Skip to content

Гарчиг руу орох

Бурхны үгийг зоригтой яригтун

Бурхны үгийг зоригтой яригтун

Бурхны үгийг зоригтой яригтун

«Миний ард түмэн... уруу очоод эш үзүүл» (АМОС 7:15).

1, 2. Амос гэж хэн байсан бэ? Түүний талаар Библи юу хэлдэг вэ?

 ЕХОВАГИЙН үйлчлэгчийг дэлгэрүүлж байхад нь нэг лам: «Боль! Эндээс яв!» гэж зандарчээ. Тэр үйлчлэгч яасан бэ? Ярихаа больсон уу эсвэл Бурхны үгийг зоригтой ярьсаар байсан уу? Өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн номд энэ тухайгаа бичсэн учраас хариултыг мэдэхэд амархан. Тэр бол Библийн «Амос» хэмээх ном болой. Харин одоо, Амосыг ламд загнуулсан тухай дэлгэрэнгүй ярилцахаасаа өмнө түүний талаар зарим зүйлийг мэдэж авцгаая.

2 Амос гэж хэн байсан бэ? Хэзээ, хаана амьдарч байсан бэ? Амос 1:1-д эдгээр асуултын хариу бий. Тэнд: «[Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд] Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс» гэжээ. Амос Иудад суудаг байв. Төрөлх хот нь Иерусалимаас өмнө зүгт 16 км зайтай орших Текоа байлаа. Тэрбээр Уззиа хааныг Иудад хаанчилж, ІІ Иеробоамыг Израилийн арван овогт хаант улсын хаан байсан МЭӨ IX зууны сүүл үед амьдарч байжээ. Амос хоньчин байв. Үнэндээ, Амос 7:14-т бичсэнээр, «малчин» төдийгүй «инжрийн жимс хураагч [«хатгагч», ШЕ] хүн байсан». Өөрөөр хэлбэл, жилийн тодорхой үеийг улирлын чанартай ажил хийж өнгөрөөдөг байжээ. Тэрбээр инжрийн жимсийг хатгаж, нүх гаргадаг байв. Ингэснээр жимсний боловсрох явц түргэсдэг байна. Энэ нь нэлээд залхмаар ажил аж.

«Очоод эш үзүүл»

3. Өөрийгөө дэлгэрүүлэх ажилд тэнцэхгүй гэж боддог хүнд Амосын жишээ ямар ач тустай вэ?

3 Амос: «Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус» гэж шулуухан хэлдэг (Амос 7:14). Тэрбээр «эш үзүүлэгч» буюу зөнчийн хүү ч байгаагүй, өөрөө ч зөнч болж бэлтгэгдээгүй аж. Гэсэн ч Ехова Иудагийн ард түмний дотроос хүчирхэг хаан, эрдэмтэй лам, чинээлэг удирдагчийг сонгохын оронд Амосыг л өөрийнхөө ажлыг хийлгэхээр сонгосон билээ. Энэ нь бидэнд их урам өгдөг. Бид нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэггүй юм уу өндөр боловсрол олж аваагүй байж болох юм. Гэхдээ үүнээсээ болоод Бурхны үгийг дэлгэрүүлэх ажилд тэнцэхгүй гэж бодох хэрэг үү? Яалаа гэж дээ! Ехова өөрийнхөө мэдээг хэцүү нөхцөлтэй газар хүртэл тунхаглуулахын тулд биднийг бэлтгэж чадна. Ехова Амосыг яг л ингэсэн. Тийм учраас Бурхны үгийг зоригтой ярих хүсэлтэй бүх хүн энэхүү зоригт зөнчийн үлдээсэн жишээг анхаарвал сургамж авна.

4. Израильд зөнчөөр үйлчлэхэд нь Амост яагаад хэцүү байсан бэ?

