Skip to content

Гарчиг руу орох

Хайр хүнийг зоригтой болгодог

Хайр хүнийг зоригтой болгодог

Хайр хүнийг зоригтой болгодог

«Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн» (2 ТИМОТ 1:7).

1, 2. а) Хайр хүнийг ямар болгодог вэ? б) Есүсийн гаргасан эр зориг юугаараа хосгүй байсан бэ?

 ШИНЭХЭН гэрлэсэн хос Австралийн дорно зүгт орших нэгэн хотын ойролцоо, далайн гүнд тусгай өмсгөлтэй шумбаж байжээ. Тэднийг усны мандал руу гарахын хэрд аварга махчин загас эмэгтэйг нь чиглэн хар хурдаараа ирж. Тэгмэгц, нөхөр нь эхнэрээ түлхэж холдуулаад, өөрөө загасны хоол болжээ. Бэлэвсэрч үлдсэн эмэгтэй оршуулгын ёслол дээр: «Нөхөр минь миний төлөө амиа өгсөн» гэж хэлжээ.

2 Тийм ээ, хайр хүнийг эрэлхэг зоригтой болгодог ажээ. Есүс Христ нэгэнтээ: «Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй» хэмээн хэлсэн байдаг (Иохан 15:13). Тэрбээр энэ үгийг хэлээд ганц ч хонолгүй амиа алджээ. Тэгэхдээ нэг хүний төлөө бус, бүх хүн төрөлхтний төлөө амиа зориулсан юм (Матай 20:28). Есүс санаандгүй байтлаа ийнхүү зориг гаргаж, амиа алдсан юм биш ээ. Амьтны элэг доог болж, ад шоо үзэгдэж, шударга бус ял сонсож, шон дээр тарчилж үхнэ гэдгээ бүр өмнө нь мэдэж байсан. Тэр байтугай, энэ явдалд шавь нараа бэлдэж: «Бид Иерусалимыг зорьж явна. Хүний Хүү ахлах тахилч нарт болон хуулийн багш нарт тушаагдах болно. Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харь үндэстэнд тушаана. Тэд Түүнийг басамжилж, нулимж, ташуурдаад ална» гэж хэлж байжээ (Марк 10:33, 34).

3. Есүс юуны ачаар хосгүй эр зориг гаргасан бэ?

3 Есүс юуны ачаар тэгж их зориг гаргаж чадсан бэ? Итгэл болоод «Бурхнаас эмээх сэтгэл» нь чухал үүрэгтэй байсан (Еврей 5:7, ШЕ; 12:2). Гэхдээ хамгийн гол нь, Бурхан ба бусдыг хайрлах хайр нь түүнийг зоригтой болгожээ (1 Иохан 3:16). Бид ч бас Бурханд итгэж, түүнээс эмээхийн зэрэгцээ христиан хайрыг хөгжүүлбэл зоригтой болно (Ефес 5:2). Тэгвэл яаж хөгжүүлэх вэ? Уг хайрын Эх булгийг таньж мэдэх хэрэгтэй.

«Хайр бол Бурхнаас ирдэг»

4. Еховаг яагаад хайрын Эх булаг гэдэг вэ?

4 Ехова бол тэр чигээрээ хайр бөгөөд хайрын Эх булаг юм. Элч Иохан: «Хайртууд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурхнаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурхнаас төрсөн бөгөөд Бурхныг мэддэг [«Бурхны тухай мэдлэг олж авдаг», ШЕ] юм. Хайрладаггүй нэгэн нь Бурхныг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ» гэж бичжээ (1 Иохан 4:7, 8). Тэгэхлээр, хүн Бурханд ойртсон цагт л Бурхных шиг хайрыг хөгжүүлж чаддаг ажээ. Еховад ойртохын тулд түүний тухай жинхэнэ мэдлэгтэй болж, энэ мэдлэгийнхээ дагуу амьдарч, Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байх хэрэгтэй (Филиппой 1:9; Иаков 4:8; 1 Иохан 5:3).

5, 6. Есүсийн эртний дагалдагчид юуны тусламжтайгаар христиан хайрыг хөгжүүлж чадсан бэ?

5 Есүс үнэнч 11 элчийнхээ хамт сүүлчийн удаа залбирч байхдаа: «Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм» хэмээн хэлж, Бурхныг таньж мэдэхийн хэрээр хайр гүнзгийрдгийг харуулжээ (Иохан 17:26). Есүс өөрийнхөө болон Эцгийнхээ хооронд байдаг шиг хайрыг хөгжүүлэхэд нь шавь нартаа тусалдаг байсан. Ехова хэмээх нэр Бурхны гайхамшигт зан чанарыг төлөөлдгийг тэрбээр үг сургаал, үйл хэргээрээ танин мэдүүлсэн. Тийм ч учраас: «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлжээ (Иохан 14:9, 10; 17:8).

