Skip to content

Гарчиг руу орох

Сатаныг эсэргүүцвэл тэр зайлна!

Сатаныг эсэргүүцвэл тэр зайлна!

Сатаныг эсэргүүцвэл тэр зайлна!

«Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» (ИАКОВ 4:7).

1, 2. а) Исаиа 14-р бүлэгт Диаволын ямар зан авирыг тусгасан байдаг вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ДИАВОЛ бол бардам зангийн адгийн муу жишээ юм. Түүний бардам занг Бурхны зөнч Исаиа өөрийн номд илчлэн бичсэн байдаг. Вавилоныг дэлхийн хүчирхэг гүрэн болохоос зуу гаруй жилийн өмнө Еховагийн ард түмэн «Вавилоны хааны эсрэг»: «Чи зүрхэндээ: „Би тэнгэр уруу гарна. Би Бурхны оддын [Давидын угсааны хаадын] дээр сэнтийгээ босгоно. ...Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно“ гэсэн» хэмээн хэлж байгаагаар уг номд бичжээ (Исаиа 14:3, 4, 12–15; Тооллого 24:17). «Вавилоны хаан» «энэ үеийн бурхан» Сатантай адил бардам байжээ (2 Коринт 4:4). Вавилоны хаад гутамшигтайгаар үгүй болцгоосон шиг Сатаны бардамналыг ч бас аймшигт төгсгөл хүлээж байна.

2 Гэхдээ Диавол байгаа цагт, «Сатанаас айх хэрэгтэй юү? Сатан ямар учраас хүмүүсийг турхирч, христиануудыг хавчдаг вэ? Диаволын мэхэнд яавал орохгүй байх вэ?» гэх зэрэг сэтгэл зовоосон асуулт гарч болох юм.

Диаволаас айх хэрэгтэй юү?

3, 4. Тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчид Диаволаас яагаад айдаггүй вэ?

3 «Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө» хэмээсэн Есүс Христийн үг тослогдсон христиануудад урам зориг өгдөг (Илчлэлт 2:10). Тослогдогсод болон дэлхийд амьдрах ирээдүйтэй хамтран зүтгэгчид нь Диаволаас айдаггүй. Гэхдээ угаас зүрх зоригтойдоо бус, Бурхнаас сүсэглэн эмээж, түүний «жигүүрийн сүүдэр дор хоргоддог» учраас айж хулчийдаггүй (Дуулал 34:9; 36:7).

4 Есүс Христийн эртний зоригт шавь нар зовлон шаналлыг үл тоон, үхэн үхтэлээ үнэнч байж чаджээ. Үнэнч байвал Ехова хэзээ ч хаяхгүйг тэд мэддэг учраас Сатан Диаволыг өөрсдөд нь юу ч хийж байсан айгаагүй юм. Түүнтэй адил, өнөө цагийн тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчид хүчтэй хавчлагад өртсөн ч Бурханд үнэнч үлдэхээр хатуу шийджээ. Гэтэл Диавол үхэлд ч хүргэж болзошгүй тухай элч Паул хэлсэн байдаг. Тэгвэл Сатанаас үнэхээр айх хэрэгтэй юү?

5. Еврей 2:14, 15-аас юу ойлгож болох вэ?

5 Есүс «хүнийг үхүүлэх хүчтэй [Диаволыг] устгахын тул өөрөө үхэж, өдөр бүр үхлээс айн амьдарч байгаа биднийг чөлөөлөхийн» тулд «мах цусан биетэй... хүн болсон» гэж Паул хэлсэн байдаг (Еврей 2:14, 15, ШГ). «Хүнийг үхүүлэх хүчтэй» Сатан Искариотын Иудасыг атгандаа оруулж, дараа нь иудейн шашны удирдагчид болон ромчуудын гараар Есүсийг алуулсан (Лук 22:3; Иохан 13:26, 27). Харин Есүс амиа золиосолсноор нүгэлт хүн төрөлхтнийг Сатаны савраас салгаж, мөнх амьдрах боломжтой болгосон (Иохан 3:16).