4 Ехова Амост: «Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл» гэж тушаажээ (Амос 7:15). Үүнийг биелүүлэх хэцүү байв. Тэр цагт Израилийн арван овогт хаант улс амар тайван, айх аюулгүй, ард түмэн нь чинээлэг хангалуун амьдарч байжээ. Олон айл ердийн шавар тоосго бус, их үнэтэй, «сайн зассан чулуугаар» хийсэн «өвөл, зуны байшинтай» байв. Зарим нь маш нарийн хийцтэй, зааны ясан шигтгээтэй тавилга хэрэглэдэг, «тааламжит усан үзмийн төглүүдээс» гаргаж авсан дарс уудаг байлаа (Амос 3:15; 5:11). Тийм учраас олон хүн их маадгар болсон аж. Үнэндээ, Амосын үйлчилж байсан газар эдүгээ бидний дэлгэрүүлдэг зарим газартай төстэй байж болох юм.

5. Израильчуудын зарим нь шударга бус ямар үйл хийдэг байсан бэ?

5 Израильчуудын хувьд эд хөрөнгөтэй байхад буруу юм байгаагүй. Гэтэл тэдний зарим нь шударга бусаар эд баялаг олдог байжээ. Баячууд «ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг» байв (Амос 4:1). Чинээлэг худалдаачин, шүүгч, тахилчид нь хуйвалдаж, ядуусыг мөлждөг байсан. Одоо цаг хугацаагаар аялан, өнгөрсөн үед очоод, тэр хүмүүсийн юу хийдэг байсныг харцгаая.

Бурхны Хуулийг зөрчсөн нь

6. Израилийн худалдаачид бусдыгаа яаж мөлждөг байсан бэ?

6 Эхлээд зах дээр очъё. Тэнд шударга бус худалдаачид «ефаг жижигрүүлж, шекелийг томруулж», тэр ч бүү хэл, «хаягдлыг» хүртэл үр тариа болгон зарах аж (Амос 8:5, 6). Тэд дутуу жинлэх, хэт өндөр үнэлэх, чанар муутай бараа худалдах гэх мэтээр үйлчлүүлэгчдээ хууран мэхэлж байлаа. Худалдаачид ядуусыг хоосортол нь мөлждөг байв. Үүний улмаас хөөрхий ядуус өөрсдийгөө арга буюу боол болгон худалддаг байна. Тэгэхэд нь мөнөөх худалдаачид тэднийг «хос шаахайгаар худалдан авдаг» ажээ (Амос 8:6). Тэр сувдаг худалдаачид элэг нэгт израильчуудаа гутлын үнэтэй төдий үзэж байсан гээд бод доо! Ядуусыг яасан их дарлаж, Бурхны Хуулийг хэчнээн ноцтой зөрчиж байж вэ! Тэгсэн мөртлөө «амралтын өдрийг» сахидаг байжээ (Амос 8:5). Тийм ээ, тэд өөрсдийгөө сүсэг бишрэлтэй гэдэг ч гаднаа л тэгж харагддаг байсан.

7. Израилийн худалдаачид Бурхны Хуулийг зөрчөөд шийтгүүлэлгүй өнгөрдөг байсан нь ямар учиртай вэ?

7 Худалдаачид «Хөршөө өөрийн адил хайрла» хэмээн тушаадаг Бурхны Хуулийг зөрчдөг мөртлөө яаж шийтгэлээс мултарч болоод байв аа? (Левит 19:18). Хууль сахиулах ёстой шүүгчид хамсаатан нь байсан учраас л тэр шүү дээ. Тэд зарга шийддэг хотын хаалган дээр «хахууль авч, ...ядуусыг шоовдорлодог» байв. Ядуусыг өмгөөлөхийн оронд хээл хахууль авсныхаа төлөө тэдний эрхийг уландаа гишгэдэг байсан (Амос 5:10, 12). Тэгэхлээр шүүгчид ч бас Бурхны Хуулийг зөрчдөг байжээ.

8. Өөдгүй тахилчид ямар үйл хэргийг нүдээ аниад өнгөрөөж байсан бэ?

