Skip to content

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Еховагийн Гэрчүүд цусны хольцтой ямар нэг эмийн бэлдмэлийг хэрэглэж болох уу?

Доорх хариултыг 2000 оны 6-р сарын 15-ны дугаараас авсан.

Еховагийн Гэрчүүд цус хэрэглэдэггүй гэж шууд хариулж болно. Хүний үзэл бодол өөрчлөгдөхийн хирээр цусны талаарх Бурхны хууль түүнийг дагаад өөрчлөгддөггүй гэдэгт бид бат итгэдэг. Гэхдээ, өнөөдөр цусыг үндсэн дөрвөн хэсэгт хувааж, тэдгээрээс өөр олон жижиг хэсгийг ялган авдаг болсонтой холбоотой шинэ шинэ асуулт гарч ирж байна. Христиан хүн эдгээрийг хэрэглэх эсэхээ шийдэхдээ дан ганц эмчилгээний ач холбогдол, хор уршгаас илүү чухал асуудлыг тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ талаар Библи юу хэлдэг хийгээд гаргасан шийдвэр нь Төгс хүчит Бурхантай тогтоосон харьцаанд нь хэрхэн нөлөөлөхийг бодож үзэх учиртай.

Үндсэн асуудал нь тун энгийн юм. Үүнийг ойлгохын тулд Библи, түүх болон анагаах ухааны зарим баримтыг авч үзье.

Ехова Бурхан бидний дээд өвөг болох Ноад цусыг онцгойлон үзэж байхыг тушаасан (Эхлэл 9:3, 4). Хожим, Израильд өгсөн хуульдаа: «Израилийн гэрийнхнээс, эсвэл... гадаадынхнаас аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулна» хэмээсэн нь цус ариун болохыг харуулдаг. Бурхны хуулийг зөрчдөг израиль хүн бусдыгаа уруу татаж болох байсан учир Бурхан: «[Би] түүнийг ард олных нь дундаас таслах болно» хэмээн нэмж хэлжээ (Левит 17:10). Хожим, элч нар болон ахлагчид Иерусалимд цуглан, «цуснаас... цээрлэхийг» тушаажээ. «Цуснаас... цээрлэх» нь хиймэл шүтээн болон садар самууныг цээрлэхтэй адил чухал байлаа (Үйлс 15:28, 29).

Тэр үеийн христианууд «цээрлэх» гэдэг үгийг хэрхэн ойлгодог байсан бэ? Тэд цусыг хүнсэндээ халуунаар нь болон царцсан ямар ч байдлаар хэрэглэдэггүй байлаа. Цусыг нь юүлж асгаагүй амьтны мах иддэггүй байв. Тэрчлэн цусан хиам гэх мэтийн цусны хольцтой хоол иддэггүй байсан. Дээр дурдсан аль нэг хэлбэрээр цус хэрэглэх нь Бурхны хуулийг зөрчсөнтэй адил байв (1 Самуел 14:32, 33).

Тертуллианы (МЭ II—III зуун) бүтээлээс харахад дээр үед ихэнх хүн цусыг хүнсэнд хэрэглэхийг юман чинээ боддоггүй байжээ. Христиануудыг цус уудаг хэмээсэн гүтгэлгийн хариуд Тертуллиан, гэрээ байгуулахдаа цус амсаж баталгаажуулдаг овгуудын тухай бичжээ. Тэрчлэн «татаж унадаг өвчнөөсөө салахын тулд... мэсчдийн тулаанд сийчүүлсэн гэмт хэрэгтнүүдийн халуун цусыг шунахайран уудаг хүмүүсийн» тухай тэмдэглэсэн буй.

Ромчууд иймэрхүү үйлдлийг эмчилгээний ач холбогдолтой гэж үздэг байсан ч энэ нь христиануудын хувьд хориотой зүйл байв. Тертуллиан: «Бид хоол хүнсэндээ амьтны ч цус хэрэглэдэггүй» хэмээн бичжээ. Ромчууд христиануудад цустай хоол өгч Бурханд үнэнч байдлыг нь сорьдог байсан ажээ. Тертуллиан цааш нь: «[Христианууд] амьтны цуснаас сүнсээ зайлтал айн татгалздаг гэдгийг та нар сайн мэддэг атлаа тэднийг хүний цусанд шунадаг хэмээн үздэг тань юу болж таарах вэ гэж асуумаар байна» хэмээн бичжээ.

