Skip to content

Гарчиг руу орох

«Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс»

«Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс»

«Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс»

«Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс. Учир нь хүү минь, чи [өөр] эмтэй биеийн жаргалыг эдлэх... ёстой гэж үү?» (СУРГААЛТ ҮГС 5:18, 20).

1, 2. Эхнэр нөхрийн хоорондох янаг амрагийн нандин харьцааг Бурхны өгсөн бэлэг гэж хэлж болохын учир юу вэ?

 БИБЛИД бэлгийн харьцааны талаар илэн далангүй өгүүлдэг. Жишээ нь, Сургаалт үгс 5:18, 19-д: «Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай! Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс. Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил, эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай. Түүний хайранд үргэлж сэргэн хөгж» хэмээн бичсэн байдаг.

2 Энэ зүйлд бичсэн «булгийн ундарга» гэдэг үгээр бэлгийн харьцаанд орох үед мэдэрдэг ханамж, таашаалыг хэлдэг. Бие биеэ хайрлан янаглаж, биеийн жаргал эдэлнэ гэдэг бол Бурхны өгсөн бэлэг юм. Гэхдээ зөвхөн гэрлэсэн хүмүүс л тэгж дотно харьцах учиртай. Тийм учраас, «Сургаалт үгс» номыг бичигч, эртний Израилийн хаан Соломон: «Хүү минь, чи [өөр] эмтэй биеийн жаргалыг эдэлж, харь хүний цээжийг тэврэх ёстой гэж үү?» хэмээн асуужээ (Сургаалт үгс 5:20).

3. а) Олон хүн гэр бүлийн амьдралаа яаж эвдэн бусниулдаг вэ? б) Бурхан завхайрлыг юу гэж үздэг вэ?

3 Сүй тавьсан хос бие биеэ хайрлаж, үнэнч байхаа хуримын өдрөө тангарагладаг. Харамсалтай нь, олон хүн ханиа араар нь тавьж, гэр бүлийн амьдралаа эвдэн бусниулдаг. Нэгэн судлаач нэлээд хэдэн судалгааг нэгтгэж үзээд, «эхнэрүүдийн 25 хувь, нөхрүүдийн 44 хувь нь гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсон байдаг» гэж дүгнэжээ. Элч Паул: «Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч.... Бурхны хаанчлалыг өвлөхгүй» гэж бичсэн байдаг (1 Коринт 6:9, 10). Энэ зүйлд их тодорхой хэлжээ. Ханийнхаа итгэлийг эвдэж завхайрах нь Бурхны нүдэнд ноцтой нүгэл бөгөөд жинхэнэ христианууд үүнээс өөрсдийгөө хамгаалах ёстой! Тэгвэл, «гэрлэлтээ хүндэлж, ор дэрээ бузартуулахгүй» байхад юу туслах вэ? (Еврей 13:4).

«Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч» гэдгийг бүү мартаарай

4. Гэр бүлтэй христианууд яаж яваад ханиасаа өөр хүнтэй өөрийн мэдэлгүй холбогдчихдог вэ?

4 Ёс суртахууны завхралд автсан өнөөгийн нийгэмд олон хүний «нүд завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй» (2 Петр 2:14). Тийм хүмүүс зориуд нууц амрагтай болох гэж хөөцөлддөг. Олон компани ажилчдаа хүйсний ялгаваргүйгээр нэг дор ажиллуулдаг нь хамтран ажиллагчтайгаа янаг амрагийн холбоо тогтоох таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн, хамгийн ичимхий хүмүүс хүртэл Интернетийн «чаатлах өрөөгөөр» дамжуулж амрагийн явдалд орооцолдоход амархан болжээ. Гэр бүлтэй олон хүн ийм урхинд өөрийн мэдэлгүй яваад орчихдог.

5, 6. Нэг христиан эмэгтэйд юу тохиолдсон бэ? Үүнээс бид ямар сургамж авах ёстой вэ?

