Skip to content

Гарчиг руу орох

«Эзэн, хэрхэн залбирахыг бидэнд зааж өгөөч»

«Эзэн, хэрхэн залбирахыг бидэнд зааж өгөөч»

«Эзэн, хэрхэн залбирахыг бидэнд зааж өгөөч»

«Шавь нарынх нь нэг Түүнд: „Эзэн, ...хэрхэн залбирахыг... бидэнд зааж өгөөч“ гэжээ» (ЛУК 11:1).

1. Нэг шавь нь Есүсээс хэрхэн залбирахыг зааж өгөхийг хүссэн нь ямар учиртай вэ?

 ЭНЭ явдал МЭ 32 онд болжээ. Есүсийг Эцэгтээ залбирч байхыг нэг шавь нь ажиглажээ. Гэсэн ч чухам юу хэлж байгааг нь өнөөх шавь сонсож чадаагүй аж. Учир нь Есүс дотроо залбирсан бололтой. Ямартай ч, залбирч дуусахад нь: «Эзэн, ...хэрхэн залбирахыг... бидэнд зааж өгөөч» гэжээ (Лук 11:1). Ямар учраас ингэж хүссэн бэ? Ер нь залбирал бол иудей хүний амьдрал болон шүтлэгийнх нь салшгүй хэсэг байв. Еврей Судрын «Дуулал» зэрэг номд залбирлын олон жишээ тэмдэглэсэн байдаг. Тиймээс тэр шавь огт мэдэхгүй буюу урьд нь хийж үзээгүй юмаа заалгахыг хүссэн хэрэг биш байлаа. Тэрээр иудейн шашны удирдагчдын ёс төдий залбирдгийг мэддэг байсан нь ойлгомжтой. Гэтэл багшийнхаа залбирахыг ажиглаад, рабби нарын сүсэгтэй хүний дүр үзүүлэн залбирдаг, Есүсийн хэрхэн залбирдаг хоёрын хооронд эрс ялгаа байгааг ойлгосон бололтой (Матай 6:5–8).

2. а) Есүс биднээр жишээ залбирлыг үг үсэгчлэн давтуулах гээгүйг юу харуулдаг вэ? б) Бид ямар учраас зөв залбирч сурахыг хүсдэг вэ?

2 Тэр явдлаас ойролцоогоор жил хагасын өмнө Есүс «Ууланд айлдсан номлол»-оо хэлэхдээ хэрхэн залбирах жишээг шавь нартаа үзүүлжээ (Матай 6:9–13). Тэр үед, өнөөх хүсэлт тавьсан шавь байхгүй байсан байж болох юм. Тийм учраас Есүс тэр жишээ залбирлынхаа үндсэн санааг дахин дуртайяа хэлж өгчээ. Гэхдээ өмнөх залбирлаа үг үсэгчлэн давтаагүйг анхаарах хэрэгтэй. Үүгээрээ Есүс цээжилчихээд, утгыг нь ойлгохгүй давтаад байдаг, ёслолын чанартай залбирал хэлээгүйгээ харуулсан (Лук 11:1–4). Бид ч гэсэн нэр нь үл мэдэгдэх тэр шавийн адилаар, Еховад улам ойртохын тулд зөв залбирч сурахыг хүсдэг. Учир иймээс жишээ залбирлын бүрэн эхийг элч Матайн тэмдэглэснээр дэлгэрэнгүй авч үзье. Уг залбиралд нийт долоон гуйлт байдгаас гурав нь Бурхны санаа зорилготой, үлдсэн дөрөв нь бидний материаллаг болон сүнслэг хэрэгцээтэй холбоотой ажээ. Энэ өгүүллээр эхний гурван гуйлтыг авч үзье.

Халамжит Эцэг

3, 4. Еховаг «бидний Эцэг» гэж дууддаг маань юу гэсэн үг вэ?

3 Бид Еховаг хүндэтгэдгийн зэрэгцээ түүнтэй дотно харьцаатай байдгаа залбирлаараа харуулах учиртайг Есүс бүр анхнаас нь харуулжээ. Есүс уулын бэлд цугласан шавь нартаа «тэнгэрт байгаа бидний Эцэг» хэмээн Еховад хандаж байхыг заасан нь, гол нь шавь нарынхаа тусын тулд хэлсэн хэрэг байжээ (Матай 6:9). Есүс еврей хэлний нийтэд тархсан найруулга юм уу арамей хэлээр ярьсан байж болох ч, нэгэн эрдэмтний хэлснээр, түүний хэлсэн «Эцэг» гэдэг үг нь бага насны хүүхдийн дотночлон хэлдэг үг буюу «хүүхдийн хэллэгтэй» адил ажээ. Еховаг «бидний Эцэг» гэж дуудах нь түүнтэй нөхөрсөг, чин сэтгэлийн харьцаатай байгааг харуулдаг.