8 Тэгвэл Израилийн тахилчид юу хийж байсан бэ? Үүнийг мэдэхийн тулд өөр газар очицгооё. Тахилчид «бурхдынхаа өргөөнд» (ШЕ) хүмүүсээр ямар нүгэл үйлдүүлдэг байсныг хар даа! Бурхан: «Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг» хэмээн Амосоор хэлүүлжээ (Амос 2:7, 8). Эцэг хүн хүүтэйгээ хамт хийдийн янхантай завхайрдаг байсан гээд төсөөл дөө! Гэтэл өөдгүй тахилчид тийм садар самуун явдлыг нүдээ аниад өнгөрөөдөг байжээ! (Левит 19:29; Дэд хууль 5:18; 23:17).

9, 10. Израильчууд Бурхны Хуулийн ямар ямар заалтыг зөрчөөд буруутсан бэ? Тэр үе өнөө үетэй юугаараа төстэй вэ?

9 Ехова өөр бусад нүгэлт хэргийн талаар: «Тахилын ширээ бүрийн дэргэд тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр хэвтэж, өөрсдийн Бурхны гэрт [«бурхдынхаа өргөөнд», ШЕ] тэд торгуулагсдын дарсыг уудаг» хэмээн хэлжээ (Амос 2:8). Тийм ээ, тахилчид болон ард түмэн нийтээрээ Египетээс гарсан нь 22:26, 27-ийн заалтыг ч бас зөрчиж байсан. Тэнд, барьцаанд авсан хувцсыг нар шингэхээс өмнө буцааж өгөх ёстой гэж тушаасан байдаг. Тэд хуурамч бурхдадаа зориулан баяр наадам хийж, дарс уухдаа уг хувцсыг дэвсэж хэвтдэг байжээ. Мөн ядуусыг торгосон мөнгөөрөө баяраар уух дарс худалдаж авдаг байсан. Еховад таалагддаг цэвэр шүтлэгийн замаас гажаад, яасан хол яваа вэ!

10 Израильчууд Мосегийн хуулийн, Еховаг болон бусдыг хайрлах тухай хамгийн агуу хоёр заалтыг ичгүүргүйгээр зөрчдөг байв. Тийм учраас Бурхан тэднийг үнэнч бус байдгийнх нь төлөө зэмлэн буруушаалгахаар Амосыг явуулжээ. Өнөөдөр дэлхийн ард түмнүүд, түүний дотор христ шашны ертөнцийнхөн эртний Израилийн эвдэрч завхарсан байдлыг тусган харуулж байна. Зарим хүн чинээлэг амьдарч байхад, олон хүн бизнесийн томчууд, төр, шашны шударга бус тэргүүнүүдийн ёс суртахуунгүй үйл ажиллагаанаас болж санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсжээ. Гэвч Ехова зовж зүдэрсэн, өөрийг нь эрж хайдаг хүмүүст санаа тавьдаг. Тийм ч учраас, өнөө цагийн үйлчлэгчдэдээ Амосын гүйцэтгэж байсантай адил даалгавар өгсөн. Энэ бол Өөрийнх нь үгийг зоригтой дэлгэрүүлэх даалгавар юм.

11. Амосын жишээнээс ямар сургамж авч болох вэ?

11 Бидний ажил Амосынхтой төстэй учраас түүний жишээг анхаарах нь их ач холбогдолтой. Амосын жишээнээс бид: 1) юуны тухай, 2) яаж дэлгэрүүлэх ёстой вэ, 3) эсэргүүцэгчид дэлгэрүүлэх ажлыг маань зогсоож чаддаггүйн учир юу вэ гэдгийг мэдэж болно. Энэ гурван асуудлыг дэс дараагаар хэлэлцье.

Амосыг хэрхэн дуурайх нь

12, 13. Ехова израильчуудын үйл хэргийг таалахгүй байгаагаа яаж харуулсан бэ? Үүнд нь израильчууд хэрхэн хандсан бэ?

