Skip to content

Гарчиг руу орох

Зовлонг Тэвчихийн Ач Тус

Зовлонг Тэвчихийн Ач Тус

Зовлонг тэвчихийн ач тус

«Бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд [«жаргалтайд», ШЕ] тооцдог» (ИАКОВ 5:11).

1, 2. Ехова хүнийг зовж шаналаасай гэж хүсдэггүй нь юунаас харагддаг вэ?

 ЕР НЬ, зовох дуртай хүн байдаггүй. Бүтээгч Бурхан Ехова ч хүнийг зовж шаналаасай гэж хүсдэггүй. Ингэж хэлэхийн учир нь онгод оруулж бичүүлсэн Үгнээс нь, бас эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээснийхээ дараа юу хийснээс нь харагддаг. Эхлээд, Бурхан эрэгтэй хүнийг бүтээжээ. «ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ» (Эхлэл 2:7). Адамыг төгс бие махбод, төгс оюун ухаантай бүтээсэн тул өвдөж, үхэх учиргүй байлаа.

2 Адам хаана, яаж амьдардаг байсан бэ? «ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирж тавьжээ. ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн модыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв» (Эхлэл 2:8, 9). Адам гэр нь болсон үзэсгэлэнт Еден цэцэрлэгт зовлон гэдгийг мэдэхгүй, сайхан амьдарч байлаа.

3. Анхны хос ямар ирээдүйтэй байсан бэ?

3 Эхлэл 2:18-д: «ЭЗЭН Бурхан: „Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе“ хэмээн айлджээ» гэж бичсэн байдаг. Ехова Адамд төгс эхнэр бүтээж өгөн, аз жаргалтай гэр бүлийн амьдралын үндсийг тавьжээ (Эхлэл 2:21–23). Тэгээд «Бурхан тэднийг адисалж, тэдэнд: „Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!“ хэмээн айлдав» гэж Библид байдаг (Эхлэл 1:28). Анхны хос Еден цэцэрлэгээ өргөжүүлэн тэлж, дэлхийг аажмаар диваажин болгохын зэрэгцээ үр хүүхэдтэй болох хосгүй завшаантай байлаа. Үр хүүхэд нь ч зовох юмгүй, жаргалтай амьдрах байв. Хүний түүхийн эхэнд бүх юм үнэхээр сайхан байжээ (Эхлэл 1:31).

Хүмүүс зовдог болсон нь

4. Хүний түүхийг үзвэл юу тодорхой байна вэ?

4 Бүхий л түүхийн туршид хүмүүс хэрхэн амьдарч ирснийг үзвэл ямар нэг юм буруугаар эргэсэн нь тодорхой. Муу муухай явдал гардаггүй, хүмүүс зовдоггүй цаг гэж ер байсангүй. Адам Евагийн үр сад өвчин эмгэг тусаж, өтөлж хөгширч, эцэстээ үхдэг болсон. Дэлхий ч диваажин байхаа нэгэнт больжээ. Одоогийн нөхцөл байдал Ром 8:22-т: «Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа ...зовлон эдэлдэг» гэж бичсэнтэй яв цав тохирдог.

5. Адам Ева хоёр хүн төрөлхтөнд хэрхэн зовлон тарьсан бэ?

5 Хүн төрөлхтөн ийм удаан хугацаагаар, ингэж их зовж байгаад Ехова Бурхан буруутай юм биш ээ (2 Самуел 22:31). «[Хүмүүс] завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн» гэж Библид бичсэнийг үзвэл, хүмүүс өөрсдөө ямар нэг хэмжээгээр буруутай аж (Дуулал 14:1). Адам Ева хоёр эхлээд жаргалтай амьдарч байсан бөгөөд Бурхандаа л дуулгавартай байвал үүрд мөнх сайхан амьдрах байлаа. Гэвч Еховад захирагдахгүй байхаар шийдэж, Бүтээгчээсээ нүүр буруулсан учир төгс байхаа больж, бүх талаараа муудсаар, эцэстээ үхжээ. Үр удам нь ч бас төгс бус болсон (Эхлэл 3:17–19; Ром 5:12).

6. Сатан хүн төрөлхтөнд хэрхэн зовлон учруулсан бэ?

