Skip to content

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

2 Коринт 6:14-т Паул ямар хүнийг «үл итгэгч» гэсэн бэ?

2 Коринт 6:14-т «Үл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор» гэж байдаг. Хам сэдвийг нь үзвэл Паул хурлын гишүүн хараахан болоогүй хүнийг хэлсэн нь тодорхой. «Үл итгэгч» гэсэн утгатай үг орсон Библийн бусад зүйлүүд бас үүнийг баталдаг.

Жишээ нь, Паул «итгэгч биш хүмүүсээр» шүүлгэхээр шүүхэд очсон итгэл нэгтнүүдээ хатуу зэмлэжээ (1 Коринт 6:6, АББН). «Итгэгч биш хүмүүс» гэдгээр Коринт хотын шүүхийнхнийг хэлсэн. Паул хоёр дахь захидалдаа «Үл итгэгч энэ хүмүүсийн ухаан санааг өнөө үеийн бурхан [Сатан] сохолсон» гэж бичсэн байдаг. Тэрхүү үл итгэгчдийн нүд нь сайн мэдээнээс «бүтээлгээр» халхлагдсантай адил байжээ. Өмнө нь Паул: «Ехова руу эргэвэл бүтээлэг авагддаг» гэж хэлж байсан. Харамсалтай нь тэд Ехова руу эргэхийг хүсээгүй (2 Коринт 3:16; 4:4).

Зарим үл итгэгчид хууль бус үйлдэлд орооцолддог, шүтээн шүтдэг (2 Коринт 6:15, 16). Гэхдээ бүгд Еховагийн үйлчлэгчдийн эсрэг байдаг гэсэн үг биш ээ. Зарим нь үнэнийг сонирхдог. Итгэгч ханьтай, түүнтэйгээ хамт байхдаа жаргалтай байдаг хүн ч цөөнгүй (1 Коринт 7:12–14; 10:27; 14:22–25; 1 Петр 3:1, 2). Гэхдээ Паул «үл итгэгч» гэдэг үгээр хуралд огт хамаагүй хүмүүсийг хэлдэг байсныг дээр дурдсан. Яагаад гэвэл Христийн дагалдагчдын хурал «Эзэнд ... итгэдэг» хүмүүсээс бүрддэг билээ (Үйлс 2:41; 5:14; 8:12, 13).

2 Коринт 6:14-т байдаг зарчим Христийн дагалдагчдын амьдралын бүхий л хүрээнд үнэлж баршгүй удирдамж заавар болдог. Ялангуяа хань ижил хайж байгаа Гэрч хүний хувьд мэргэн зөвлөгөө болдог (Матай 19:4–6). Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн Гэрч хүн үл итгэгчдийн дундаас хань ижил хайдаггүй. Учир нь үл итгэгчдийн баримталдаг зарчим, зорилго, итгэл үнэмшил нь Христийн үнэнч дагалдагчдынхаас огт өөр байдаг.

Тэгвэл Библи судалж, цуглаанд явдаг хүмүүс эсвэл баптисм хүртээгүй дэлгэрүүлэгчдийн тухай юу хэлж болох вэ? Тэд үл итгэгчид мөн үү? Биш ээ. Үнэнийг хүлээж аваад, баптисм хүртэхээр ахиц дэвшил гаргаж байгаа хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болохгүй (Ром 10:10; 2 Коринт 4:13). Корнел баптисм хүртэхээсээ өмнө «сүсэг бишрэлтэй», «Бурхнаас эмээдэг» хүн гэгддэг байжээ (Үйлс 10:2).

Бурханд өөрийгөө зориулсан Гэрч хүн баптисм хүртээгүй дэлгэрүүлэгчтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож, улмаар гэр бүл болох гэж байна гэж бодъё. Тэгвэл энэ тохиолдолд 2 Коринт 6:14-т бичсэн Паулын зөвлөгөө хамаагүй юү? Үгүй, хамаатай. Яагаад гэвэл Паул бэлэвсэн эмэгтэйчүүдэд дараах зөвлөгөөг шулуухан өгсөн байдаг. «Хүссэн хүнтэйгээ гэрлэж болох боловч Эзний дагалдагчтай л гэрлэх ёстой» гэжээ (1 Коринт 7:39). Энэ зөвлөгөөний дагуу, баптисм хүртсэн Гэрч хүн зөвхөн «Эзний дагалдагчдын» дундаас л хань ижлээ хайх ёстой.

