Skip to content

Бүх юман дээр Библийн тушаал байх ёстой юу?

Бүх юман дээр Библийн тушаал байх ёстой юу?

Бүх юман дээр Библийн тушаал байх ёстой юу?

ТАНЫГ жаахан байхад эцэг эх тань гэрийн дүрэм тогтоодог байсан байх. Энэ нь миний сайн сайхны төлөө байжээ гэдгийг та яваандаа ойлгосон нь дамжиггүй. Харин та одоо том хүн болсон. Тиймээс аав ээждээ захирагдах шаардлагагүй болсон ч тодорхой зарчмуудыг нь баримталсаар байгаа байх.

Тэнгэрийн Эцэг Ехова маань өөрийн Үг Библидээ тодорхой тушаалуудыг бичүүлсэн. Жишээ нь, шүтээн шүтэх, садар самуун явдалд орооцолдох, завхайрах, хулгай хийхийг хориглосон байдаг (Египетээс гарсан нь 20:1–17; Үйлс 15:28, 29). «Бүх талаараа төлөвшихийн» хэрээр Ехова бидний сайн сайхныг боддогийг, хууль тушаал нь эрх чөлөөг маань боож хаадаггүйг ойлгож авдаг (Эфэс 4:15; Исаиа 48:17, 18; 54:13).

Амьдралын нөхцөл олон янз байдаг бөгөөд тэр болгонд ингэж болно, болохгүй гэж бичсэн тодорхой тушаал байхгүй. Тийм учраас зарим хүн тодорхой тушаал байхгүй тохиолдолд юу ч хийж болно гэж боддог. Хэрэв үүнийг чухал гэж Бурхан үзсэн юм бол энэ тохиолдолд ч яах ёстойг тодорхой тушаах байсан гэж хэлдэг.

Ингэж боддог хүмүүс ихэнхдээ буруу шийдвэр гаргаж, дараа нь харамсдаг. Библид хууль тушаал байдгаас гадна Бурхны үзэл бодлыг Библиэс ойлгож болдгийг тэд анхаардаггүй. Бид Библи судалж Еховагийн үзэл бодлыг мэдэхийн хэрээр мөс чанараа сургаж, Еховад таалагдах шийдвэр гаргадаг. Ингэснээрээ Еховагийн зүрхийг ч баярлуулж, өөрсдөө ч ач тус хүртдэг (Эфэс 5:1).

Библийн жишээнүүд

Эртний үйлчлэгчид нь Бурхны тодорхой тушаал байхгүй тохиолдолд ч Бурхны үзэл бодолд нийцүүлсэн шийдвэр гаргасан тухай Библид гардаг. Иосефт тохиолдсон явдлыг жишээ болгон ярилцъя. Потифарын эхнэр түүнийг садар самуунд уруу татах гэж өдөж байсан. Тухайн үед завхайрч болохгүй гэсэн Бурхны тушаал бичигдээгүй байв. Гэхдээ Иосеф тодорхой тушаал байгаагүй гээд завхайрсан бол мөс чанараа үл тоосноор барахгүй «Бурхандаа нүгэл үйлдсэн» хэрэг болохыг ойлгож байлаа (Эхлэл 39:9). Иосеф завхайрахыг Бурхны үзэл бодол, хүсэл таалалтай нь огт нийцэхгүй гэдгийг Еден цэцэрлэгт болсон явдлаас ухамсарласан байх (Эхлэл 2:24).

Бас нэг жишээг ярилцъя. Үйлс 16:3-т бичсэнээр Паул Тимотыг миссионерын аялалд дагуулж явахаасаа өмнө хөвчийг нь тасалдаг. 4-р зүйлийг харвал Паул Тимот хоёр «дайрч өнгөрсөн хот болгоныхоо дагалдагчдад Иерусалим дахь элчүүд, ахлагчдын гаргасан шийдвэрийг баримтлахыг уриалж явсан». Тэгж явахдаа Христийн дагалдагч хүн хөвч таслуулах шаардлагагүйг бас тунхагласан (Үйлс 15:5, 6, 28, 29). Тэгвэл Паул яагаад Тимотын хөвчийг таслуулах шаардлагатай гэж үзсэн бол оо? Яагаад гэвэл «нутгийн иудейчүүд Тимотыг грек эцэгтэй гэж мэддэг байлаа». Паул хэнийг ч бүдрүүлэхийг хүсээгүй. Бас Христийн дагалдагч «Бурхны өмнө хүн бүрд сайн жишээ үзүүлдэг» буюу бусдын мөс чанарыг хүндэтгэдэг байгаасай гэж хүссэн (2 Коринт 4:2; 1 Коринт 9:19–23).