6 Хүн төрөлхтөнд зовлон учруулсан бас нэг буруутан бол Сатан Диавол болсон сүнсэн бүтээл юм. Тэрбээр Еховагийн өгсөн сонгох эрх чөлөөг буруу эдэлж, бурхан шиг шүтүүлэхийг хүсжээ. Бүтээгч Бурхан л шүтүүлэх эрхтэй болохоос бус, бүтээл нь тийм эрхгүй билээ. Адам Ева хоёрыг Еховад захирагдахгүй байхыг ятгаж, өөрсдөө «Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно» гэж мэхэлсэн этгээд бол Сатан юм (Эхлэл 3:5).

Ехова Бурхан л захирах эрхтэй

7. Еховагийн эсрэг дэгдээсэн самуун явдлын үр дагавар юу юуг баталсан бэ?

7 Самуун явдлын үр дагаврыг бодож үзэхлээр, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Ехова л ганцаараа захирах эрхтэй бөгөөд зөв захирах чадвартай гэдэг нь батлагддаг. Энэ ертөнцийн захирагч Сатан шударга бус, харгис, гажууд засаглалыг бий болгосон бөгөөд өөрөө захирах ямар ч чадваргүй болохыг нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх баталсан (Иохан 12:31). Сатаны мэдэлд хүн хүнээ захирсан энэ урт хугацаанд зовлон зүдүүр арилаагүй нь хүн зөв захирах чадваргүй гэдгийг бас баталсан (Иеремиа 10:23). Тэгэхлээр, хүмүүс засаглалын ямар ч хэлбэрийг сонгосон, Еховад захирагдахгүй л бол бүтэлгүйтэх нь ойлгомжтой байна. Түүх үүнийг ямар ч эргэлзээгүйгээр нотолсон.

8. Ехова хүний засаглалын бүх хэлбэрийг яах зорилготой вэ? Зорилгоо яаж хэрэгжүүлэх вэ?

8 Ехова хүмүүст өөрсдийгөө захирах хангалттай урт хугацаа олгосон учир одоо хүний засаглалын бүх хэлбэрийг халж, өөрийнхөө засаглалыг тогтоох бүрэн эрхтэй. Энэ тухай: «Тэдгээр хаадын [хүний засаглал] үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг [Христ тэргүүтэй тэнгэрийн засгийн газар] тэнгэрийн Бурхан байгуулна... Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» гэж зөгнөсөн байжээ (Даниел 2:44). Чөтгөрүүд болон хүмүүсийн захиргаа үеэ өнгөрөөж, зөвхөн Бурхны тэнгэрийн Хаанчлал оршин тогтнож, дэлхийг захирна. Энэхүү тэнгэрийн засгийн газрын тэргүүн нь Христ байх бөгөөд дэлхийгээс авсан 144 000 үнэнч хүн түүнтэй хамт захирна (Илчлэлт 14:1).

Зовлонг тэвчихийн ач тус

9, 10. Есүс зовлон үзсэн нь ямар ач тустай байсан бэ?

9 Тэнгэрийн засгийн газрын бүрэлдэхүүнд орох хүмүүс ямар шаардлага хангадгийг мэдэж авцгаая. Эхлээд Есүс Христийн тухай ярилцъя. Тэрбээр Хаан байхад хамгийн тохирсон нэгэн гэдгээ харуулсан. Тоо томшгүй олон жил Эцэгтэйгээ хамт байхдаа хүсэл тааллыг нь биелүүлдэг «уран дархан» нь байсан (Сургаалт үгс 8:22–31, МБОХ, 2000). Ехова Хүүгээ дэлхий рүү явуулахаар болоход Есүс дуртайяа зөвшөөрчээ. Тэрбээр дэлхийд ирээд, хүмүүст Ехова Бурхны хэмжээгүй эрх мэдэл болон Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажлыг голлон анхаарч байв. Еховагийн эрх мэдэлд бүх талаар захирагдахын хамгийн сайн жишээг Есүс бидэнд үлдээсэн (Матай 4:17; 6:9).