Өнөөдөр, цус сэлбэхийг зөвлөсөн эмчийн зөвлөгөө Төгс хүчит Бурхны хуультай зөрчилддөг гэж боддог хүн цөөхөн. Еховагийн Гэрчүүд бид амьд явахыг хүсдэг ч цусны талаарх Бурхны хуулийг сахиж мөрдөх шийдвэр төгс байдаг. Энэ нь орчин үеийн анагаах ухааны үүднээс үзвэл юу гэсэн үг вэ?

Дэлхийн хоёрдугаар дайны дараа бүхэл цус сэлбэх арга эмнэлгийн практикт өргөн нэвтэрснийг Еховагийн Гэрчүүд Бурхны хуультай зөрчилдсөн явдал гэж үзсэн бөгөөд өнөөдөр ч тэр үзлээ баримталдаг. Гэвч цаг хугацаа өнгөрч, анагаах ухаан хөгжжээ. Өнөөдөр цусыг бүхлээр нь бус, гол төлөв: 1) улаан бөөм, 2) цагаан бөөм, 3) ялтас, 4) сийвэн буюу цусны шингэн хэсэг зэрэг цусны үндсэн дөрвөн хэсгийн аль нэгийг нь сэлбэдэг. Өвчтөний байдлаас хамааран эмч улаан, цагаан бөөм, ялтас, сийвэнгийн аль нэгийг юүлэхийг зөвлөж болно. Цусны үндсэн хэсгүүдийг тус тусад нь ялган сэлбэх болсон нь нэг цусыг хэд хэдэн өвчтөнд ашиглах боломж олгодог. Еховагийн Гэрчүүд бүхэл цус болон цусны үндсэн дөрвөн хэсгийн алийг ч сэлбэсэн Бурхны хуулийг зөрчсөн хэрэг гэж үздэг. Библид үндэслэсэн тийм байр суурь тэднийг элэгний үрэвсэл, ДОХ зэрэг цусаар халдварладаг олон өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой байдаг.

Гэхдээ цусны үндсэн дөрвөн хэсгийг төдийгүй тэдгээрээс олон жижиг хэсгийг ялгадаг болсноор тэдгээр хэсгийг хэрхэн ашигладаг хийгээд христиан хүн тэдгээрийг эмчилгээнд ашиглах эсэхээ шийдэхдээ юуг удирдлага болгох ёстой вэ гэх зэргийн асуулт гарч ирдэг.

Цусны найрлага их нарийн. 90 хувь нь уснаас тогтдог сийвэн гэхэд л олон тооны даавар, органик бус давс, ферментүүд болон эрдэс бодис, сахар зэрэг тэжээлийн бодис агуулдаг. Түүнээс гадна, сийвэнгийн бүрэлдэхүүнд альбумин гэх мэтийн уураг, цус бүлэгнүүлэх хүчин зүйл, өвчинтэй тэмцэхэд нь бие махбодод тусалдаг эсрэг бие ордог. Сийвэнгээс олон уураг ялган авч ашигладаг. Жишээ нь, цус бүлэгнүүлэх VIII хүчин зүйлийг гемофиль буюу цус гоожих өвчнийг эмчлэхэд ашигладаг. Ямар нэг өвчин тусах аюул нүүрлэсэн хүнд уг өвчний дархлаатай болсон хүмүүсийн цусны сийвэнгээс ялган авсан гаммаглобулин тарьдаг. Эмнэлгийн практикт хэрэглэдэг өөр олон уураг сийвэнд байдаг. Дээр дурдсан жишээнээс харахад цусны үндсэн хэсгээс (сийвэнгээс) олон жижиг хэсэг ялган авч болдог байна. *

