Skip to content

Гарчиг руу орох

Сайтар гэрчилж сурсан хүмүүс

Сайтар гэрчилж сурсан хүмүүс

Сайтар гэрчилж сурсан хүмүүс

«Та нар... Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» (ҮЙЛС 1:8).

1, 2. Петр ямар даалгавар авсан байсан бэ? Тэр даалгаврыг хэн өгсөн бэ?

 «НАЗАРЫН Есүс... бол Бурхнаар томилогдсон амьд, үхсэн бүх хүний Шүүгч гэдгийг [«сайтар», ШЕ] гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм» (Үйлс 10:38, 42). Петр сайн мэдээ тунхаглах даалгаврынхаа тухай Корнел болон түүний гэрийнхэнд тийнхүү тайлбарласан байдаг.

2 Есүс энэ даалгаврыг хэзээ өгсөн бэ? Дахин амилчихаад, тэнгэрт очихынхоо өмнөхөн өгснийг нь Петр хэлсэн бололтой. Тэр үед Есүс үнэнч шавь нартаа: «Та нар... Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээн айлджээ (Үйлс 1:8). Гэхдээ Петр шавь нь байсны хувьд Есүст итгэдэг тухайгаа бусдад ярих хэрэгтэй гэдгийг өмнө нь ч мэдэж байсан билээ.

Гурван жилийн сургалт

3. Есүс ямар гайхамшиг үйлдсэн бэ? Тэрбээр Петр Андрей хоёрыг юунд урьсан бэ?

3 Есүс МЭ 29 онд баптисм хүртсэнээсээ хойш хэдэн сарын дараа, Галилын тэнгист загасчилж явсан ах дүү Петр Андрей хоёрт дэлгэрүүлжээ. Тэд шөнөжин загасчлаад ганц ч загас барьж чадаагүй байв. Гэсэн ч, Есүс тэдэнд: «Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь» гэж хэлжээ. Есүсийн хэлснээр тороо хаятал «маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв». Энэ гайхамшгийг үзсэн Петрийг айн балмагдахад Есүс: «Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно» хэмээн хэлж, тайвшруулжээ (Лук 5:4–10).

4. а) Есүс гэрчлэх ажилд шавь нараа хэрхэн бэлдсэн бэ? б) Шавь нарынх нь дэлгэрүүлэх ажлыг Есүсийнхтэй харьцуулбал ямар вэ?

4 Тэр дороо л Петр Андрей хоёр, бас Зебедеен хөвгүүд болох Иаков Иохан нар завиа орхиж, Есүсийг дагажээ. Тэд гурван жил шахам Есүстэй хамт явж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхэд суралцсан (Матай 10:7; Марк 1:16, 18, 20, 38; Лук 4:43; 10:9). Ингээд сургалтын хугацаа нь дуусах дөхөөд байсан МЭ 33 оны нисан сарын 14-нд Есүс тэдэнд: «Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно» гэж хэлсэн (Иохан 14:12). Шавь нар нь Есүс шиг сайтар гэрчлэхдээ энэ ажлынхаа цар хүрээг улам өргөжүүлэх учиртай байв. Тэд өөрсдөө ч, Есүсийн ирээдүйн шавь нар ч «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөл» (ШЕ) хүртэл «бүх үндэстэнд» дэлгэрүүлэх хэрэгтэйг удалгүй ойлгожээ (Матай 28:19, 20).

5. Бид, Есүсийн явуулсан сургалтаас яаж ач тус хүртэж болох вэ?

5 Бидний амьдарч байгаа цаг үе бол «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн үе» юм (Матай 24:3, ШЕ). Бид Есүсийн анхны шавь нар шиг түүнтэй хамт явж, хүмүүст яаж дэлгэрүүлэхийг нь нүдээрээ үзэх аргагүй. Гэсэн ч, Есүсийг хэрхэн дэлгэрүүлж, дагалдагчдадаа ямар заавар зөвлөгөө өгч байсныг Библиэс уншаад, түүний явуулсан сургалтаас тусыг олж болно (Лук 10:1–11). Энэхүү өгүүллээр Есүсийн шавь нартаа заасан амин чухал нэг зүйлийг хэлэлцэнэ. Энэ нь дэлгэрүүлэх ажилд зөв хандах тухай юм.

Хүмүүст санаа тавих нь

6, 7. Есүс ямар зан чанарынхаа ачаар үр дүнтэй үйлчилдэг байсан бэ? Түүнийг хэрхэн дуурайж болох вэ?