4 Түүнчлэн, бид Еховаг «бидний Эцэг» гэж хэлэхдээ түүнийг Амь Өгөгчөө гэж үздэг хүмүүсийн өнөр бүлд багтдагаа хүлээн зөвшөөрдөг (Исаиа 64:8; Үйлс 17:24, 28). Сүнсээр төрсөн христианууд «Бурхны хөвгүүд» болон үрчлэгдсэн бөгөөд түүнийг «„Аав! Эцэг минь!“ гэж дууддаг» (Ром 8:14, 15). Олон сая хүн тэдний үнэнч хамтран зүтгэгч болж, Еховад өөрсдийгөө зориулж, үүнийгээ бэлэгдэн усаар баптисм хүртсэн. Энэ «өөр хонинууд» ч бас Есүсийн нэрээр Еховад хандаж, түүнийг «бидний Эцэг» гэж дууддаг (Иохан 10:16, МБОХ, 1996; 14:6). Бид тэнгэрийн Эцгээ магтан алдаршуулж, сайхан сэтгэлээр ханддагийнх нь төлөө талархаж, үйлчлэгчдэдээ санаа тавьдаг гэдэгт итгэлтэйгээр сэтгэл зовоосон асуудлаа хуваалцаж тогтмол залбирч болно (Филиппой 4:6, 7; 1 Петр 5:6, 7, «санаа зовдог» [«санаа тавьдаг», ШЕ]).

Еховагийн нэрийг хайрлах нь

5. Жишээ залбирал ямар гуйлтаар эхэлдэг вэ? Ингэж гуйх нь ямар учраас зөв бэ?

5 «Таны нэр ариунаар дуурсгагдаг» хэмээсэн эхний гуйлт юуг тэргүүн зэрэгт тавих ёстойг шууд харуулдаг (Матай 6:9). Тийм ээ, бид Еховаг хайрлаж, нэрийг нь сэвтүүлсэн бүх жигшүүрт хэргийг үзэн яддаг учраас нэрийг нь ариусгах явдал бидний хувьд хамгийн чухал байх ёстой. Сатан самуун дэгдээж, анхны хосыг ятган Бурханд дуулгаваргүй болгохдоо Ехова хэмжээгүй эрх мэдлээ зүй зохисоор нь эдэлдэг эсэхэд эргэлзээ төрүүлж, нэрийг нь сэвтүүлсэн (Эхлэл 3:1–6). Түүнээс гадна, Бурхныг шүтдэг гэх хүмүүс ичгүүртэй үйлс болон сургаалаараа Еховагийн нэрийг олон зууны турш гутаан доромжилж байна.

6. Бид Еховагийн нэр ариусгагдаг гэж залбирдаг бол юуг цээрлэх вэ?

6 Бид Еховагийн нэр ариусгагдаг гэж залбирахдаа орчлонт ертөнц дэх хэмжээгүй эрх мэдлийн талаарх маргаантай асуудлаар ямар байр суурь баримталдгаа буюу Ехова орчлонт ертөнцийг захирах эрхтэйг бүрэн хүлээн зөвшөөрдгөө харуулдаг. Ехова, өөрийг нь болон нэрийнх нь цаана байгаа бүхнийг хайрладгийн улмаас зөвт эрх мэдэлд нь чин сэтгэлээсээ, дуртайяа захирагддаг тийм оюун ухаант бүтээлүүд орчлонт ертөнцөд байгаасай гэж хүсдэг (Шастирын дээд 29:10–13; Дуулал 8:1; 148:13). Еховагийн нэрийг хайрлах хайр тэрхүү ариун нэрийг гутаах алив бүхнийг цээрлэхэд тусална (Езекиел 36:20, 21; Ром 2:21–24). Орчлонт ертөнц болон тэнд оршин суугчдын амар тайван байдал Еховагийн нэр ариусах хийгээд түүний эрх мэдэлд хайрын сэтгэлээр захирагдахаас шалтгаалдаг тул «Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж залбирдаг маань санаа зорилго нь биелж, ийнхүү биелснээр Бурхныг алдаршуулна гэдэгт итгэлтэй байдгийн илрэл юм (Езекиел 38:23).

Бидний залбирдаг Хаанчлал

7, 8. а) Есүс ямар Хаанчлалын төлөө залбирахыг заасан бэ? б) «Даниел» болон «Илчлэлт» номоос энэ Хаанчлалын тухай бид юу мэдэж авдаг вэ?