Цусны янз бүрийн жижиг хэсгийг сийвэнгээс төдийгүй цусны бусад үндсэн хэсгээс (улаан, цагаан бөөм, ялтас зэрэг) ялган авдаг. Жишээлбэл, зарим вирусын халдвар болон хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг интерферон, интерлейкин зэрэг жижиг хэсгийг цагаан бөөмөөс ялган авдаг. Ялтаснаас шарх түргэн эдгээх үйлчилгээтэй хүчин зүйлийг ялган авдаг. Найрлагад нь (найруулах эхний шатанд) цусны жижиг хэсэг орсон янз бүрийн бэлдмэлийг үйлдвэрлэдэг болоод байна. Ийм бэлдмэлээр эмчлэх нь цусны үндсэн хэсгийг сэлбэж байгаа хэрэг биш ч, эдгээрийн жижиг хэсгийг сэлбэж байгаа гэсэн үг юм. Тиймээс, христиан хүн цусны эдгээр жижиг хэсгээр эмчилгээ хийлгэхийг зөвшөөрч болох уу? Ийм асуултад шууд хариулах аргагүй. Энэ талаар Библид нарийн заагаагүй болохоор христиан хүн сайтар бодож байгаад Бурхны өмнө өөрөө шийдвэр гаргах ёстой.

Зарим хүн цусны ямар нэг жижиг хэсэг (тэр байтугай, түр зуурын идэвхгүй дархлаа үүсгэх зорилготой жижиг хэсэг) агуулсан л бол тийм эмээр эмчилгээ хийлгэхээс татгалздаг. Тэд «цуснаас... цээрлэгтүн» хэмээсэн Бурхны тушаалыг тэгж ойлгодог нь Бурхан израильчуудад цусыг «газарт ус шиг асга» хэмээн тушаасанд үндэслэдэг (Дэд хууль 12:22–24). Энэ яагаад тийм чухал бэ? Гаммаглобулин, цус бүлэгнүүлэх хүчин зүйл болон бусад бэлдмэлийг бэлдэхдээ хүн амьтнаас цус аваад, тусгай аргаар боловсруулдаг. Тийм учраас зарим христиан тийм бэлдмэлийг бүхэл цус болон цусны үндсэн дөрвөн хэсэгтэй адил үзэж, сэлбүүлэхээс татгалздаг. Тэдний чин сэтгэлийн, ухамсартай байр суурийг хүндэтгэх учиртай.

Зарим христиан өөр байр суурь баримталдаг. Тэд бүхэл цус, улаан бөөм, цагаан бөөм, ялтас, сийвэн сэлбэхээс мөн адил татгалздаг. Гэхдээ тэд цусны жижиг хэсэг бүхий бэлдмэлээр эмчлүүлэхийг зөвшөөрдөг ч энэ асуудлаар хүртэл өөр байр суурь баримталдаг. Гаммаглобулин тариулахыг зөвшөөрдөг атлаа улаан, цагаан бөөмийн элемент агуулсан бэлдмэл тариулахаас татгалздаг хүн байдаг, зөвшөөрдөг хүн бас байдаг. Гэхдээ, цусны жижиг хэсэг бүхий бэлдмэлээр эмчилгээ хийлгэхийг зөвшөөрдөг христианууд юуг удирдлага болгодог вэ?

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 1990 оны зургадугаар сарын 1-ний дугаарын «Уншигчдын асуулт» буланд жирэмсэн эмэгтэйн цусны сийвэнгийн уураг (жижиг хэсэг) нь эхээсээ тусдаа цусны системтэй ургийн цусанд ордог гэж бичжээ (англи). Тийнхүү эх, хүүхдэдээ иммуноглобулин дамжуулан, амин чухал үүрэгтэй дархлаа үүсгэдэг ажээ. Ургийн цусан дахь улаан бөөмийн амьдралын ердийн мөчлөг дуусахад хүчилтөрөгч зөөх хэсэг нь боловсорч гүйцдэг байна. Тэр хэсгийн зарим нь билирубин болон хувирч, ихсээр дамжин эхийн биед ороод дараа нь тэндээс гадагшилдаг. Тийнхүү цусны жижиг хэсгүүд жам ёсоор нэг биеэс нөгөө биед дамжин ордог болохоор зарим христиан цусны сийвэн юм уу улаан, цагаан бөөмөөс ялган авсан жижиг хэсэг бүхий бэлдмэлээр эмчилгээ хийлгэж болно гэж үздэг.