6 Есүсийн гэрчлэх ажил ямар учраас үр дүнтэй байсан бэ? Нэг шалтгаан нь хүмүүсийг чин сэтгэлээсээ анхаарч, тэдэнд санаа тавьдаг байсанд оршино. «Тэрбээр ядуус ба гачигдагсдыг энэрэх болно» гэж дуулалч зөгнөсөн байв (Дуулал 72:13, МБОХ, 1998 он). Уг зөгнөл Есүс дээр яг таг биелсэн билээ. Библид: «Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» гэж бичсэн байдаг нь үүний нэг жишээ юм (Матай 9:36). Есүс ноцтой нүгэл үйлддэг хүмүүст хүртэл санаа тавьж, тэд ч түүнд татагддаг байжээ (Матай 9:9–13; Лук 7:36–38; 19:1–10).

7 Бид ч бас хүмүүст тийнхүү санаа тавивал ажлын маань үр дүн сайн байх болно. Дэлгэрүүлэх ажилд гарахынхаа өмнө, хүргэх гэж буй мэдээ маань хүмүүст хэр зэрэг чухал болохыг цаг гаргаад эргэцүүлэн бодож болохгүй нь юу билээ? Зөвхөн Бурхны Хаанчлалаар шийдэгдэх зовлон бэрхшээлийнх нь талаар бодоод үзээрэй. Сайн мэдээг чухам хэн нь хүлээж авахыг мэдэхгүйгээс хойш хүн болгонд өөдрөг сэтгэлээр хандаж байгаарай. Таны уулзах дараагийн хүн, тань шиг хүнийг хүрч ирээд, өөрт нь туслаасай гэж залбирч байх ч юм бил үү!

Хайрандаа хөтлөгдөх нь

8. Дагалдагчид нь, Есүсийн адилаар, ямар чанартаа хөтлөгдөн сайн мэдээ дэлгэрүүлдэг вэ?

8 Есүсийн тунхаглаж байсан сайн мэдээ нь хүн төрөлхтний хувьд хамгийн чухал асуудал болох Еховагийн хүсэл тааллыг биелүүлж, нэрийг нь ариусгаж, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөхтэй холбоотой байв (Матай 6:9, 10). Тэрбээр Эцэгтээ хайртай учраас эцсээ хүртэл үнэнч байж, дээрх асуудлуудыг шийдвэрлэх Хаанчлалын тухай сайтар гэрчлэх итгэл зориг дүүрэн байсан (Иохан 14:31). Есүсийн орчин үеийн дагалдагчид ч мөн хайрандаа хөтлөгдөн, Еховад хичээл зүтгэлтэй үйлчилдэг. Элч Иохан: «Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн» хэмээн хэлэхдээ сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх тушаалыг оролцуулсан нь лавтай (1 Иохан 5:3, МБОХ, 1996 он; Матай 28:19, 20).

9, 10. Бурхнаас гадна өөр хэнийг хайрлах хайр сайтар гэрчлэх хүсэл төрүүлдэг вэ?

9 Есүс дагалдагчдадаа: «Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь. Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн» хэмээн хэлсэн билээ (Иохан 14:15, 21). Тэгэхлээр, Есүсийг хайрлах хайр маань биднийг Библийн үнэнийг гэрчилж, бусад тушаалыг нь ч сахин мөрдөхөд хөтлөх учиртай болж байна. Есүс дахин амилсныхаа дараа шавь нартаа үзэгдэж байхдаа: «Миний хургануудыг тэжээ... Миний хоньдыг хариул... Миний хоньдыг тэжээ» гэж Петрт хэлжээ. Петр үүнийг ямар сэтгэлээр хийх ёстой байсан бэ? Есүс Петрээс: «Чи Намайг... хайрладаг уу? [...] Чи Намайг хайрладаг уу? [...] Чи Намайг хайрладаг уу?» хэмээн гурвантаа асууснаас хариултыг тодорхой мэдэж болно. Тийм ээ, Петр Есүсийг хайрлах хайрандаа хөтлөгдөн сайтар гэрчилж, Есүсийн «хоньдыг» олоод, дараа нь тэдний сүнслэг хоньчин болох ёстой байлаа (Иохан 21:15–17).