6 Христиан хайр бол Бурхны ариун сүнсний үр жимсний нэг хэсэг юм (Галат 5:22). Эртний христианууд Есүсийн амласан ариун сүнсийг МЭ 33 оны Пентекостын өдөр аваад, зааж сургасан олон зүйлийг нь сэргээн санасан төдийгүй, Судрыг илүү гүнзгий ойлгожээ. Ийнхүү ойлгосны дүнд Бурханд улам хайртай болсон нь лавтай (Иохан 14:26; 15:26). Тиймээс тэд амь нас нь хутганы ирэн дээр байсан ч, сайн мэдээг эр зоригтой, идэвх зүтгэлтэй тунхагладаг байв (Үйлс 5:28, 29).

Эр зориг болон хайраа үйл хэргээр харуулах нь

7. Паул Барнаб хоёр миссионерийн аяллаар явж байхдаа ямар зовлонг тэвчих хэрэгтэй байсан бэ?

7 Элч Паул: «Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн» гэж бичжээ (2 Тимот 1:7). Паул хувийн туршлагадаа үндэслэн энэ үгийг хэлсэн. Барнаб тэр хоёрыг миссионерийн аяллаар явж байхад юу болсныг үзье. Тэднийг Антиох, Икониум, Лустр гээд олон хотод дэлгэрүүлж явахад зарим хүн итгэж, зарим нь хүчтэй эсэргүүцэж байлаа (Үйлс 13:2, 14, 45, 50; 14:1, 5). Паулыг Лустрт байхад хилэгнэсэн олон түүн рүү чулуу шидэлцгээв. Тэгээд үхчихсэн гэж бодоод, орхиод явжээ. «Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож хот руу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб рүү явжээ» (Үйлс 14:6, 19, 20).

8. Паул Барнаб хоёр эр зориг гаргасан нь хүмүүст их хайртайг нь хэрхэн харуулсан бэ?

8 Паулыг алах гэж оролдсоноос болоод Барнаб тэр хоёр айж хулчийн, сайн мэдээ дэлгэрүүлэхээ больсон уу? Үгүй, болиогүй. Тэд Дербэд «олон хүнийг дагалдагч болгосныхоо» дараа «Лустр, Икониум болон Антиох руу буцав». Ямар зорилгоор тийшээ буцсан бэ? Шинэ дагалдагчдын итгэлийг бэхжүүлж, урам хайрлахын тулд ажээ. Паул Барнаб хоёр христиануудын тухай: «Бид олон зовлон туулж байж Бурхны хаанчлалд орох ёстой» гэж хэлсэн байдаг. Тэд Христийн «хургануудад» үнэхээр хайртай байсан учраас л ийм их зориг гаргаж чаджээ (Үйлс 14:21–23; Иохан 21:15–17). Тэр хоёр шинээр үүсэн байгуулагдсан хурлуудад ахлагчдыг томилсны дараа залбирч, «тэднийг өөрсдийнх нь итгэдэг Эзэнд [«Еховад», ШЕ] тушаав».

9. Итгэл нэгтнүүдээ хайрладаг байсан Паулд Ефесийн хурлын ахлагчид яаж ханддаг байсан бэ?

9 Паул ингэж бусдыг халамжлан, эр зориг гаргадаг байсан тул итгэл нэгтнүүд нь түүнд их хайртай байв. Түүнийг Ефес хотын хурлын ахлагчидтай уулзах үед юу болсныг эргэн санацгаая. Өмнө нь Паул тэр хотод гурван жил амьдарч, их эсэргүүцэл хавчлагатай тулгарч байжээ (Үйлс 20:17–31). Паул Бурхны хонин сүргийг хариулах үүргээ биелүүлэхэд нь тэр ахлагчдад урам өгч, дараа нь тэдэнтэй хамт өвдөг сөгдөн залбирчээ. Тэгэхэд «тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч, дахин дахин үнсэцгээж байлаа. Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь гуниглацгаасан байв». Ингээд «салах» цаг болоход ахлагчид Паул болон түүнтэй хамт аялагч хүмүүсийг явуулахдаа их л дурамжхан байлаа. Тэд Паулд хэчнээн их хайртай байж вэ! (Үйлс 20:36–21:1).