12 Еховагийн Гэрчүүд бид христиан үйлчлэлээ Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд төвлөрүүлдэг билээ (Матай 28:19, 20; Марк 13:10). Гэхдээ ёс бус хүмүүсийг Ехова шийтгэх тухай тунхаглаж байсан Амос шиг Бурхны сэрэмжлүүлгийг ч бас тунхагладаг. Жишээлбэл, Амос 4:6–11-д Ехова израильчуудын үйл хэргийг таалахгүй байгаагаа олон удаа сануулж байсан тухай өгүүлдэг. Тэрбээр тэдэнд «талхны гачигдлыг өгч», тэднээс «бороог татан», «гангийн салхи, хөгцөөр цохин», «гамшиг илгээдэг» байсан. Энэ бүхний үр дүнд израильчууд гэмшсэн үү? «Та нар Над уруу буцаж ирээгүй» гэж Бурхан хэлсэн. Үнэхээр ч, Еховаг сануулах бүрд тэд үл хэрэгссээр байжээ.

13 Ехова гэмших хүсэлгүй израильчуудыг шийтгэсэн. Гэхдээ эхлээд зөнчдөөрөө дамжууж сэрэмжлүүлэг өгч байв. Энэ тухай Библид: «Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш... юуг ч хийхгүй» хэмээсэн байдаг (Амос 3:7). Бурхан Ноад Усан галав юүлүүлэх гэж байгаагаа илчилж, хүмүүст анхааруулахыг тушаасан шигээ, сүүлчийн удаа сэрэмжлүүлэг өгөх ажлыг Амост даалгасан. Израильчууд Бурхнаас ирсэн мэдээг үл хэрэгсэж, зөв алхам хийгээгүй нь харамсалтай.

14. Амосын үе болон бидний үеийн хооронд адил төстэй ямар зүйлүүд байна вэ?

14 Амосын үе, өнөөгийн бидний үеийн хооронд гайхалтай адил төстэй зүйлүүд байгаа гэдэгтэй та лавтайяа санал нийлнэ биз ээ. Төгсгөлийн цаг үед асар их гай зовлон болох талаар Есүс Христ зөгнөсөн билээ. Түүнчлэн, дэлхий даяар Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглагдахыг урьдчилан хэлсэн (Матай 24:3–14). Гэсэн хэдий ч, өнөөдөр Амосын үетэй адил, ихэнх хүн Есүсийн хэлсэн төгсгөлийн цаг үеийн шинж тэмдэг болон сайн мэдээний алийг ч анхаардаггүй. Тийм хүмүүс гэмших хүсэлгүй израильчуудынх шиг үр дагавар амсах болно. Ехова тэдэнд: «Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн» хэмээн анхааруулсан байдаг (Амос 4:12). Тэд Еховагийн шийтгэлийг хүртэн, Ассирийн армид эзлэгдэхдээ «Бурхантай уулзсан». Өнөөдөр Бурхнаас үл эмээгч энэхүү ертөнц Армагеддоноор «Бурхантай уулзах» болно (Илчлэлт 16:14, 16). Харин бид Еховагийн тэвчээр барагдаагүй байгаа дээр, аль болох олон хүнд: «Амьдрахын тулд ЭЗЭНийг хай» хэмээн уриалсаар байна (Амос 5:6).

Амос шиг, эсэргүүцэлтэй тулгардаг

15-17. а) Амазиа гэж хэн байсан бэ? Тэрбээр Амосын хүргэсэн мэдээнд хэрхэн хандсан бэ? б) Амазиа Амосын эсрэг ямар хуурамч баталгаануудыг гаргаж тавьсан бэ?