10 Бид Есүсийг Петр шиг сайн таньдаггүй ч, бидний төлөө юу хийснийг нь гүнээ ухамсарлан ойлгодог. «Хүн бүрийн төлөө үхлийг амсахаас» ч буцаагүй түүний агуу хайр зүрх сэтгэлийг маань хөндсөн билээ (Еврей 2:9; Иохан 15:13). «Христийн хайр биднийг албаддаг. Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин... Түүний төлөө амьдрах ёстой» хэмээн бичсэн Паулынхтай адилхан сэтгэгдэл бидэнд төрдөг (2 Коринт 5:14, 15). Сайтар гэрчлэх тушаалыг нь чин сэтгэлээсээ сахивал Есүсийн хайранд талархаж, түүнийг хайрладгаа харуулна (1 Иохан 2:3–5). Бид Есүсийн золиосыг «бузар хэмээн» үздэггүй л бол дэлгэрүүлэх ажилд хайхрамжгүй хандах учиргүй (Еврей 10:29).

Зорилгоосоо няцахгүй байх нь

11, 12. Есүс ямар зорилгоор ертөнцөд ирсэн бэ? Зорилгодоо хэр зэрэг үнэнч байсан бэ?

11 Есүс Понти Пилатад: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» гэж хэлсэн (Иохан 18:37). Үнэний тухай гэрчлэх ажил түүний анхаарлын төвд ямагт байдаг байв. Есүсийн хувьд энэ ажлыг хийх нь Бурхны хүсэл тааллыг биелүүлсэн хэрэг байжээ.

12 Сатан Есүсийг энэ зорилгоос нь няцаах гэж сорьдог байв. Баптисм хүртсэнийх нь дараахан Есүсийг нэр алдартай хүн болгож, «дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг» өгье гэж хэлсэн (Матай 4:8, 9). Мөн хожим нь, иудейчүүд түүнийг хаанаа болгохыг хүсжээ (Иохан 6:15). Есүс тэдгээр хүсэлтийг биелүүлж, хаан болсон бол хүн төрөлхтөнд илүү тустай юм хийх байсан гэж зарим хүн бодож болох юм. Гэлээ ч, Есүс өөр бодолтой байлаа. Түүний зорилго үнэний тухай гэрчлэх явдал байв.

13, 14. а) Есүс зорилгоосоо няцахгүйн тулд юунаас зайлсхийдэг байсан бэ? б) Есүс бэл чадал нимгэн байсан ч юу хийж чадсан бэ?

13 Түүнээс гадна, Есүс зорилгоосоо няцаж, эд баялагт шунаж байсан удаагүй. Тийм ч учраас амьдрал нь элбэг хангалуун байгаагүй юм. Өөрийн гэсэн гэр орон ч гэж байсангүй. Тэрбээр нэгэнтээ: «Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй» хэмээн хэлжээ (Матай 8:20). Есүсийг нас нөгчихөд, Библид бичсэнээр, хамгийн үнэтэй юм нь Ромын цэргүүдийн шодож авсан, түүний гадуур хувцас байжээ (Иохан 19:23, 24). Тэгвэл, Есүс хайран амьдралаа дэмий үрсэн хэрэг үү? Яалаа гэж дээ!

14 Хамгийн баян өглөгийн эзэн ч Есүсийн хийснийг гүйцэхгүй. Паул: «Та нар бидний Эзэн Есүс Христийн нигүүлслийг мэднэ. Хэдийгээр Тэр баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ» гэж хэлсэн (2 Коринт 8:9; Филиппой 2:5–8). Есүс бэл чадал нимгэн байсан ч даруу хүмүүст төгс болж, мөнх амьдрах үүдийг нээж өгсөн. Үүнд нь бид талархаад ч баршгүй! Түүнчлэн, Есүс Бурхны хүсэл тааллыг биелүүлэх гэсэн гол зорилгоосоо няцаагүй учраас шагнал авсанд нь бид хэчнээн баяртай байдаг билээ (Дуулал 40:8; Үйлс 2:32, 33, 36).

15. Эд хөрөнгөнөөс илүү үнэтэй юм юу вэ?

15 Өнөөдөр Есүсийг дуурайхыг чармайж байгаа христианууд ч бас зорилгоосоо няцахгүйн тулд эд хөрөнгөний хойноос хөөцөлдөхөөс зайлсхийдэг (1 Тимот 6:9, 10). Эд баялаг хүний амьдралыг тав тухтай болгодог ч мөнхийн ирээдүйд нь ямар ч нэмэргүйг тэд ойлгодог. Есүсийг амиа алдахад гадуур хувцас нь түүнд ямар ч үнэ цэнгүй болсон шиг христиан хүнийг нас барахад эд хөрөнгө нь ямар ч ач холбогдолгүй болдог (Номлогчийн үгс 2:10, 11, 17–19; 7:12). Христиан хүнийг үхэхэд үнэ цэнээ алдалгүй үлддэг цорын ганц зүйл бол Ехова Есүс хоёртой тогтоосон харьцаа нь юм (Матай 6:19–21; Лук 16:9).