10. Еховагийн орчин үеийн Гэрчүүд бие биеэ хайрлахдаа яаж эр зориг гаргадаг вэ?

10 Өнөөдөр явуулын харгалзагчид, хурлын ахлагчид болон өөр олон хүн Еховагийн хоньдын төлөө их зориг гаргадаг учраас бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг. Жишээлбэл, иргэний дайны хөлд нэрвэгдсэн, эсвэл дэлгэрүүлэхийг хориглосон нутагт үйлчилдэг явуулын харгалзагчид эхнэрүүдийнхээ хамт хурлуудад очиж эргэлт хийдэг. Ингэхдээ тэд амь насаараа дэнчин тавин, эрх чөлөөгөө хасуулах аюулыг ч үл тоодог. Түүнчлэн, олон Гэрч итгэл нэгтнүүдээ барьж өгч, сүнслэг хоол хаанаас авдгаа илчлээгүйнхээ төлөө харгис удирдагчид болон тэдний талынхны гарт зовдог. Бас, олон мянган Гэрч сайн мэдээ дэлгэрүүлж, итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, цуглаанд очихоо болиогүйн улмаас хавчигдаж, тамлагдаж, тэр бүү хэл, амиа алддаг (Үйлс 5:28, 29; Еврей 10:24, 25). Тийм эр зоригтой ах эгч нарынхаа итгэл, хайрын жишээг дуурайцгаая! (1 Тесалоник 1:6).

Хайраа бүү хөргөгтүн

11. Сатан Еховагийн үйлчлэгчдийн эсрэг сүнслэг дайн явуулахдаа ямар ямар арга хэрэглэдэг вэ? Арганд нь орохгүйн тулд яах вэ?

11 Сатан Диавол дэлхий рүү хаягдсанаасаа хойш «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» христиануудад уур хилэнгээ гаргаж байна (Илчлэлт 12:9, 17). Тэрбээр олон арга хэрэглэдгийн нэг нь хавчлага юм. Гэхдээ энэ арга нь тэр болгон үр дүнд хүрээд байдаггүй. Яагаад гэвэл, хавчлагад өртсөн Бурхны ард түмэн харин ч, христиан хайраар бие биедээ улам ойртож, олон хүн Еховад илүү идэвх зүтгэлтэй үйлчилж эхэлдэг. Сатаны хэрэглэдэг бас нэг арга бол хүний нүгэлт хүслийг хөөрөгдөх явдал юм. «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй» учраас Диаволын заль мэхийг эсэргүүцэж, зүрхэн доторх буруу хүслийнхээ эсрэг дотоод тэмцэл явуулахад ч бас эр зориг хэрэгтэй (Иеремиа 17:9; Иаков 1:14, 15).

12. Бурхныг хайрлах хайрыг маань хөргөхийн тулд Сатан «ертөнцийн сүнсийг» хэрхэн ашигладаг вэ?

12 Сатаны бас нэг хүчтэй зэвсэг бол «ертөнцийн сүнс» буюу өөрөөр хэлбэл, ертөнцийн хүмүүсийн дунд давамгайлж буй, Бурхны ариун сүнсийг эрс эсэргүүцэх хандлага, үзэл санаа юм (1 Коринт 2:12). «Ертөнцийн сүнс» нь «нүдний хүсэл тачаал» буюу шунахай сэтгэл, эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдлыг хөөрөгддөг (1 Иохан 2:16; 1 Тимот 6:9, 10). Эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй байх нь муу биш ч, тэдгээр зүйлийг Бурхнаас илүү хайрладаг болбол Сатанд ялагдаж байгаа нь тэр ээ. «Ертөнцийн сүнсний» «хүч» нь агаар адил үл үзэгдэх боловч хаа сайгүй оршин байдаг, сэтгэл дурыг татам боловч хайр найргүй хөнөөж чаддагтаа байдаг. Тиймээс зүрхээ «ертөнцийн сүнсний» нөлөөнд автуулахгүй байцгаая! (Ефес 2:2, 3; Сургаалт үгс 4:23).

13. Ямар үед эр зориг хэрэгтэй вэ?