10 Есүс хавчигдан зовж, эцэст нь амиа алдсан билээ. Дэлхийд байхдаа, хүний амьдрал хэчнээн их зовлонтой байдгийг харж, өөрөө ч бас хүнд бэрхийг туулсан. Энэ нь ямар ач тустай байсныг Еврей 5:8-д: «Тэр [Бурхны] Хүү байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан» гэж бичжээ. Есүс хүмүүсийн дунд амьдраад илүү энэрэнгүй, бусдыг илүү ойлгодог болсон. Хүний амьдралд тохиолддог зовлон жаргалыг биеэрээ үзсэн учир зовж шаналж буй хүмүүсийг өрөвдөж, хүн төрөлхтнийг аврах үүргээ илүү сайн ухамсарлах болжээ. Элч Паул Есүсийн тухай: «Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартай төстэй болгогдох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна» гэж «Еврей» номд бичсэн байдаг. Бас: «Бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё» хэмээжээ (Еврей 2:17, 18; 4:14–16; Матай 9:36; 11:28–30).

11. Ирээдүйд хаан, тахилч болох хүмүүс зовлон туулсан нь ямар ач тустай вэ?

11 Тэнгэрийн Хаанчлалын бүрэлдэхүүнд оруулан, Христ Есүстэй хамт захируулахаар Бурхны «худалдан авсан» 144 000 хүн ч гэсэн зовлон туулсан нь ач тустай байжээ (Илчлэлт 14:4). Тэд зовлонгоор дүүрсэн ертөнцөд хүн болон төрж, өөрсдөө ч зовлон эдэлсэн. Ехова Бурханд үнэнч байж, Есүсийг дуртайяа дагасныхаа төлөө ихэнх нь харгис хавчлагатай тулгарч, зарим нь бүр амиа алджээ. Гэсэн ч «тэд Эзний гэрчлэлээс... ичилгүй, сайн мэдээний төлөө зовсон» юм (2 Тимот 1:8). Тэд амьдралынхаа туршлагад үндэслээд сайн шүүгч байх чадвартай болсон. Бас хүмүүст туслах чин хүсэлтэй, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй болжээ (Илчлэлт 5:10; 14:2–5; 20:6).

Дэлхийд амьдрах найдвартай хүмүүс жаргалтай

12, 13. Дэлхийд мөнх амьдрах найдвартай хүмүүс зовлонг тэвчээд ямар ач тус хүртдэг вэ?

12 Тэгвэл диваажин дэлхийд өвчин зовлон, уй гашуу, үхэл хагацлаас ангид, мөнх амьдрах найдвартай хүмүүс зовлонг тэвчээд ач тус хүртдэг үү? Мэдээж, зовж шанална гэдэг хүсэх юм биш ээ. Гэхдээ зовлонг тэвчвэл сайн зан чанар хөгжүүлж, жаргалтай амьдардаг.

13 Энэ тухай Бурхны Үгэнд: «Зөвт байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээ ч, та нар жаргалтай» *; «Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл жаргалтай» гэж байдаг (1 Петр 3:14; 4:14). Есүс: «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар жаргалтай! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа» хэмээсэн (Матай 5:11, 12). Иаков: «Сорилтыг тэсвэрлэдэг хүн жаргалтай! Учир нь тэр соригдчихоод, ...амийн титмийг хүлээн авна» гэж бичжээ (Иаков 1:12).

14. Еховагийн үйлчлэгчид зовлон үздэг ч жаргалтай байдаг нь ямар учиртай вэ?

14 Бид зовж байгаадаа баярладаг юм биш ээ. Харин Еховагийн хүсэл тааллыг биелүүлж, Есүсийн жишээг дагадгаасаа болоод зовдог гэдгээ мэддэг учир баяр жаргалтай, өөдрөг байдаг. Есүсийн элч нарын жишээ үүний тод илрэл юм. I зуунд шашны удирдагчид зарим элчийг шоронд хорьж, дараа нь Иудейн Дээд шүүхэд дуудан ирүүлж, Есүс Христийн тухай гэрчиллээ гэж буруутгасан. Тэгээд тэднийг ташуурдаад, суллажээ. Тэгэхэд нь элч нар яасан бэ? «[Есүсийн] нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа» гэж Библид бичсэн байдаг (Үйлс 5:17–41). Элч нар ташуурын амт үзсэндээ баярлаагүй ээ. Харин Еховад үнэнч байж, Есүсийн мөрөөр явсныхаа төлөө ингэж зовсноо ойлгоод баярлажээ (Үйлс 16:25; 2 Коринт 12:10; 1 Петр 4:13).

15. Одоо тулгарч буй зовлонг тэвчих нь ирээдүйд ямар ач тустай вэ?