6, 7. Сатан «үхүүлэх хүчээ» яаж ашигладаг вэ?

6 Диавол «үхүүлэх хүчээ» яаж ашигладаг вэ? Тэрбээр муу үйл хийдэг болсон цагаасаа хүн төрөлхтнийг хуурч, үхэлд хүргэсэн. Сатаны худал хуурмагаас болж, Адам нүгэл үйлдэн, улмаар нүгэл, үхлийг үр удамдаа өвлүүлсэн (Ром 5:12). Түүнээс гадна, Сатаны дэлхий дэх хамсаатнууд Еховагийн үйлчлэгчдийг хавчдаг. Тэр байтугай, Есүсийг алсан шигээ тэдний амийг ч хороох нь бий.

7 Гэхдээ Диавол хүссэн болгоноо хороож чаддаг гэсэн үг биш юм. Бурхан өөрийнхөө хүмүүсийг хамгаалдаг бөгөөд дэлхий дэх үнэнч үйлчлэгчдээ хэзээ ч Сатаны гарт бүрмөсөн устгуулахгүй (Ром 14:8). Ехова бүх үйлчлэгчээ хавчлагад өртөж, заримыг нь Диаволын дайралтад амь насаа алдахыг зөвшөөрдөг нь үнэн. Гэхдээ «дурсгалын номдоо» бичсэн хүмүүсийг амилуулан гэдгээ Библиэр дамжуулан амладаг. Хүмүүсийг дахин амилахад Диавол ямар ч саад тотгор учруулж чадахгүй! (Малахи 3:16; Иохан 5:28, 29; Үйлс 24:15).

Сатаны хавчдагийн учир

8. Диавол Бурхны үйлчлэгчдийг яагаад хавчдаг вэ?

8 Диавол Бурхны үнэнч үйлчлэгчдийг хавчдаг нь цаанаа учиртай. Тэрбээр биднийг итгэлээс маань няцаах зорилго өвөрлөдөг. Тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон эрхэм харьцааг маань Сатан эвдэн бусниулахыг хүсдэг нь гайхах зүйл биш ээ. Еденд самуун дэгдэхэд, бэлэгдлийн «эмэгтэй» болон «могойн» хооронд, мөн тэдний «үрийн» (ШЕ) хооронд өс хонзон бий болохыг Ехова зөгнөсөн (Эхлэл 3:14, 15). Тэр «эртний могой» нь Диавол бөгөөд цаг хугацаа нь ахархан, уур хилэн нь үлэмж их байгаа гэж Библид өгүүлдэг (Илчлэлт 12:9, 12). Тиймээс, хоёр «үр» бие биедээ хонзогносоор байгаа цагт Еховад үнэнч үйлчилдэг хүмүүс хавчигдах учиртай аж (2 Тимот 3:12). Гэхдээ Сатаны хавчлагын гол шалтгааныг та мэдэх үү?

9, 10. Диавол ямар маргаантай асуудал хөндсөн бэ? Хүмүүсийн үйл хэрэг энэ асуудалтай ямар холбоотой вэ?

9 Диавол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал хөндсөн билээ. Үүнтэй уялдуулан, хүмүүс Бүтээгчдээ үнэнч байж чадах эсэх талаар асуудал босгосон. Сатан Иов хэмээгч зөв хүнийг Еховад үнэнч бус болгох гэж хавчжээ. Тэр үед Иовын эхнэр болон гурван «хөөрхийлөлтэй тайтгаруулагч» Диаволын гар хөл болж байв. «Иов» номд бичсэнээр, өөрийнх нь учруулах сорилтод орсон ганц ч хүн Бурханд үнэнч үлдэхгүй гэж Диавол батлан хэлжээ. Гэтэл Иов гуйвшгүй үнэнч үлдэж, Сатаны худалчийг нотолсон (Иов 1:8–2:9; 16:2; 27:5; 31:6). Өнөөдөр Диавол өөрийнхөө гаргасан маргаантай асуудлыг үнэн гэж батлан, Еховагийн үйлчлэгчдийг дуулгаваргүй болгохын тулд тэднийг хавчдаг.