7 Жишээ залбирлын хоёр дахь гуйлт нь: «Таны хаанчлал ирэх болтугай» гэж байдаг (Матай 6:10). Энэ нь эхний гуйлттай нягт холбоотой юм. Ехова Мессиагийн Хаанчлал буюу Хүү Есүс Христээ Тэргүүнээр нь томилсон тэнгэрийн засгийн газрыг ашиглан, нэрээ ариусгана (Дуулал 2:1–9). Даниелын зөгнөлд Мессиагийн Хаанчлалыг «уулнаас» цавчсан «чулуугаар» төлөөлүүлэн дүрсэлдэг (Даниел 2:34, 35, 44, 45). «Уул» нь Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг бэлэгддэг учир «чулуугаар» төлөөлүүлсэн Хаанчлал нь Бурхны хэмжээгүй эрх мэдлийн шинэ илэрхийлэл юм. Зөгнөлд тэр чулуу «асар том уул болоод бүх дэлхийг дүүргэх» тухай тэмдэглэсэн нь Мессиагийн Хаанчлал дэлхийг захирахдаа Бурхны эрх мэдлийг төлөөлөхийг харуулдаг.

8 Энэхүү Хаанчлал буюу засгийн газарт Христтэй хамт хаан ба тахилч болон захирах 144 000 хүнийг «хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ» (Илчлэлт 5:9, 10 «дэлхий дээр» [«дэлхийг», ШЕ]; 14:1–4; 20:6). Даниел тэднийг «Дээдийн Дээд Нэгний ариун хүмүүс» хэмээгээд, Тэргүүн Христтэйгээ хамт «бүхэл тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдлыг» хүлээн авч, «Түүний [«тэдний», ШЕ] хаанчлал нь үүрдийн хаанчлал байх бөгөөд бүх эрх мэдэл Түүнд [«тэдэнд», ШЕ] үйлчилж, захирагдан дагах болно» гэж бичжээ (Даниел 7:13, 14, 18, 27). Есүсийн дагалдагчдадаа залбирахыг заасан тэнгэрийн засгийн газар нь энэ буюу.

Хаанчлал ирэг гэж одоо ч залбирахын учир

9. Бурхны Хаанчлал ирэг гэж залбирах нь яагаад зөв бэ?

9 Түүнчлэн, Бурхны Хаанчлал ирэг гэж залбирах хэрэгтэйг Христ заасан. Библийн биелсэн зөгнөлүүд Мессиагийн Хаанчлал 1914 онд тэнгэрт тогтсоныг харуулдаг. * Тэгвэл Хаанчлал «ирэг» гэж залбирсаар байх нь зөв үү? Тийм ээ, зөв. Учир нь Даниелын зөгнөлд, «чулуугаар» төлөөлүүлсэн Мессиагийн Хаанчлалыг, «асар том баримлаар» бэлэгдсэн хүний засгийн газруудтай дайсагналцсан байдалтай байгаагаар тэмдэглэсэн. «Чулуу» «баримлын» эсрэг босож, «баримлыг» хүчтэй цохиж, бутлах ёстой. Даниелын зөгнөлд: «Тэр хаанчлалын эрх мэдэл бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» гэж бичжээ (Даниел 2:44).

10. Бурхны Хаанчлал ирэхийг бид ямар учраас тэсэн ядан хүлээдэг вэ?

10 Бурхны Хаанчлал Сатаны эд юмсын ёс бус тогтолцоог устгахаар ирэх цагийг бид тэсэн ядан хүлээдэг билээ. Яагаад гэвэл энэ нь Еховагийн нэрийг ариусгаж, эрх мэдлийг эсэргүүцдэг бүх хүнийг устгана гэсэн үг. Бид чин сэтгэлээсээ: «Таны хаанчлал ирэх болтугай» хэмээн залбирч, элч Иоханы адилаар: «Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!» гэж хэлдэг (Илчлэлт 22:20). Тийм ээ, Есүс Еховагийн нэрийг ариусгаж, хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөхөөр ирж, дуулалчийн: «Ехова гэдэг нэртэй зөвхөн та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд нь гэдгийг хүмүүс мэдэг» хэмээн бичсэн үг биелэх болтугай (Дуулал 83:18, ШЕ).

«Хүсэл тань... биелэгдэх болтугай»

11, 12. а) Бурхны хүсэл таалал «тэнгэрт шигээ газар дээр» биелэг гэж залбирахдаа бид ямар санаа илэрхийлдэг вэ? б) Еховагийн хүсэл таалал биелэг гэж залбирах нь өөр ямар утгатай вэ?