13 «Ертөнцийн сүнсийг» эсэргүүцэхийн тулд цэвэр ариун байдлаа хадгалах эр зориг хэрэгтэй. Жишээлбэл, театрт үзвэр үзэж байхад, эсвэл компьютер, зурагтын дэлгэцээр ёс журамгүй зүйл гарвал орхиод явах зоригтой байх шаардлагатай. Мөн үе тэнгийнхний дарамт шахалтыг эсэргүүцэх, муу нөхдөөс холбоогоо таслахад эр зориг зайлшгүй чухал. Түүнчлэн, ангийн хүүхдүүд, ажлын хамт олон, айл хөрш, төрөл садангийнхан маань элэглэн дооглож байсан ч Бурхны хууль, зарчмыг сахих зоригтой байх хэрэгтэй (1 Коринт 15:33; 1 Иохан 5:19).

14. «Ертөнцийн сүнсний» нөлөөнд автсан бол яах хэрэгтэй вэ?

14 Бурхныг болон сүнслэг ах эгч нараа илүү их хайрладаг болох нь туйлын чухал! «Ертөнцийн сүнс» танд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа эсэхийг мэдэхийн тулд амьдралын зорилго, хэв маягаа цаг гаргаад шалгаж үзээрэй. Хэрэв «ертөнцийн сүнсний» нөлөөнд жаахан ч атугай автсан байвал, үүнийг арилгаж, дахин автахгүй байх эр зоригийг Еховагаас гуйгаарай. Чин сэтгэлийн гуйлтад тань Ехова заавал хариулна (Дуулал 51:17). Тэгээд ч Еховагийн сүнс «ертөнцийн сүнснээс» хавьгүй хүчтэй билээ (1 Иохан 4:4).

Сорилтыг эр зоригоор давах нь

15, 16. Сорилтыг даван туулахад христиан хайр яаж тусалдаг вэ? Жишээ татна уу.

15 Түүнээс гадна, Еховагийн үйлчлэгчид төгс бус байдал хийгээд насны доройтлоос болоод өвчин хууч, бие эрхтний согог, сэтгэл гутрал гэх зэрэг олон зовлонг тэвчих хэрэгтэй болдог (Ром 8:22). Ийм сорилтыг даван туулахад христиан хайр тусалдаг. Замби улсад амьдардаг, христиан гэр бүлд өссөн Наманголва гэдэг эмэгтэйн жишээг ярилцъя. Тэрбээр хоёр настай байхдаа тахир дутуу болжээ. «Хүмүүс намайг хараад айх вий гэхээс би их ичиж зовдог байлаа. Гэхдээ сүнслэг ах эгч нар маань юмыг өөрөөр хардаг болоход надад их тусалсан. Эцэст нь би ичимхий зангаа ялж, баптисм хүртсэн» гэж Наманголва ярьсан юм.

16 Наманголва хэдий тэргэнцэртэй явдаг ч, элсэрхэг замаар явахдаа голдуу мөлхдөг гэнэ. Гэсэн ч жилд дор хаяж хоёр сар туслах эхлэгчээр үйлчилдэг байна. Наманголваг айлаар дэлгэрүүлж явахад тааралдсан нэг эмэгтэй түүний хэчнээн их итгэлтэй, зоригтой байгааг хараад сэтгэл нь хөдөлсөндөө уйлжээ. Наманголвагаар Библийн хичээл заалгаж байсан таван хүн баптисм хүртэж, нэг нь хурлын ахлагчаар үйлчилдэг болсон байна. Энэ бол Ехова үнэхээр арвин их ивээсний баталгаа юм. «Миний хөл заримдаа тэсэхийн аргагүй өвддөг ч гэсэн би хэзээ ч бууж өгөхгүй» гэж тэр хэлсэн юм. Бие нь сул ч, Бурханд болон бусдад хайртайдаа сүнслэгээр хүчтэй байдаг мянга мянган Гэрчийн нэг нь Наманголва юм. Тийм хүмүүс бүгдээрээ Еховагийн нүдэнд асар «үнэтэй»! (Хаггаи 2:7, ШЕ).

17, 18. Өвчин эмгэг гэх мэт элдэв янзын бэрхшээлийг давахад юу туслах вэ? Мэддэг жишээгээ ярина уу.

17 Түүнчлэн, зарим хүн архаг хуучаасаа болоод сэтгэлээр унаж, тэр бүү хэл сэтгэл гутрах өвчтэй болдог. Нэг хурлын ахлагч: «Манай ном судлалын хэсэгт нэг эгч чихрийн шижин өвчтэй, бөөрний дутагдалтай, бас нэг эгч хорт хавдартай, өөр хоёр эгч үе мөчний архаг үрэвсэлтэй, бас чонын хөрвөс, булчингийн ширхгийн өвчтэй нэг эгч байдаг. Тэд заримдаа сэтгэлээр их унадаг. Гэсэн ч, өвчин нь хүндэрсэн юм уу эмнэлэгт хэвтээгүй л бол цуглаанаа тасална гэж байдаггүй. Тэд бүгд тогтмол дэлгэрүүлдэг. Тэднийг харахлаар, „Би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг“ гэж хэлсэн Паулын үг өөрийн эрхгүй санагддаг юм. Тэдний чин сэтгэлийн хайр, эр зоригийг хараад би их биширдэг. Тэд өвдөж шаналдагтаа ч тэр үү, амьдралыг жинхэнэ ёсоор үнэлж, сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавьдаг юм шиг санагддаг» гэж ярьжээ (2 Коринт 12:10).

