Skip to content

Гарчиг руу орох

Бурханд итгэж, түүнээс эмээдэг хүн зоригтой

Бурханд итгэж, түүнээс эмээдэг хүн зоригтой

Бурханд итгэж, түүнээс эмээдэг хүн зоригтой

«Тууштай бөгөөд зоригтой бай! ...Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байна» (ИОШУА 1:9).

1, 2. а) Хүний нүдээр харвал израильчууд канаанчуудыг ялж чадах байсан уу? Тайлбарлана уу. б) Бурхан Иошуад юу гэж амласан бэ?

 МЭӨ 1473 онд Израилийн ард түмэн Амласан газрын босгонд тулж ирээд байлаа. Өмнө нь тулгарах саадыг Мосе израильчуудад сануулж: «Тэнгэрт тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна. Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр... анакчуудын хөвгүүд билээ. „Анакийн хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?“ гэж хэлэлцдэгийг та нар бас сонссон» хэмээн хэлжээ (Дэд хууль 9:1, 2). Үнэхээр, тэр аварга биет хүмүүс хүч чадалтайгаараа алдартай байлаа. Мөн Канаан нутгийн зарим үндэстэн өвч зэвсэглэсэн цэрэг дайчидтай, дугуйндаа хадуур бүхий «төмөр тэрэгтэй», хүчирхэг морьдтой байв (Шүүгчид 4:13).

2 Харин Израиль боол үндэстэн байсан бөгөөд 40 жилийн турш цөлд амьдарчээ. Тийм учраас, хүний нүдээр харвал тэд ялалт байгуулна гэдэг тун боломжгүй мэт санагдаж байлаа. Гэвч Мосе бат итгэлтэй хүн байсан тул Ехова өөрсдийг нь удирдаж байгааг «харж» чадсан юм (Еврей 11:27). Тэрбээр: «ЭЗЭН Бурхан чинь... чиний өмнө гатлан явж, тэднийг бут цохиод, чиний өмнө унагана» хэмээн ард түмэндээ хэлжээ (Дэд хууль 9:3; Дуулал 33:16, 17). Мосег насан өөд болсны дараа Ехова Иошуад туслахаа амлаж: «Одоо босож, энэ бүх хүний хамт энэ Иорданыг гатлан, Израилийн хөвгүүд болох тэдэнд Миний өгч буй тэр газар руу яв. Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно» хэмээжээ (Иошуа 1:2, 5).

3. Иошуа юуны ачаар итгэлтэй, зоригтой байж чадсан бэ?

3 Еховагийн удирдамж заавар, тусламж дэмжлэгийг авахын тулд Иошуа Хуулийг нь уншиж, эргэцүүлэн, тэр дагуу амьдрах ёстой байлаа. «Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» хэмээн Ехова хэлээд, цааш нь: «Чамд Би тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун» гэж зоригжуулжээ (Иошуа 1:8, 9). Иошуа Еховагийн хэлсэн үгийг дуулгавартай дагасан учир тууштай, зоригтой болж, амжилтад хүрч чадсан. Харин тэр үеийн израильчуудын ихэнх нь дуулгаваргүй байснаас амжилтад хүрч чадалгүй, цөлд үхэцгээжээ.

Итгэлгүй бол зориггүй

4, 5. а) Арван туршуулын үзэл бодлыг Иошуа Калеб хоёрынхтой харьцуулахад ямар байсан бэ? б) Ард түмнийхээ итгэлгүй байдлыг хараад Ехова яасан бэ?

4 Дөчин жилийн тэртээ израильчуудыг анх Канаан нутгийн захад ирэхэд Мосе уг нутгийг тагнуулахаар 12 хүнийг явуулжээ. Гэтэл арав нь ихэд айчихсан ирж: «Тэнд бидний харсан бүх ард түмэн нь аварга биетэй хүмүүс байв. Тэнд бас бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон» гэлцэн хашгиралджээ. Зөвхөн Анакийн хөвгүүд ч биш, «бүх ард түмэн нь» үнэхээр аварга хүмүүс байсан хэрэг үү? Үгүй ээ. Тэгвэл, анакчууд Усан галаваас өмнө амьдарч байсан нефилимүүдийн үр удам байсан уу? Хаанаас даа! Нефилимүүд аль эрт, Усан галаваар устгагдсан шүү дээ. Гэвч тийнхүү хэтрүүлж ярьснаас болоод хуаранг айдас нөмөрчээ. Тэр ч бүү хэл, ард олон өөрсдийг нь дарлан мөлжиж байсан Египет рүү буцахын түүс болж байв (Тооллого 13:31–14:4).