11 Цааш нь Есүс шавь нартаа: «Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж залбирахыг заасан (Матай 6:10). Орчлонт ертөнц Еховагийн хүсэл тааллын улмаас орших болсон. Хүчирхэг тэнгэрийн бүтээлүүд: «Бидний Эзэн [«Ехова», ШЕ] ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» хэмээн баярлан хашхирчээ (Илчлэлт 4:11). «Тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмны» талаар Ехова санаа зорилготой (Ефес 1:8–10). Бид Бурхны хүсэл таалал биелэг гэж залбирахдаа, үнэн хэрэгтээ, Еховагаас санаа зорилгоо биелүүлэхийг гуйж байгаа хэрэг юм. Түүнээс гадна, Бурхны хүсэл таалал орчлонт ертөнц даяар биелэхийг үзэхийг хүсдэгээ харуулдаг.

12 Бид ийнхүү залбирахдаа Еховагийн хүсэл таалалд нийцүүлэн амьдрахыг эрмэлздэгээ мөн илэрхийлдэг. Есүс: «Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн» гэж тэмдэглэжээ (Иохан 4:34). Бурханд өөрсдийгөө зориулсан христианууд бид Есүсийн адилаар Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ баяр жаргал эдэлдэг. Ехова болон түүний Хүүг хайрладаг учраас «цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурхны хүслийн төлөө амьдрахыг» хүсдэг (1 Петр 4:1, 2; 2 Коринт 5:14, 15). Еховагийн хүсэл таалалд харш үйл хэргийг мэдсээр байж хийхээс зайлсхийдэг (1 Тесалоник 4:3–5). Бид Библи уншиж, судлахын тулд «зохистой цагийг зольж авснаар» (ШЕ) «[Еховагийн] хүсэл юу болохыг ухаардаг» бөгөөд үүнд «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээг» идэвхтэй дэлгэрүүлэх явдал ордог (Ефес 5:15–17; Матай 24:14).

Еховагийн хүсэл таалал тэнгэрт биелэх нь

13. Сатаныг самуун дэгдээхээс бүр өмнө Бурхны хүсэл таалал хэрхэн биелж байсан бэ?

13 Нэг сүнсэн хүү нь самуун дэгдээж, Сатан болохоос бүр өмнө Еховагийн хүсэл таалал тэнгэрт биелж байсан. «Сургаалт үгс» номд Бурхны ууган Хүүг хүнчилсэн мэргэн ухаанаар дүрсэлдэг. Түүнчлэн, хэмжээлшгүй олон зууны турш энэ Хүү нь Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэн, «[Бурхны] өмнө үргэлж баярлаж байсныг» харуулдаг. Хожим нь тэрээр «тэнгэр ба газар дахь бүх юм, үзэгдэх ба үл үзэгдэх юмсыг» бүтээхэд Еховагийн «уран дархан» болжээ (Сургаалт үгс 8:22–31; Колоссай 1:15–17). Ехова Есүсийг Үг буюу Төлөөлөгчөө болгон ашигладаг байв (Иохан 1:1–3).

14. Тэнгэр элчүүд Еховагийн хүсэл тааллыг тэнгэрт хэрхэн биелүүлдэг тухай 103-р дууллаас юу мэдэж болох вэ?

14 Дуулалч, Еховагийн хэмжээгүй эрх мэдэл бүхнээс дээгүүр бөгөөд үй олон тэнгэр элч үг зааврыг нь дагаж, тушаалыг нь биелүүлдгийг тэмдэглэн: «ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг. Түүний үгийн дууг даган, Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэр элчүүд ээ, ЭЗЭНийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн, Түүнд үйлчилдэг Түүний түмэн цэрэг ээ, та нар ЭЗЭНийг магтагтун. Түүний захирдаг [хэмжээгүй эрх мэдлийн] бүх газарт буй Түүний бүтээл болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун» гэж бичжээ (Дуулал 103:19–22).

15. Есүс Хаанчлалын эрх мэдлийг хүлээн авсан нь Бурхны хүсэл таалал тэнгэрт биелэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

15 Сатан самуун дэгдээснийхээ дараа тэнгэрт байх эрхтэй хэвээрээ байсныг «Иов» ном харуулдаг (Иов 1:6–12; 2:1–7). Гэхдээ «Илчлэлт» номд Сатаныг чөтгөрүүдийнхээ хамт тэнгэрээс хөөгдөх тухай зөгнөжээ. Энэ зөгнөл 1914 онд Есүс Христийг Хаанчлалын эрх мэдлийг хүлээн авсны дараахан биелсэн нь тодорхой. Тэр үеэс хойш самуун дэгдээгчид тэнгэрт байх газаргүй болсон. Тэд дэлхий орчимд хоригджээ (Илчлэлт 12:7–12). Тиймээс тэнгэрт Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн тухай маргаан сонсогдохоо больж, «Хурга» Есүс Христийг баяртай угтан авч, Еховаг дуулгавартайгаар магтан алдаршуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн бүтээлүүд үлджээ (Илчлэлт 4:9–11). Одоо Еховагийн хүсэл таалал тэнгэрт үнэхээр биелж байна.