5 Садар самуун үйлдэх шахсан Мери гэдэг христиан эмэгтэйн тухай ярилцъя. * Нөхөр нь Еховагийн Гэрч биш бөгөөд гэр бүлдээ санаа тавихдаа тун маруухан нэгэн аж. Хэдэн жилийн өмнө Мери нөхрийнхөө ажлын газрын хүнтэй анх танилцжээ. Их эелдэг боловсон байрын тэр хүн хожим нь Меригийн итгэл үнэмшлийн талаар сонирхох болсон байна. «Тэр нөхрөөс минь шал өөр, үнэхээр дажгүй залуу байлаа» гэж Мери дурссан юм. Удалгүй тэр хоёр бие биедээ дасаж эхэлжээ. Мери дотроо: «Би ямар, нүгэл үйлдэх гэж байгаа биш. Тэгээд ч энэ хүн Библи сонирхдог юм чинь би тус болох ч юм бил үү» гэж боджээ.

6 Тэр залууд сэтгэл алдарснаас болж садар самуун үйлдэх нь гэдгээ Мери ухаарчээ (Галат 5:19–21; Ефес 4:19). Тэгмэгц мөс чанар нь өвдөж, тэр харьцаагаа таслан зогсоохоор шийдсэн байна. Мерид тохиолдсон явдал «зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй» байдгийг батлах нэг тод жишээ юм (Иеремиа 17:9). Библид: «Юуны түрүүнд зүрхээ хамгаал» гэсэн зөвлөгөө бий (Сургаалт үгс 4:23). Чухам яаж хамгаалах вэ?

«Хэрсүү хүн хорон муугаас зайлдаг»

7. Гэр бүлийн асуудалтай тулгарсан хүнд туслахдаа Библийн ямар зөвлөгөөг санах хэрэгтэй вэ?

7 «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» хэмээн элч Паул бичжээ (1 Коринт 10:12). Мөн Сургаалт үгс 22:3-т: «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» гэж бий. «Би яах ч үгүй ээ, зүгээр» гэж өөртөө хэт найдахын оронд аюулыг урьдчилан тооцоолох нь ухаалаг хэрэг юм. Жишээлбэл, гэр бүлийн бэрхшээлээ шийдвэрлэж чадахгүй мухардалд орсон эсрэг хүйсний хүний итгэл хүлээсэн цорын ганц зөвлөгч нь болохоос зайлсхийгээрэй (Сургаалт үгс 11:14). Харин оронд нь асуудлаа ханьтайгаа хэлэлцэж зөвлөлдөх нь дээр гэдгийг хэлээрэй. Эсвэл, гэр бүлийн амьдралаа жаргалтай байлгах гэж хичээдэг төлөвшсөн христиантай ярилцахыг зөвлөөрэй. Тийм тохиолдолд, тухайн төлөвшсөн христиан ижил хүйснийх байх шаардлагатай. Мөн ахлагчдад хандахыг зөвлөж болно (Тит 2:3, 4). Хурлын ахлагчид бидэнд сайхан жишээ үзүүлдэг. Тухайлбал, тэд хурлынхаа эгчтэй хувьчилж ярилцахаар болбол, Хаанчлалын танхим гэх мэт олон хүнтэй газрыг сонгодог.

8. Ажлын газар дээр юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

8 Ажлын газар дээр юм уу өөр хаа нэгтээ эсрэг хүйсний хүнтэй дотно харьцаа үүсэх нөхцөл бүрдүүлэхээс зайлсхийгээрэй. Жишээ нь, илүү цагаар ажиллах хэрэг заримдаа гардаг. Хэрэв эсрэг хүйсний хүнтэй хэтэрхий олон цаг хамт ажиллавал янаг амрагийн харьцаатай болох аюул отож байж мэдэх юм. Та гэр бүлтэй хүний хувьд хормой султай хүн биш гэдгээ үг яриа, үйл хэргээрээ тодорхой харуулах хэрэгтэй. «Бурханлаг байдлын» төлөө тэмүүлдэг буюу Бурханд үнэнч явахыг хичээдэг хэн боловч, сээтэн хаях юм уу гадаад байдлаараа бусдын анхаарлыг татахгүй нь лав (1 Тимот 4:8; 6:11; 1 Петр 3:3, 4). Хань ижил, үр хүүхдийнхээ зургийг ажлын өрөөндөө ил харагдахаар тавивал гэр бүлийнхэн тань юунаас ч эрхэм гэдгийг та өөрөө ч санана, бусдад ч санамж болно. Тантай янаг амрагийн харьцаа тогтоох боломжтой гэсэн найдвар хэзээ ч бүү төрүүлээрэй. Мөн таны сэтгэлийг татах гэсэн оролдлогыг няцаагаарай (Иов 31:1).

