Skip to content

Гарчиг руу орох

Бурхны хамтад нь нийлүүлснийг бүү салгагтун

Бурхны хамтад нь нийлүүлснийг бүү салгагтун

Бурхны хамтад нь нийлүүлснийг бүү салгагтун

«Тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» (МАТАЙ 19:6).

1, 2. Гэрлэсэн хосод үе үе бэрхшээл тулгарна гэж үзэх нь Библитэй тохирдог бөгөөд бодит байдалд нийцдэгийн учир юу вэ?

 ТАНЫГ машинаар холын аянд гарах гэж байна гэж бодъё. Замд тань элдэв саад тулгарах болов уу? Юу ч болохгүй гэж бодвол гэнэн хэрэг. Жишээ нь, цаг агаарын таагүй үзэгдэл болбол хурдаа хасаж, илүү анхаарал болгоомжтой явах хэрэгтэй байж мэднэ. Эсвэл машин тань эвдрээд, засаж чадахгүй бол замын хажууд машинаа зогсоон, тусламж эрэх байх. Ямар ч байсан, дэмий л явж дээ гэж харамсах юм уу, эсвэл машинаа хаяхгүй нь лавтай. Аян замын уртад янз янзын саад тотгор учрах нь зайлшгүй. Харин тэдгээрийг давах арга хайх нь ухаалаг хэрэг болно.

2 Гэр бүлтэй болоход ч мөн ялгаагүй. Гэрлэх гэж байгаа хүмүүс үргэлж жаргаж явах юм шиг санаад, амьдралд зайлшгүй тохиолдох бэрхшээлийг тооцож үзэхгүй бол гэнэн хэрэг болно. 1 Коринт 7:28-д нөхөр эхнэр хоёрыг «махан биедээ зовлонтой болно» гэж нууж хаалгүй бичсэн байдаг. Яагаад тэр билээ? Товчхон хэлбэл, нөхөр эхнэрийн аль аль нь төгс бус бөгөөд бид «эцсийн өдрүүдийн» «хэцүү цагт» амьдарч байна (2 Тимот 3:1; Ром 3:23). Тийм болохоор, хоорондоо таарч тохирдог, төлөвшсөн христиан хосод хүртэл үе үе бэрхшээл тулгардаг.

3. а) Өнөөгийн нийгэмд олон хүн гэр бүлийг юу гэж үздэг вэ? б) Христианууд гэр бүлээ авч үлдэхийг хичээдгийн учир юу вэ?

3 Өнөөгийн нийгэмд зарим хос бэрхшээл тулгарахад салахаа урьтал болгодог. Олон оронд салж сарнисан гэр бүлийн тоо урьд урьдынхаас хол давжээ. Гэвч жинхэнэ христианууд гэр бүлийн бэрхшээлийг тойрч биш, давж гардаг. Яагаад гэвэл, тэд гэр бүлийг Еховагийн өгсөн үнэт бэлэг гэж үздэг. Есүс гэр бүлтэй хүмүүст: «Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж хэлсэн байдаг (Матай 19:6). Энэ зарчмыг дагаж амьдрах нь үнэндээ амаргүй. Жишээлбэл, Библийн зарчмыг ойшоож үздэггүй хамаатан садан болон гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд гэх мэтийн хүмүүс Библийн үндэслэлгүй шалтгаанаар тусдаа амьдрах юм уу салахыг зөвлөдөг. * Гэхдээ христианууд юу юуны туханд хүрэлгүй салахын оронд асуудлаа шийдэж, гэр бүлээ авч үлдэхийг илүүд үздэг. Тэгэхлээр, бэрхшээлээ шийдэхдээ хүний зөвлөгөөг бус, Еховагийн зааврыг дагана гэж анхнаасаа шийдсэн байх нь чухал юм (Сургаалт үгс 14:12).

Бэрхшээлийг шийдэх нь

4, 5. а) Гэр бүлд ямар ямар бэрхшээл тулгардаг вэ? б) Гэр бүлийн бэрхшээлийг шийдэхэд яагаад Библийн зарчим ач тустай байдаг вэ?