10 Диавол үнэнч байдлыг маань эвдэн бусниулахыг улайран хүсдэг учраас хавчдаг гэдгийг мэдэхлээрээ бид харин ч зоригтой, хүчтэй болдог (Дэд хууль 31:6). Бидний Бурхан бол Орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн билээ. Тэрбээр үнэнч үлдэхэд маань бидэнд тусална. Үнэнч байдлаа хадгалж, Бурхныг муулагч Сатан Диаволд хариуг нь өгч, Еховагийн зүрхийг үргэлж баярлуулж явцгаая (Сургаалт үгс 27:11).

«Биднийг муу нэгнээс авраач»

11. «Биднийг сорилтод бүү оруулаач» гэдэг нь ямар утгатай вэ?

11 Үнэнч байдлаа хадгална гэдэг тийм ч амар биш тул шаргуу залбирах шаардлагатай. Үүнд жишээ залбирал их тустай. Есүс: «Биднийг сорилтод бүү оруулаач, харин бузар муугаас гэтэлгээч [«муу нэгнээс авраач», МАБ]» гэж хэлжээ (Матай 6:13). Ехова биднийг нүгэл үйлдүүлэх гэж сорьдоггүй (Иаков 1:13). Библид заримдаа Бурхан өөрөө сорьсон юм уу сорилтод оруулсан мэтээр бичсэн байдаг нь, үнэндээ, сорилтод орохыг зөвшөөрснийг нь илэрхийлсэн хэрэг ажээ (Рут 1:20, 21). Тэгэхлээр, Есүсийн зааснаар залбирах гэдэг нь сорилтод бууж өгөхгүй байхад туслахыг Еховагаас гуйна гэсэн үг юм. Ингэж гуйхад Ехова заавал сонсоно. Учир нь Библи: «Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм» гэж амладаг (1 Коринт 10:13).

12. «Муу нэгнээс авраач» гэж залбирдаг маань ямар учиртай вэ?

12 Есүсийн жишээ залбиралдаа сорилтын тухай дурдсаны дараа хэлсэн үгийг зарим орчуулгад: «Бузар муугаас гэтэлгээч» гэж буулгажээ (МБОХ, 2000 он). Харин «Шинэ Гэрээс. Монгол-англи Библи» хэмээх орчуулгад: «Биднийг... муу нэгнээс авраач» гэж хөрвүүлсэн нь илүү зөв ажээ. «Аврах» гэдэг нь элдэв аюулаас хэлтрүүлэх гэсэн утгатай. «Матай» номд Диаволыг «соригч» гэдэг бөгөөд тэрбээр бидэнд аюул занал учруулахыг оролддог (Матай 4:3, 11). Тийм учраас, биднийг Бурхны эсрэг нүгэл үйлдүүлэхийг хичээдэг «муу нэгэн» буюу Сатан Диаволаас аврахыг гуйн залбирах нь чухал юм (1 Тесалоник 3:5). «Биднийг муу нэгнээс авраач» гэж гуйдаг нь Диаволын мэхэнд орохгүй байхад тусалж, удирдахыг тэнгэрийн Эцгээсээ гуйж байгаа хэрэг юм.

Диаволд бүү мэхлэгдэгтүн

13, 14. Коринтын христианууд садар самуун үйлдсэн итгэл нэгтэндээ яагаад өөрөөр хандах шаардлагатай байсан бэ?

13 Паул Коринтын христиануудад уучламтгай байхыг уриалж: «Та нар хэн нэгнийг ямар нэгэн юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ. Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш» хэмээн бичжээ (2 Коринт 2:10, 11). Диавол биднийг янз бүрийн аргаар мэхэлж чаддаг атал Паул мэхлүүлэхгүйн тулд уучлах тухай бичсэн нь ямар учиртай вэ?