Паул Тимот хоёрын аль аль нь ийм үзэлтэй байсан. Ром 14:15, 20, 21; 1 Коринт 8:9–13; 10:23–33-ыг уншвал Паул, ялангуяа, буруу биш зүйлээс болоод амархан бүдэрч болзошгүй итгэл нэгтнүүдийнхээ Бурхантай тогтоосон харьцаанд саад болох вий гэж санаа зовсон. Тимот ч ийм үзэлтэй байсныг тэрбээр ийнхүү бичжээ. «Та нарт санаа тавьдаг Тимот шиг хүн надад алга. Бусад нь бүгдээрээ Есүс Христийнхийг биш, хувийн ашиг сонирхлоо боддог. Харин Тимот эцэгтэйгээ хамт зүтгэдэг хүү шиг сайн мэдээг түгээхийн тулд надтай хамт зүтгэж, ямар хүн гэдгээ баталсныг та нар мэднэ шүү дээ» (Филиппой 2:20–22). Паул Тимот хоёр бидэнд ямар гайхалтай жишээ үлдээгээ вэ! Бурхны тодорхой тушаал байхгүй тохиолдолд тэд өөрсдийн хүсэл тааллын дагуу үйлдээгүй. Харин хайрын сэтгэлтэй Ехова Есүс хоёрыг дуурайж гаргасан шийдвэр нь бусад хүний Бурхантай тогтоосон харьцаанд хэрхэн нөлөөлөхийг анхаарсан.

Дуурайвал зохих үлгэр жишээ болсон Есүсийн тухай бодоорой. Тэрбээр уулан дээр сургаал айлдахдаа Бурхны хуулийн мөн чанарыг ойлгосон хүн хууль тушаалыг нь дагаад зогсохгүй, илүүг хийдэг гэдгийг ойлгомжтой тайлбарласан (Матай 5:21, 22, 27, 28). Есүс Паул Тимот Иосеф нарын хэн нь ч Бурхны гаргасан тодорхой тушаал байхгүй үед өөрийнхөө хүссэнээр үйлдэж болно гэж бодож байгаагүй. Бурхны үзэл бодолд нийцүүлдэг тэд Бурхныг болон бусдыг хайрла гэсэн хамгийн чухал хоёр тушаалын дагуу амьдардаг байсан (Матай 22:36–40).

Христийн дагалдагчид өнөөдөр

Тэгэхээр Библи бол бидний гүйцэтгэх ёстой үүргийг нэг бүрчлэн тоочиж бичсэн хуулийн баримт биш юм. Яахыг маань хэлж өгсөн Библийн тодорхой тушаал байхгүй тохиолдолд ч бид Еховагийн үзэл бодолд нийцүүлэн шийдвэр гаргадаг бол Ехова Бурхнаа маш их баярлуулна. Өөрөөр хэлбэл, тодорхой тушаал хайхын оронд «Ехова юу хүсдэгийг ухаарах» хэрэгтэй (Эфэс 5:17; Ром 12:2). Ингэдэг бол Ехова баярлана гэхийн учир юу вэ? Өөрийнхөө хүсэл сонирхол, эрх ашгаа хойш нь тавьж, Еховад сайшаагдахыг чухалд үздэгээ харуулж байгаа хэрэг юм. Бас Ехова биднийг хайрладагт талархаж, түүнийг дуурайж ийм хайранд хөтлөгдөн амьдрах хүсэлтэй байгаагаа харуулна (Сургаалт үгс 23:15; 27:11). Түүнээс гадна Библид бичсэнийг баримтлан амьдардаг бол Бурхантай дотно бөгөөд эрүүл байхад тустай.

Эфэс 5:17-д бичсэн зарчмыг хувийн асуудлаа шийдэхдээ хэрхэн хэрэгжүүлж болохыг ярилцъя.