Хайртай эхнэртэйгээ жаргалтай амьдрагтун

9. Үйл явдлын ямар гинжин хэлхээ ханиасаа өөр хүнд сэтгэл татагдахад хүргэдэг вэ?

9 Зүрхээ хамгаална гэдэг бол аюултай нөхцөл байдлаас зайлсхийхийн нэр биш ээ. Ханиасаа өөр хүнд сэтгэл татагдах нь эхнэр нөхөр хоёр бие биеийнхээ хэрэгцээ шаардлагыг анхаардаггүйн шинж юм. Жишээ нь, эхнэр нь нөхрөө байнга шүүмжлэх юм уу нөхөр нь эхнэрээ тоохгүй болчихсон байдаг. Гэтэл тэр үед, ханьд нь байхгүй сайхан чанартай хүн ажлын хамт олон дундаас, тэр байтугай христиан хурал дотроос гэнэт гарч ирдэг. Тэгээд удалгүй тэр хүнтэй холбоо тогтоож, яван явсаар тэд хагацаж салшгүй дотно болдог. Үйл явдлын ийм гинжин хэлхээ, «Хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог» хэмээх Библийн үг үнэн болохыг баталдаг (Иаков 1:14).

10. Нөхөр эхнэр хоёр хоорондох харьцаагаа хэрхэн бэхжүүлж болох вэ?

10 Ханиасаа өөр хүнтэй үерхэж, тэр хүнээсээ хайр халамж хүсэн, хэцүү үедээ тусламж дэмжлэг эрэхийн оронд гэр бүлийн харьцаагаа зузаатгаж, ханиа улам хайрладаг болохын төлөө чадах бүхнээ хийх шаардлагатай. Үүний тулд үргэлж хамт байж, бие биедээ улам ойртоорой. Ханьдаа чухам яагаад хайртай болсноо бодож, халуун дулаан тэр л сэтгэлээ эргүүлэн олж авахыг хичээгээрэй. Хамтдаа өнгөрүүлж байсан сайхан үеэ дурсаарай. Гэр бүлийн харьцаагаа бэхжүүлэхэд туслахыг гуйн залбираарай. Дуулалч Давид: «Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» хэмээн Еховагаас гуйсан байдаг (Дуулал 51:10). «Наран дор Бурхны чамд өгсөн амьдралынхаа бүх л өдрүүдэд хайрт эмэгтэйтэйгээ [«эхнэртэйгээ», ШЕ] жаргалтайгаар амьдрах» шийдвэр төгс байгаарай (Номлогчийн үгс 9:9).

11. Гэр бүлийн холбоогоо бэхжүүлэхэд мэдлэг, мэргэн ухаан ямар үүрэгтэй вэ?

11 Гэр бүлийн холбоог бэхжүүлэхэд мэдлэг, мэргэн ухаан чухал байдгийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Сургаалт үгс 24:3, 4-т: «Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог. Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ» гэж бичсэн байдаг. Гэр бүлийг аз жаргалаар бялхааж байдаг үнэт зүйлийн дотор хайр, үнэнч байдал, Бурхнаас эмээх сэтгэл, итгэл гэх мэтийн сайхан чанарууд ордог. Эдгээр чанарыг өөрийн болгоход Бурхны тухай мэдлэг хэрэгтэй. Тэгэхлээр, нөхөр эхнэр хоёр, Библийг нямбай судалдаг хүмүүс байх ёстой гэсэн үг. Мэргэн ухаан буюу Библиэс олж авсан мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлэх чадвар хэр зэрэг чухал бэ? Өдөр тутмын бэрхшээлээ ажрахгүй давахад, түүнчлэн ханийнхаа бодол санаа, сэтгэл мэдрэмжийг ойлгоход зайлшгүй хэрэгтэй (Сургаалт үгс 20:5). Ехова Соломоноор: «Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул. Миний ухааныг чих тавин сонс» хэмээн хэлүүлсэн байдаг (Сургаалт үгс 5:1).

«Зовлонтой» цагт

12. Гэр бүлийн амьдралд бэрхшээл тулгардагт яагаад гайхах хэрэггүй вэ?