14 Паул Коринтын христиануудыг садар эрийг хуралдаа үлдээснийх нь төлөө зэмлэж байжээ. Тэд «харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй садар самуун явдалд» хүлцэнгүй хандаж нэр хүндээ унагахад нь Сатан баярласан нь лавтай. Эцсийн дүнд, нүгэл үйлдэгчийг хурлаас хасжээ (1 Коринт 5:1–5, 11–13). Хожим нь тэр хүн гэмшсэн аж. Коринтын христианууд түүнийг уучилж, хурлын гишүүн байх эрхийг нь сэргээхгүй бол Диавол тэднийг өөр аргаар мэхлэх байв. Ямар? Хэрэв тэд хатуу чанга, энэрэх сэтгэлгүй байвал Сатантай адилхан болох байжээ. Гэмшсэн хүн «уй гашууд хэт автаад», бүрмөсөн буугаад өгчихвөл, энэрэнгүй Бурхан Еховагийн өмнө, Коринтын христианууд, ялангуяа, ахлагчид тодорхой хэмжээний хариуцлага хүлээх байлаа (2 Коринт 2:7; Иаков 2:13; 3:1). Жинхэнэ христиан хүн Сатан шиг харгис хатуу, өрөвдөх сэтгэлгүй байхыг яасан ч хүсэхгүй нь ойлгомжтой.

Бурхны бүрэн хуяг дуулга хамгаалдаг

15. Бид ямар дайн хийдэг вэ? Бидний ялах эсэх юунаас шалтгаалах вэ?

15 Диаволаас аврагдахын тулд «муу сүнснүүдийн» (ШГ) эсрэг дайн хийх шаардлагатай. Тийм дайнд ялах эсэх маань «Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөхөөс» шалтгаална (Ефес 6:11–18). «Зөвт байдлын хуяг» үүний нэг хэсэг болдог (Ефес 6:14). Эртний Израилийн хаан Саул Бурханд дуулгаваргүй болсноос ариун сүнс авахаа больжээ (1 Самуел 15:22, 23). Бурхны ариун сүнсийг авч, Сатан болон чөтгөрүүдээс хамгаалагдъя гэвэл зөвийг үйлдэж, сүнслэг бүрэн хуяг дуулгыг өмсөх хэрэгтэй байх нь ээ (Сургаалт үгс 18:10).

16. Муу сүнснүүдээс өөрийгөө үргэлж хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?

16 Муу сүнснүүдээс өөрийгөө үргэлж хамгаалахын тулд, юуны түрүүнд, Бурхны Үгийг тогтмол уншиж, судалж, «итгэмжит няравын» гаргасан ном хэвлэлийг сайн ашиглах хэрэгтэй (Лук 12:42). Ингэвэл Паулын: «Ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмыг бодож санацгаа» хэмээн зөвлөсний дагуу оюун ухаанаа сүнслэг бодлоор дүүргэж чадна (Филиппой 4:8).

17. Сайн мэдээг үр дүнтэй тунхагладаг байхад юу туслах вэ?

17 Ехова бидэнд «амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөхөд» тусалдаг (Ефес 6:15). Цуглаанд тогтмол оролцвол Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг тунхаглах чадвартай болдог. Бурхны тухай үнэнийг сурч мэдээд, сүнслэг эрх чөлөөг олоход нь бусдад туслах хэчнээн сайхан байдаг билээ дээ! (Иохан 8:32). «Сүнсний сэлэм буюу Бурхны үг» нь хуурамч сургаалаас өөрийгөө хамгаалж, «цайзуудыг [буюу ягшмал үзэл бодлыг] эвдэж нураахад» чухал үүрэгтэй байдаг (Ефес 6:17; 2 Коринт 10:4, 5). Бурхны Үг Библийг чадамгай ашиглавал үнэнийг зааж, Диаволд мэхлүүлэхээс өөрсдийгөө хамгаална.

