Skip to content

Гарчиг руу орох

Шавь бэлдэх ажилд хэрэгтэй чанарыг хөгжүүлэгтүн

Шавь бэлдэх ажилд хэрэгтэй чанарыг хөгжүүлэгтүн

Шавь бэлдэх ажилд хэрэгтэй чанарыг хөгжүүлэгтүн

«Явж, бүх үндэстний хүмүүсийг шавь болгогтун» (МАТАЙ 28:19, ШЕ).

1. Эрт цагт Бурхны зарим үйлчлэгчид ямар зан чанар, ур чадвар хэрэгтэй байсан бэ?

 ЕХОВАГИЙН үйлчлэгч хүнд Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлэхэд хэрэгтэй зан чанар, ур чадвар хөгжүүлэх шаардлага гардаг. Жишээ нь, Абрахам Сара хоёр Бурхны тушааснаар, цэцэглэн хөгжсөн Ур хотыг орхин явж, майханд сууж сурах ёстой болсон (Еврей 11:8, 9, 15). Израильчуудыг Амласан газар оруулахын тулд Иошуад эр зориг, Еховад итгэх итгэл, Бурхны хуулийн талаарх сайн мэдлэг хэрэгтэй байв (Иошуа 1:7–9). Бас Ехова Безалел Охолиаб хоёроор мөргөлийн асар бариулж, бусад ажлыг хариуцуулах зорилготой байсан учир угийн авьяастай тэднийг ариун сүнсээрээ улам чадварлаг болгожээ (Египетээс гарсан нь 31:1–11).

2. Шавь бэлдэх ажилд хамаатай ямар ямар асуулт авч үзэх вэ?

2 Дээрх явдлуудаас хойш олон зууны дараа Есүс дагалдагчдадаа: «Явж, бүх үндэстний хүмүүсийг шавь болгогтун. ...Миний та нарт тушаасан бүгдийг сахихыг заагтун» гэж даалгажээ (Матай 28:19, 20, ШЕ). Ийм онцгой даалгавар биелүүлэх завшаан хүмүүст урьд нь олдож байсангүй. Шавь бэлдэх ажилд ямар ямар чанар хэрэгтэй вэ? Яаж хөгжүүлэх вэ?

Бурхныг чин сэтгэлээсээ хайрладгаа харуулах нь

3. Шавь бэлдэх тушаалыг биелүүлбэл юуг батлан харуулах вэ?

3 Еховаг чин сэтгэлээсээ хайрладаггүй бол танихгүй хүнд Бурхныхаа тухай ярьж, итгүүлэн үнэмшүүлэх аргагүй юм. Эртний израильчуудын хувьд Бурхнаа хайрладгаа батлан харуулах арга нь бүх зүрхээрээ хууль тушаалыг нь сахин биелүүлж, тахил өргөн, магтуу дуугаар алдаршуулах явдал байв (Дэд хууль 10:12, 13; 30:19, 20; Дуулал 21:13; 96:1, 2; 138:5). Шавь бэлдэх даалгавартай христианууд бид ч бас Бурханд хайртайгаа харуулахын тулд хууль тушаалыг нь сахихын зэрэгцээ бусдад Бурхныхаа тухай, санаа зорилгынх нь тухай ярьдаг. Еховагийн өгсөн ирээдүйн сайхан найдварын талаар оновчтой үгээр ойлгомжтой, «үнэмшилтэй» тайлбарладаг (1 Тесалоник 1:5, МБОХ, 1996; 1 Петр 3:15).

4. Есүс Еховагийн тухай ярихдаа баярладаг байсны учир юу вэ?

4 Есүс Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг байсан учир Бурхны санаа зорилго, Хаанчлал, жинхэнэ шүтлэгийн талаар дуртайяа ярьдаг байв (Лук 8:1; Иохан 4:23, 24, 31). Тэрбээр: «Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн» гэж хэлжээ (Иохан 4:34). «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий... Би зөв шударга байдлыг агуу их цуглаанд тунхагласан. ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхихгүйг Та мэднэ шүү дээ» хэмээсэн «Дуулал» номын үг Есүсийн сэтгэлийг илэрхийлдэг (Дуулал 40:8, 9; Еврей 10:7–10).