Дэлхийн талаарх Еховагийн хүсэл таалал

16. Хүн төрөлхтний найдварын тухай христ шашны ертөнцийн сургаалыг жишээ залбирал хэрхэн няцаадаг вэ?

16 Христ шашны ертөнцийнхөн бүх сайн хүн тэнгэрт гарна гэж сурган, дэлхийг Бурхны санаа зорилгын гадна орхигдуулдаг. Гэтэл Есүс бидэнд: «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж залбирч байхыг сургасан (Матай 6:10). Харин өнөөдөр хүчирхийлэл, шударга бус явдал, өвчин эмгэг, үхэлд нэрвэгдчихээд байгаа дэлхийд Еховагийн хүсэл таалал биелж байна гэж хэлж болох уу? Болохгүй! Тиймээс, бид элч Петрээр бичүүлсэн амлалттай нь уялдан Бурхны хүсэл таалал дэлхий дээр биелэг гэж шаргуу залбирах ёстой. Петр: «Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр [Христ тэргүүтэй Мессиагийн Хаанчлал], шинэ газрыг [зөвт хүний нийгэм] хүлээн байна» гэж бичжээ (2 Петр 3:13).

17. Ехова дэлхийн талаар ямар санаа зорилготой вэ?

17 Ехова дэлхийг тодорхой зорилготой бүтээсэн. Зөнч Исаиаг онгодоор хөтлөн: «Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.) „Би бол ЭЗЭН. Өөр байхгүй“» гэж бичүүлсэн (Исаиа 45:18). Бурхан анхны хосыг диваажин цэцэрлэгт суулгаад: «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!» гэсэн заавар өгсөн (Эхлэл 1:27, 28; 2:15). Ехова хэмжээгүй эрх мэдэлд нь дуртайяа захирагддаг зөвт хүний төгс нийгмийг дэлхийд байгуулж, тэднийг Христийн амласан Диваажинд мөнх амьдруулах санаа зорилго өвөрлөдөг нь тодорхой (Дуулал 37:11, 29; Лук 23:43).

18, 19. а) Бурхан санаа зорилгоо дэлхий дээр бүрэн биелүүлэхээс өмнө юу болох ёстой вэ? б) Есүсийн жишээ залбирлын өөр ямар гуйлтыг дараагийн өгүүллээр авч үзэх вэ?

18 Бурхны хэмжээгүй эрх мэдлийг үл тоомсорлодог хүмүүс дэлхий дээр байгаа цагт дэлхийн талаарх Еховагийн санаа зорилго хэзээ ч бүрэн биелэхгүй. Бурхан Христийн удирдлага дорх хүчирхэг сүнсэн бүтээлүүдийг ашиглан, «дэлхийг устгагчдыг устгана». Сатаны ёс бус тогтолцоог хуурамч шашин, завхралд автсан улс төр, сувдаг шунахай, шударга бус бизнес хийгээд хөнөөлт цэрэг армитай нь дэлхийгээс бүрмөсөн арчин хаяна (Илчлэлт 11:18; 18:21; 19:1, 2, 11–18). Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөж, нэр нь ариусгагдана. Бид: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээн залбирахдаа чухамдаа энэ бүхний тухай залбирдаг (Матай 6:9, 10).

19 Гэхдээ Есүс жишээ залбиралдаа ахуй амьдралынхаа асуудлаар залбирч болохыг бас харуулсан. Энэ тухай дараагийн өгүүллээр авч үзье.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн олон хэлээр хэвлэсэн «Даниелын зөгнөлийг анхаарагтун!» номын 6-р бүлгийг үзнэ үү.

Давтах асуулт

• Еховаг «бидний Эцэг» гэж дуудах нь ямар учраас зөв бэ?

• Еховагийн нэр ариусгагдаг гэж залбирах нь ямар учраас хамгийн чухал бэ?

• Бид ямар учраас Бурхны Хаанчлал ирэг гэж залбирдаг вэ?

• Бурхны хүсэл таалал тэнгэрт шигээ газар дээр биелэг гэж залбирахдаа бид ямар санаа илэрхийлдэг вэ?

[Догол мөрийн асуулт]