4 Гэр бүл болгонд үе үе бэрхшээл гардаг. Ихэнхдээ шалихгүй зүйл дээр санал зөрдөг байхад, хоорондын харьцаанд нь нөлөөлөхөөр ноцтой асуудал гарах үе ч бий. Гэр бүлтэй, амьдралын туршлагатай христиан ахлагчаас тусламж авах хэрэг ч гарч мэднэ. Бэрхшээл гарч байна гэдэг нь гэр бүлийн амьдрал сүйрч байна гэсэн үг биш юм. Харин ч шийдэхийн тулд Библийн зарчмыг чанд баримтлахын чухлыг ойлгуулж байгаа хэрэг.

5 Хүнийг бүтээж, гэр бүлийг санаачилсан Ехова Бурхан гэр бүлийн амьдралыг жаргалтай болгоход юу хэрэгтэйг хамгийн сайн мэддэг. Харин бид зөвлөгөөг нь сонсож, хэрэгжүүлдэг үү? Хэрэв тэгдэг бол ач тусыг нь хүртэнэ. Эрт цагт Ехова ард түмэндээ: «Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» гэж хэлжээ (Исаиа 48:18). Тэгэхлээр, Библиэр өгсөн удирдлага зааврыг нь хэрэгжүүлбэл гэр бүлийн амьдрал жаргалтай болно. Одоо, нөхрүүдэд зориулсан ямар зөвлөгөө Библид байдгийг үзье.

«Эхнэрүүдээ хайрла»

6. Нөхрүүдэд зориулсан ямар зөвлөгөө Библид байдаг вэ?

6 Элч Паул Ефесийн христиануудад бичсэн захидалдаа нөхрүүдэд зориулж тодорхой заавар өгсөн байдаг. Тэрбээр: «Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг [«эрхэмлэн хүндэлдэг», ШЕ]. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла» хэмээн бичжээ (Ефес 5:25, 28, 29, 33).

7. а) Христиан гэр бүлийн үндэс нь юу байх ёстой вэ? б) Нөхрүүд эхнэрээ үргэлж хайрладгаа хэрхэн харуулдаг вэ?

7 Паул нөхөр эхнэрийн хооронд гардаг бэрхшээлийг нэгбүрчлэн тоочоогүй. Харин христиан гэр бүлийн үндэс болсон хайр бэрхшээлийг шийдэхэд чухал үүрэгтэй байдгийг онцолжээ. Дээрх зөвлөгөөнд хайрлах гэдэг үг долоон удаа гардаг. Бас «эхнэрүүдээ хайрла» гэж бичсэн нь грек хэлээр үргэлж хайрлаж байх гэсэн санаа илэрхийлдгийг анхааръя. Хүнд дурлах амархан байж болох ч үргэлж хайрлах хэцүү байдгийг Паул ойлгодог байсан нь эргэлзээгүй. Ялангуяа, ихэнх хүн «өөрсдийгөө хайрлагчид», «эвлэршгүй» болсон өнөөгийн «эцсийн өдрүүдэд» хэн нэгнийг үргэлж хайрлана гэдэг амаргүй (2 Тимот 3:1–3). Өөрсдийгөө хайрладаг, эвлэршгүй зангаасаа болж олон хүн гэр бүлээ сүйрүүлж байна. Гэхдээ иймэрхүү хандлага халамжтай христиан нөхрийн үзэл бодол, үйл хэрэгт нөлөөлөх учиргүй (Ром 12:2).

Эхнэрийнхээ хэрэгцээг хангах нь

8, 9. Христиан нөхрүүд эхнэрийнхээ ямар ямар хэрэгцээг хангах ёстой вэ?