15 Бид зөвхөн юу дэлгэрүүлж байгаагаараа бус, яаж дэлгэрүүлж байгаагаараа Амосыг дуурайж болно. Үүнийг, өгүүллийн эхэнд дурдсан лам буюу тахилчийн тухай гардаг «Амос» номын 7-р бүлэгт онцолсон байдаг. Тэр бол «Бетелийн тахилч Амазиа» юм (Амос 7:10). Израилийн Бетел хот тугал шүтдэг тэрслэгч шашны төв болж байв. Тэгэхлээр, Амазиа улсынхаа гол шашны тахилч байсан хэрэг юм. Амосын зоригтойгоор хүргэсэн мэдээнд тэр тахилч яаж хандсан бэ?

16 Амазиа Амост: «Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талх идэж, тэнд эш үзүүллэгээ үзүүл! Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө» гэж хэлсэн (Амос 7:12, 13). Үнэндээ бол, Амазиа: «Гэртээ буц! Бид өөрийн гэсэн шашинтай» гэж хэлсэн хэрэг байсан. Тэрбээр ІІ Иеробоам хаанд: «Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан» гэж хэлэн, Амосын үйл ажиллагааг төр засгаар хориулахыг оролдсон (Амос 7:10). Тийм ээ, Амосыг хааны эсрэг самуун дэгдээсэн хэмээн буруутгасан! Тэрбээр хаанд: «Амос ийнхүү хэлж байна. „Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаас цөллөгт явах болно“» гэжээ (Амос 7:11).

17 Амазиа ийн хэлэхдээ хуурамч гурван баталгаа гаргаж ирсэн. Тэрбээр: «Амос ийнхүү хэлж байна» гэж хэлдэг. Гэтэл Амос зөгнөлийг өөрөөс нь гарсан мэтээр хэзээ ч ярьж байгаагүй. Харин ч цаг үргэлж: «ЭЗЭН ингэж айлдаж байна» хэмээн мэдэгддэг байсан (Амос 1:3). Бас түүнийг: «Иеробоам илдээр үхнэ» гэж хэлсэн хэмээн буруутгасан. Гэвч Амос 7:9-д тэмдэглэснээр, «[Ехова] Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно» гэж байдаг. Иеробоамын «гэр» буюу түүний үр удамд ийм гай зовлон тохиолдохыг Бурхан л урьдчилан хэлсэн. Мөн түүнээс гадна, Амазиа Амосыг: «Израиль гарцаагүй өөрийн нутгаас цөллөгт явах болно» гэж хэлсэн мэтээр баталдаг. Гэхдээ Амос Бурхан уруу буцаж ирсэн ямар ч израиль хүн ивээл хүртэх тухай бас зөгнөсөн байсан. Амазиа Амосын хийж байсан дэлгэрүүлэх ажлыг албан ёсоор хориглуулах гэсэндээ үнэнийг мушгиж ярьсан нь тодорхой.

18. Амазиагийн хэрэглэдэг арга болон өнөөгийн лам хуврагуудын хэрэглэдэг аргын хооронд ижил төстэй юу байна вэ?

18 Та Амазиагийн хэрэглэсэн арга болон өнөө үед Еховагийн үйлчлэгчдийг эсэргүүцдэг хүмүүсийн хэрэглэдэг аргын хоорондох ижил төстэй талуудыг анзаарав уу? Амазиа Амосыг дуугүй болгох гэж оролдсон шиг өнөө цагийн лам хуврагууд Еховагийн үйлчлэгчдийн дэлгэрүүлэх ажлыг саатуулахыг хичээдэг. Амазиа Амосыг төр засгийн эсрэг самуун дэгдээсэн гэж үндэсгүй буруутгасан шиг өнөөдөр ч бас зарим лам хувраг Еховагийн Гэрчүүдийг улс орны аюулгүй байдалд заналхийлдэг хэмээн ор үндэсгүй буруутгадаг. Амазиа Амостой тэмцэхэд тусламж авахаар хаанд хандаж байсан шиг лам хуврагууд Еховагийн Гэрчүүдийг мөрдөж мөшгөх гэж улс төрчдөөс дэмжлэг хүсэх нь олонтаа.