12 Өвтэгш гэр бүл гэж байдаггүй. Тэр байтугай, нөхөр эхнэрүүдийг «махан биедээ зовлонтой» болно гэж Библид бичсэн байдаг (1 Коринт 7:28). Ахуй амьдралдаа санаа зовох, өвчин эмгэг тусах, дарамт шахалтад орох болон өөр янз бүрийн шалтгаанаас болоод гэр бүлд бэрхшээл үүсдэг. Харин яг тийм үед уг асуудлыг яаж Еховагийн хүсэл таалалд нийцүүлж шийдвэрлэхээ хамтдаа боддог байх хэрэгтэй.

13. Нөхөр эхнэрүүд өөрсдөдөө хэрхэн дүгнэлт хийж болох вэ?

13 Тэгвэл, нөхөр эхнэр хоёрын хоорондын харьцаанаас болж бэрхшээл гардаг бол яах вэ? Ийм бэрхшээлийг шийдэхэд нэлээд хүч гаргах хэрэгтэй. Тухайлбал, хатуу ширүүн үгээр ярьсаар байгаад үүндээ дасчихсан байж болох юм (Сургаалт үгс 12:18). Энэ нь хэчнээн хор хөнөөлтэйг өмнөх өгүүллээр үзсэн. Библийн нэгэн сургаал үгэнд: «Хэрүүлч, уур уцаартай эмэгтэйтэй [«эхнэртэй», ШЕ] хамт байснаас цөлд амьдарсан нь дээр» гэж бий (Сургаалт үгс 21:19). Хэрэв энэ үг таны тухай хэлсэн мэт байвал, эмэгтэй та өөрөөсөө: «Миний ааш зангаас болоод нөхөр маань надтай хамт байхаас төвөгшөөдөг юм биш байгаа?» гэж асууж үзээрэй. Библи нөхрүүдэд: «Эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд» гэж зөвлөдөг (Колоссай 3:19). Нөхрүүд ч бас өөрсдөдөө: «Миний хүйтэн хөндий харьцаанаас болоод эхнэр маань өрөөл бусдаас хайр халамж хүсдэг юм биш биз дээ?» гэсэн асуултыг тавих нь зүйтэй. Садар самууныг зөвтгөх аргагүй нь ойлгомжтой. Гэхдээ тийм муухай явдал гарч болдог учраас гэр бүлийнхээ бэрхшээлийг илэн далангүй ярилцах зайлшгүй шаардлагатай.

14, 15. Ханиасаа өөр хүн хайх нь гэр бүлийн бэрхшээлээ шийдвэрлэхэд тусалж чадахгүйн учир юу вэ?

14 Сэтгэлээ тайвшруулах гэж ханиасаа өөр хүнтэй янаг амрагийн холбоо тогтоох нь бэрхшээлийг шийдэх арга яавч биш. Тэр холбоо эцэстээ юунд хүргэж болох вэ? Цоо шинэ, өмнөхөөсөө илүү сайхан айл гэрийг цогцлоох уу? Зарим хүн тэгж боддог. Тэд: «Ямар ч байсан, энэ хүнд миний л хань болоход хэрэгтэй сайхан зан чанар байна шүү дээ» гэж зүтгэдэг. Гэвч ингэж бодох нь өөрийгөө л хуурсан хэрэг болно. Учир нь ханиасаа салах юм уу, эсвэл салахыг ятгах нь Еховагийн тогтоосон арга хэмжээ буюу гэр бүлийг үл тоомсорлож байна гэсэн үг. Тэгэхлээр, ийм холбоог илүү сайхан гэр бүлтэй болох боломж гэж үзэх нь туйлын мунхаг явдал юм.

15 Өгүүллийн эхэнд дурдсан Мери хийж байгаа үйлдлээ нухацтай бодож үзээд, энэ нь эцэстээ өөрийг нь болон өрөөл бусдыг Бурхны сайшаалыг алдахад хүргэж болзошгүйг ухаарчээ (Галат 6:7). Тэрбээр: «Бидний хооронд юу болоод байгааг сайтар эргэцүүлсний эцэст, энэ хүн үнэн рүү ирэх боломжтой байлаа гэж бодоход би түүнд саад болж байгаа юм байна гэдгээ ойлгосон. Ноцтой нүгэл үйлдсэн хүмүүс өөрсдөө зовж шаналахаас гадна бусдыг ч бүдрүүлдэг!» гэж хэлжээ (2 Коринт 6:3).

