Skip to content

Гарчиг руу орох

«Еховагийн зарлиг» заавал биелнэ

«Еховагийн зарлиг» заавал биелнэ

«Еховагийн зарлиг» заавал биелнэ

«Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр надад хэлэхдээ: „Чи бол Миний Хүү... Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон... өгнө“ [гэсэн]» (ДУУЛАЛ 2:7, 8).

1. Бурхны санаа зорилго үндэстнүүдийнхээс ямар ялгаатай вэ?

 ЕХОВА БУРХАН хүн төрөлхтөн болон дэлхийн талаар санаа зорилготой. Үндэстнүүд ч бас санаа зорилготой. Гэвч энэ хоёр зорилго өөр хоорондоо асар их ялгаатай! Бид үүнд гайхах хэрэггүй. Учир нь Бурхан өөрөө: «Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ» гэж хэлсэн. Бурхны санаа зорилго хэлбэрэлтгүй биелнэ гэдэг нь: «Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, харин газрыг ургуулж, цэцэглүүлж, тариачинд үрийг, идэгчид талхыг нь хангадаг. Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй» хэмээсэн дараагийн үгнээс нь харагдаж байна (Исаиа 55:9–11).

2, 3. Хоёрдугаар дууллаас юу тодорхой харагддаг вэ? Ямар ямар асуулт гарч ирдэг вэ?

2 Мессиа Хааных нь талаарх Бурхны санаа зорилго биелэх нь хоёрдугаар дууллаас тодорхой харагддаг. Уг дууллыг зохиогч, эртний Израилийн хаан Давид Бурхны онгодоор хөтлүүлэн, үндэстнүүд үймэлдэх дуулиант цаг ирэхийг урьдчилан хэлжээ. Тэдний захирагчид Ехова Бурхан болон түүний Тослогдсон Нэгний эсрэг босох ажээ. Гэхдээ, дуулалч бас: «Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр надад хэлэхдээ: „Чи бол Миний Хүү... Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө“ [гэсэн]» хэмээн бичжээ (Дуулал 2:7, 8).

3 «Еховагийн зарлиг» үндэстнүүдэд юуны дохио болдог вэ? Энэ зарлиг хүн төрөлхтөнд бүхэлд нь ямар хамаатай вэ? Эдгээр үйл явдал хоёрдугаар дууллыг уншдаг, Бурхнаас эмээдэг бүх хүний тухайд юу гэсэн үг вэ?

Үндэстнүүдийн үймэлдээн

4. Та Дуулал 2:1, 2-ын гол санааг товчоор хэлбэл юу гэх вэ?

4 Дуулалч үндэстнүүд болон тэдгээрийн захирагчдын үйлдэлд үндэслэн, дууллаа: «Яагаад үндэстнүүд уурандаа шатаж [«үймэлдэж», ШЕ], ард түмнүүд дэмий хуйвалдана вэ? Газар дэлхийн хаад бат зогсож, удирдагчид хоорондоо зөвлөлдөж, ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгнийг эсэргүүцэв» хэмээсэн үгээр эхэлдэг (Дуулал 2:1, 2). *

5, 6. «Ард түмнүүд» яаж «дэмий хуйвалддаг» вэ?

5 Өнөөдөр ард түмнүүд яаж «дэмий хуйвалдаж» байна вэ? Үндэстнүүд Бурхны Тослогдсон Нэгэн болох Мессиа буюу Христийг хүлээж авахын оронд өөрсдийн эрх мэдлийг мөнхжүүлнэ гэж «хуйвалдах» буюу сэдэж байна. Хоёрдугаар дууллын эдгээр үг иудей болон ромын эрх мэдэлтнүүд үгсэн, Бурхны томилсон Хаан Есүс Христийг алсан МЭ І зуунд бас биелсэн билээ. Гэхдээ, их биелэл нь Есүсийн, тэнгэрийн Хаан болсон 1914 онд эхэлсэн. Тэр цагаас хойш Бурхны, сэнтийд залсан Хааныг дэлхийн нэг ч улс орон хүлээж аваагүй.

6 Дуулалчийн: «Яагаад... ард түмнүүд дэмий хуйвалдана вэ?» хэмээн асуусан нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэдний санаа зорилго дэмий хоосон зүйл бөгөөд дампуурах тавилантай гэсэн үг юм. Тэд дэлхий дээр энх тайван, эв нэгдлийг тогтоож чадахгүй, харин ч үйл хэргээрээ Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг. Үнэн хэрэгтээ, «ард түмнүүд» хоорондоо зөвлөлдөж, Хамгийн дээд Бурхан болон түүний Тослогдсон Нэгний эсрэг дайсагнан босдог. Юутай балмад хэрэг вэ!