18 Та өвчин эмгэг гэх мэт элдэв янзын бэрхшээлтэй тэмцэж байгаа бол гутранги үзэлд автахгүй байхад туслахыг гуйж, «тасралтгүй залбираарай» (1 Тесалоник 5:14, ШЕ, 17). Хааяа сэтгэл санаа тань тогтож өгөхгүй, хэт их хөөрч, эсвэл сэтгэлээр бүр унадаг байж болох юм. Тэглээ ч гэсэн урам өгөх сүнслэг зүйлийг, ялангуяа, ирээдүйн гайхамшигт найдварыг бодохыг хичээгээрэй. «Дэлгэрүүлэх ажил надад ёстой л эм болдог» гэж нэг эгч хэлжээ. Бусадтай сайн мэдээ хуваалцах нь түүнийг өөдрөг байхад тусалдаг аж.

Ехова руу эргэж ирэхэд хайр тусалдаг

19, 20. а) Нүгэл үйлдсэн хүмүүсийг Ехова руу эргэж ирэх эр зоригтой болоход нь юу туслах вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Сүнслэгээр сулраад, нүгэл үйлдсэн хүмүүс Ехова руу эргэж ирэх зориг нь хүрдэггүй. Харин үнэн сэтгэлээсээ гэмшиж, Бурхныг гэсэн хайраа сэргээвэл зоригтой болдог. АНУ-д амьдардаг Марио * гэдэг хүний тухай ярилцъя. Тэрбээр христиан хурлаа орхиод архичин, хар тамхичин болж, 20 жилийн дараа шоронд оржээ. «Би ирээдүйнхээ тухай нухацтай бодох болж, дахин Библи уншиж эхэлсэн юм. Яваандаа, Еховагийн зан чанар, ялангуяа, өршөөнгүй сэтгэлийг нь үнэхээр эрхэмлэх болсон. Би байнга өршөөл гуйж залбирдаг байсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа хуучин найз нөхдөөсөө салж, цуглаанд явдаг болж, сүүлдээ Гэрч байх эрхээ сэргээлгэсэн. Би одоо, юу тарьснаа хурааж авч байгаа ч гэсэн, ирээдүйн сайхан найдвар өмнө минь байна. Еховагийн өрөвч, өршөөнгүй сэтгэлд талархаад ч баршгүй» гэж Марио ярьжээ (Дуулал 103:9–13; 130:3, 4; Галат 6:7, 8).

20 Марио шиг хүмүүс Ехова руу эргэж ирэхэд нэлээд хүч гаргах хэрэгтэй байдаг нь мэдээж. Гэхдээ Библи судалж, эргэцүүлэн бодож, залбирч, Еховаг гэсэн хайраа сэргээвэл эр зоригтой, шийдэмгий болно. Бас Мариод тохиолдсон явдлаас харахад, ирээдүйн найдварын ачаар сүнслэгээр эрч хүчтэй болдог байна. Тэгэхлээр, хайр, итгэл, Бурхнаас эмээх сэтгэлээс гадна ирээдүйн найдвар бидний амьдралд ач тусаа өгдөг ажээ. Дараагийн өгүүллээр энэхүү эрхэм үнэтэй сүнслэг бэлгийн тухай илүү дэлгэрэнгүй ярилцъя.

[Зүүлт]

^ Нэрийг өөрчлөв.

Хариулна уу

• Есүсийг хосгүй эр зориг гаргахад нь хайр хэрхэн тусалсан бэ?

• Паул Барнаб хоёр христиан ах дүүгээ хайрладаг байсныхаа ачаар яаж санаанд багтамгүй зоригтой болсон бэ?

• Сатан христиан хайрыг маань эвдэн бусниулахын тулд ямар ямар арга хэрэглэдэг вэ?

• Еховаг хайрлах хайр ямар ямар сорилтыг даван туулах эр зориг өгдөг вэ?

[Догол мөрийн асуулт]