«Эзний дагалдагч» гэдэг үг нь ямар утга илэрхийлдэг вэ? Паул Ром 16:8–10; Колосай 4:7-д тэр хүмүүсийн тухай бичсэн байдаг. Энэ зүйлүүдийг харвал Паул тэднийг «Христийн даалгасан ажлыг бидэнтэй хамт хийдэг», «Христийн сайшаалыг хүлээсэн», «хайрт дүү», «итгэлт үйлчлэгч», «Христийн боол гэдгээрээ бидэнтэй адил болсон» гэх зэргээр бичжээ.

Хүн хэзээ «Христийн боол» болдог вэ? Өөрийгөө үгүйсгэж, боол хүний хийх ёстой ажлыг дуртайяа хийхийг хүссэн тэр үед. Есүс энэ тухай тайлбарлахдаа «Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо үүрч, намайг үргэлж дага» гэжээ (Матай 16:24). Хүн өөрийгөө Бурханд зориулах үедээ Христийг дагаж, Бурхны хүсэлд бүрэн захирагдаж эхэлдэг. Үүний дараа баптисм хүртэж, Ехова Бурхны сайшаалыг хүлээсэн үйлчлэгч нь болдог. * Тиймээс «Эзний дагалдагчтай л гэрлэх» гэдэг нь жинхэнэ итгэгч буюу «Бурхан болон Эзэн Есүс Христийн боол» гэдгээ батлан харуулсан хүнтэй гэрлэнэ гэсэн үг юм (Яаков 1:1).

Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж, ахиц дэвшил гаргаж байгаа хүнийг магтууштай. Гэхдээ тийм хүн зарим нэг шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж байгаа ч гэсэн Еховад өөрийгөө зориулж, үнэний замаар явж хараахан эхлээгүй байгаа. Гэрлэх гэх мэт амьдралын чухал алхмыг хийхээсээ өмнө эхлээд хамгийн гол өөрчлөлтүүдийг хийх буюу өөрийгөө Бурханд зориулж, баптисм хүртэх ёстой.

Гэрч хүн Библи судлаад ахиц дэвшил гаргаж байгаа суралцагчтай баптисм хүртэхээр нь гэрлэнэ гэсэн бодолтойгоор үерхэх нь зөв үү? Үгүй, буруу. Хэрэв тэр суралцагч үерхэж байгаа хүн нь өөрийг нь баптисм хүртэхээс нааш гэрлэхгүй гэдгийг мэдвэл буруу сэдлээр баптисм хүртэж болох юм.

Ер нь хүн баптисм хүртэхээсээ өмнө эхлээд баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болж хэсэг хугацаанд үйлчилдэг. Тийм учраас «Эзний дагалдагчтай л гэрлэ» гэсэн зөвлөгөө учир шалтгаантай юм. Тэгвэл гэрлэх насанд хүрсэн, Гэрч гэр бүлд өсөж торнисон, олон жилийн турш хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа, баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч хүний тухайд юу хэлж болох вэ? Тэр хүн яагаад Еховад өөрийгөө зориулахаас хойш суугаад байгаа юм бол? Яагаад энэ алхмыг хийхгүй удаад байгаа юм бол? Эргэлзээд байгаа юм болов уу? Хэдийгээр тэр хүнийг үл итгэгч гэж хэлж болохгүй ч, «Эзний дагалдагч» гэж хэлэх аргагүй юм.

Гэрлэлтийн талаар Паулын өгсөн зөвлөгөө бидэнд үнэхээр ач тустай (Исаиа 48:17). Гэрлэх гэж байгаа хосын хэн хэн нь Еховад өөрийгөө зориулсан байвал гэр бүл нь Еховатай тогтоосон харьцаанд үндэслэсэн бат бөх суурьтай болно. Үнэлж эрхэмлэдэг зүйл, амьдралын зорилго нь нэг учраас тэд жаргалтай байна. Түүнээс гадна, «Эзний дагалдагчтай л гэрлэвэл» Еховад үнэнч гэдгээ батална. Ингэснээр үүрдийн ивээл хүртэнэ. Учир нь «үнэнч хүнд [Ехова] үнэнч ханддаг» (Дуулал 18:25, ШЕ).

[Зүүлт]

^ д/м 10 Паул энэ захидлаа юуны түрүүнд тослогдсон дагалдагчдад зориулж бичсэн билээ. Тиймээс тослогдогсод «Христийн боол» болох гэдэг нь Бурхны хөвгүүд, Христийн ах дүү нар болж тослогдохыг бас хэлдэг.

[Зураг]

«Үнэнч хүнд [Ехова] үнэнч ханддаг»