Хамгийн чухал шалтгаан

16. Садар самуун явдлын хожим гарах үр дагавар юу вэ?

16 Библид: «Садар эмийн уруул зөгийн балыг дуслуулдаг ба түүний яриа тосноос ч илүү зөөлөн байдаг юм. Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаад хоёр талдаа иртэй илд мэт хурц аж» гэсэн анхааруулга байдаг (Сургаалт үгс 5:3, 4). Садар самуун явдлын үр дагавар гашуун бөгөөд үхэлд ч хүргэх аюултай. Мөс чанар өвдөнө, бэлгийн замын халдварт өвчин тусна, буруугүй нэгнийх нь сэтгэл шанална. Үүнийг бодож үзвэл ханийнхаа итгэлийг эвдэх алхмыг анхнаасаа хийхгүй.

17. Ханьдаа үнэнч байх хамгийн чухал шалтгаан юу вэ?

17 Ханийн итгэл эвдэх нь яагаад буруу байдгийн гол шалтгаан нь гэр бүлийг Үндэслэгч, бэлгийн харьцааг Зохиогч Ехова Бурхан үүнийг буруушаадагт байгаа юм. Тэрбээр: «Шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би... садарлагчдын... эсрэг шуурхай гэрч байх болно» гэж Малахигаар хэлүүлжээ (Малахи 3:5). Сургаалт үгс 5:21-д: «Хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм. Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг» гэж бичжээ. Үнэхээр, «Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг» (Еврей 4:13). Тэгэхлээр, ханиа араар нь тавьсан нь бусдад мэдэгдэлгүй, элдэв муу үр дагавар гаралгүй өнгөрч болох ч, садар самуун үйлдлээ л бол Еховатай тогтоосон харьцаагаа эвдэн бусниулна гэдгийг ухамсарлах нь ханьдаа үнэнч байх хамгийн чухал шалтгаан юм.

18, 19. Иосефт тохиолдсон явдлаас юунд суралцаж болох вэ?

18 Еховатай тогтоосон дотно харьцаандаа сэв суулгахгүй байя гэвэл цэвэр ариун байдлаа хадгалах нь чухал гэдгийг Иаковын хүү Иосефын жишээ харуулдаг. Фараоны түшмэл Потифарын тааллыг олсон Иосеф түүний гэрт өндөр үүрэг хариуцлага хүлээх болжээ. Тэрбээр «чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байсан» тул Потифарын эхнэрийн хараанаас нуугдаж чадаагүй аж. Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг уруу татахыг оролдож байсан ч, энэ нь талаар болсон. Үүний учрыг Библид: «Иосеф татгалзаж эзнийхээ эхнэрт: „Миний эзэн... танаас бусад юуг ч надад хориглоогүйн учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?“ гэв» гэж бичсэн байдаг (Эхлэл 39:1–12).

19 Ганц бие байсан Иосеф өөр хүний эхнэртэй холбогдохоос татгалзаж, цэвэр ариун байдлаа хадгалж чаджээ. Тэгвэл эхнэртэй эрчүүдэд Библи: «Өөрийнхөө усан сангаас уу. Өөрийнхөө худгаас ундрах цэвэр усыг уу» хэмээн зөвлөдөг (Сургаалт үгс 5:15). Тиймээс, ханиасаа өөр хүнтэй өөрөө ч мэдэлгүй янаг амрагийн холбоо тогтоохоос сэрэмжлээрэй. Хоорондох харьцаагаа бэхжүүлж, бие биеэ улам хайрладаг болохыг хичээгээрэй. Ямар ч бэрхшээл гарлаа гэсэн үүнийгээ шийдэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Тэгвэл, «залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баясаж» байгаа нь тэр ээ (Сургаалт үгс 5:18).

[Зүүлт]

^ Нэрийг өөрчлөв.

Давтах асуулт

• Христиан хүн яавал өөрийн мэдэлгүй ханиасаа өөр хүнтэй янаг амрагийн харьцаа тогтоож магадгүй вэ?

• Ханиасаа өөр хүнд дасахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

• Гэр бүлийнхээ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эхнэр нөхөр хоёр яах ёстой вэ?

• Ханьдаа үнэнч байх хамгийн чухал шалтгаан юу вэ?

[Догол мөрийн асуулт]