Еховагийн томилсон ялгуусан Хаан

7. Есүсийн эртний дагалдагчид залбирахдаа Дуулал 2:1, 2-ыг яаж хэрэглэсэн бэ?

7 Эртний христианууд Дуулал 2:1, 2-ыг Есүст хамааруулан ойлгодог байсан. Итгэл үнэмшлийнх нь төлөө мөрдөн хавчихад тэд: «Өө, Эзэн [Ехова]! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ. Та Өөрийн зарц [«үйлчлэгч», ШЕ], бидний өвөг Давидын амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа: „Яагаад харь үндэстнүүд уурсаж, ард олон дэмий зүйл сэднэ вэ? Газрын хаад ирж, Эзэн [«Ехова», ШЕ] болон Түүний Христийн эсрэг захирагчид цугларцгаав“ гэсэн. Таны тосолсон, Таны ариун зарц [«үйлчлэгч», ШЕ] Есүсийн эсрэг Херод [Антип], Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ» хэмээн залбирчээ (Үйлс 4:24–27; Лук 23:1–12). * Тийм ээ, эндээс нэгдүгээр зуунд үндэстнүүд болон тэдний захирагчид Бурхны томилсон үйлчлэгч Есүсийн эсрэг хуйвалдсан нь харагдаж байна. Гэхдээ, энэ дуулал олон зуун жилийн дараа дахин биелэх учиртай байлаа.

8. Дуулал 2:3 орчин үеийн үндэстнүүд дээр хэрхэн биелж байна вэ?

8 Эртний Израильд Давид гэх мэтийн хүмүүн хаан захирдаг байсан тэр үед харь үндэстнүүд болон захирагчид Бурхан хийгээд түүний, сэнтийд залсан тослогдсон нэгний эсрэг хамтдаа цуглардаг байжээ. Тэгвэл эдүгээ цагт яадаг вэ? Өнөөдөр үндэстнүүд Ехова болон Мессиагийн шаардлагыг биелүүлэхийг хүсдэггүй. Тийм учраас, тэднийг зөгнөлд: «Бид тэдний гинжийг тасалж, хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!» гэж хэлдэг хүмүүсээр төлөөлжээ (Дуулал 2:3). Бурхан болон түүний Тослогдсон Нэгний тогтоосон аливаа хязгаарлалтад захирагчид болон үндэстнүүд дургүйцэн унтууцдаг. Гэхдээ гинж тасалж, хүлэг зайлуулах гэсэн ямар ч оролдлого дэмий хоосон болох нь дамжиггүй.

Ехова тэднийг тохуурхдаг

9, 10. Ехова үндэстнүүдийг тохуурхдагийн учир юу вэ?

9 Ехова өөрөөс нь хараат бус байх гэсэн үндэстнүүдийн захирагчдын алив оролдлогыг ер тоодоггүй. Хоёрдугаар дуулалд цааш нь: «Тэнгэрт залрагч инээж, тэднийг ЭЗЭН тохуурхаж байна» гэж байдаг (Дуулал 2:4). Ехова эдгээр захирагчийг ер байхгүй юм шигээр санаа зорилгоо гүйцэлдүүлдэг. Тэрбээр увайгүй занд нь инээд нь хүрч, тэднийг тохуурхдаг. Тэд хийх гэж байгаа зүйлээрээ сайрхаж л байг. Тэд Еховагийн нүдэнд инээдэмтэй амьтад бөгөөд бүтэлгүй эсэргүүцэл нь Бурхны инээдийг хүргэдэг.

10 Бусад дуулалдаа Давид дайсагнадаг хүмүүс, үндэстнүүдийн талаар: «Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнийг шийтгэхээр босооч. Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч. Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж, хотыг тойрон явдаг. Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг. Тэдний уруулд илд байдаг. „Хэн сонсох юм бэ?“ гэж тэд хэлдэг. Харин, ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг. Та бүх үндэстнийг дооглон тохуурхдаг» хэмээн дуулсан байдаг (Дуулал 59:5–8). Үндэстнүүд мунхаг явдалдаа автан, Бурхны эсрэг тэрсэлж, бардамнан сагсуурч, сандран үймэлдэхэд Еховагийн инээд хүрдэг.

11. Үндэстнүүд Бурхны санаа зорилгын эсрэг босохыг оролдвол юу болох вэ?