5, 6. Шавь бэлдэх ажилд хэрэгтэй гол чанар юу вэ?

5 Библи судалж эхлээд удаагүй хүн ч Бурхныг хайрлах сэтгэлдээ хөтлөгдөн Еховагийн тухай, Хаанчлалын тухай их үнэмшилтэй ярьж, бусдад Библи судлах хүсэл төрүүлэх нь бий (Иохан 1:41). Бид Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн шавь бэлдэх ажил хийдэг. Тэр хайраа хөргөхгүйн тулд Бурхны Үгийг тогтмол уншин, «цэгнэн бодож» байцгаая (1 Тимот 4:6, 15, ШЕ; Илчлэлт 2:4).

6 Есүс Христ Еховаг хайрладгийнхаа ачаар хичээнгүй багш болсон. Гэхдээ Хаанчлалын тухай сайн мэдээг үр өгөөжтэй тунхаглаж чадсан нь бас өөр шалтгаантай. Тэгвэл юуны ачаар шавь бэлдэх ажилдаа амжилт гаргасан бэ?

Бусдыг хайрладгаа харуулах нь

7, 8. Есүс хүмүүст хэрхэн ханддаг байсан бэ?

7 Есүс бусдыг хайрладаг, халамжтай хүн байлаа. Тэрбээр тэнгэрт Бурхны «уран дархан» байхдаа «хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» (Сургаалт үгс 8:30, 31, МБОХ, 2000). Дэлхийд байхдаа хүмүүсийг өрөвдөж, өөр дээр нь ирсэн хэний ч сэтгэлийг амраадаг байсан (Матай 11:28–30). Еховагийн хайр, өрөвч сэтгэлийг Есүсээс олж харсан хүмүүс жинхэнэ Бурханд татагддаг байлаа. Есүс хүнийг хайрладаг, ахуй амьдралыг нь ойлгодог байсан учир олон түмэн үг сургаалыг нь хүлээн авдаг байжээ (Лук 7:36–50; 18:15–17; 19:1–10).

8 Нэгэн удаа нэг эрэгтэй мөнх амийг өвлөн авахын тулд юу хийх хэрэгтэйг асуухад «Есүс түүнийг ширтэн харж, хайрласан» гэж Библид байдаг (Марк 10:17–21). Бас Бетанд суудаг «Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа» (Иохан 11:1, 5). Тэрбээр олон түмэнд зааж сургахын тулд амралтаа хүртэл хасаж байсан нь хэчнээн халамжтай хүн болохыг нь харуулдаг (Марк 6:30–34). Есүс хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилдаг байсныхаа ачаар шавь бэлдэх ажилд их амжилт гаргасан.

9. Элч Паул хүмүүст яаж ханддаг байсан бэ?

9 Шавь бэлдэх ажил хийсэн элч Паул ч бас халамжтай хүн байв. Жишээ нь, Тесалоникийн христиануудад: «Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурхны сайн мэдээг бус, мөн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл, та нар бидний хувьд үнэхээр дотны хүмүүс маань болсон байв» гэж бичжээ. Паулын хайр халамжийн ачаар Тесалоникийн зарим хүн «амьд... Бурханд үйлчлэхийн тулд ...шүтээнүүдээсээ эргэсэн» ажээ (1 Тесалоник 1:9; 2:8). Хэрэв бид Есүс Паул нарын жишээгээр хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлах юм бол сайн мэдээгээ «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүсийн» зүрх сэтгэлд хүргэж, баяр хөөр эдэлнэ (Үйлс 13:48, ШЕ).

Өөрийгөө золиослох сэтгэлээ харуулах нь

10, 11. Шавь бэлдэх ажилд өөрийгөө золиослох сэтгэл яагаад хэрэгтэй вэ?