18. Диаволын заль мэхийн эсрэг яаж бат зогсох вэ?

18 Паул сүнслэг хуяг дуулганы тухай яриагаа эхлэхдээ: «Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхийн эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуяг дуулгыг өмс» гэсэн байдаг (Ефес 6:10, 11). «Бат зогсох» гэсэн утгатай грек үг нь цэрэг хүний байраа эзлэн зогсохыг хэлдэг ажээ. Сатан бидний эв нэгдлийг эвдэн бусниулж, заадаг сургаалыг маань гажуудуулж, Бурханд үнэнч бус болгох гэж янз бүрийн арга хэрэглэдэг ч бид сүнслэг дайнд зогсох ёстой газраа зогссоор байдаг. Диаволын дайралт хэзээ ч амжилт олохгүй! *

Диаволыг эсэргүүцвэл тэр зайлна

19. Диаволыг шийдэмгий эсэргүүцэх нэг арга юу вэ?

19 Бид Диавол болон түүний удирдлагад байдаг муу сүнснүүдтэй амжилттай тэмцэж чадна. Сатанаас айх юм огтхон ч байхгүй. Учир нь шавь Иаков: «Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» гэж бичсэн байдаг (Иаков 4:7). Сатан болон түүний хамсаатан болсон сүнсэн бүтээлүүдийг шийдэмгий эсэргүүцэх нэг арга бол бид өөрсдөө оккультизм, ид шидээр хөөцөлдөх, мөн тийм юм эрхэлдэг хүмүүстэй холбоо тогтоохгүй байх явдал юм. Еховагийн үйлчлэгчид зөн совинд итгэх, зурхай зурах, мэргэ төлөг буулгах, спиритизм эрхлэхээс эрс татгалзах ёстойг Библид тодорхой бичсэн байдаг. Хэрэв сүнслэг үйл хэрэгт идэвх зүтгэлтэй оролцож, бат итгэлтэй байдаг бол хэн нэгний хараал хүрэхээс айх хэрэггүй (Тооллого 23:23; Дэд хууль 18:10–12; Исаиа 47:12–15; Үйлс 19:18–20).

20. Диаволыг хэрхэн эсэргүүцэх вэ?

20 «Диаволыг эсэргүүцэхийн» тулд Библийн хэм хэмжээг мөрдөж, үнэнийг чанд баримталж, бат зогсох хэрэгтэй. Энэ ертөнцийн бурхан Сатан учраас ертөнц захирагчийнхаа зан чанарыг дуурайдаг (2 Коринт 4:4). Харин бид бардам зан, аминч үзэл, садар самуун, хүчирхийлэл, эд баялгийн хойноос хөөцөлдөх явдал зэрэг ертөнцийн зан авирыг дуурайдаггүй. Есүс цөлд Диаволд соригдохдоо Библийн тусламжтайгаар довтолгоог нь няцааж байсан учраас Диавол зайлан одсон билээ (Матай 4:4, 7, 10, 11). Бид ч бас Еховад бүрэн дүүрэн захирагдаж, найдан залбирдаг бол Сатан биднээс зайлна (Ефес 6:18). Ехова Бурхан болон хайртай Хүүгийнх нь тусламжийг авч байсан цагт бидэнд хэн ч, тэр бүү хэл, Диавол ч мөнхөд хор хохирол учруулж чадахгүй! (Дуулал 91:9–11).

[Зүүлт]

^ Бурхны сүнслэг хуяг дуулганы талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1992/5/15-ны дугаарын 21—23-р хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү (англи).

Та юу гэж хариулах вэ?

• Сатан Диаволаас айх хэрэгтэй юү?

• Сатан христиануудыг яагаад хавчдаг вэ?

• «Муу нэгнээс авраач» гэж залбирдгийн учир юу вэ?

• Сүнслэг дайнд яаж ялах вэ?

[Догол мөрийн асуулт]