5 Харин Иошуа, Калеб хэмээх хоёр туршуул Амласан газарт орох хүсэл эрмэлзэл дүүрэн байсан тул канаанчуудыг «олз» болно гэж хэлээд: «Тэдний хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун» хэмээн уриалжээ (Тооллого 14:9). Тэр хоёр ор үндэсгүй юманд итгэж, хөөрсөндөө тэгж хэлсэн үү? Үгүй ээ. Еховаг Египетэд арван гамшиг учруулж, хүчирхэг гүрнийг хуурамч бурхадтай нь гутаан доромжлохыг Иошуа Калеб хоёр харж байсан билээ. Дараа нь фараоныг их цэрэгтэй нь Улаан тэнгист үйн живүүлэхийг ч бас үзсэн (Дуулал 136:15). Ард олон арван туршуулын үгэнд итгэж, айсан нь дэмий хэрэг байлаа. Ехова ихэд гонсойн: «Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдгийг үл ойшоон тэд хэр удаан Надад итгэхгүй байх юм бэ?» хэмээн Мосед хэлжээ (Тооллого 14:11).

6. Итгэл зориг хоёр ямар холбоотой вэ? Орчин үед энэ нь хэрхэн харагдаж байна вэ?

6 Ехова израильчуудын айх болсон гол шалтгааныг илчилж, дээрх үгийг хэлжээ. Юу гэвэл, тэдний итгэл сул байсан аж. Үнэхээр, итгэл зориг хоёр хоорондоо нягт холбоотой. Элч Иохан христиан хурал болон христиануудын оролцдог сүнслэг дайны тухай бичихдээ энэ санааг онцолж: «Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой» хэмээн хэлсэн байдаг (1 Иохан 5:4). Өнөөдөр ч бас Еховагийн зургаан сая Гэрч хөгшин залуу, хүчтэй дорой гэлгүй цөмөөрөө Иошуа Калеб хоёрынх шиг итгэлтэй учраас дэлхий даяар Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж байна. Энэ хүчирхэг, зоригт армийг ямар ч дайсан дуугүй болгож чаддаггүй (Ром 8:31).

Бүү ухрагтун

7. «Ухралт хийх» гэж яахыг хэлдэг вэ?

7 Элч Паул: «Бид сүйрэл рүү ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс» гэж бичжээ (Еврей 10:39). Еховагийн орчин үеийн үйлчлэгчид ч бас түүн шиг бодолтой учраас сайн мэдээг зоригтой дэлгэрүүлдэг. Хэсэгхэн зуур айж зүрхшээхийг «ухралт хийх» гэхгүй нь ойлгомжтой. Учир нь, Бурхны үнэнч үйлчлэгчдэд ч айж түгших үе гардаг (1 Самуел 21:12; Хаадын дээд 19:1–4). Тэгвэл энэ үг ямар утгатай вэ? Библийн нэг тольд «ухралт хийх» гэж орчуулсан грек үгийг «зайлах, холдох», «үнэнээс зуурч байсан гар нь сулрах» гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Бас уг тольд бичсэнээр, Бурханд үйлчлэхдээ «ухралт хийдэг» хүн «дарвуулаа буулгаад, урсгал даган удаан хөвөх завьтай адил ажээ». Мэдээж, бат итгэлтэй хүн эсэргүүцэл хавчлага, өвчин эмгэг гээд элдэв бэрхшээл тулгарахад «урсгал даган удаан хөвөхгүй». Харин ч, Ехова өөрт нь санаа тавьж, хэр чадлыг нь ойлгодог гэдгийг мэддэг учраас Еховад үргэлж үнэнч үйлчилдэг (Дуулал 55:22; 103:14). Та тийм итгэлтэй юү?

