Skip to content

Гарчиг руу орох

Үнэнч байдлаа хадгалагтун

Үнэнч байдлаа хадгалагтун

Үнэнч байдлаа хадгалагтун

«Харин миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой» (ДУУЛАЛ 26:11).

1, 2. а) Хүний үнэнч байдал Бурхны хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлын чухал хэсэг болсон нь ямар учиртай вэ? б) Оюун ухаант бүтээлүүд Еховагийн эрх мэдлийг дэмждэгээ хэрхэн харуулж болох вэ?

 САТАН Еден цэцэрлэгт Еховаг эсэргүүцэхдээ Бурхан бүх бүтээлээ захирах хууль ёсны эрхтэй эсэх талаар маргаантай асуудал босгосон. Хожим нь, хүн өөрт нь ашигтай байсан цагт л Бурханд үйлчилдэг гэж мэтгэсэн (Иов 1:9–11; 2:4). Ийнхүү хүн Бурханд үнэнч байх эсэх нь Еховагийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлын нэг хэсэг болов.

2 Бурхны хэмжээгүй эрх мэдэл бүтээлүүдийнх нь үнэнч байдлаас шууд шалтгаалахгүй нь үнэн хэдий ч, Бурхны сүнсэн болоод хүмүүн хөвгүүд уг маргаантай асуудлаар хэний талд байдгаа харуулах боломжтой. Яаж? Үнэнч байх уу, үгүй юү гэдгээ сонгож. Тэгэхлээр, оюун ухаант бүтээлүүдийг үнэнч байдалд нь үндэслэн дүгнэж болно.

3. а) Иов Давид хоёр Еховагаас юуг нь шалгахыг гуйсан бэ? б) Үнэнч байдлын тухай ямар ямар асуулт авч үзэх вэ?

3 Иов: «[Ехова] намайг зөв шударга жингээр жинлэж, миний үнэнч шударга байдлыг Бурхан мэдэг» хэмээн итгэлтэйгээр хэлжээ (Иов 31:6). Эртний Израилийн хаан Давид ч мөн дээрхийн адилаар: «Би үнэнч шударгаар явж, гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч» хэмээн Еховад залбирчээ (Дуулал 26:1). Бидний хувьд ч бас үнэнчээр явах нь амин чухал юм. * Гэхдээ үнэнч байдал гэж юу вэ? Үнэнч байдлаа хадгалах гэж юу гэсэн үг вэ? Үүнд юу туслах вэ?

«Би үнэнч шударгаар явсан»

4. «Үнэнч байдал» гэж юу вэ?

4 «Үнэнч байдал» гэж орчуулсан еврей үг шулуун шударга, гэм зэмгүй, зөв, өөгүй байх гэсэн санаа илэрхийлдэг. Гэхдээ зөв үйл хийх гэдгээс илүү гүнзгий утгатай. Энэ бол хувиршгүй сэтгэл буюу Бурханд үнэнч байхын төлөө зүрхээ тэр чигээр нь зориулах гэсэн үг юм. Сатан Еховад: «Мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно» гэж хэлэхдээ Иов Бурханд чин зүрхнээсээ үнэнч байдаг эсэхэд эргэлзээ төрүүлсэн (Иов 2:5). Үнэнч байдал зөв үйл хийхийн зэрэгцээ зүрхний зөв хандлагатай байхыг шаарддаг.

5. Үнэнч байх нь төгс байх гэсэн үг биш болохыг юу харуулдаг вэ?

5 Гэхдээ үнэнч байх гэдэг нь заавал төгс байх гэсэн үг биш ээ. Давид хаан төгс бус байсан бөгөөд амьдралдаа хэд хэдэн удаа ноцтой алдаа гаргажээ. Гэвч түүнийг «шударга сэтгэлээр... явсан» гэж Библид бичсэн байдаг (Хаадын дээд 9:4). Учир нь Еховад хайртай, чин зүрхнээсээ үнэнч хүн байв. Тэрбээр буруугаа дуртайяа хүлээж, зэмлэлийг хүлээн авч, зам мөрөө засаж залруулсан. Тийм ээ, Давид зүрхээ Ехова Бурхандаа тэр чигээр нь зориулж, хайртай байсан нь үнэнч байсныг нь харуулдаг (Дэд хууль 6:5, 6).

6, 7. Үнэнчээр явах гэдэгт юу ордог вэ?