Эсэргүүцэгчид бидний дэлгэрүүлэх ажлыг зогсоож чадахгүй

19, 20. Амазиагийн эсэргүүцэлд Амос хэрхэн хандсан бэ?

19 Амос, тахилч Амазиагийн эсэргүүцэлд хэрхэн хандсан бэ? Юуны түрүүнд: «„Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл“ гэж чи хэлж байна» хэмээн тахилчид хэлсэн. Дараа нь Амазиагийн сонсохыг хүсээгүй үгийг зоригтой хэлсэн (Амос 7:16, 17). Амос огтхон ч айж сүрдээгүй. Бидэнд ямар сайхан жишээ үзүүлээ вэ! Орчин үеийн «амазиачуудын» харгис хавчлага өдөөдөг нутагт ч бид Бурхандаа захирагдахаа болихгүй, үгийг нь ярьсаар байх болно. Бид Амосын адил, «Ехова ийнхүү айлдаж байна» хэмээн тунхагласаар байна. Тэгээд ч Бурхны «мутар» бидэнтэй хамт байгаа учраас эсэргүүцэгчид дэлгэрүүлэх ажлыг маань хэзээ ч зогсоож чадахгүй (Үйлс 11:19–21).

20 Сүрдүүлэг нь ямар ч нэмэргүйг Амазиа мэдэж байх учиртай байсан юм. Яагаад гэвэл, нэг ч хүн ярихыг нь хорьж дийлэхгүйн учрыг Амос өмнө нь хэлчихсэн байсан билээ. Энэ бол бидний авч үзэх гурав дахь асуудал юм. Амос 3:3–8-д бичсэнээр, тэрбээр дараалсан асуулт тавьж, жишээ татан, бүх юм учир шалтгаантай болохыг харуулсан. Дараа нь «Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?» гэжээ. Өөрөөр хэлбэл, өөрийг нь сонсож байсан хүмүүст: «Та нар арслангийн архирахыг сонсоод айхгүй байдаггүй шиг би Еховагийн тушаасны дагуу үгийг нь дэлгэрүүлэхгүй байж чадахгүй» гэж хэлсэн. Тэрбээр Бурхнаас эмээх чанар буюу Еховаг гүн бишрэх сэтгэлдээ хөтлөгдөн зоригтой ярьдаг байжээ.

21. Сайн мэдээ дэлгэрүүлэх тухай Бурхны тушаалд бид хэрхэн ханддаг вэ?

21 Бид ч бас Еховагаас, сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавар авсан. Энэ даалгавартаа бид хэрхэн ханддаг вэ? Амос болон Есүсийн эртний дагалдагчдын адил, Еховагийн тусламжтайгаар үгийг нь зоригтой ярьдаг (Үйлс 4:23–31). Эсэргүүцэгчид хавчиж, хүмүүс маадгар загнаж байсан ч бид дуугүй болохгүй. Еховагийн Гэрчүүд Амосын адил хичээл зүтгэл гарган, бүх дэлхий даяар сайн мэдээг зоригтой тунхагласаар байх урам зориг дүүрэн байна. Ехова удахгүй ёс бус хүмүүсийг шийтгэх талаар бид анхааруулах үүрэгтэй. Тэгвэл энэ шийтгэл ямар онцлогтой вэ? Дараагийн өгүүллээр энэ асуултад хариулъя.

Та юу гэж хариулах вэ?

• Амос Бурхны өгсөн даалгаврыг ямар ямар нөхцөлд биелүүлж байсан бэ?

• Бид Амосын адилаар юуны тухай дэлгэрүүлэх ёстой вэ?

• Дэлгэрүүлэх ажлаа яаж хийх хэрэгтэй вэ?

• Эсэргүүцэгчид бидний гэрчлэх ажлыг яагаад зогсоож чадахгүй вэ?

[Догол мөрийн асуулт]