьцуулбал илүү хэцүү байдаг. Яагаад? Үүнд эцэг эхийн хүмүүжил юм уу туулж өнгөрүүлсэн амьдрал нөлөөлдөг байж болох юм. Биеэ барих чадварыг хөгжүүлж, илэрхийлэхэд төвөг бага байвал үүнд баярлах хэрэгтэй. Гэхдээ, биеэ барьж чаддаггүй, тэр байтугай түүнээсээ болоод бидэнд зарим нэг бэрхшээл учруулдаг хүмүүстэй харьцахдаа тэднийг өрөвддөг, ойлгодог байх ёстой. Бүгдээрээ төгс бус гэдгээ тооцох аваас бид өөрийгөө бусдаас дээгүүр тавих шалтгаан байх уу? (Ром 3:23; Ефес 4:2).

9. Зарим хүнд ямар ямар сул тал байдаг вэ? Тэдгээрийг хэзээ бүрэн дийлэх вэ?

9 Жишээ авч үзье. Урьд нь тамхи татах юм уу мансууруулах бодис хэрэглэдэг байсан зарим итгэл нэгтэн маань тэр зуршлаа үе үе ихэд хүсэмжилдгийг бид мэддэг байж болох юм. Эсвэл зарим хүн хоол хүнс юм уу согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлах асуудал дээр бэрхшээлтэй тулгардаг. Нөгөө зарим нь амаа захирч чаддаггүйгээсээ болоод үгэн дээрээ дандаа бүдэрдэг. Тийм дутагдлаа давахын тулд биеэ барих чадвараа хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл Иаков 3:2-т: «Бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна» гэсэн үнэн үг байдаг. Мөрийтэй тоглоомд хүчтэй татагддаг хүн байдаг. Бас уураа барьж чаддаггүй хүн байдаг. Эдгээр болон эдгээртэй төстэй бусад дутагдлаа амжилттай даван туулж сурахад цаг хугацаа хэрэгтэй байж магадгүй. Хэдийгээр бид энэ талаар одоо их амжилтад хүрч болох ч төгс болсон үедээ л нүгэлт хүслээсээ бүрэн ангижирна. Тэр болтол, биеэ барих чадвар илэрхийлэхийг хичээвэл нүгэлт амьдрал уруугаа эргээд орчихгүй байж чадна. Тэмцэл үргэлжилж байгаа учраас бууж өгөхгүй байхад нь бие биедээ тусалцгаая (Үйлс 14:21, 22).

10. а) Зарим хүнд сексийн асуудлаар биеэ барихад их хэцүү байдгийн учир юу вэ? б) Нэг ах дорвитой ямар өөрчлөлт хийсэн бэ? (Хавсралтыг үзнэ үү.)

10 Зарим хүний тухайд биеэ барихад хэцүү өөр нэг асуудал бол бэлгийн хүсэл тачаал юм. Ехова Бурхан өөрөө хүнийг бэлгийн дур хүсэлтэйгээр бүтээсэн билээ. Гэхдээ, зарим хүний тухайд сексийн асуудлаар Бурхны хэм хэмжээнд тохируулан, зөв зохистой явъя гэхэд маш хүнд байдаг. Энэ нь тэдний бэлгийн дур хүсэл ер бусын их байдагтай холбоотой байж болох юм. Бид бэлгийн хүсэл тачаалыг янз бүрийн аргаар хөөрөгдөн дэвэргэдэг, сексийн дон шүглэсэн ертөнцөд амьдарч байна. Энэ нь үгүй ядахдаа хэсэг хугацаанд ч болов ганц биеэрээ байж, гэр бүлийн асуудалд сатааралгүйгээр Бурханд үйлчлэх гэсэн хүсэлтэй христиануудад ямар нэг хэмжээгээр бэрхшээл учруулж болох юм (1 Коринт 7:32, 33, 37, 38). Гэхдээ, тэд «шатаж байснаас гэрлэх нь илүү дээр» гэсэн Библийн зөвлөгөөг даган гэрлэж болох бөгөөд энэ нь зүй ёсны хэрэг гэдэг нь эргэлзээгүй. Харин, Сударт зөвлөснөөр «зөвхөн Эзэн дотор» гэрлэхээр шийддэг (1 Коринт 7:9, 39). Өөрийнх нь зөвт зарчмуудыг баримталсных нь төлөө Ехова тэдэнд баярладаг гэдэгт итгэлтэй байж болно. Христианууд тийм өндөр ёс суртахуунтай, шударга ариун, жинхэнэ шүтэгч, анд нөхөдтэйдөө баярладаг.

11. Гэрлэх хүсэлтэй ч гэр бүлтэй болж чадахгүй яваа ах юм уу эгчид хэрхэн туслах вэ?