15 Эсэргүүцэл, хавчлагад зөв ханддаг бол тэвчээр сууж, ирээдүйд тулгарах зовлонг амжилттай давж чадна. «Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ» гэж Библид байдаг (Иаков 1:2, 3). Үүнтэй ижил санааг Ром 5:3–5-д: «[Бид] зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг, тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг. Найдвар нь урам хугалдаггүй» гэж бичсэн байдаг. Тэгэхлээр, христианууд бид одоо хэдийчинээ тэвчээртэй байна, ирээдүйн сорилтыг амжилттай давах бэлтгэлээ төдийчинээ сайн хангана.

Ехова шагнана

16. Ирээдүйд хаан, тахилч болох хүмүүс зовлонг тэвчсэнийхээ төлөө Еховагаас ямар шагнал авах вэ?

16 Бид христиан гэдгээсээ болоод эсэргүүцэл хавчлагад өртөж, эд хөрөнгөө алдлаа ч, Ехова илүү том шагнал өгнө гэдгийг мэддэг учир харамсаж халагладаггүй. Элч Паул тэнгэрт амьдрах найдвартай зарим хүнд: «[Та нар] илүү сайн мөнхийн өмч хөрөнгөтэйгөө... мэдэх тул... эд хөрөнгийг чинь булаан авахад ч баяр хөөртэй байсан» гэж бичсэн байдаг. Тэдэнд байсан «илүү сайн мөнхийн өмч хөрөнгө» гэдэг нь Бурхны Хаанчлалын бүрэлдэхүүнд багтах завшаан байжээ (Еврей 10:34). Тэд шинэ ертөнцөд Ехова Есүс хоёрын удирдлага дор дэлхийн оршин суугчдад гайхамшигт ивээл хүртээхдээ хэчнээн их баяртай байх бол оо! Элч Паул үнэнч христиануудад: «Өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог» хэмээн бичсэн нь юутай үнэн бэ! (Ром 8:18).

17. Ехова дэлхийд амьдрах найдвартай одоогийн үнэнч үйлчлэгчдийнхээ төлөө юу хийх вэ?

17 Дэлхийд амьдрах найдвартай хүмүүс ч бас Бурханд үйлчлэхийн тулд ямар нэг юмаа алдах юм уу сайн дураараа орхидог. Гэхдээ Ехова тэднийг ирээдүйд арвин ихээр шагнаж, диваажин дэлхийд төгс болгож, мөнх амьдруулна. Шинэ ертөнцөд Ехова «тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» гэж амласан билээ (Илчлэлт 21:4). Хэчнээн сайхан бэ! Бид Еховагийн төлөө энэ ертөнцөд юугаа ч золиосолж болох юм. Гэхдээ тэр нь зовлонг тэвчсэнийхээ төлөө Еховагаас авах гайхамшигтай шагналтай харьцуулахад юу ч биш.

18. Ехова биднийг тайвшруулах ямар амлалт өгсөн бэ?

18 Одоо бид элдвийн зовлон эдэлдэг ч гэсэн, Бурхны шинэ ертөнцөд үүрд жаргалтай амьдарна. Шинэ ертөнцөд бүх зовлон дуусаж, амьдрал баяр жаргалаар бялхана. Исаиа 65:17, 18-д: «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун» гэж байдаг. Тиймээс, Есүсийн дүү Иаков: «Бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд [«жаргалтайд», ШЕ] тооцдог» гэж тун онож бичжээ (Иаков 5:11). Тийм ээ, зовлонг үнэнчээр тэвчдэг хүн одоо ч, ирээдүйд ч ач тус хүртэнэ.

[Зүүлт]

^ Энэ догол мөрд иш татсан Библийн зүйлүүдэд хэрэглэсэн «макариос» гэдэг грек үгийг «Ариун Библи» (АББН, 2004) орчуулгад «ерөөлтэй» гэж хөрвүүлжээ. Энэ үгийг «жаргалтай» гэж орчуулах нь илүү зөв юм. Тийм учраас, ойлгомжтой болгох үүднээс «ерөөлтэй» гэдэг үгийн оронд «жаргалтай» гэдэг үгийг хэрэглэсэн болно.

Хариулна уу

• Хүмүүс яагаад зовдог болсон бэ?

• Зовлонг тэвчих нь ирээдүйд дэлхийг захирах хүмүүс болон дэлхийн оршин суугчдад ямар ач тустай вэ?

• Одоо зовдог ч жаргалтай байж болохын учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]