11 Бурхан ямар ч асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэх итгэлийг маань хоёрдугаар дууллын үг бэхжүүлдэг. Ехова хүсэл тааллаа дандаа биелүүлдэг бөгөөд үнэнч үйлчлэгчдээ хэзээ ч орхихгүй гэдэгт бид бүрэн итгэлтэй байж болно (Дуулал 94:14). Тэгвэл, үндэстнүүд Еховагийн санаа зорилгын эсрэг босвол юу болох вэ? Хоёрдугаар дууллын дагуу Бурхан «тэдэнд Өөрийн ууранд айлдах» бөгөөд үг нь тэнгэрийн аймшигт нүргээн мэт сонсогдоно. Түүнээс гадна, хүчтэй аянга буух мэт «Өөрийн хилэнгээр» «тэднийг айлгана» (Дуулал 2:5).

Бурхан Хаанаа өргөмжилсөн

12. Дуулал 2:6-д ямар үйл явдлын тухай бичсэн байдаг вэ?

12 Дуулалчаар дамжуулан хэлсэн Еховагийн дараагийн үгс үндэстнүүдэд өөрийн эрхгүй түгшүүр төрүүлдэг. Бурхан: «Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн» хэмээн тунхагладаг (Дуулал 2:6). Сион бол Иерусалим дахь өндөрлөг газар бөгөөд тэнд Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилсөн билээ. Гэвч, энд яригдаж байгаа Мессиа Хаан бол энэ хотод байдаг юм уу ер нь дэлхийд байдаг хаан сэнтийд залрахгүй юм. Үнэн хэрэгтээ, Ехова Есүс Христийг аль хэдийн тэнгэрийн уул болох Сионд сонгосон Мессиа Хаанаараа залсан билээ (Илчлэлт 14:1).

13. Ехова Хүүтэйгээ ямар гэрээ байгуулсан бэ?

13 Мессиа Хаан өөрөө: «Би [Хүүтэйгээ Хаанчлалын гэрээ байгуулсан] ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр [Ехова Бурхан] надад хэлэхдээ: „Чи бол Миний Хүү, өнөөдөр Би Чамайг төрүүлсэн“ [гэсэн]» гэж хэлсэн (Дуулал 2:7). Христ элч нартай ярилцахдаа Хаанчлалын гэрээний талаар: «Намайг сорилтод байх үед миний хажууд зогсож байсан нь та нар мөн. Миний Эцэг надтай гэрээ байгуулсанчлан, би та нартай хаанчлалын гэрээ байгуулна» хэмээн сануулсан (Лук 22:28, 29, ШЕ).

14. Есүсийг, хаанчлах маргашгүй эрхтэй гэж хэлж болохын учир юу вэ?

14 Дуулал 2:7-д урьдчилан хэлснээр Ехова Есүсийг баптисм хүртэх үед Хүүгээ гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг сүнсэн биетээр дахин амилуулж үүнийгээ нотолсон билээ (Марк 1:9–11; Ром 1:4; Еврей 1:5; 5:5). Тийм ээ, тэнгэрийн Хаанчлалын Хаан нь Бурхны «цорын ганц Хүү» нь юм (Иохан 3:16). Тэрбээр Давид хааны удмынх учраас хаанчлах маргашгүй эрхтэй бөлгөө (2 Самуел 7:4–17; Матай 1:6, 16). Энэхүү дуулалд бичсэнээр Бурхан Хүүдээ: «Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө» хэмээн хэлдэг (Дуулал 2:8).

15. Есүс үндэстнүүдийг өөрийн өв болгон авах гэж гуйдгийн учир юу вэ?

15 Бурхны өөрийнх нь Хүү, мөнөөх Хаан бол эрх мэдлийн хувьд зөвхөн Еховагийн дараа ордог. Есүс Еховагийн чин үнэнч, найдвартай нэгэн билээ. Түүнээс гадна, тэрээр Бурхны Ууган нь болохын хувьд өв залгамжлах ажгуу. Үнэн хэрэгтээ, Есүс Христ «бол үл үзэгдэгч Бурхны дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн» (Колоссай 1:15). Тэрбээр зөвхөн гуйх л хэрэгтэй, харин Бурхан түүнд үндэстнүүдийг өв болгон, дэлхийн хязгааруудыг эзэмшил болгон өгнө. Есүс хүмүүст хайртай бөгөөд дэлхий болон хүн төрөлхтний талаарх тэнгэрийн Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхийг туйлаас хүсдэг учраас үүнийг гуйдаг юм (Сургаалт үгс 8:30, 31).