11 Тохирох ханиа олж чадахгүй бол яах вэ? Гэрлэх хүсэлтэй ч гэр бүлтэй болж чадахгүй байгаа хүний тухайд байдал ямар хүнд болохыг төсөөлөөд үзье. Найз нөхөд нь гэрлэж, гэр бүлийн жаргалд умбаж байхад мөнөөх эр тохирох ханиа хайсаар л явах. Ийм байдлаас болоод зарим хүн гар хангалга хийх ариун бус зуршилд автаж болох юм. Ямартай ч, ариун байдлаа хадгалахыг хичээдэг хүмүүсийг санамсаргүйгээр сэтгэлээр унагахыг хүсдэг христиан нэг ч байхгүй. «Хэзээ гэрлэх гэж байна даа?» гэх мэтээр болгоомжгүй асуусан үг маань санаандгүй байтал бусдын урмыг хугалж болох юм. Ийм үгийг ямар нэг хар буруу санаагүйгээр хэлж болох ч ам хэлээ хазаарлах асуудлаар биеэ барьдаг байх нь хичнээн чухал! (Дуулал 39:1). Цэвэр ариун байдлаа хадгалан, ганц биеэрээ амьдарч байгаа ах эгч нараа бид чин сэтгэлээсээ магтан сайшаах нь зохистой. Бид бусдын урам хугалах үг хэлэхийн оронд урмыг нь сэргээхийг хичээх хэрэгтэй. Жишээ нь: Төлөвшсөн христианууд оройн хоол зооглохоор юм уу, эсвэл сүнслэг асуудлаар хөөрөлдөхөөр хэдүүлээ цуглахдаа ганц бие нэгнээ урьж болох юм.

Гэр бүлийн хүрээнд биеэ барих нь

12. Гэр бүлтэй хүмүүс ч гэсэн тодорхой хэмжээгээр биеэ барих хэрэгтэйн учир юу вэ?

12 Гэр бүлтэй болсноор секстэй холбоотой асуудлаар биеэ барих шаардлага үгүй болчихдоггүй. Жишээ нь: Нөхөр эхнэр хоёрын сексийн хэрэгцээ эрс ялгаатай байж болно. Эсвэл хэн нэгнийх нь биеийн байдлаас шалтгаалан сексийн хэвийн харилцаа тодорхой хугацаагаар алдагдах юм уу, эсвэл бүр боломжгүй болж мэднэ. Өнгөрсөн амьдралаас болоод нөхөр эхнэрийн хэн нэг нь «Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг» гэсэн тушаалыг биелүүлэхэд бэрхшээл үүсч магад. Тийм тохиолдолд нөгөөх нь биеэ бүр илүү барих хэрэгтэй болж болох юм. Гэхдээ, нөхөр эхнэрийн хэн хэн нь элч Паулын христиан хосуудад хандан: «Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм» хэмээн хайрын сэтгэлээсээ зөвлөснийг санах нь зүйтэй (1 Коринт 7:3, 5).

13. Биеэ барихыг хичээдэг хүмүүст бид хэрхэн тусалж болох вэ?

13 Энэхүү туйлаас янаг харилцаанд нөхөр эхнэрийн хэн хэн нь зохистойгоор биеэ барьж сурвал юутай сайн. Түүний зэрэгцээ, энэ талаар биеэ барихыг хичээж байгаа итгэл нэгтнүүдээ ойлгох хэрэгтэй. Ехова, сүнслэг ах дүүст маань биеэ барьж, буруу хүслээ ялан дийлэх гэсэн тэмцлээ үргэлжлүүлэх хэрсүү ухаан, эр зориг болон сэтгэлийн хүч өгөөсэй гэж залбирахаа бид хэзээ ч мартаж болохгүй (Филиппой 4:6, 7).

Бие биедээ туслахаа үргэлжлүүлэгтүн

14. Итгэл нэгтнүүдээ өрөвдөж, ойлгож харьцах ёстойн учир юу вэ?

14 Бидэнд тохиолдож байгаагүй бэрхшээлийг давахын тулд биеэ барих гэж хичээж байгаа итгэл нэгтнүүдээ ойлгоход хэцүү байж болох юм. Гэхдээ, хүмүүс төрөлхөөсөө харилцан адилгүй байдаг. Зарим хүн сэтгэл хөдлөлдөө амархан автдаг байхад зарим нь үгүй байх жишээтэй. Зарим хүн өөрийгөө хянаж, биеэ барих асуудал дээр харьцангуй бэрхшээл багатай байдаг бол зарим нь тийм биш байдаг. Гэхдээ, сул талтайгаа тэмцэж байгаа хүн муу хүн биш гэдгийг санах хэрэгтэй. Бид итгэл нэгтнүүдээ ойлгож, өрөвддөг байх ёстой. Биеэ барих чадвараа хөгжүүлэхийг тасралтгүй хичээж байгаа хүмүүст үргэлжүүлэн нигүүлсэл үзүүлэх эсэхээс маань бидний жаргалтай байх эсэх шалтгаална. Үүнийг Матай 5:7-д бичсэн Есүсийн үгнээс мэдэж болно.