10 Шавь бэлдэх ажлыг үр өгөөжтэй хийдэг хүн өөрийгөө золиослох сэтгэлтэй байдаг. Тийм хүн эд баялаг хураах явдлыг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаггүй. Тэгээд ч Есүс: «Чинээлэг хүмүүсийн хувьд Бурхны Хаанчлалд орох нь ямар хэцүү вэ!» гэж хэлсэн билээ. Ингэж хэлэхийг нь сонсоод шавь нар нь гайхахад Есүс: «Хүүхдүүд ээ, Бурхны хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү хялбар ажээ» гэж дахин хэлдэг (Марк 10:23–25). Юунд ч сатааралгүйгээр шавь бэлдэх ажлыг хийе гэвэл энгийн амьдрах хэрэгтэйг Есүс дагалдагчдадаа зөвлөсөн (Матай 6:22–24, 33). Өөрийгөө золиослох сэтгэл шавь бэлдэхэд ямар ач тустай вэ?

11 Есүсийн тушаасан бүгдийг заана гэдэг хүчин чармайлт шаарддаг амаргүй ажил юм. Ер нь, христианууд бид сонирхогч хүнтэй долоо хоног тутам Библийн хичээл хийхийг хичээдэг. Шавь бэлдэх ажилд илүү их оролцох зорилгоор зарим дэлгэрүүлэгч ажлаа сольж, богиносгосон цагаар ажилладаг. Орон нутагт нь амьдардаг өөр үндэстэн хүмүүст сайн мэдээ хүргэхийн тулд олон мянган Гэрч гадаад хэл сурдаг. Бас ургацын ажилд илүү идэвхтэй оролцох гэж зарим христиан орон гэрээ орхин өөр нутаг, гадаад улс руу нүүдэг (Матай 9:37, 38). Өөрийгөө золиослох сэтгэлгүй бол энэ бүхнийг хийнэ гэж үү? Гэхдээ шавь бэлдэх ажилд үр өгөөжтэй оролцоход бас өөр чанар хэрэгтэй.

Тэвчээртэй байж, цагийг ухаалаг ашиглах нь

12, 13. Шавь бэлдэхэд тэвчээр яагаад хэрэгтэй вэ?

12 Шавь бэлдэх ажилд хэрэгтэй бас нэг чанар бол тэвчээр юм. Сайн мэдээг хүлээн авсан хүн шийдэмгий алхам хийх учиртай боловч бид шавь бэлдэх ажилд чамгүй цаг гаргаж, тэвчээртэй байх хэрэгтэй (1 Коринт 7:29). Жишээ нь, Есүс дүү Иаковтаа тэвчээртэй хандсан. Иаков Есүсийн үйл хэргийг сайн мэддэг байсан атлаа ямар нэг шалтгааны улмаас хэсэг хугацаанд шавь нь бололгүй явжээ (Иохан 7:5). Гэхдээ МЭ 33 оны Пентекостын өдөр Есүсийн эх болон дүү нар элч нартай нь хамт залбирахаар цугласан тухай Библид бичсэнийг үзвэл Иаков Есүсийг үхсэнээс хойших тэр богино хугацаанд шавь болсон бололтой (Үйлс 1:13, 14). Тэрбээр сүнслэгээр сайн өсөж, хожим нь христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг болсон (Үйлс 15:13; 1 Коринт 15:7).

13 Христианууд бол болц удаантай ургамал тарьдаг тариачинтай адил юм. Хүнийг Бурхны Үгийг ойлгодог, Еховаг хайрладаг, Христ шиг үзэл бодолтой болгоход цаг хугацаа, тэвчээр хэрэгтэй. Иаков: «Ах дүү нар аа, Эзнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм. Та нар ч бас тэвчээртэй бай. Эзний ирэх ойртсон тул зүрхээ чангал» гэж бичжээ (Иаков 5:7, 8). Тэрбээр итгэл нэгтнүүддээ «Эзнийг ирэх хүртэл тэвчээртэй байхыг» уриалсан. Есүс шавь нарынхаа ойлгоогүй зүйлийг дахин хэлж өгөх юм уу жишээгээр тайлбарладаг тэвчээртэй багш байв (Матай 13:10–23; Лук 19:11; 21:7; Үйлс 1:6–8). Эзэн «ирчихээд» байгаа өнөө үед ч тэвчээр бас хэрэгтэй. Тэвчээртэй байсан цагт л Есүсийн шавь болохоор суралцаж байгаа хүмүүст тусалж чадна (Иохан 14:9).