Христиануудын үзэл бодол, мөс чанарынхаа дагуу гаргасан шийдвэр өөр өөр байдаг гэдэг нь тухай асуудал чухал биш гэсэн үг үү? Үгүй, чухал. Гэхдээ энэ асуудалд ямар байр сууриас хандаж болохыг үндсэнд нь ойлгоход төвөггүй. Дээр тэмдэглэснээс үзвэл Еховагийн Гэрчүүд бүхэл цус болон цусны үндсэн дөрвөн хэсгийн аль алиныг сэлбүүлэхээс татгалздаг байна. Библи христиануудад «шүтээнд өргөсөн юмс, цус, ...садар самуунаас цээрлэхийг» тушаадаг (Үйлс 15:29). Цусны аль нэг үндсэн хэсгээс ялгаж авсан жижиг хэсгийг хэрэглэх тухай асуудал хөндөгдөхөд христиан хүн залбирч байгаад, сайтар эргэцүүлэн бодож, мөс чанарынхаа дагуу өөрөө шийдвэр гаргах ёстой.

Үр дүн нь шууд гардаг л бол ямар ч эмчилгээ хийлгэхэд, тэр бүү хэл, цусны бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэтийн эрүүл мэндэд илт халтай эмчилгээ хийлгэхэд бэлэн хүн олон байдаг. Чин сэтгэлтэй христианууд асуудлыг дан ганц эрүүл мэндийн талаас бус илүү гүн гүнзгий авч үзэж, дүн нуруутай хандахыг хичээдэг. Еховагийн Гэрчүүд чанартай сайн эмнэлгийн тусламжийг үнэлдэг. Ингэхдээ эмчилгээний ямар ч аргыг сайн болон сөрөг талаас нь тооцож үздэг. Цусны хольцтой эмийн бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийдэхдээ тэд Бурхны үзэл бодлыг, Амь Өгөгчтэй тогтоосон харьцаанд нь яаж нөлөөлөхийг нухацтай бодож цэгнэдэг (Дуулал 36:9).

Дуулалчийн адилаар: «ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй. Өө, ...ЭЗЭН, Танд итгэдэг хүн юутай ерөөлтэй [«жаргалтай»] вэ!» хэмээн итгэлтэй хэлж чаддаг христиан үнэхээрийн жаргалтай (Дуулал 84:11, 12).

[Зүүлт]

^ д/м 13 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1978 оны 6-р сарын 15, 1994 оны 10-р сарын 1-ний дугаарын «Уншигчдын асуулт»-ыг тус тус үзнэ үү (англи). Эм зүйчид эдүгээ зарим бүтээгдэхүүнийг цуснаас биш, нийлэг аргаар гарган авч, өмнө нь түгээмэл хэрэглэдэг байсан цусны жижиг хэсгүүдийг орлуулах боломжтой болжээ.

[Хавсралт]

ЭМЧЭЭС АСУУХ ЗҮЙЛ

Хэрэв таныг мэс засал юм уу өөр ямар нэг эмчилгээ хийлгэхэд цусны ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэж болзошгүй байвал...

«Би Еховагийн Гэрчийн хувьд ямар ч тохиолдолд цус (бүхэл цус, улаан бөөм, цагаан бөөм, ялтас болон сийвэн) сэлбэхээс татгалздаг гэдгийг намайг эмчилж байгаа эмч, ажилчид бүгд мэдэж байгаа юу?» гэж асуугаарай.

Эмчилгээнд хэрэглэх гэж байгаа эмийг сийвэн, улаан бөөм, цагаан бөөм, ялтаснаас ялган авсан байж магадгүй бол...

«Энэ эмийн найрлагад цусны үндсэн дөрвөн хэсгийн аль нэг орсон уу? Хэрэв тийм бол, найрлагыг нь тайлбарлаж өгнө үү.»

«Цуснаас ялган авч, үйлдвэрлэсэн энэ бэлдмэлийг ямар тунгаар, ямар аргаар хэрэглэх вэ?»

«Мөс чанар минь зөвшөөрөөд, цусны жижиг хэсэг бүхий энэ бэлдмэлийг хэрэглэлээ гэхэд эмчилгээний сөрөг тал юу байна вэ?»

«Мөс чанарынхаа дагуу цусны жижиг хэсэгтэй энэ эмийг хэрэглэхээс татгалзвал өөр ямар эмчилгээ хийлгэж болох вэ?»

«Энэ асуудлыг сайн бодож үзсэнийхээ дараа танд шийдвэрээ хэзээ хэлэх вэ?» гэж асуугаарай.