8, 9. а) Ехова эртний христиануудын итгэлийг хэрхэн бэхжүүлсэн бэ? б) Итгэлээ бэхжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

8 Нэг удаа элч нар итгэлээ дутуу байгааг мэдээд Есүсээс: «Итгэлийг маань өсгөөч» гэж чин сэтгэлээсээ гуйжээ (Лук 17:5). Гуйлтынхаа хариуг ч авсан юм. Ялангуяа, МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс шавь нар дээр буухад, тэд Бурхны Үг ба санаа зорилгыг илүү гүнзгий ойлгодог болжээ (Иохан 14:26; Үйлс 2:1–4). Тийнхүү итгэл нь бэхэжсэн тул дэлгэрүүлэх ажилд ханцуй шамлан орж, эсэргүүцэл хавчлагыг ч үл тоон, сайн мэдээг «тэнгэрийн доорх бүх бүтээлд» хүргэж чаджээ (Колоссай 1:23; Үйлс 1:8; 28:22).

9 Бид ч бас итгэлээ бэхжүүлж, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэхийн тулд Библи судлан, эргэцүүлэн бодож, ариун сүнс гуйн залбирах хэрэгтэй. Библийн үнэнийг Иошуа, Калеб болон эртний христиануудын адил оюун ухаан, зүрх сэтгэлдээ хоногшуулж байж л итгэлтэй болох бөгөөд үүнийхээ ачаар сүнслэг дайнд оролцохдоо тэвчээртэй байж, ялалт байгуулах эр зоригтой болно (Ром 10:17).

Бурханд итгээд л болчихдог юм биш

10. Жинхэнэ итгэлтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?

10 Эрт цагт амьдарч байсан Еховагийн үнэнч үйлчлэгчдийн жишээг харахад, итгэл нь тэднийг эр зориг, тэсвэр тэвчээртэй болгосон байдаг. Гэхдээ ийм итгэл бол зүгээр л Бурхан байдаг гэдэгт итгэхээс илүү зүйл аж (Иаков 2:19). Жинхэнэ итгэлтэй болохын тулд Еховаг танин мэдэж, түүнд бүрэн дүүрэн итгэж найддаг байх хэрэгтэй (Дуулал 78:5–8; Сургаалт үгс 3:5, 6). Өөрөөр хэлбэл, Бурхны тогтоосон хууль, зарчмыг баримтлах нь өөрсдөд маань юунаас ч илүү ач тустай гэдэгт чин сэтгэлээсээ итгэнэ гэсэн үг юм (Исаиа 48:17, 18). Түүнчлэн, Ехова амласан бүхнээ биелүүлж, «Өөрийг нь хайгч хүмүүст... Шагнагч нь» болно гэдэгт эргэлзэлгүй итгэх ёстой (Еврей 11:1, 6; Исаиа 55:11).

11. Иошуа Калеб хоёр итгэл, зоригтой байсныхаа төлөө ямар ивээл хүртсэн бэ?

11 Жинхэнэ итгэл үргэлж өсөн нэмэгдэж байдаг. Ялангуяа, хүн Библийн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлж, ач тусыг нь «амсаж», залбирлынхаа хариуг «үзэх» гэх зэргээр амьдралыг нь Ехова удирдаж байгааг ойлгох тусам итгэл нь улам бэхэждэг (Дуулал 34:8; 1 Иохан 5:14, 15). Иошуа Калеб хоёр ч бас Бурхан «сайн гэдгийг амсаж үзээд» итгэлээ бэхжүүлсэн нь лавтай (Иошуа 23:14). Бурхны амласан ёсоор тэд цөл дэх дөчин жилийн аянаас эсэн мэнд үлдэж чадсан (Тооллого 14:27–30; 32:11, 12). Мөн Канаан нутгийг эзлэн авах зургаан жилийн аян дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Эцэст нь, урт удаан, энх тунх амьдарч, өөрийн гэсэн өв хөрөнгөтэй ч болжээ. Ехова үнэнч, зоригтой үйлчлэгчдээ үнэхээр шагнадаг ажээ (Иошуа 14:6, 9–14; 19:49, 50; 24:29).

12. Ехова «Өөрийн үгийг өндөрт өргөмжилдөг» гэдэг нь юу гэсэн үг вэ?

12 Бурхан Иошуа Калеб хоёрыг хайрлан энэрч байсан нь дуулалчийн: «Та Өөрийн бүх нэрээс Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм» хэмээсэн үгийг эрхгүй санагдуулдаг (Дуулал 138:2). Ехова өөрийн нэрийг барьж амлахдаа, энэ амлалтаа «өндөрт өргөмжилдөг» буюу бидний хүсэн хүлээж байснаас илүүгээр биелүүлдэг (Ефес 3:20). Тэрбээр өөрт нь «баярладаг» хүмүүсийн итгэлийг огтхон ч хөсөрдүүлдэггүй (Дуулал 37:3, 4).