15. Дуулал 130:3-ын үг биеэ барих чадвар хөгжүүлэхийг хичээж байгаа хүмүүсийг тайвшруулдгийн учир юу вэ?

15 Христиан чанар илэрхийлэх асуудал дээр зарим талаар амжилт олохгүй байгаа итгэл нэгтнүүдээ хэзээ ч муугаар бодож болохгүй. Бид биеэ барих асуудал дээр заримдаа бүтэлгүйтдэг ч, Ехова ганц энэ бүтэлгүйтлийг төдийгүй, итгэл нэгтнүүдийн тэр бүр анзаардаггүй олон амжилтыг маань ч хардаг гэдгийг мэдэх нь юутай тайвшрам. Дуулал 130:3-т: «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» хэмээн бичсэнийг санаж явах аваас агуу тайвшралыг олно.

16, 17. а) Биеэ барих асуудалд хандахдаа Галат 6:2 ба 5-р зүйлийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? б) Дараагийн өгүүллээр биеэ барих талаар ямар ямар асуулт авч үзэх вэ?

16 Еховад таалагдахын тулд бид бүгдээрээ биеэ барих чадварыг хөгжүүлэх ёстой. Гэхдээ, итгэл нэгт ах дүүсийнхээ тусламжид найдаж болно. Хүн бүр хариуцлагын ачаагаа өөрөө үүрэх ёстой ч дутагдлаа ялан дийлэхэд нь бид бие биедээ туслах үүрэгтэй (Галат 6:2, 5). Очих ёсгүй газар уруу маань очуулдаггүй, үзэх ёсгүй юмыг маань үзүүлдэггүй, хийх ёсгүй юмыг маань хийлгэдэггүй эцэг эх, хань ижил, найз нөхдөө үнэлэх ёстой. Биеэ барих чадвар илэрхийлэх буюу «үгүй» гэж хэлж чаддаг болоход тэд нар маань бидэнд тусалдаг юм шүү дээ!

17 Олон христиан биеэ барих чадварын талаар бидний авч үзсэн зүйлийн дагуу амьдардаг байж магадгүй ч түүнийг хөгжүүлэх талаар ажиллах шаардлага байна гэж бодож болох юм. Тэд биеэ барих чадварыг төгс бус хүний л чадах хэмжээнд, илүү ихээр илэрхийлэхийг хүсдэг. Та ч бас тэгж боддог биз дээ? Бурхны сүнсний үр жимсний энэ талыг хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ? Энэ нь христиан хүний хэтийн зорилгодоо хүрэхэд танд хэрхэн тусалж болох вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр авч үзнэ.

Та санаж байна уу?

Биеэ барих чадвар...

• хөгжүүлэх нь христиануудад яагаад чухал бэ?

• илэрхийлэх зарим хүнд яагаад их хэцүү байдаг вэ?

• гэр бүлд яагаад хэрэгтэй вэ?

• бие биедээ туслахад амархан хөгждөгийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[14-р хуудасны хавсралт/зураг]

Тэр «үгүй» гэж хэлж чадсан

Германд амьдардаг нэгэн Гэрч холбооны байгууллагад техникчээр ажилладаг байлаа. Тэрээр 30 орчим төрлийн теле болон радиогийн хөтөлбөр хянах ажил хийдэг байв. Техникийн саатал гарсан үед юу болсныг тогтоохын тулд уг хөтөлбөрийг анхааралтай үзэх шаардлага гардаг аж. Тэрээр: «Бараг л саатал гарах болгонд дэлгэцээр хүчирхийлэл юм уу секс гарч байгаа таардаг. Тэдгээр бузар явдал тархинд минь тамгалагдсан юм шиг хэдэн өдрөөр, заримдаа хэдэн долоо хоногоор бодогддог юм» гэж ярьж билээ. Ийм юм сүнслэг байдалд нь муугаар нөлөөлдгийг хүлээн зөвшөөрч, цааш нь: «Би цөсөрхөг хүн учраас хүчирхийллийн үйл явдал өөрийгөө захирч сурах гэсэн чармайлтад минь муугаар нөлөөлсөн. Харин сексийн холбогдолтой үйл явдал эхнэртэйгээ харьцах харьцааг минь хүндрүүлсэн. Би дээрх байдалтай өдөр бүр тэмцэхэд хүрсэн. Энэ тэмцэлдээ ялагдахгүйн тулд бага цалинтай ч хамаагүй, өөр ажил олж хийхээр шийдсэн. Би саяхан санасандаа хүрч, хүслээ биелүүлсэн» хэмээн ярьсан юм.