Эсэргүүцэл саад болоогүй

16. Есүс эсэргүүцэлд хэрхэн ханддаг байсан бэ?

16 Есүс эсэргүүцэлд сөхрөн, үнэний тухай гэрчлэх зорилгоосоо няцаж байгаагүй. Тэрбээр амиа золиослон үхэж, дэлхий дэх үйлчлэлээ дуусгах ёстойгоо мэддэг ч сэтгэлээр унаж байсангүй. Паул Есүсийн тухай: «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг [«тарчлаах шонг», ШЕ] тэвчсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм» гэж хэлсэн байдаг (Еврей 12:2). Есүс «гутамшгийг эс тоомсорлосныг» анхаараарай. Эсэргүүцэгчид өөрийнх нь тухай юу бодож байгаад түүний санаа огтхон ч зовж байгаагүй. Тэрбээр Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг л гол зорилгоо болгодог байсан.

17. Есүсийн тэвчээрээс юунд суралцаж болох вэ?

17 Паул Есүсийн тэвчээрээс сургамж авахыг христиануудад уриалж: «Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Түүнийг санагтун. Тэрээр Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн ажээ» хэмээн бичжээ (Еврей 12:3). Цаг үргэлж эсэргүүцэлтэй тулгарах юм уу олны элэг доог болно гэдэг хэцүү л дээ. Ертөнцийн зүгээс бидний сэтгэлийг татах аливаа зүйлийг дандаа тэвчээд байхад, тухайлбал, нийгэмд хөлөө олж амьдраасай гэсэн хүсэлтэй төрөл садныхаа урмыг хугалах амаргүй санагддаг. Гэсэн ч бид Хаанчлалыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавих шийдвэр төгс байж, Есүсийн адилаар, Еховаг тусалж дэмжинэ гэж харж байдаг (Матай 6:33; Ром 15:13; 1 Коринт 2:4).

18. Петрт хандаж хэлсэн Есүсийн үгнээс ямар сургамж авч болох вэ?

18 Есүс үхлээ ойртож байгааг шавь нартаа ярьж эхлэхдээ л зорилгоосоо няцаагүйгээ харуулсан. Петр: «Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй» гэж итгэлтэй хэлэхэд нь Есүс Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх шийдвэрээс нь ухрааж болох алив зүйлийг сонсохыг ч хүсээгүй тул Петрээс нүүр буруулан: «Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурхны юмыг бус, харин хүнийхийг л боддог» гэж хэлсэн (Матай 16:21–23). Бид ч бас «хүний юмнаас» буюу бодол санаанаас цаг ямагт эрс шийдвэртэй татгалзаж байцгаая. Үргэлж Бурхны бодол санаагаар удирдуулцгаая.

Жинхэнэ ач тус

19. Есүс үйлчлэх явцдаа олон гайхамшиг үйлдэж байсан ч, хамгийн чухал ямар үйлс хийсэн бэ?

19 Есүс Мессиа гэдгээ батлахын тулд олон гайхамшиг үйлдсэн. Нас барсан хүмүүсийг хүртэл амилуулж байв. Эдгээр гайхамшигт нь үй олон хүн татагдаж байжээ. Гэвч Есүс зөвхөн буяны ажил хийх гэж дэлхийд ирээгүй билээ. Тэрбээр үнэний тухай гэрчлэхээр ирсэн. Материаллаг тусламж зуурдын ач тустайг тэр мэдэж байв. Дахин амилуулсан хүмүүс нь ч эргээд үхэцгээх байсан. Гагцхүү үнэний тухай гэрчилж байж л хүмүүсийг мөнх амьтай болоход нь тусалж чадах байлаа (Лук 18:28–30).

20, 21. Жинхэнэ христианууд сайн үйлс хийхдээ хэрхэн дүн нуруутай байдаг вэ?

20 Орчин үед зарим хүн эмнэлэг байгуулах юм уу ядууст буян үйлдэн, Есүсийн хийж байсан сайн үйлсийг дуурайхыг хичээдэг. Заримдаа тэд үүнийхээ төлөө их юм золиосолдог. Ийнхүү сэтгэл гаргадгийг магтууштай хэдий ч ажлынх нь ач тус зуурдынх байдаг. Зөвхөн Хаанчлал л үүрдийн ач тус авчирна. Ийм учраас, Еховагийн Гэрчүүд, Есүсийн адилаар, Хаанчлалын тухай үнэнийг гэрчлэх ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг.