14. Шавь бэлдэх ажлаа тэвчээртэй хийхийн зэрэгцээ цагийг яаж ухаалаг ашиглах вэ?

14 Бид тэвчээртэй байлаа ч Библийн хичээл заалгадаг хүмүүсийн ихэнх нь «үр жимс гаргадаггүй» байж болох юм (Матай 13:18–23). Тиймээс, тэдэнд зохих тусламж үзүүлсэн бол Библийн үнэнийг илүү үнэлэх өөр хүнд цаг гаргах нь ухаалаг хэрэг юм (Номлогчийн үгс 3:1, 6). Гэхдээ тийм хүмүүст ч бас тэвчээртэй хандаж байж л үзэл бодол, зан чанар, амьдралын зорилгоо өөрчлөхөд нь тусалж чадна. Тэгэхлээр, шавь нараа зөв үзэлтэй болоход нь тэвчээртэй тусалсан Есүсийг дуурайцгаая (Марк 9:33–37; 10:35–45).

Заах урлагийг хөгжүүлэх нь

15, 16. Шавь бэлдэхийн тулд энгийн тайлбарлаж, сайн бэлдэх хэрэгтэйн учир юу вэ?

15 Шавь бэлдэх ажлыг амжилттай хийхэд Бурхныг болон бусдыг хайрлах хайр, өөрийгөө золиослох сэтгэл, тэвчээр чухал үүрэгтэйг ярилцлаа. Түүнээс гадна, Библийн үнэнийг энгийн, ойлгомжтой тайлбарлахын тулд заах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Агуу багш Есүс Христийн сургаал хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсоны учир нь энгийн ярьдаг байсанд байжээ. Жишээ нь, «Тэнгэрт эд баялгийг өөрсөддөө хураа», «Ариун юмыг нохдод бүү өг», «Мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг», «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэх мэтээр сургасныг та санаж байгаа байх (Матай 6:20; 7:6; 11:19; 22:21). Гэхдээ Есүс дандаа энгийн өгүүлбэрээр товчхон ярьдаг байсан юм биш ээ. Чухал санааг тодорхой хэлж, хэрэгтэй бол дэлгэрэнгүй тайлбарладаг байсан. Тэгвэл Есүсийн заах аргыг яаж дуурайх вэ?

16 Энгийн, ойлгомжтой заахын гол үндэс нь сайн бэлтгэл юм. Бэлтгэлээ хангаагүй дэлгэрүүлэгч их ярих гээд байдаг талтай. Өөрийнхөө мэддэг бүх юмыг ярьж, хэт их нуршвал гол санаа алдагдах аюултай. Харин бэлтгэлээ базаасан дэлгэрүүлэгч суралцагчаа бодож, заах сэдвээ «цэгнэж», гол санааг л тодорхой хэлдэг (Сургаалт үгс 15:28; 1 Коринт 2:1, 2). Суралцагчийнхаа мэддэг зүйлийг нь тооцож үзээд, хичээл хийхдээ ямар санааг онцлох хэрэгтэйг урьдчилан шийддэг. Дэлгэрүүлэгч өөрөө ихийг мэддэг байж болох ч, гол санааг тодруулахын тулд онцын хэрэггүй зүйлийг хасах нь зүйтэй.