8 Христиан нөхөр та амин хувиа хичээлгүй, эхнэрээ чин сэтгэлээсээ хайрладгаа яаж харуулдаг вэ? Дээр иш татсан Паулын захидалд нөхрийн хийх ёстой хоёр зүйлийг онцолсон байдаг. Нөхөр хүн эхнэрийнхээ хэрэгцээг хангаж, өөрийгөө хүндэлдгийн адил эхнэрээ эрхэмлэн хүндлэх ёстой ажээ. Хэрэгцээг нь яаж хангах вэ? Нэг арга нь материаллаг буюу бие махбодынх нь хэрэгцээг хангах явдал юм. «Хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм» гэж Паул бичсэн байдаг (1 Тимот 5:8).

9 Гэхдээ хоол хүнс, хувцас хунар, гэр оронтой л байлгавал боллоо гэсэн үг биш ээ. Материаллаг хэрэгцээг нь сайн хангадаг ч сүнслэг болоод сэтгэл санааных нь хэрэгцээг тоохгүй байж болох юм. Сүнслэг болон сэтгэл санааны хэрэгцээг хангах нь амин чухал. Олон христиан эрчүүд хурлын ажил хэргийг зохицуулахын тулд завгүй байдаг нь үнэн. Гэхдээ нөхөр хүн хуралд өндөр хариуцлага хүлээдэг гэдгээр шалтаглан Бурхнаас өгсөн өрхийн тэргүүний үүргээ орхигдуулах ёсгүй (1 Тимот 3:5, 12). Энэ талаар хэдэн жилийн өмнө «Харуулын цамхаг» сэтгүүлд: «Библийн шаардлагын дагуу, ахлагч хүн „хоньчны ажлыг гэрээсээ“ эхлэх учиртай. Хэрэв ар гэртээ анхаарал халамж тавьдаггүй бол ахлагч байх эрхгүй болж болох юм» гэж бичжээ. * Тэгэхлээр, эхнэрийнхээ бие махбод, сэтгэл санаа, хамгийн гол нь, сүнслэг хэрэгцээг зайлшгүй хангах ёстой гэдэг нь харагдаж байна.

Эхнэрээ «эрхэмлэн хүндэлнэ» гэж юу гэсэн үг вэ?

10. Нөхөр нь эхнэрээ яаж эрхэмлэн хүндлэх вэ?

10 Хэрэв хүн эхнэрээ эрхэмлэн хүндэлдэг бол чин сэтгэлээсээ хайрлан халамжлах нь лавтай. Эрхэмлэн хүндэлдгээ харуулах хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, ханьдаа цаг зав харамгүй зориулах хэрэгтэй. Хэрэв эхнэртээ зориулж цаг гаргадаггүй бол ханийн тань хайр хөрч мэднэ. Та эхнэртээ хангалттай цаг гаргадаг, хайр халамжаар дутаадаггүй гэж боддог байж болох ч эхнэрийн тань санаанд хүрэхгүй байж болох шүү дээ. Эхнэрээ эрхэмлэн хүндэлдэг гэж таны ярих чухал биш, харин эхнэр тань үүнийг мэдэрдэг байх нь чухал. Паул: «Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эр» хэмээн бичжээ (1 Коринт 10:24). Халамжтай нөхөр эхнэрийнхээ хэрэгцээ шаардлагыг жинхэнэ ёсоор ойлгохыг хичээдэг (Филиппой 2:4).

11. Нөхөр хүний эхнэртээ хандах байдал Бурхантай тогтоосон харьцаа болон хуралд үүрэг хариуцлага хүлээх эсэхэд нь хэрхэн нөлөөлөх вэ?

11 Эхнэрээ эрхэмлэн хүндлэх өөр нэг арга бол үг яриагаараа ч, үйл хөдлөлөөрөө ч аядуу зөөлөн хандах явдал юм (Сургаалт үгс 12:18). Паул Колоссайн христиануудад: «Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд» хэмээн бичжээ (Колоссай 3:19). Нэгэн бүтээлд, Паулын хэлсэн үгийн сүүлийн хэсгийг «эхнэрээ шивэгчин мэт бүү үз», «эхнэрээ зарц бүү болго» гэсэн утгатай байж болохыг тэмдэглэжээ. Гэртээ юм уу, олны дунд эхнэрээ дарлаж дээрэлхдэг хүнийг эхнэрээ эрхэмлэн хүндэлдэг гэх аргагүй юм. Хэрэв христиан хүн эхнэртээ харгис хатуу ханддаг бол Бурхантай тогтоосон харьцаанд нь аюул учирна. Элч Петр нөхрүүдэд хандан: «Эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийн хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй» гэж бичжээ * (1 Петр 3:7).