Унших, сонсох, үзэх зүйлээ сонгох нь

Дууны цомог худалдан авах гэж байгаа залууг жишээ болгон ярилцъя. Уг цомгоос ганц нэг дуу сонсоход ерөнхийдөө таалагдсан боловч арын хавтсыг нь харахад дууны үг нь тачаангуй, шалиг завхай байж болохоор санагдав. Мөн энэ дуучны олон дуу хүчирхийлэл, түрэмгий байдлыг илэрхийлсэн байдгийг бодов. Энэ залуу Еховаг хайрладаг учраас уг цомгийн талаарх үзэл бодлыг нь мэдэхийг хүсэж байгаа. Харин яаж мэдэх вэ?

Элч Паул Галатын итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа хүний нүгэлт хандлагыг илэрхийлдэг үйл хэрэг болон Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг дурдсан байдаг. Эдгээр зан чанар нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих нь юм гэдгийг та мэддэг нь лавтай. Тэгвэл нүгэлт хандлага нь ямар үйлсээр илэрдэг вэ? Паул ингэж бичжээ. «Нүгэлт хандлага ийм үйлсээр илэрдэг. Эдгээр нь садар самуун явдалд орооцолдох, бузар байх, эрээ цээргүй хэрэг хийх, шүтээн шүтэх, ид шидээр хөөцөлдөх, өширхөх, тэмцэлдэх, хар буруу санах, уурлан хилэгнэх, хэрэлдэж маргах, хагарал гаргах, бүлгэрхэх, атаархах, архидан согтуурах, ёс журамгүй найрлан цэнгэх зэрэг юм. Би анхааруулж хэлснээ дахиж хэлье. Иймэрхүү юм хийдэг хүн Бурхны Хаант төрд багтахгүй» (Галат 5:19–23).

Паул жагсаалтынхаа төгсгөлд «зэрэг юм» гэж бичсэнийг анхаараарай. Тэрбээр нүгэлт хандлага илэрхийлдэг бүх үйл хэргийг дурдаагүй. Тэгэхээр «Паулын энд дурдаагүй үйл хэргийг үйлдэж болох Библийн үндэслэл байна» гэж бодох ёсгүй. Харин энд дурдаагүй ч «зэрэг» гэдэгт ордог үйл хэргийг мэдэж авахын тулд оюун ухаанаа дайчлах хэрэгтэй. «Зэрэг» гэдэгт ордог үйл хэргийг үйлдээд гэмшээгүй бол Бурхны Хаант төрийн ивээлийг хүртэхгүй.

Тэгэхээр Еховад юу таалагддаггүй вэ гэдгийг мэдэж авахын тулд сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй байх нь. Энэ нь тийм хэцүү юү? Жишээ нь танд жимс ногоо түлхүү идэж, кекс зайрмаг зэрэг зүйлийг идэхгүй байхыг эмч зөвлөсөн гэж бодъё. Тэгвэл бялуу идэж болох уу, үгүй юү гэдгийг мэдэхэд хэцүү юү? Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар болон нүгэлт хандлага илэрхийлдэг үйлсийг одоо дахин нэг эргэж харъя. Дээр дурдсан дууны цомог аль жагсаалтад багтах вэ? Энэ цомгийн дуунуудад хайр, сайхан сэтгэл, биеэ барих зэрэг агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар шингээгүй. Ийм төрлийн дуу хөгжим нь Бурхны үзэл бодолд нийцэхгүйг ойлгоход заавал тодорхой тушаал хэрэггүй. Унших юм, кино, телевизийн хөтөлбөр, компьютерын тоглоом, вэб сайт зэргийг сонгохдоо мөн л энэ зарчмын дагуу шийднэ.

Гадаад байдал, хувцаслалт зохистой байх нь

Библид гадаад байдал, хувцаслалттай холбоотой зарчмууд байдаг. Эдгээрийг хэрэгжүүлдэг бол бид сайхан харагддаг. Энэ тал дээр ч Еховаг хайрладаг хүн өөртөө бус, Еховад таалагдахыг хүсдэг. Дээр ярьсанчлан Ехова тодорхой тушаал өгөөгүй л бол үйлчлэгчид нь юу ч хийж болно гэсэн үг биш ээ. Газар газарт хувцаслах хэв маяг янз янз байдаг. Нэг газарт ч хувцасны хэв загвар үе үе өөрчлөгддөг. Гэхдээ Ехова бидэнд хэзээ ч, хаана ч хэрэгжүүлж болох үндсэн зарчмуудыг өгсөн.