6 Үнэнч байдал нь сүсэг бишрэл гэх мэтийн амьдралын зарим нэг хүрээнд биш, бүх хүрээнд хамаатай. Жишээ нь, Давид «үнэнч шударгаар явсан» гэж Библид бичжээ. «Еврей хэлний „явах“ гэдэг үйл үг нь „амьдралын зам“ буюу „амьдралын хэв маяг“ гэсэн санаа илэрхийлдэг» хэмээн нэгэн бүтээлд тэмдэглэжээ («The New Interpreter’s Bible»). «Явдал үйл нь гэм зэмгүй» хүмүүсийн тухай дуулалч: «[Бурхны] гэрчлэлүүдийг сахин, түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ! Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй. Тэд Түүний замаар явдаг» хэмээжээ (Дуулал 119:1–3). Үнэнч байхын тулд цаг ямагт Бурхны хүсэл тааллыг биелүүлэх боломжийг хайж, түүний замаар явах шаардлагатай.

7 Үнэнчээр явахын тулд хэцүү нөхцөлд ч Бурханд үнэнч байдлаа хадгалж үлдэх ёстой. Бид ёс бус ертөнцийн зүгээс учруулах сорилтыг тэвчиж, саад бэрхшээлд бууж өгөлгүй, хорхой хүрэм зүйлийг эсэргүүцэн үнэнч байдлаа харуулж, Бурхны «зүрхийг баярлуулдаг». Учир нь Ехова өөрийг нь муулагчид барих хариутай болдог (Сургаалт үгс 27:11). Ийм хүндтэй шалтгааны улмаас бид ч бас «үхэн үхтэлээ үнэнч байдлаа өөрөөсөө холдуулаагүй» Иовын адилаар шийдвэр төгс байж чадна! (Иов 27:5). Үнэнч байдлаа хадгалахад юу туслахыг 26-р дуулал хэлж өгдөг.

«Миний оюун бодол, зүрхийг цэвэршүүлээч»

8. Давид оюун бодол, зүрхээ шалгуулахаар Еховагаас гуйсан нь бидэнд ямар сургамжтай вэ?

8 Давид: «ЭЗЭН, намайг шалгаж, намайг туршаач. Миний оюун бодол, зүрхийг шалгаач [«цэвэршүүлээч», ШЕ]» хэмээн залбирчээ (Дуулал 26:2). Энэ зүйлд «оюун бодол» гэж орчуулсан еврей үг хүний хамгийн гүнээс гарах бодол, мэдрэмжийг заадаг байна. Мөн бэлэгдлийн зүрх нь дотор хүнийг цогцоор нь буюу хүсэл эрмэлзэл, сэтгэл санаа, үзэл бодлыг нь хэлж байгаа хэрэг юм. Давид хамгийн гүн бодол, мэдрэмжээ шинжлүүлж, нягтлуулах гэж Еховагаас гуйжээ.

9. Ехова бидний оюун бодол, бэлэгдлийн зүрхийг хэрхэн цэвэршүүлдэг вэ?

9 Түүнээс гадна, Давид оюун бодол, зүрхийг нь цэвэршүүлэхийг Еховагаас гуйсан. Ехова бидний дотор хүнийг яаж цэвэршүүлдэг вэ? Давид: «Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана. Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг» хэмээн дуулжээ (Дуулал 16:7). Энэ юу гэсэн үг вэ? Бурхны зөвлөгөө Давидын дотор хүнд хүрч, хоногшин, хамгийн гүн бодол, мэдрэмжийг нь засаж залруулдаг байжээ гэсэн үг юм. Хэрэв бид Үг, төлөөлөгч, байгууллагаараа өгдөг Бурхны зөвлөгөөг талархан хүлээн авч, эргэцүүлэн бодож, дотроо хоногшуулдаг бол биднийхийг ч бас засаж залруулна. Еховад тогтмол залбирч, цэвэршүүлэхийг гуйх нь үнэнчээр явахад тусална.

«Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа»

10. Давидыг Бурхны үнэнээр явахад юу тусалсан бэ?