12. Есүс христиан хуралд хэрхэн ханддаг байснаас христиан нөхөр юу сурч болох вэ?

12 Таныг гэсэн эхнэрийнхээ хайрыг эрхэмлэж яваарай. Өөрөө ч гэсэн эхнэрээ үргэлж хайрладгаа үйл хэргээрээ харуулж байгаарай. Есүс христиан хуралд хэрхэн хандаж байсан нь христиан нөхрүүдэд үлгэр жишээ болдог. Тэрбээр шавь нартаа сайхан сэтгэл гаргаж, эелдэг зөөлөн хандаж, дахин дахин алдаа дутагдал гаргахад нь хүртэл уучилдаг байсан. Тийм ч учраас, «Над руу ир. ...Учир нь Би дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан. Та нар сэргэх болно» хэмээн хэлсэн (Матай 11:28, 29, ШЕ). Есүс дагалдагчдадаа хэрхэн хандаж байсан шиг христиан нөхөр эхнэртээ тэгж хандах ёстой. Нөхөр нь эхнэрээ эрхэмлэн хүндэлдгээ үг яриа, үйл хэргээрээ баталдаг бол эхнэр нь сэргэнэ.

Библийн зарчмыг хэрэгжүүлдэг эхнэрүүд

13. Библид эхнэр хүнд хэрэгтэй ямар ямар зарчим байдаг вэ?

13 Библид бас эхнэр хүнд хэрэгтэй зарчим бий. Ефес 5:22–24, 33-т: «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Эхнэр нь нөхрөөсөө эмээж [«нөхрөө гүн хүндэтгэж», ШЕ] бай» хэмээн бичжээ.

14. Библийн зарчмын дагуу, эхнэр хүн нөхөртөө захирагдах ёстой байдаг нь яагаад дорд үзэгдсэн хэрэг биш вэ?

14 Паул нөхөртөө захирагдаж, нөхрөө хүндлэхийн чухлыг онцолжээ. Эхнэр хүн нөхрийнхөө эрх мэдэлд захирагдах нь Бурхны тогтоосон хэм хэмжээтэй тохирдог. Тэнгэр газар дахь амьд бүхэн хэн нэгэнд захирагддаг. Есүс хүртэл Ехова Бурханд захирагддаг (1 Коринт 11:3). Хэрэв нөхөр нь тэргүүний эрх мэдлээ зөв зохистой ашигладаг бол нөхөртөө захирагдах нь эхнэрт илүү амар байна.

15. Библид эхнэрүүдэд зориулсан ямар ямар зөвлөгөө байдаг вэ?

15 Түүнчлэн, Паул эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстойг бичсэн байдаг. Христиан эхнэр бардам зан гарган нөхрийнхөө эрх мэдлийг үгүйсгэх юм уу, нөхрөөсөө хараат бус байх гэж зүтгэлгүй, «дөлгөөн ба даруу» байх учиртай (1 Петр 3:4). Бурхнаас эмээдэг эхнэр ар гэртээ санаа тавьдаг бөгөөд нөхрийнхөө нэр хүндийг унагадаггүй (Тит 2:4, 5). Нөхрөө үргэлж сайнаар хэлдэг бол хүмүүс ч нөхрийг нь хүндэлнэ. Нөхрийнхөө гаргасан шийдвэрийг бүх талаар дэмждэг (Сургаалт үгс 14:1).

16. Сара Ребека нарын жишээ христиан эхнэрүүдэд ямар сургамжтай вэ?