Жишээлбэл, 1 Тимот 2:9, 10-т «Түүнчлэн, эмэгтэйчүүд даруу, ухаалаг байн, аятайхан хувцаслаж, дэгжирхэж сүлжсэн үс, алт, сувд юм уу үнэтэй хувцсаар биш, харин Бурхнаас эмээдэг эмэгтэйд зохистой сайн үйлсээр өөрсдийгөө чимэх учиртай» гэж байдаг. Тиймээс Христийн дагалдагч эмэгтэйчүүд та нар, түүнчлэн эрэгтэйчүүд ч «Бурхнаас эмээдэг» хүн ямар байх ёстой вэ гэсэн нутгийнхныхаа бодлыг сайтар нягталж үзээрэй. Бид гадаад байдлаараа сайн мэдээний талаарх хүмүүсийн үзэл бодолд нөлөөлдгийг мартах учиргүй (2 Коринт 6:3). Үлгэр жишээч Христийн дагалдагч хүн өөрийнхөө хүсэл сонирхол, эрх ашгийг бус, харин бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй, хүмүүсийг бүдрүүлэхгүй байхыг голлон анхаардаг (Матай 18:6; Филиппой 1:10).

Христийн дагалдагч хүн өөрийнх нь гадаад байдал бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх юм уу бүдрүүлэх шалтгаан болж байгааг анзаарвал өөрийнхөө хүсэл сонирхлыг хойш нь тавьж бусдын сайн сайхныг боддог байсан элч Паулыг дуурайх хэрэгтэй. Паул: «Христийг дуурайдаг намайг дуурай» гэсэн (1 Коринт 11:1). Бас «Христ ч өөрийнхөө таалалд нийцүүлээгүй юм» гэж бичжээ. Үүнийг үзвэл Христийн дагалдагч бид яах ёстой нь тодорхой байна. «Бат итгэлтэй бид итгэлээр дутмаг нэгэндээ туслах үүрэгтэй бөгөөд өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэх учиргүй. Харин бусдын сайн сайхныг бодон сэтгэлд нь нийцүүлж, урамшуулан зоригжуулцгаая» (Ром 15:1–3).

Ялгаж салгах чадвараа сайжруулах нь

Тодорхой тушаал байхгүй тохиолдолд ч Еховад таалагдахын тулд ялгаж салгах чадвараа хэрхэн сайжруулах вэ? Библийг өдөр бүр уншиж, тогтмол судалж, эргэцүүлэн боддог бол энэ чадвараа сайжруулж чадна. Гэхдээ чадвар сайжиртал хугацаа хэрэгтэй. Яг л хүүхэд өсөж торнидог шиг аажмаар, анзаарагдахгүйгээр сайжирдаг. Тийм учраас тэвчээртэй байх хэрэгтэй. Бас мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Түүнчлэн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хар аяндаа ялгах чадвартай болчихгүй. Дээр дурдсанаар энэ хугацаанд Библиэ тогтмол судалж, судалсныхаа дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй (Еврей 5:14).

Бурхны тушаал бол хэр дуулгавартай байдгийн маань шалгуур, харин зарчим нь Бурхантай хэр дотно, тэнгэрийн Эцэгтээ таалагдах гэж хэр их хичээдгийн маань шалгуур гэж хэлж болно. Бурхантай дотно болох тусам Ехова болон Хүүг нь дуурайх хүсэл оргилно. Судраас Бурхны үзэл бодлыг мэдэж авах тусам Бурхны үзэл бодолд нийцсэн шийдвэр гаргах хүсэлтэй болдог. Бүх ажил үйлсээрээ тэнгэрийн Эцгээ баярлуулдаг бол бид өөрсдөө ч баяр жаргалаар бялхана.

[Зураг]

Хувцаслах хэв загвар нь газар газарт өөр байдаг ч, бид Библийн зарчмыг баримтлах хэрэгтэй