10 Давид цааш нь: «Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа бөгөөд би Таны үнэнээр явсан» гэж хэлжээ (Дуулал 26:3). Давид Бурхны хайр энэрлийн үйлсийг сайн мэддэг бөгөөд эдгээрийн тухай талархах сэтгэлээр эргэцүүлэн боддог байсан. Тэрбээр: «Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Түүний ач тусын алийг нь ч бүү март» хэмээгээд Бурхны нэг «ач тусыг» санан: «ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө зөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг. Тэр Өөрийн замыг Мосед, Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн» гэж дуулжээ (Дуулал 103:2, 6, 7). Давид ингэж хэлэхдээ израильчууд Мосегийн үед Египетийн дарлалд байсныг санаж байсан байж болох юм. Хэрэв тийм бол, Ехова аврах гэж байгаагаа Мосед хэрхэн мэдүүлсэн тухай эргэцүүлэн боддог байсан нь Давидын зүрхэнд хүрч, Бурхны үнэнээр явах шийдвэрийг нь бэхжүүлсэн байх учиртай.

11. Үнэнч байдлаа хадгалахад юу туслах вэ?

11 Бурхны Үгийг тогтмол судалж, сурч мэдсэнээ эргэцүүлэн бодох нь үнэнч байдлаа хадгалахад бидэнд ч бас тусална. Тухайлбал, Потифарын эхнэр садар самуунд уруу татахад зугтаж одсон Иосефын жишээг санаж явах нь ашигтай. Ажил, сургууль дээр юм уу өөр хаа нэгтээ ийм явдалтай тулгарвал Иосефын адилаар зугтах зориг орно (Эхлэл 39:7–12). Эд хөрөнгө хураах, нэр алдар, эрх мэдэлтэй болох хорхой хүрвэл яах вэ? Энэ бүхнээс татгалзаж, Египетийг орхисон Мосегийн жишээг бид мэднэ (Еврей 11:24–26). Өвчин эмгэг, золгүй явдлыг тоолгүй Еховад үнэнч байх шийдвэрээ бэхжүүлэхэд Иовын тэвчээрийн жишээ лавтайяа тусална (Иаков 5:11). Хэрэв бид хавчлагад өртвөл яах вэ? Арслантай нүхэнд хаягдсан Даниелын жишээг санавал эр зоригтой болно! (Даниел 6:16–22).

«Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй»

12, 13. Ямар нөлөөнөөс зайлсхийх хэрэгтэй вэ?

12 Үнэнч байдлыг нь бэхжүүлсэн бас нэг зүйлийн тухай Давид: «Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, дүр эсгэгч нартай ч хамт явахгүй. Би хорон санаатнуудын чуулганыг үзэн яддаг, мөн бузар муу хүнтэй хамт суухгүй» гэж хэлжээ (Дуулал 26:4, 5). Давид ёс бус хүмүүстэй хамт суудаг ч үгүй байв. Тэрбээр муу нөлөөг үзэн яддаг байсан.

13 Харин бид яадаг вэ? Зурагтын хөтөлбөр, кино, Интернэт болон бусад хэрэгслээр дамжуулан «хуурмаг хүмүүстэй» хамт суухаас татгалздаг уу? «Дүр эсгэгч нараас» хол байдаг уу? Сургууль болон ажлын газар дээр зарим хүн далд санаа өвөрлөн, найз нөхрийн дүр эсгэж болох юм. Бурхны үнэнээр явдаггүй хүмүүстэй дотно харьцаа хөгжүүлэхийг үнэхээр хүсдэг үү? Түүнчлэн, тэрслэгчид чин сэтгэлтэй гэж зүтгэдэг ч Еховад үйлчлэхийг маань болиулах зорилгоо нуудаг. Хоёр нүүр гаргадаг христиануудын тухай юу хэлж болох вэ? Тэд ч бас үнэн дүр төрхөө нуудаг. Туслах үйлчлэгчээр үйлчилдэг Жейсон ах бага залуудаа тийм найзуудтай байжээ. Тэрбээр: «Нэг удаа тэдний нэг нь: „Одоо бидний яах нь хамаагүй. Яагаад гэвэл, шинэ ертөнц бий болоход бид үхээд л өгнө. Тэгэхэд ямар нэг юмаа алджээ гэж мэдэхгүй шүү дээ“ гэж билээ. Энэ үг надад түгшүүрийн дохио болсон. Шинэ ертөнц болоход би үхчихсэн баймааргүй байна» хэмээн хэлсэн. Жейсон тийм хүмүүсээс харьцаагаа тасалсан нь ухаалаг хэрэг байв. «Бүү мэхлэгд. „Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг“» гэж элч Паул сануулсан байдаг (1 Коринт 15:33). «Муу нөхрөөс» зайлсхийх нь хэчнээн чухал бэ!