16 Христиан эмэгтэй дөлгөөн, даруу байх ёстой гэдэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүй, эсвэл санасан бодсон нь ач холбогдолгүй байдаг гэсэн үг биш. Бурханд үнэнч Сара Ребека нарын эрт цагийн эмэгтэйчүүд санаачилга гарган, аливаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, Ехова ч үүнийг нь сайшааж байсныг Библид бичсэн байдаг (Эхлэл 21:8–12; 27:46–28:4). Өнөөдөр ч гэсэн христиан эхнэрүүд сэтгэлээ уудалж, санасан бодсоноо нөхөртөө хэлдэг. Гэхдээ нөхрөө дорд үзэлгүйгээр, үгээ бодож байж хэлэх нь зүйтэй. Нөхөртэйгөө ингэж харьцдаг бол аль алинд нь таатай санагдахын зэрэгцээ нөхөр нь ч эхнэрийнхээ саналыг дуртайяа хүлээн авна.

Үнэнч байх амлалтаа биелүүлэх шийдвэр төгс байх нь

17, 18. Гэр бүлийг салгах гэсэн Сатаны оролдлогыг эсэргүүцэхийн тулд эхнэр нөхөр хоёр яах хэрэгтэй вэ?

17 Хосууд гэр бүл болохдоо бие биедээ насан туршдаа үнэнч байхаа амлаж, хариуцлага хүлээдэг. Тиймээс нөхөр эхнэр хоёулаа гэр бүлээ сайн сайхан авч явахыг чин сэтгэлээсээ хүсэх ёстой. Хоорондоо илэн далангүй ярилцдаггүй бол бэрхшээл даамжирсаар улам ноцтой болдог. Ихэнх тохиолдолд, дуугаа хурааж явсаар, сүүлдээ бие биедээ гомдож, дургүйцдэг. Зарим хүн ханиасаа өөр хүнд сэтгэлтэй болсноос ч юм уу, салж сарнихдаа тулдаг. Есүс: «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» гэж сэрэмжлүүлсэн (Матай 5:28).

18 Элч Паул христиануудад: «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» гэж зөвлөсөн нь гэр бүлтэй хүмүүст ч хамаатай (Ефес 4:26, 27). Бидний гол дайсан Сатан христиануудын дунд гарсан зөрчлийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролддог. Тийм боломж бүү өгөөрэй. Бэрхшээл гарвал тухайн асуудалд Еховагийн үзэл бодлоор хандахын тулд Нийгэмлэгийн ном хэвлэлийн тусламжтайгаар Библи судлаарай. Санал зөрсөн асуудлаа аажуу тайван, чин сэтгэлээсээ ярилцаарай. Еховагийн хэм хэмжээний тухай мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх хүчин чармайлт гаргаарай (Иаков 1:22–25). Гэр бүлд тань бэрхшээл тулгарвал ханьтайгаа хоёул Бурхантай хамт алхах шийдвэр төгс байгаарай (Мика 6:8). Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч, юу ч бүү салгаг!

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1989 оны 5 дугаар сарын 15-ны 12-р хуудсыг үзнэ үү (англи).

^ Христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээх хүн «зодоонч» буюу бусдын бие махбодод халддаг, эсвэл үг хэлээр доромжилдог байх ёсгүй. Тиймээс «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1990 оны 9 дүгээр сарын 1-ний дугаарын 25-р хуудсанд (англи): «Гэрээсээ өөр газар Бурхны хэм хэмжээг баримталдаг хэр нь гэртээ дээрэнгүй авирладаг хүн хуралд хариуцлагатай үүрэг хүлээх эрхгүй» гэж бичжээ (1 Тимот 3:2–5, 12).

Санаж байна уу?

• Христиан гэр бүлд хүртэл бэрхшээл гардгийн учир юу вэ?

• Нөхөр хүн эхнэрийнхээ хэрэгцээг хэрхэн хангах вэ? Эхнэрээ эрхэмлэн хүндэлдгээ яаж харуулах вэ?

• Эхнэр нь нөхрөө гүнээ хүндэлдгээ хэрхэн харуулж болох вэ?

• Нөхөр эхнэр хоёр үнэнч сэтгэлээ хувиргахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]