21 Жинхэнэ христианууд бас сайн үйлс хийдэг нь ойлгомжтой. Паул: «Боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» хэмээн бичжээ (Галат 6:10). Зовлонд нэрвэгдсэн, тусламж хэрэгтэй болсон үед нь итгэл нэгтнүүддээ болон бусад хүнд бид огтхон ч эргэлзэлгүй «сайныг үйлддэг». Гэхдээ үнэний тухай гэрчлэх гол зорилгоо мартдаггүй.

Есүсийн жишээнээс суралцагтун

22. Христианууд сайн мэдээ дэлгэрүүлдгийн учир юу вэ?

22 «Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог» гэж Паул бичжээ (1 Коринт 9:16). Тэрбээр сайн мэдээ тунхаглах нь өөрийгөө ч, сонсогчдоо ч аврах ажил гэдгийг ойлгодог учир үүнд чин сэтгэлээсээ ханддаг байсан (1 Тимот 4:16). Бид ч бас дэлгэрүүлэх ажилдаа тэгж ханддаг. Бусдад туслахыг, Еховад хайртайгаа харуулахыг мөн Есүст хайртайгаа батлан, агуу хайрынх нь төлөө талархлаа илэрхийлэхийг хүсдэг. Ийм учраас сайн мэдээ дэлгэрүүлж, «хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурхны хүслийн төлөө амьдардаг» (1 Петр 4:1, 2).

23, 24. а) Есүсийн, Андрей Петр хоёрыг дагалдагчаа болгохоор дуудахдаа үйлдсэн гайхамшгаас ямар сургамж авч болох вэ? б) Өнөөдөр хэн сайтар гэрчилдэг вэ?

23 Хүмүүс биднийг элэг доог болгох юм уу хүргэж буй мэдээг маань сонсохгүй, уурлахад бид Есүсийг дуурайн, гол зорилгоосоо няцдаггүй. Есүсийн, Петр Андрей хоёрыг дагалдагчаа болгохоор дуудахдаа үйлдсэн гайхамшиг нь бидэнд сургамж болдог. Хэрэв Есүсийн үгэнд орж, зүйрлэн хэлбэл, загасгүй юм шиг усанд хүртэл тороо хаявал загас барих ажил маань үр дүнд хүрнэ гэдгийг бид ойлгодог. Олон христиан ах эгч маань үр шимгүй мэт санагдаж байсан хэсэгт олон жил хөдөлмөрлөсний эцэст гялалзсан амжилтад хүрсэн. Зарим нь «загас» ихтэй газар очиж үйлчлээд олон «загас барьсан» байдаг. Ямар ч байсан, бид «тороо хаясаар» л байх болно. Дэлгэрүүлэх ажил дэлхийн аль нэг хэсэгт дууслаа гэж Есүс хараахан мэдэгдээгүй байгаа шүү дээ (Матай 24:14).

24 Эдүгээ Еховагийн зургаан сая гаруй Гэрч 230 гаруй оронд идэвхийлэн үйлчилж байна. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2005 оны хоёрдугаар сарын дугаарт 2004 оны үйлчлэлийн жилийн ажлын дэлхий дахины тайланг нийтэлнэ. Дэлгэрүүлэх ажлыг Ехова хэчнээн өгөөмрөөр ивээдгийг тэр тайлангаас харж болно. Паулын: «Үгийг дэлгэрүүлэгтүн... шамдагтун» хэмээсэн сэтгэл хөдлөм уриалгыг эд юмсын энэхүү тогтолцооны үлдсэн бага хугацаанд зүрх сэтгэлдээ тээж явцгаая (2 Тимот 4:2, МАБ). Еховаг одоо боллоо гэж хэлтэл сайтар гэрчилсээр байцгаая.

Энэ оноос эхлэн, Дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн жил тутмын тайланг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2-р сарын дугаарт нийтэлж байхаар боллоо.

Та юу гэж хариулах вэ?

• Есүсийн шавь нартаа явуулсан сургалтаас бид яаж ач тус хүртэж болох вэ?

• Есүс ямар сэтгэлээр дэлгэрүүлдэг байсан бэ?

• Дэлгэрүүлэх ажилд оролцоход биднийг юу хөтөлдөг вэ?

• Бид Бурхны хүсэл тааллыг биелүүлэх зорилгоосоо няцахгүйн тулд Есүсийг яаж дуурайх вэ?

[Догол мөрийн асуулт]