«Би... Таны бүх гайхамшгийг зарлана»

14, 15. Бид Еховагийн «тахилын ширээнд ойртон очдог» гэж юу гэсэн үг вэ?

14 Давид: «Би гэмгүй байдал дотор гараа угааж, ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно» хэмээгээд үүнийхээ учрыг тайлбарлан: «Ингэх нь би талархлын дуугаар тунхаглаж, Таны бүх гайхамшгийг зарлахын тулд билээ» гэж хэлжээ (Дуулал 26:6, 7). Давид Еховаг шүтэж, үнэнч гэдгээ тунхаглахын тулд ёс суртахууны хувьд цэвэр байхыг хүсдэг байв.

15 Мөргөлийн асар болон хожим сүмд болдог байсан бүх арга хэмжээ «тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр» байжээ (Еврей 8:5; 9:23). Тахилын ширээ нь хүн төрөлхтнийг аврахын тулд Есүс Христийн өргөсөн золих тахилыг хүлээн авах Бурхны хүсэл тааллыг бэлэгдэж байв (Еврей 10:5–10). Бид золиосонд итгэснээр «гэмгүй байдал дотор гараа угааж, [Еховагийн] тахилын ширээнд ойртон очдог» (Иохан 3:16–18).

16. Бурхны гайхамшгийг зарлах нь бидэнд ямар тустай вэ?

16 Есүсийн золиосны ачаар боломжтой болсон бүх зүйлийн тухай бодоод үзвэл Ехова болон цорын ганц Хүүд нь талархах сэтгэлээр зүрх маань бялхдаггүй гэж үү? Тиймээс, Еден цэцэрлэгт хүнийг бүтээснээс эхлээд шинэ ертөнцөд бүхнийг сэргээх тухай Бурхны гайхамшгийг талархсан сэтгэлээрээ хүмүүст мэдүүлцгээе (Эхлэл 2:7; Үйлс 3:21). Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд оролцох нь биднийг сүнслэгээр туйлын сайн хамгаалдаг! (Матай 24:14; 28:19, 20). Энэ ажлыг хийгээд завгүй байвал ирээдүйн гэрэлт найдвараа бөхөөхгүй, Бурхны амлалтад итгэх итгэлээ сулруулахгүй, Еховаг болон бусдыг хайрлах хайраа хөргөхгүй байж чадна.

«Би Таны өргөөний оршихуйд хайртай»

17, 18. Христиан цуглаандаа бид яаж хандах ёстой вэ?

17 Израильд мөргөлийн асар болон тахилын ширээ нь Еховаг шүтэх төв болж байсан. Давид баяр хөөрөө илэрхийлэн: «ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон Таны сүр жавхлангийн орших газарт хайртай» хэмээн залбирчээ (Дуулал 26:8).

18 Бид Еховагийн тухай сурч мэддэг газар цуглах дуртай бил үү? Хаанчлалын танхим болгон сүнслэг сургалт тогтмол явуулдаг жинхэнэ шүтлэгийн төв билээ. Түүнээс гадна, бид жил бүр мужийн, дүүргийн болон нэг өдрийн тусгай чуулган зохион байгуулж, Еховагийн «сануулгуудыг» (ШЕ) хүлээн авдаг. Тэдгээрт «хэмжээлшгүй их хайртай» болбол цуглаанд дуртайяа явж, хөтөлбөрийг анхааралтай сонсдог болно (Дуулал 119:167). Бидний сайн сайханд санаа тавьж, үнэнч байдлаа хадгалахад тусалдаг итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхад сэтгэл үнэхээр сэргэдэг! (Еврей 10:24, 25).

«Миний амийг... бүү авч яваач»

19. Давид ямар нүглийн буруутан байхыг хүсээгүй вэ?

19 Бурхны үнэнээс хазайх нь ямар уршигтайг Давид бүрэн ойлгон: «Миний сэтгэлийг нүгэлтнүүдтэй хамт, миний амийг цус урсгагчидтай хамт бүү авч яваач» хэмээн гуйгаад, цааш нь: «Тэдний гар муу муухайгаар, тэдний баруун гар хахуулиар дүүрэн байна» гэжээ (Дуулал 26:9; 10, МБОХ, 1998 он). Давид муу муухай явдалтай, хахууль авдаг ёс бус хүмүүсийн нэг байхыг хүсээгүй.

20, 21. Биднийг юу ёс бус замд уруу татдаг вэ?