«Бурханд таалагдсан» хүн

13, 14. Енохт яагаад итгэл, зориг хэрэгтэй байсан бэ?

13 Бурхны эрт цагийн үйлчлэгчдийн нэг Енохын жишээнээс итгэл, зоригийн талаар ихийг сурч болно. Енох зөгнөж эхлэхээсээ өмнө итгэл, зоригийн сорилтод орно гэдгээ мэдэж байсан биз ээ. Учир нь, Ехова бүр Еден цэцэрлэгт Диаволын ба өөрийнх нь үйлчлэгчдийн хооронд «өс хонзон» буюу дайсагнал бий болохыг хэлсэн байсан (Эхлэл 3:15). Бас хүний түүхийн эхэн буюу Каин дүү Абелаа хөнөөсөн тэр үеэс энэ дайсагнал эхэлснийг ч Енох мэдэж байв. Каин Абел хоёрын эцэг Адам Енохыг төрснөөс хойш 310 шахам жил амьд байсан нь сонирхолтой (Эхлэл 5:3–18).

14 Енох зоригтойгоор «Бурхантай хамт явж», Бурхныг «хатуу үгээр» эсэргүүцэн ярьсан хүмүүсийг буруушаадаг байв (Эхлэл 5:22; Иуда 14, 15). Ийнхүү цэвэр шүтлэгийн төлөө эрэлхгээр явснаас нь болж олон хүн түүнд дайсагнан, амь насанд нь аюул учруулах болжээ. Тэгэхэд нь Ехова зөнчөө эсэргүүцэгчдийнхээ гарт зовж үхэхээс нь хамгаалсан. Өөрийг нь таалсан гэдгээ Енохт мэдүүлээд, үхэл рүү «аваачжээ». Яг тэр үед Енох зөгнөлт үзэгдэл үзэж байсан бололтой (Еврей 11:5, МАБ, 13; Эхлэл 5:24).

15. Енох Еховагийн орчин үеийн үйлчлэгчдэд ямар сайхан жишээ үлдээсэн бэ?

15 Паул Енохын «аваачигдсаныг» дурсаад, итгэлтэй байхын чухлыг дахин онцолж: «Итгэлгүйгээр [Бурханд] таалагдана гэдэг боломжгүй» хэмээн хэлсэн (Еврей 11:6). Енох итгэлийнхээ ачаар Еховатай хамт явж, ёс бус ертөнцөд Бурхны шүүх мэдээг тунхаглах зүрх зоригтой болсон нь бидний хувьд дуурайвал зохих жишээ юм. Бид ч гэсэн өнөөдөр цэвэр шүтлэгийг эсэргүүцдэг, муу муухай явдлаар дүүрсэн ертөнцөд Енохын хийж байсантай адилхан ажил хийдэг билээ (Дуулал 92:7; Матай 24:14; Илчлэлт 12:17).

Бурхнаас эмээдэг бол зоригтой

16, 17. Обадиа гэж хэн бэ? Тэрбээр ямар нөхцөлд амьдарч байсан бэ?

16 Зоригтой болоход итгэлээс гадна бас нэг зүйл туйлын чухал. Энэ бол Бурхнаас сүсэглэн эмээх сэтгэл юм. Одоо Бурхнаас эмээдэг байсан нэгэн хүний сайхан жишээг авч үзье. Түүний үед Израилийн хойт хаант улсын хаан нь Ахаб, зөнч нь Елиа гэдэг хүн байжээ. Тэр цагт урьд урьдынхаас ч илүү олон хүн Баал бурхныг шүтдэг болсон байв. Баалын 450, Ашерагийн 400 зөнч Ахабын хатан «Иезебелийн ширээний ард хооллодог» байжээ (Хаадын дээд 16:30–33; 18:19).