17. Библийн сургаалыг эргэцүүлэн бодож, зөв дүгнэлт хийхэд нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

17 Есүс зүгээр л баримт хэлээд орхилгүй, хүмүүсийг эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь тусалдаг байсан. Жишээ нь, нэгэн удаа Есүс нэг шавиасаа: «Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль, эсвэл албан татварыг авдаг вэ? Өөрсдийн хөвгүүдээс үү, эсвэл гаднын хүмүүсээс үү?» гэж асуусан (Матай 17:25). Хэрэв дэлгэрүүлэгч Библийг тайлбарлаж ярих их дуртайн улмаас суралцагчдаа санал бодлоо хэлэх, эсвэл хичээлээс юу ойлгосноо ярих завдал өгдөггүй бол биеэ барьж сурах хэрэгтэй. Бас суралцагчаа олон асуултаар булах хэрэггүй. Харин тохиромжтой жишээ татах, ухаалаг асуулт тавих гэх мэтийн оновчтой арга хэрэглэвэл Библийн сургаалыг ойлгуулж чадна.

18. «Заах урлагийг» хөгжүүлэх гэж юу гэсэн үг вэ?

18 Библид «заах урлагийг» хөгжүүлэхийг зөвлөдөг (2 Тимот 4:2, ШЕ). Энэ нь зөвхөн баримт сэлт тогтоолгох төдийгүй үнэн худал, сайн муу, зөв буруугийн ялгааг ойлгуулж сурна гэсэн үг юм. Ийнхүү суралцагчийнхаа ойлгох чадварыг хөгжүүлж, Еховаг хайрладаг болоход нь тусалбал Бурханд захирагдахын учрыг өөрөө олж чадна.

Шавь бэлдэх ажилд идэвхтэй оролцох нь

19. Шавь бэлдэх ажилд христианууд бүгдээрээ хувь нэмэр оруулдаг гэж үзэхийн учир юу вэ?

19 Христиан хурлын гол ажил бол шавь бэлдэх ажил юм. Нэг хүнийг Христийн шавь боллоо гэхэд тэр хүнд анх дэлгэрүүлж, Библийн хичээл заасан хүн л ганцаараа баяр хөөр болдог юм биш ээ. Төөрсөн хүүхдийг олох эрлийн баг гарчээ гэж бодъё. Багийн нэг л гишүүн тэр хүүхдийг олжээ. Гэхдээ хүүхэд олдож, эцэг эхтэйгээ уулзахад эрэл хийсэн бүх хүн баярлах нь гарцаагүй (Лук 15:6, 7). Үүнтэй адилаар, христианууд шавь бэлдэх ажлыг хамтын хүчээр хийдэг. Есүсийн шавь болох ирээдүйтэй хүмүүсийг эрж олох ажилд христиан хүн болгон оролцдог. Цуглаанд ирдэг болсон шинэ хүнийг Бурхантай дотно харьцаа тогтооход нь хурлын гишүүд бүгдээрээ ямар нэг хэмжээгээр хувь нэмэр оруулдаг (1 Коринт 14:24, 25). Тиймээс, жил болгон олон мянган хүн Христийн шавь болдогт баярлах үндэс христиануудад бүгдэд нь бий.

20. Библийн хичээлтэй болохыг хүсдэг бол яах хэрэгтэй вэ?

20 Ер нь, христиан хүн бусдад Библийн хичээл зааж, Еховаг мэддэг, шүтдэг болоход нь туслахыг хүсдэг. Гэтэл хэчнээн хичээгээд ч, Библийн хичээл заалгах хүн олдохгүй бол яах вэ? Еховатай улам дотносож, бусдыг хайрлаж, өөрийгөө золиослох сэтгэл, тэвчээр гаргаж, заах чадвараа сайжруулаарай. Хамгийн гол нь, Еховад залбирч, Библийн хичээлтэй болох хүслээ хэлж байгаарай (Номлогчийн үгс 11:1). Таны бүх үйл хэрэг Бурхныг алдаршуулж, шавь бэлдэх ажилд хувь нэмэр болдог гэдгийг санаж яваарай.

Тайлбарлана уу

• Шавь бэлдэх ажилд оролцох нь Бурхныг хайрладгаа харуулах арга гэж хэлэхийн учир юу вэ?

• Шавь бэлдэх ажилд ямар ямар чанар хэрэгтэй вэ?

• «Заах урлагийг» хөгжүүлнэ гэж юуг хэлэх вэ?

[Догол мөрийн асуулт]