20 Өнөөгийн нийгэм садар самуун явдлын үерт автжээ. Зурагт, сэтгүүл, киногоор «завхайрал, бузар байдал, тачаангуй байдал» зэрэг муу муухай явдлыг сурталчилдаг (Галат 5:19). Зарим хүн порно үзвэрийн боол болдог нь ихэнхдээ садар самуунд хүргэдэг. Ялангуяа, залуус тийм нөлөөнд өртөмтгий байдаг. Зарим оронд болзоонд явах нь жирийн үзэгдэл байдгаас өсвөр насныхан заавал тэгэх ёстой гэж боддог. Гэрлэх насанд хүрээгүй боловч залуус хайр сэтгэлийн холбоотой болж, бие махбодынх нь хөгжлийг дагаад өөрт нь төрж байгаа бэлгийн хүслийг хангахын тулд удалгүй садар самуун үйлдтэлээ ёс суртахуунаа алддаг.

21 Муу нөлөө насанд хүрсэн хүнийг ч тойрч гардаггүй. Шударга бус бизнес хийх, амиа бодсон шийдвэр гаргах хандлага зэрэг нь үнэнч байдал дутаж байгаагийн шинж юм. Ертөнцийн замаар явбал Еховагаас холдоно. Тиймээс, «мууг үзэн ядаж, сайныг хайрлан», үргэлж үнэнчээр явцгаая (Амос 5:15).

«Намайг аварч, намайг нигүүлсээч»

22-24. а) 26-р дууллын төгсгөлийн үг танд ямар урам хайрладаг вэ? б) Дараагийн өгүүлэлд ямар урхины тухай хэлэлцэх вэ?

22 Давид дууллынхаа төгсгөлд: «Харин миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой. Намайг аварч, намайг нигүүлсээч. Миний хөл тэгш газарт зогсдог. Цуглаануудад би ЭЗЭНийг магтана» гэжээ (Дуулал 26:11, 12). Давид үнэнч байдлаа хадгалах шийдвэрээ авралын тухай гуйлттай хослуулжээ. Энэ үг бидэнд их урам өгдөг! Хэрэв бид үнэнчээр явах шийдвэр төгс байвал Ехова төгс бусыг маань үл харгалзан, туслах болно.

23 Бурхны хэмжээгүй эрх мэдлийг хүндэтгэж, үнэлдэг гэдгээ амьдралынхаа хэв маягаар харуулцгаая. Хүн бүр Еховад залбирч, хамгийн гүн бодол, мэдрэмжээ шалгуулж, цэвэршүүлэхийг гуйж болно. Бурхны Үгийг нямбай судалбал үнэнийг үргэлж санаж явах боломжтой. Тиймээс, муу нөлөөнөөс бүх талаар зайлсхийж, «цуглаануудад Еховаг магтацгаая». Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд хичээл зүтгэлтэй оролцож, Бурхантай тогтоосон эрхэм харьцааг маань эвдэн бусниулахыг ертөнцөд хэзээ ч зөвшөөрөхгүй байцгаая. Үнэнч байдлаа хадгалахыг хамаг чадлаараа хичээвэл Ехова биднийг нигүүлсэнэ гэдэгт итгэлтэй байж болно.

24 Үнэнч байдал амьдралын бүх хүрээнд хамаатай учир үхлийн аюултай урхи буюу согтууруулах ундаа хэрэглэх тухайд ч болгоомжтой байх хэрэгтэй. Энэ тухай дараагийн өгүүллээр хэлэлцье.

[Зүүлт]

^ Еврей хэлний тумма гэдэг үг болон энэ үгнээс гаралтай бусад үгийг «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгад «үнэнч», «шударга», «үнэнч шударга», «шударга зөв», «гэм зэмгүй», «чин сэтгэл» гэх зэрэг үгээр буулгажээ. Утгын уялдааг хадгалж, ойлгоход хялбар болгохын тулд энэ өгүүлэлд «үнэнч» гэдэг үг хэрэглэсэн болно.

Та санаж байна уу?

• Оюун ухаант бүтээлүүдийг үнэнч байдалд нь үндэслэн дүгнэх нь яагаад зөв бэ?

• «Үнэнч байдал» гэж юу вэ? Үнэнчээр явах гэдэгт юу орох вэ?

• Үнэнч байдлаа хадгалахад юу туслах вэ?

• Үнэнч байдлаа хадгалахын тулд ямар ямар аюулаас сэрэмжилж, зайлсхийх ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]