Үндэстнүүдийн эсрэг Еховагийн зарлиг

16, 17. Дуулал 2:9-д бичсэнээр үндэстнүүд яах вэ?

16 Хоёрдугаар дуулал Есүс Христийн үл үзэгдэх байдлаар залран байгаа өнөө үед биелж байгаа болохоор үндэстнүүд яах вэ? «Чи тэднийг [үндэстнүүдийг] төмөр таягаар хэмх цохиж, шавар сав шиг бутлах болно» хэмээсэн Бурхны тунхгийг Хаан удахгүй биелүүлнэ (Дуулал 2:9).

17 Дээр үед хаадын таяг нь тэдний эрх мэдлийн бэлэг тэмдэг байжээ. Зарим таягийг хоёрдугаар дуулалд дурдсан шиг төмрөөр хийдэг байсан аж. Энд Хаан Христ үндэстнүүдийг тун хялбархан устгахыг бэлэгдлийн хэлээр илэрхийлжээ. Төмөр таягны хүчтэй цохилт шавар савыг юу ч үгүй болтол хэмхлэх ажээ.

18, 19. Дэлхийн хаад Бурхны тааллыг олохын тулд яах хэрэгтэй вэ?

18 Үндэстнүүдийн захирагчид заавал хэмх цохиулах учиртай гэж үү? Үгүй ээ. Дуулалч: «Хаад аа, ухаалаг бай. Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав» хэмээн уриалсан билээ (Дуулал 2:10). Хаадыг энэ талаар онцгой анхаарч, хэрсүү хандахыг уриалжээ. Тэд, өөрсдийнх нь төлөвлөгөө хүн төрөлхтний тусын тулд Бурхны Хаанчлалын хийх зүйлийн дэргэд юу ч биш болохыг ухаарах хэрэгтэй.

19 Бурхны тааллыг олохын тулд дэлхийн хаад үйл ажиллагааныхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй. Тэдэнд «эмээн, ЭЗЭНд үйлчилж, сүрдэн баясахыг» сануулдаг (Дуулал 2:11). Хэрэв тэд энэ дагуу үйлдвэл яах вэ? Үймэлдэх буюу замбараагүйтэх бус, харин өөрсдөд нь зориулж Мессиа Хааны бэлдсэн ирээдүйд баярлах болно. Дэлхийн захирагчид өөрсдийнх нь онцлог шинж болсон бардам ихэмсэг зангаа татах шаардлагатай. Түүнээс гадна, даруйхан өөрчлөгдөж, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн зүйрлэшгүй давуу талыг, мөн Бурхан болон түүний Мессиа Хааны дийлдэшгүй хүчийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

«Хүүг үнс»

20, 21. «Хүүг үнс» гэдэг нь юу гэсэн үг вэ?

20 Цааш нь дуулалч үндэстнүүдийн захирагчдад энэрэнгүй сэтгэлээр урилга илгээсэн. Тэд хамтдаа цуглан эсэргүүцэхийн оронд: «Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр [Ехова Бурхан] уурлаж, чи замд сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм» хэмээсэн зөвлөгөөг дагах нь зүйтэй (Дуулал 2:12а). Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг зарлиг гаргахад түүнд захирагдах хэрэгтэй. Бурхан Хүүгээ хаан сэнтийд залахад дэлхийн захирагчид «дэмий хуйвалдахаа» больж, тун даруйхан Хааныг хүлээн зөвшөөрч, түүнд бүрэн захирагдах хэрэгтэй.

21 «Хүүг үнсэх» гэдэг нь юу гэсэн үг вэ? Уг дууллыг зохиож байх тэр үед үнсэлт нь найрамдлын илэрхийлэл болж байсны дээр хүмүүс гэртээ ирсэн зочноо үнсэн угтаж, зочломтгой зангаа харуулдаг байжээ. Түүнээс гадна, үнэнч байдлын тэмдэг болдог байв (1 Самуел 10:1). Хоёрдугаар дууллын энэ зүйлээр Бурхан үндэстнүүдэд Хүүг нь тослогдсон Хаан болохынх нь хувьд «үнсэх» буюу угтан авахыг тушаажээ.

22. Үндэстнүүдийн захирагчид ямар сануулгыг анхаарах хэрэгтэй вэ?