17 Еховагийн заналт дайсан Иезебел тэр нутгаас цэвэр шүтлэгийг үндсээр нь устгахыг хичээж байлаа. Еховагийн зарим зөнчийн амийг хөнөөж, Бурхны заавраар Иордан голыг гатлан зугтсан Елиаг хүртэл алахыг оролдсон (Хаадын дээд 17:1–3; 18:13). Тэр үед хойт хаант улсад цэвэр шүтлэгийг дэмжиж амьдрахад хэчнээн хэцүү байсныг та лав төсөөлж байгаа биз ээ. Тэгээд бүр, хааны ордонд ажилладаг байсан бол ярих ч юм биш. Ахабын гэрийн түшмэл, Бурхнаас эмээдэг Обадиа * гэдэг хүн яг ийм нөхцөлд ажиллаж, амьдарч байжээ (Хаадын дээд 18:3).

18. Еховагийн үйлчлэгч Обадиа юугаараа онцгой байсан бэ?

18 Обадиа Еховаг шүтэхдээ маш болгоомжтой, ухаалаг байсан нь лавтай. Тэрбээр хэчнээн аюултай нөхцөлд байсан ч гэсэн, Еховаг шүтэхээ болиогүй юм. Хаадын дээд 18:3-т: «Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа» гэж бичсэн байдаг. Обадиагийн Бурхнаас сүсэглэн эмээдгийг нь онцлон тэмдэглүүштэй. Тийм ч учраас, Иезебелийг Еховагийн зөнчдийг хөнөөн устгаж байх үед гайхалтай их зориг гаргаж чаджээ.

19. Обадиа зоригтой байсан нь юунаас харагддаг вэ?

19 Библид: «Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм» гэж бичсэн байдаг (Хаадын дээд 18:4). Зуун хүнийг нууцаар хооллоход хэчнээн аюултай байсныг төсөөлөхөд түвэггүй. Ахаб Иезебел хоёроос гадна, ордонд ирж очдог 850 хуурамч зөнчид баригдчихгүйг Обадиа ихэд хичээж байлаа. Үүний зэрэгцээ, хуурамч бурхад шүтдэг тэр үеийн израильчууд баян ядуу бүгдээрээ хаан хатан хоёрынхоо тааллыг олохын тулд, боломж л гарвал Обадиаг илчлэх байсан нь эргэлзээгүй. Обадиа тэдний нүдэнд ил байсан хэдий ч Еховагийн зөнчдийг нууж, хооллож ундлахаасаа айгаагүй юм. Хүн Бурхнаас эмээдэг бол хэчнээн зоригтой болдог байх нь вэ!

20. Бурхнаас эмээдэг байсан нь Обадиад ямар ач тустай байсан бэ? Түүний жишээ танд хэрхэн туслах вэ?

20 Сургаалт үгс 29:25-д (ШЕ): «Хүнээс айх нь урхинд орж байгаа хэрэг. Харин Еховад найддаг хүн хамгаалагдана» гэж бий. Обадиа Бурхнаас эмээдэгтээ зоригтой байсан тул Ехова түүнийг дайснуудаас нь хамгаалдаг байсан биз ээ. Обадиа бидэн шиг л жирийн хүн байсан бөгөөд баригдаж, алуулах вий гэхээс айдаг байжээ (Хаадын дээд 18:7–9, 12). Гэхдээ Бурхнаас эмээдэг тул хүнээс айх айдсаа ялах эр зоригтой болжээ. Обадиа бидэнд сайхан жишээ болдог. Ялангуяа, эрх чөлөөгөө хасуулж, амь насаараа дэнчин тавин байж Еховаг шүтдэг итгэл нэгтнүүдийг маань зоригжуулдаг (Матай 24:9). Тиймээс, «хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөхийг» чармайцгаая! (Еврей 12:28).

21. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

21 Бурханд итгэж, түүнээс эмээвэл зоригтой болно. Гэхдээ эр зоригтой байхад хайр бүр ч чухал үүрэгтэй. «Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн» гэж Паул бичжээ (2 Тимот 1:7). Өнөөгийн «хэцүү цагт» Еховад зоригтой үйлчлэхэд хайр хэрхэн тусалдгийг дараагийн өгүүллээр үзье (2 Тимот 3:1).

[Зүүлт]

^ Библийн «Обадиа» номыг бичсэн зөнч биш.

Хариулна уу

• Иошуа Калеб хоёр юуны ачаар зоригтой байж чадсан бэ?

• Жинхэнэ итгэлтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?

• Енох Бурхны шүүх мэдээг эр зоригтой тунхагладаг байсны учир юу вэ?

• Бурхнаас эмээдэг бол хэрхэн зоригтой болох вэ?

[Догол мөрийн асуулт]