22 Бурхны сонгосон Хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүс Еховаг гомдоодог. Тэд Ехова Бурхны орчлонт ертөнцийг захирах хэмжээгүй эрх мэдэл хийгээд хүн төрөлхтөнд зориулж хамгийн сайн захирагч болох Хааныг сонгох эрх, чадварыг үгүйсгэдэг. Үндэстнүүдийн захирагчид төлөвлөгөөгөө биелүүлэхээр оролдох тэр үед тэдэн дээр Бурхны уур хилэн гэнэт бууна. «Түүний уур хилэн» түргэн бөгөөд зайлшгүй «асах юм». Энэхүү сануулгыг үндэстнүүдийн захирагчид талархан хүлээн авч, тэр дагуу үйлдэх хэрэгтэй. Тэгвэл аврагдана.

23. Хүмүүсийн тухайд одоогоор яах цаг байсаар байна вэ?

23 Энэхүү сэтгэл хөдөлгөм дуулал: «Түүнд [Еховад] хоргоддог бүхэн жаргалтай» гэсэн үгээр төгсдөг (Дуулал 2:12б, ШЕ). Хүмүүсийн хувьд одоогоор аюулгүй байдлаа хангах боломж байсаар байна. Энэ нь үндэстнүүдийн дэмий хоосон төлөвлөгөөг дэмждэг захирагчдад ч хамаатай. Тэд Хаанчлалын эрх мэдэлд захирагдсанаар Еховад хоргодож болно. Гэхдээ эсэргүүцэгч үндэстнүүдийг Мессиагийн Хаанчлал бут ниргэх хүртэл тэд тийн захирагдсаар байх ёстой.

24. Энэхүү зовлонт ертөнцөд ч хэрхэн жаргалтай амьдарч болох вэ?

24 Хэрэв бид Судрыг чармайн судалж, зөвлөгөөг нь амьдралдаа хэрэгжүүлбэл өнөөгийн энэ зовлонт ертөнцөд ч жаргалтай амьдарч болно. Библийн зөвлөгөөг хэрэгжүүлснээр гэр бүл дэх харьцаа сайжирч, өнөөгийн ертөнцөд газар авсан айдас хүйдэс, түгшүүр зэрэг санаа зовоосон олон зүйлээс чөлөөлөгддөг. Хэрэв бид Библийн удирдлагыг дагаж байгаа бол Бүтээгчид таалагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно. «Одоогийн» болон Хаанчлалын эрх мэдлээс татгалзан, зөв юмыг эсэргүүцсэн хүмүүсийг дэлхийгээс цэвэрлэснийх нь дараа «ирэх» амьдралын баталгааг Орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзнээс өөр хэн ч өгч чадахгүй. (1 Тимот 4:8).

25. «Еховагийн зарлиг» заавал биелэх учир эдүгээ цагт юу тохиолдоно гэж бид хүлээх вэ?

25 «Еховагийн зарлиг» заавал биелнэ. Бурхан биднийг бүтээсэн учраас хүн төрөлхтөнд хамгийн сайн нь юу болохыг мэддэг бөгөөд хайртай Хүүгийнхээ Хаанчлал дор дуулгавартай хүмүүсийг энх амгалан, сэтгэл хангалуун, мөнхийн аюулгүй байдлаар ивээж, санаа зорилгоо биелүүлнэ. Зөнч Даниел өнөөгийн цаг үеийн талаар: «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуул[на]... Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» хэмээн бичжээ (Даниел 2:44). Тэгэхлээр, эдүгээ цаг бол «Хүүг үнсэж», Хэмжээгүй эрхт Эзэн Еховад үйлчлэх чухам цаг гарцаагүй мөн!

[Зүүлт]

^ Эхлээд «Тослогдсон Нэгэн» нь Давид хаан байсан ба «дэлхийн хаад» нь Давидын эсрэг дайчдаа цуглуулсан Филистийн захирагчид байсан юм.

^ Есүсийг хоёрдугаар дуулалд дурдсан Бурхны Тослогдсон Нэгэн байсныг Христиан Грек Судрын өөр зүйлүүд мөн харуулдаг. Энэ нь Дуулал 2:7Үйлс 13:32, 33 болон Еврей 1:5; 5:5-тай харьцуулахад тодорхой харагддаг. Түүнчлэн, Дуулал 2:9 болон Илчлэлт 2:27-г үзнэ үү.

Та яаж хариулах вэ?

• Ард түмнүүд яаж «дэмий хуйвалддаг» вэ?

• Ехова ямар учраас үндэстнүүдийг тохуурхдаг вэ?

• Бурхан үндэстнүүдийн эсрэг ямар «зарлиг» гаргасан бэ?

• «Хүүг үнс» гэдэг нь юу гэсэн үг вэ?

[Догол мөрийн асуулт]